Баасан, 2024-03-29
ХҮН ҮЗЭЛ БОДЛОО СОНГУУЛИЙН ҮЕЭР ИЛЭРХИЙЛЭХ НЬ ЧУХАЛ, БУСАД ҮЕД НЬ ҮР ДҮНГҮЙ ШҮҮ ДЭЭ

Ойрын үед Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөөх газар /ШӨХТГ/-аас сүрхий, сүртэй мэдээлэл хийдэг боллоо. Тэр нь сонгуультай холбоотой. Иргэн хүн хэвлэл мэдээллийн хэрэгслээр үзэл бодлоо илэрхийлж, үг хэлж, үнэлэлт дүгнэлт өгвөл тэр нь Сонгуулийн тухай хуулийг ноцтой зөрчсөн үйлдэл болох гэнэ. Харин иргэд тэгж үзэхгүй байгаа юм байна. Харин ч эсрэгээрээ Үндсэн хуульд заасан “Хүн итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх” эрхийг маань ноцтой зөрчиж байна гэж үзжээ. Иргэд сонгогчдын байр суурь ийм байтал ШӨХТГ-аас бүр цааш ахиж Сонгуулийн хууль зөрчиж иргэдийн үзэл бодол, үнэлэлт дүгнэлтийг дамжуулбал хэвлэл мэдээллийн байгууллагуудад хуулийн хатуу хариуцлага хүлээлгэнэ гэж заналхийлжээ. Хэвлэл мэдээллийн байгууллагын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг цуцлах юм байна. Одоогоор хэвлэл мэдээлийн зургаан ч байгууллага үйл ажиллагаагаа зогсоох нөхцөлийг хангасан гэнэ. Дахиад нэг л зөрчил гаргавал эдгээр байгууллагуудын амийг тэр дор нь тасална гэдгээ тус газраас албан ёсоор мэдэгдлээ.

Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйл, 70.1,6-д ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш санал хурааж дуустал аливаа этгээд сонгогчдын саналыг татах зорилгоор "хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орон зай, мессэж ашиглан улс төрийн чансаа тогтоох зорилго бүхий аливаа хэлбэрийн шалгаруулалт зохион байгуулах, бусдыг гүтгэн доромжлох, хуурамч мэдээлэл тараахыг хориглоно", 70 дугаар зүйл, 70.7-д "аливаа хэвлэл мэдээллийн байгууллага сонгуулийн сурталчилгааны үеэр сонгуульд оролцогч аль нэг талын талаар бүх төрлийн мэдээ, мэдээлэл гаргах, гаргахгүй байхаар амлалт авах, гэрээ байгуулахыг хориглоно" гэж заажээ. Тэгэхээр ийм заалтууд байх нь байна. Үүнийг юунаас үндэслэж шалгаж тогтоох, баталгаажуулах вэ гэвэл Сонгуулийн ерөнхий хороо болон иргэдээс ирсэн гомдол, санал ШӨХТГ-т хандах бүрт шалгаж тогтоох юм байна. Хэн нэгэн Бат юм уу, Дорж гуай сонин, телевизээр наад зах нь дэмжиж явдаг улстөрчийнхөө тухай ярих, хийсэн ажлыг нь бусдад үлгэр болгон ярих зэргээр санаандгүй үйлдэл хийхэд тэр нь Сонгуулийн хууль зөрчсөн болох нь. Дамжуулсан хэвлэл мэдээллийн байгууллага нь хаалгаа барих нь. Батын ярьсныг бас нэг сайн дурын уран сайхан ч Дулмаа Сонгуулийн ерөнхий хороонд матахад тэгээд л хууль зөрчсөн болох нь. Ийм л үр дагавартай, урхагтай хуулийн заалтыг ШӨХТГ-аас сүрхий хэрэгжүүлэх гээд байгаа юм байна.

Гэтэл энэ нь Үндсэн хууль болон Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг зөрчсөн үйлдэл болчихоод байгаа юм биш үү. Монгол улсын Үндсэн хуулийн 16.16-д “Итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх” эрхийг хүний эрх, эрх чөлөөний гол цөм нь гэж үзнэ. Итгэл үнэмшилтэй байж үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх үндсэн арга нь үг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал цуглаан хийх эрх чөлөө юм гэж тодорхой заажээ. Ингэхээр Сонгуулийн тухай хуулийн 70.7 дахь заалт нь Үндсэн хуулийн 16.16 дахь суурь заалтыг давсан болчихож байгаа юм. Монголд хуулиасаа давсан зарим нэг дүрэм журам үйлчилж байсан шиг Үндсэн хуулиасаа давсан хууль гаргаж, түүнийг нь хэрэгжүүлэх гээд ШӨХТГ-ын хүүхдүүд гүйлдэж, учраа мэдэхгүй хэвлэлийн бага хурал зарлаж сүржигнээд байгаа юм биш биз. Угтаа өнөөдөр ШӨХТГ-ын заналхийллээр бол хууль зөрчсөн гэх хэвлэл мэдээллийн хэрэгслийнхэн шорон гянданд хоригдож, үйл ажиллагааныхаа лицензийг цуцлуулж, сөнөх болчихоод байгаа юм. Тэгэхээр энэ заалт нь үнэхээр хуульд байгаад, түүгээр нь хэн нэг иргэн Үндсэн хуулийн Цэцэд хандахад Сонгуулийн хууль тэгээд дуусах юм байна лээ.

Ер нь тэгээд хувь хүний үзэл бодлоо илэрхийлэх, зайлшгүй шаардлагатай цаг үе нь хэзээ тохиодог юм бэ? Тэгвэл тийм боломжит, ухамсартай цаг үе нь сонгуулийн үе шүү дээ. Ардчилсан нийгмийн хувь хүнд олгож байгаа хамгийн дээд эрх бол сонгох сонгогдох эрх, сонгуулийн үеэр үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлж, хэвлэн нийтэлж, хэн нэгнийг дэмжиж, тэр бүхнээ түгээн дэлгэрүүлэх үйл явц юм. Дөрвөн жилд нэг удаа улс орноо, ард түмнээ удирдан чиглүүлэх төр засгаа сонгох түүхэн мөч бол сонгуулийн үе юм. Ийм л үед иргэн хүн үзэл бодлоо нийгэмд хүргэх нь хамгийн чухал юм. Бусад үед нь хэчнээн хашгираад яах юм бэ. Ямар ч үр дүн, ач холбогдолгүй шүү дээ. Сонгуулийн бус үед бол зүгээр л өмнөх ажлаа амжуулаад, үүрэгт ажлаа хийгээд явж байх цаг хугацаа. Тэртээ тэргүй бидний сонгосон хүмүүс төр улсаа засаглаад явна, төлөөллийн ардчилал ажиллана. Ийм хариуцлагатай сонголт хийх, хүн бүр үзэл бодлоо хэлэх, хэвлэн нийтлэх, итгэл үнэмшлээ түгээн дэлгэрүүлэх ёстой сонгуулийн цаг мөчид бид бүгдийн амыг барьж, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг хуулийн заалтаар заналхийлж, ШӨХТГ хэмээх нийгэмд шударга харилцаа тогтоох ёстой байгууллагаар байсхийгээд л сүртэй мэдээлэл хийлгэж байгаа нь дэндүү утгагүй байна.

Иймэрхүү утгагүй, хүний эрхийг бүдүүлгээр зөрчсөн үйлдлүүд Монголын нийгэмд хэрээс хэтэрч байна. Төрийн зүгээс хийж буй нэг үйлдэл нь нөгөөтэйгөө үргэлж зөрчилдөх болсон. Өнөөдөр сонгуулийн ирцийг яаж бүрдүүлэх, 51 хувьд хүргэх тухай ярьж байна. Учир нь өнгөрсөн хугацаанд явагдсан бүх сонгуулийн ирц дандаа хасах руу явсан. Хамгийн сүүлд буюу 2013 онд болсон Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн ирц санал хаахаас хэдхэн минутын өмнө хүрэхгүй байгаад санал хураалт хаахтай зэрэгцэн чүүтэй чаатай 50,23 хувьд хүрснээр нэг юм хүчинтэйд тооцсон. Энэ хандлага ирэх сонгуулиар ямар байхыг хэлж мэдэхгүй. Ийм байгаагийн үндсэн шалтгаан ч тодорхой харагддаг. Жишээ нь хүүхдийг сонгуульд оролцуулдаггүй, санал өгүүлдэггүй. Сонгуульд санал өгнө гэдэг чинь бузар муу явдал юм уу. Хүүхэд хол байх ёстой халдварт өвчин эмгэг юм уу. Харин ч хар багаас нь төр засгаа сонгох сонгуульд оролцдог дадалд сургах ёстой, ардчилсан нийгэмд амьдарч буй чиний хамгийн үнэт зүйл чинь энэ гэсэн төлөвшлийг суулгаж өгөх ёстой юм. Ингэж төр засгаа дээдэлсэн үзэл суртал, амьдралын хэв маягийг хүүхдэд багаас нь суулгаж өгдөггүйгээс өнөөдөр сонгуулиар саналаа өгдөг залуу үегүй болоод байна. Энэ бол эмгэнэл. Хатуу үнэнийг хэлэхэд өнгөрсөн бүх сонгуулийн саналын ирцийг хуучин нийгэмд төлөвшсөн үеийнхний хариуцлагатай байдал бүрдүүлж ирсэн. Энэ мэт Үндсэн хуультайгаа зөрчилдсөн Сонгуулийн тухай хууль, бүхэл бүтэн нэгэн шинэ үеийнхэн сонгуульд оролцохоо байсан үйл явц гэхчилэн эргэж харах ёстой, зарчмаар нь явуулах ёстой тулгамдсан асуудлууд их байна даа.


ХҮН ҮЗЭЛ БОДЛОО СОНГУУЛИЙН ҮЕЭР ИЛЭРХИЙЛЭХ НЬ ЧУХАЛ, БУСАД ҮЕД НЬ ҮР ДҮНГҮЙ ШҮҮ ДЭЭ
2016-05-10 09:25:00
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ