Пүрэв, 2024-04-25
Б.Энхбаяр: Яам, агентлагт 1000 гаруй хүнийг шалгалтгүй томилсон нь ТАЗ-ийн арчаагүйнх

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг нарын өргөн барьсан Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг УИХ-ын чуулганаар хэлэлцэж байна. Тус хуульд төрийн улс төрийн, тусгай, үйлчилгээний албан тушаалд ажилласан болон тухайн салбарт мэргэжлээрээ ажилласан хугацааг төрийн албанд болон төрийн захиргааны албан тушаалд ажилласан хугацаанд тодорхой хувиар дүйцүүлэн тооцох, дэлхийн шилдэг их, дээд сургууль төгссөн иргэнийг төрийн захиргааны албан тушаалд шууд томилдог байх заалт тусгасан нь нэлээдгүй шүүмжлэл дагуулаад байгаа юм. Хэлэлцэх асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, хариулт авав. 

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Энэ хуулийн төслийг хэлэлцэж байхаар төрийн албаны хуулиа хүчингүй болговол ямар вэ. Ийм нэр зүүж байхаар Төрийн албаны зөвлөлөө татан буулгачихвал яасан юм бэ. 2017 онд баталсан Төрийн албаны тухай хуулиар шатлан дэвших зарчмыг хуульчилсан. Бүр тодорхой жилүүд тавьсан юм. Жишээ нь, Төрийн нарийн бичгийн даргын түвшний тэргүүн түшмэлийн албан тушаалд төрийн албанд 16 жил, удирдах албанд найман жил байх шаардлагыг тусгасан. Өөрөөр хэлбэл, хэн нэгэн улстөрчийн цүнх барьж байгаад албан тушаалд очихгүй шүү буюу туршлагатай, дотроо ажилласан хүнийг томилдог байх агуулгатай. Нам дагасан хүмүүс төрд орж ирдгээс хамгаалсан. 

Гэтэл одоо энэ хуулиар ажилласан жилийн шаардлагыг байхгүй болгож байна. Тодорхой, яг хэдэн хувиар дүйцүүлж тооцож байгаа вэ. Тодорхой хувь буюу хэдэн жил ажилласан байх шаардлага тавихыг Засгийн газар өөрөө шийднэ гэж байна. Гэвч Засгийн газар дураараа янз бүрийн томилгоо хийгээд байгаа учир хэдэн жил ажилласан байхыг нь хуульд УИХ-аар хатуу зааж өгсөн. Одоо тэгээд Засгийн газар дураа шийднэ гэсэн ойлголт явж байна.

Хоёрт, сул орон тоо гарахад заавал шалгалт шүүлэг өгөх зарчмыг хуульд тусгасан. Засгийн газар дур зоргоороо томилгоо хийж, төрийн албыг төрлийн алба болгохгүйн тулд Төрийн албаны зөвлөл гэдэг байгууллагыг УИХ-ын харьяа, бүтцийн байгууллага болгосон. Төрийн албан зөвлөл /ТАЗ/ Засгийн газрыг хянах үүрэгтэй.  ТАЗ бол УИХ-ын буюу ард түмний төлөөллийн байгууллагын Засгийн газрыг хянах гар хөл нь ш дээ.  ТАЗ-д ажиллаж байгаа хүмүүс муу, арчаагүй байгаа. УИХ-ын Засгийн газарт тавих хяналтыг хэрэгжүүлж чадахгүй, үлбийсөн байна. Үүний гор гарч байна. Өнөөдөр төрийн албанд шалгалт өгөөгүй 1036 хүн яам, агентлагт томилогдсон байна шүү дээ. Яам, агентлагт төрийн жинхэнэ албан хаагчийн тоо 5000 гаруй л байдаг. Гэтэл үүний 1000 нь түр буюу шалгалт өгөөгүй хүмүүс томилогдсон байна. Энэ бол Төрийн албаны зөвлөлийн арчаагүйнх юм. Одоо Төрийн албан зөвлөлийн шалгалт шүүлгээр ордгийг больж, Засгийн газрын саналаар оруулдаг болгоё гэж ярьж байна. УИХ-ын хяналтаас бүрэн гаргах гэж байна. Өнөөдөр Засгийн газар хангалттай УИХ-ын хяналтаас гарчихаад байгаа шүү дээ. 

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг: Төрийн албаны зөвлөл шалгалт авдгаараа авна. Шалгалт шүүлэггүй явах юм шиг ийм буруу ойлголт төрүүлж болохгүй. Салбар салбартаа ажиллах чадвар мэдлэг, туршлагатай хүмүүсийг төрийн албанд ажиллуулж чадахгүй, хуулиар хаасан энэ хаалгыг нээж өгөх гэж байгаа юм.  

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:Төрийн албаны хуулийн гол үзэл санаа нь төрийн жинхэнэ алба улс төрөөс хараат бус тусдаа байх юм. Улс төрөө хийх бол улс төрөө хий. Төрийн мэргэшсэн албаар явах бол төрийн мэргэшсэн албаар яв. Энэ гол зарчим байтал үүнийг үгүй болгох гэж байна.


Б.Энхбаяр: Яам, агентлагт 1000 гаруй хүнийг шалгалтгүй томилсон нь ТАЗ-ийн арчаагүйнх
2021-10-22 14:58:19
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ