Баасан, 2024-04-26
​Г.Нарантуяа: Төрийг шүүмжилсэн жагсаал, цуглааныг ковидын шалтгаанаар хязгаарлах нь үндэслэлгүй

Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн Г.Нарантуяатай ярилцлаа.

-Сүүлийн үед жагсаал цуглаан хийж байгаа хүмүүсийг баривчилж, хууль сахиулагч нар хүч хэрэглэж байна. Жагсаал цуглаан хийж байгаа хүмүүсийн эрхийг хамгаалах тал дээр ХЭҮК хэрхэн оролцож, зөвлөмж өгч ажиллаж байна вэ?

-Он гарснаар Улаанбаатар хотын хэмжээнд 200 гаруй жагсаал цуглааныг зохион байгуулсан байна. Эдгээр жагсаал, цуглааны 30 орчим хувь нь олон нийтийн анхаарал татсан бөгөөд цагдаа үзэл бодлоо илэрхийлж байгаа иргэний хооронд тодорхой маргаан, зөрчлийн шинж чанартай зүйл үүссэн байна. Иргэд төрийн үйл ажиллагааг шүүмжлэх, үзэл бодлоо илэрхийлэх, хүсэл шаардлагаа тавих гэдэг бол ардчилсан нийгмийн жирийн үзэгдэл. Цагдаагийн албан хаагчид нийтийн дэг журмыг хамгаалах, жагсагчдын аюулгүй байдлыг хамгаалах хоёр үүрэг хүлээдэг. Энэ үүргээ хэвийн байдлаар хэрэгжүүлээд, ямар нэгэн зөрчилдөөн гараагүй тохиолдолд Хүний эрхийн үндэсний комисс заавал хяналт тавиад, оролцоод байх шаардлагагүй. Харин яалтчгүй анхаарал татсан, зөрчилдөөн үүссэн тохиолдолд манайхаас хяналт тавьдаг, зөвлөмж өгдөг.

ХЭҮК Улаанбаатар хотод 30 гаруй ажилтантай, цомхон байгууллага. Тиймээс хүн хүчээ зөв хуваарилж ажиллах хэрэгтэй. ХЭҮК үйл ажиллагаандаа ашиглаж болох олон нийтийн сүлжээнд ил байгаа мэдээллүүдийг хянаж үздэг. Мөн тухайн зөрчилдөөнд оролцсон талуудын тайлбар, баримтыг тэнцвэртэй сонсож, баримтыг бүх талаас нь бүрэн дүүрэн үнэлж байж дараа нь зохицуулсан эрх зүйд нь дүн шинжилгээ хийж хүний эрх зөрчигдсөн байна уу, үгүй юү гэдэг дүгнэлтийг хийдэг.  

-Он гарснаас хойш 200 гаруй жагсаал, цуглаан зохион байгуулсан гэж байна. Үүнээс хэд нь хурцадмал болоод ХЭҮК ажиллаж, дүгнэлт гаргасан бэ?

-30 орчим хувь нь анхаарал татсан учраас ХЭҮК үүнд ямар нэгэн байдлаар оролцож, анхаарал тавьж, ажигласан. Мөн 15 орчим тайван жагсаал, цуглаан дээр комисс газар дээр нь очиж ажиллаж, эх сурвалжуудыг нягталсан, дүгнэлт гаргаж, шаардлага зөвлөмж өгсөн байна.

-Саяхан Хууль зүй, дотоод хэргийн яамны гадна жагсаж байсан иргэдийг цагдаа нар хүчээр машинд суулгаж авч яваад байсан. Үүн дээр ХЭҮК хэрхэн ажилласан бэ. Ер нь жагсаал цуглаан хийж байгаа болгоныг барьдаг, хорьдог болчихлоо?

-Ковидын нөхцөл байдалд гурван үндэслэлээр цагдаагийн байгууллага ажиллаж байна гэж тайлбарлаж байгаа. Нэгд, хуульд заасан албадлага хэрэглэх эрх зүйн шаардлага үүссэн, хоёрт, албадлага хэрэглэхдээ үндэслэл журмын дагуу хэрэглэсэн. Гуравт, хууль сахиулагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй гэсэн гурван шалтгаанаар ажилласан гэж тайлбарлаж байгаа. Нэгдэх үндэслэл бол "Ковид-19" цар тахлын үед олон нийтийн бөөгнөрөл үүсгэхгүй гэдэг үндэслэл. Цар тахлын эхэн үед буюу ХЭҮК бүх нийтийн бэлэн байдал зарласан нэг, хоёрдугаар сард энэ үндэслэлийг зөв гэж хүлээж авч байсан. Гэтэл түүнээс хойш Засгийн газар олон нийтийн арга хэмжээг өөрсдөө зохион байгуулсан учраас хууль зүйн факт үүссэн. Өөрөөр хэлбэл, зарим төрлийн арга хэмжээ явж болж байхад ялангуяа төрийг шүүмжилсэн үйл явцыг ковидын шалтгаанаар хязгаарлаж байгааг ХЭҮК үндэслэлгүй гэж үзэж байгаа. Хоёр дахь үндэслэл бол Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийг зөрчсөн гэж байгаа. Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулиар жагсаал, цуглаан зохион байгуулах гэж байгаа хүмүүс харьяа дүүргийн Засаг даргадаа хэлж, бүртгүүлдэг. Гэтэл энэ журмын дагуу ажиллаагүй гэж байгаа. Гуравт, хууль сахиулагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцсэн гэсэн үндэслэлээр цагдаагийн байгууллага арга хэмжээ авсан гэж ХЭҮК-т тайлбар хэлж байгаа. Эхний үндэслэлийг ХЭҮК эрх зүйн хангалттай үндэслэл гэж үзэхгүй. Хоёр, гурав дахь шалтгааныг яг юу болсон бэ гэдгийг тодруулах шаардлагатай.

Жагсаал цуглаан хийх хууль 1994 онд баталсан. Тайван жагсаал цуглааныг зохион байгуулахдаа заавал мэдэгдэх, бүртгүүлэхээр энэ хуульд заасан нь зөвшөөрлийн тогтолцоо гэж үзэж байгаа. Манай эрх зүйн зохицуулалт өнөөдрийн амьдралд нийцэхгүй бөгөөд тайван жагсаж, чуулах эрхийг хангалттай баталгаажуулж чадахгүй байгаа учраас ийм асуудал үүсч байгаа. Нөгөө талдаа зарчмуудыг хуулиар тогтоодог ч гэлээ яг жагсаал цуглааны үйл явцад цагдаагийн албан хаагчид торгон мэдрэмжээрээ ажиллах, шийдвэр гаргах шаардлагатай болдог. Хуулийн дагуу үзэл бодлоо илэрхийлэх, бүтээлч арга хэмжээ зохион байгуулж, тайван жагсаал хийе гэсэн ч жагсаал цуглаан тааварлахын аргагүй хурдан хугацаанд уур амьсгал нь өөрчлөгддөг, сэтгэл хөөрлийн байдал дээр тулгуурлаж явдаг учраас төлөвлөсөн хүмүүс ч заримдаа хянах боломжгүй болдог. Тэгэхээр энэ үйл явцыг зохицуулахдаа нэгд, хуульд зарчмаа тогтоогоод, хоёрт, үүнийг зохицуулдаг цагдаагийн албан хаагчид мэдрэмжтэй ажилладаг байх ёстой. Аль болохоор тухайн асуудлыг эв зүйгээр шийдэх ур чадварт суралцсан байх ёстой. Гэтэл өнөөдөр манай хууль сахиулах байгууллагын тогтолцоо хэв журмын цагдаа, ахлагч нартаа энэ талын сургалт өгдөггүй. Тиймээс ХЭҮК цагдаагийн байгууллагатай хамтраад энэ тогтолцоог нь бий болгохын төлөө ажиллана.

-ХЭҮК-ийн ажилласан хэдэн жагсаал цуглаанд хүний эрх зөрчигдсөн гэсэн дүгнэлт гаргасан бэ?

-Жагсаал цуглааны чиглэлээр ХЭҮК 43 зөвлөмж, 33 шаардлагыг төрийн болон бусад байгууллагуудад хүргүүлсэн. Энэ бүхэн хүний эрхийг зөрчсөн байна гэдэг дүгнэлт биш. Хүний эрүүл мэндэд ноцтой хохирол учруулаагүй бол хүний эрхийн зөрчил биш байна гэдгийг мөн хэлэх үүрэгтэй.

-Ярилцсанд баярлалаа.


​Г.Нарантуяа: Төрийг шүүмжилсэн жагсаал, цуглааныг ковидын шалтгаанаар хязгаарлах нь үндэслэлгүй
2021-10-19 16:22:05
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ