Пүрэв, 2024-04-25
УИХ-ын гишүүн Д.Өнөрболор: Ерөнхийлөгчийн үнэт зүйл

1965 онд хүний эрхийн зүтгэлтэн Arthur Scneier-ийн санаачилгаар байгуулагдсан Appeal of Conscience Foundation хэмээх АНУ-ын нэр хүндтэй олон нийтийн байгууллага жил бүр “Дэлхийн улстөрч"-өөр улс үндэстнүүдийн энх тайван хамтын ажиллагаанд идэвх зүтгэл гаргаж, дэлхийн хөгжил цэцэглэлтийг бодитой болгоход хүчин чармайлт гаргасан улстөрчийг сонгож апдаршуулдаг билээ. А.Меркель, М.Горбачёв, Абэ Шинзо гээд олон улстөрч уг шагналыг хүртсэн юм. “Энх тайван, хөгжил цэцэглэлтийг бодитой болгоход хүчин зүтгэсэн” гэдэг энэхүү шалгуур дэлхийн улстөрчдийн тэмүүлэл, эр зориг, оюун ухаан, нэр хүндийн гайхамшигтай илэрхийлэл бөгөөд улс орон бүрийн төрийн тэргүүний нийтлэг үнэ цэнийг хамгийн товчоор илэрхийлж байгаа болов уу.Төрийн тэргүүний үнэт зүйл чухам юун дээр тогтож байдаг тухайд өөрийн бодлоо өгүүлье.
 
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТЭМҮҮЛЭЛ
 
АНУ-ын анхны Ерөнхийлөгч Жорж Вашингтон 1789-1797 онуудад хоёр удаа сонгогдон, тус улсын түүхэнд 200 гаруй жил үргэлжилж буй төрийн бүтцийг байгуулж, дараа дараагийн Америкийн ерөнхийлөгч нарын удаан хугацааны турш дагаж мөрдөж байсан жишгийг тогтоосон билээ.Түүний засаглалыг, хийж хэрэгжүүлсэн ажлуудыг "бичигдээгүй үндсэн хууль" гэдэг.
Одоо нэгэнт дадаж хэвшсэн тул энгийн мэт харагдавч тухайн үедээ цоо шинэ систем байлаа.Тэрээр Ерөнхийлөгчийн засаг захиргааны нэг хэсэг болох Засгийн Газрын кабинетийг байгуулж, Засгийн Газрын гишүүдийг томилдог, чөлөөлдөг болж, мөн Ерөнхийлөгчийг улиран сонгогдох боломжоор хангасан байна. Тэрээр төрийн банк, хөрөнгийн санг бий болгож, хилийн харуул, гаалийн алба, дипломат корпус зэргийг байгуулжээ.Мөн татвар, төсвийн журмыг нарийвчлан тогтоож, тэнгисийн цэргийн хүчин байгуулж, цэрэг армиа бэхжүүлж, усан хилийн хамгаалалтын системийг бий болгожээ. Ерөнхийлөгч Вашингтон Үндсэн Хуулийн хүрээнд төр засаг худалдаа арилжаа хийх нөхцөлийг бүрдүүлж, олон улсын худалдааны гэрээ байгуулах, эдгээр харилцааг зохицуулах, хил хязгаараа хамгаалах, иргэний бослогыг намжаахдаа төр засаг хууль зөрчихгүйгээр хийж болдог гэдгийг харуулж чадсан анхны Ерөнхийлөгч хэмээн түүхэнд үлдсэн байна. Тэрээр хоёр удаа улиран сонгогдоод, төрийн залгамж халааг хангаж, улс төрийн цоо шинд системийг өнөөдрийг хүртэл хэвшүүлж өгсөн, Ерөнхийлөгч хүн ердөө өөрийн ард түмнийхээ үнэнч зарц гэдгийг харуулснаараа дэлхийн түүхэнд нэрээ мөнхөлжээ.
 
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЭР ЗОРИГ
 
1960 онд Америкчууд хөл нь гэмтсэн, хижээл насны Р.Никсоны оронд гялалзсан залуу улстөрч Ж.Кеннедиг сонгож байсны адил эдийн засгийн бэрхшээлд сөхөрсөн Оросын иргэд хөгширч доройтсон Б.Ельциний оронд эрч хүчтэй, шинэ удирдагч В. Путиныг сонгосон билээ.
 
 
 
2000 оны долдугаар сард Владимир Путин Оросын хорин хоёр олигархийг цуглуулж уулзахдаа “төрийн эрх мэдлээс бизнесийн эрх мэдэл гарч явах ёстойг", "нэг ч бүлэг, нэг ч олигарх орон нутгийн болон холбооны улсын удирдлагатай ойр байх ёсгүй, тэд төрийн эрх мэдлээс хол байх ёстой" гэж мэдэгдэж байсан нь Оросын түүхэнд үлдсэн уулзалт болсон бөгөөд биеллээ олсон билээ.
 
 
 
Путин 2000-2002 оны хооронд татварын системийг хялбаршуулах, хувь хэмжээг нь бууруулах, аж ахуйн нэгжийн улсын бүртгэл, тусгай зөвшөөрлийн шаардлагуудыг зөөлрүүлэх, газар тариалан эрхлэх газрыг хувьчилах зэрэг хэд хэдэн зоригтой арга хэмжээг авчээ. Эдийн засгийн өсөлт, хөгжил Оросын ард иргэдийн дунд Путинд итгэх үндэс болж, улс орон найдвартай хүний гарт орлоо гэсэн сэтгэгдэл төрүүлэв. 2000 оны эхэн үеийн байдлаар иргэдийн 80 хувь нь Путиныг дэмжиж байлаа. В.Путины гадаад бодлогод хаант улсын болон ЗХУ-ын гэж хэлж болох өнгөрсөн үеийн итгэл үнэмшил нөлөөтэй. Орчин цагийн Орос оронд автократ, ортодокс, үндэсний үзэл хэмээх үзэл санаа нь XIX зууны дунд үед ямар байсан яг тэр хэвээр хүч нөлөөтэй байгаа гэж хэлж болно.
ЗХУ нуран унасны дараа хүмүүсийн оюун сэтгэлгээнд үлдсэн хоосон орон зайг В.Путин ийнхүү үндэсний үзлээр нөхөхөөр “Евразийн үзэл санаа” хэмээх ойлголтыг дэвшүүлсэн юм.Мөн үндэснийхээ олигархуудыг хумьсан Путины эр зориг эрсдэл амжилт хоёрыг зэрэг дагуулахын зэрэгцээ оюун санааны зэвсэглэл батлан  хамгаалахын зэвсэглэл хоёрыг эрх тэгш авч үзсэн нь ковидын үеийн дэлхийн айдас дунд тод ялгарч харагдсаар байна.
 
Бас нэгэн жишээ байна.Францын Ерөнхийлөгч Шарль Де Голь дэлхийн хоёрдугаар дайны дараах дэлхийн дэг журмыг тогтоосон-Ялтын бага хурлыг орхиж хаяж гарч байсан хүн билээ. Францын байр суурийг хадгалж, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн болгож чадсан. Тэрээр 1945 онд Францын түр засгийн Ерөнхийлөгчөөр сонгогдов. АНУ, ЗХУ гэсэн хоёр их гүрнээс Францыг ангид байлгах бодлогыг хэрэгжүүлэхийг эрмэлзэж, улс тс орныхоо эдийн засгийн нөхцөл байдлыг сайжруулах, тусгаар тогтнолоо сахин хамгаалахад өөрийгөө зориулсан юм. Дайны дараа Францчууд бараг л үндэсний эв нэгдлээ алдсан байлаа.Аль ч хот тосгон, сууринд бие биенээ үзэн ядах, Герман цэргүүдэд чи үйлчилсэн, тэр биеэ үнэлсэн, энэ гестапд ажилладаг байсан гэх эх захгүй маргаан хэрүүл тэмцэл өрнөж байлаа. Үүний эсрэг Шарль Де Голь ард түмэндээ хандаж үг хэлэхдээ: "Францчууд дэлхийн II дайнд бүгдээрээ эх орноо хамгаалж, бүгдээрээ ард түмнийхээ төлөө, ахан дүүсийнхээ төлөө эрэлхэгээр тулалдсан гэдэгт хүн бүр итгэе, энэ итгэл эх оронд маш их хэрэгтэй байна" гэснээр намжсан гэдэг. Тэрээр зөрчил маргаан дагуулсан шийдвэр гаргахаас хэзээ ч айж байсангүй, эр зоригтой хүн байлаа.
 
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН НЭР ХҮНД, ҮЛГЭР ДУУРАЙЛАЛ
 
Бүгд найрамдах Турк улсын анхны Ерөнхийлөгч Ататурк орчин үеийн Туркийг шашны бус иргэний улс болгон хөгжүүлэхэд асар их үүрэг гүйцэтгэсэн хэмээн үздэг учраас түүний дурсгалыг гутаан доромжлох нь Туркт эрүүгийн гэмт хэрэгт тооцогддог билээ.Ерөнхийлөгч болоод Мустафа Кемал эх орноо шинэчлэх ажилд ханцуй шамлан орлоо.Тэрээр Бүгд найрамдах Ардын Намыг байгуулж, нэг намын тогтолцоог бий болгосон байна.Бүгд найрамдах үзлийг тунхаглаж, аливаа хэрэгт үндэсний үзлийн үүднээс хандаж байх, ард түмний нийтлэг эрх ашгийг эн тэргүүнд тавих, стетизм буюу дотоодын хэрэгцээгээ үндэсний үйлдвэрлэлээрээ хангадаг улс болгох зорилгоор төрийн удирдлагатай үйлдвэржилтийг явуулах, секуляризм буюу төрийн хэрэгт шашны оролцоог хязгаарлах, иргэний улс байгуулахын төлөө бүх хүч чадлаа дайчилж ажилласан юм.
 
 
 
Мустафа Кемал эмэгтэйчүүдэд эрх чөлөө олгох, парламентын сонгуульд санал өгөх, парламентын суудал авах эрхийг олгожээ. Исламын хууль тогтоомжийн тогтолцоог бүхэлд нь үгүй болгож, Европын хууль, эрх зүйн тогтолцоог нэвтрүүлэв. Швейцарийн иргэний хууль, Италийн эрүүгийн хууль, Германы худалдааны хуулийг улс орондоо авч хэрэгжүүлэн хуульчилсан байна.
 
 
 
 
Үүний үр дүнд, олон эхнэр авах ёсыг халж, гэрлэлтийг иргэний гэрээгээр зохицуулах болж, гэр бүл салалтыг иргэний үйл ажиллагаа хэмээн хүлээн зөвшөөрөв.Туркт авчирсан жинхэнэ хувьсгалт шинэчлэл бол Оттоманы эзэнт гүрний үед олон зууны турш хэрэглэж байсан араб бичгийг латин цагаан толгойгоор сольсон явдал байв. Ард иргэддээ латин үсгийг таниулахын тулд Мустафа Кемал самбар, шохой барин хөдөө орон нутгаар аялал хийв. Турк залуучууд өрнөдийн боловсрол, шинжлэх ухааны ололт, амжилттай танилцах болж, улс орон нь орчин үеийн хөгжил дэвшилтэй хөл нийлүүлэх боломжтой болсон юм.Тэрээр эх орноо шинэчлэлийн замд баттай оруулсны дараа гадаад бодлогодоо эрс өөрчлөлтийг хийж ирсэн билээ. Ард түмнийхээ дунд өндөр нэр хүндийг олсон, өөрөө үлгэрлэн дагуулагч Ерөнхийлөгч байсан билээ.
 
ЕРӨНХИЙЛӨГЧ ОЮУН САНААНЫ ЧИРЭГЧ ХҮЧ
 
Наполеоноос хойших Францын хамгийн залуу удирдагч Эммануэль Макрон сүүлийн 30 жилийн турш эдийн засаг, нийгмийн хөгжлийн уналт, зогсонги байдалд орсон улс үндэстнээ дахин сэрээж, Францын шинэ сэргэн мандалтыг авчирна гэж амласан улстөрч билээ. Макроны аав их сургуулийн сэтгэл судлалын профессор, ээж нь их эмч мэргэжилтэй оюунлаг сэхээтэн гэр бүлд төрж хүмүүжжээ. Макрон Парисын Nanterre University-д философийн чиглэлээр суралцаж, дараа нь Paris Institute of Political Studies буюу Science Po гэх алдартай улс төр, олон улсын судлалаар дэлхийд (Word University Rankings)-аар 2 дугаарт жагсдаг, Европт хамгийн өндөр эрэмбэлэгддэг, босго чангатай их сургуульд магистрын зэргээ хамгаалсан байна. Үүний дараа Йcole nationale d`administration буюу Францын Төрийн удирдлагын сургуульд сурч мөн магистрын зэргийгавчээ. Макрон улстөрийн карьерынхаа өмнө Эдийн засгийн яаманд санхүүгийн мэргэжилтэн, Парис дахь Rothschild & Cie Bank-д хөрөнгө оруулалтын захирлаар ажиллаж байв. Тэрээр 2012 онд Ф.Олландын сонгуулийн кампанит ажилд оролцож байгаад 2014 онд Ерөнхийлөгч Олландын Засгийн газарт Эдийн засаг, аж үйлдвэр, тоон мэдээллийн сайдаар томилогдсон байна.2015 онд Макрон “өсөлт, идэвх ба тэгш боломж”-ийг хангах эдийн засгийн шинэчлэлийн тухай хуулийн төслийг боловсруулж танилцуулсан нь уг хуулийг хожим "Макроны хууль" гэж нэрлэх болсон байдаг. 2016 оны 4 дүгээр сард “En Marche" буюу “Замд гаръя” улс төрийн хөдөлгөөнийг эхлүүлснээ зарлаад, Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэх болсноо мэдэгдэж сайдын ажлаа өгөхдөө "Бидний үнэт зүйлс, үзэл бодол, үйлдэл Францыг өөрчлөх тул би бүх зүйлийг хийхээр шийдсэн" гэж хэлж байлаа. Мөн ондоо Франц улсын алсын харааг тодорхойлсон Макроны "Revolution" ном хэвлэгдэн гарав.
 
 
 
Макрон бизнесийг даяаршлыг дэмжигч ерөнхийлөгч бөгөөд Европын улс төрийн тавцанд шинэ, эрч хүчтэй, итгэлтэй, хүчтэй тоглогч Ерөнхийлөгч болж төлөвшиж байна. Тэрээр Францын төсвийн алдагдлыг ЕХ-оос тогтоосон ДНБ-ий 3%-иас доошгүй түвшинд байлгах, ажилгүйдлийн түвшинг 7 хувь хүртэл бууруулах, ААН-ийн татварыг 33-25 хувь хүртэл бууруулах, 50 тэрбум еврогийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөө, бүрэн эрхийн хугацаа дуусахад төсвийн зарлагын хэмнэлтийг жил бүр 60 тэрбумд евро-д хүргэх зэрэг зорилт тавьж хэрэгжүүлж байна.
 
 
 
Ийнхүү улс орнуудын Ерөнхийлөгч нар хүсэл тэмүүлэлтэй, эр зоригтой, өндөр нэр хүндтэй, үндэстнээ оюун санааны хувьд урагш чирэгч хүч байж үндэсний эвлэрэл, эв санааны нэгдлийг бий болгож байдаг билээ.
АНУ-ын Абрахам Линкольны 1864 онд Ерөхийлөгчийн сонгуульд хоёрдах удаагаа нэрээ дэвшүүлж байхдаа Балтимор дахь сонгуулийн кампанит ажлын үеэр хэлсэн үг нь дэлхий даяар алдарт афоризм болж үлджээ. “Don`t change horses in the middle of a stream” буюу "Гарам дээр морио бүү соль" гэх үгээр Линкольн Америкт иргэний дайн ид болж байхад улс орон нэгдмэл удирдлагатай байх нь зүйтэй гэж үзжээ. Энэ үгийг цар тахлын “дайны” үеийн Монголд ч хэлэхэд илүүдэхгүй биз ээ.
 
 
 
УИХ-ын гишүүн Д.Өнөрболор

УИХ-ын гишүүн Д.Өнөрболор: Ерөнхийлөгчийн үнэт зүйл
2021-05-20 10:49:19
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-05-25 09:58:09
    ?? ???: Улаанбаатарын дархан цаазат газрыг хятад-солонгосуудад зарж бужигнуулан цементэлж барилгажуулсан МАН гишүүн эмэгтэй
Шинэ мэдээ