Даваа, 2023-12-11
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хөвсгөл аймагт ажиллаж байна

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хөвсгөл аймагт ажиллаж байна. Тэрбээр өнөөдөр Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн нээлтэд оролцож, тус аймагт баригдаж байгаа 10МВт нарны цахилгаан станцын бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Ховд, Дундговь, Дархан-Уул аймагт ажиллахдаа Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвүүдийн нээлтэд оролцсон. Өнөөдөр Хөвсгөл аймагт Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийг нээлээ. Монгол Улсын Засгийн газраас 21 аймаг, нийслэлийн есөн дүүрэгт ийм төв байгуулахаар зорьж байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөллийг төрд оруулж, иргэдээ дэмжиж ажиллахаа Ерөнхий сайд нээлтийн үеэр илэрхийллээ.

Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр барьж буй эдгээр хөгжлийн төвүүдийг байгуулснаар орон нутагт хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, насанд хүрэгчдийг сэргээн засах, эрүүл мэндийн эрт илрүүлэгт хамруулах, гэр бүлийн гишүүд, асран хамгаалагчдад зөвлөгөө өгөх, сургалт, сэтгэл зүйн болон сэтгэл заслын үйлчилгээ, протез, ортопед, туслах хэрэгсэл захиалах, засварлах, тохируулах зэрэг үйлчилгээг цогцоор нь үзүүлэх боломж бүрдэж байна.

Ерөнхий сайд дараа нь Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлэх” төслийн хүрээнд Хөвсгөл аймгийн Мөрөн суманд баригдаж буй 10 МВт-ын хүчин чадалтай нарны цахилгаан станцын ажлын явцтай танилцав. Станцын ажил энэ оны долоодугаар сард эхэлсэн, ирэх арваннэгдүгээр сард ашиглалтад орох ажээ.



Энэ станц жил бүр дунджаар 20.14 сая кВт/цаг эрчим хүч үйлдвэрлэн аймгийн иргэдийн хэрэгцээг хангахаас гадна төвийн бүсэд нийлүүлж, эрчим хүчний системийн алдагдлыг бууруулна. Төслийн хүрээнд 12.8 МВт-ын станц, 10/110 кВ-ын дэд станц, дөрвөн км урт бүхий 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам барих аж.

Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-д 2030 он гэхэд эрчим хүчний салбарын нийт хэрэглээний 30 хувийг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээр хангана туссан. Импортын эрчим хүчийг бууруулах, аймаг бүр сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэртэй болох нь чухал. Хөвсгөл аймгийн Мөрөн суманд удахгүй ашиглалтад орох энэ төсөл үүнд чухлаар нөлөөлнө гэдгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцлов. 

 


Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хөвсгөл аймагт ажиллаж байна
2023-09-27 16:07:19
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ