Баасан, 2024-03-29
Гадаадад гацсан иргэд ерөнхийлөгчид хандлаа

Дэлхийн өнцөг булан бүрт гацсан байдалтай байгаа иргэд нийлж хилээр нэвтрэх зөвшөөрөл олгох тухай өргөдөл Ерөнхийлөгчид өгсөн байна. Гадаадад ойролцоогоор 11 мянган иргэн байгаа гэсэн албан бус мэдээлэл бий. Тэгвэл тэднийг авчрах асуудал дээр УОК хуралдаж, аль болох боломжит гарцыг хайсаар байгаа. Учир нь эмнэлгийн ачаалал дйилэхгүйгээс гадна эрсдлийн үнэлгээ өсөх хандлагатай байгааг ч онцолсон. Ерөнхийлөгчид дараах өргөдлийг хүргүүлсэн байна. 

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга танаа

 

2020 оны 5-р сарын 16-ны өдөр

“Хилээр нэвтрэх тусгай зөвшөөрөл хүсэх, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх тухай”

Монгол төрийн тэргүүн, үндэсний эв нэгдлийн баталгаа болсон танд энэ өдрийн мэнд дэвшүүлье.

Дэлхий даяар тархсан халдварт цар тахлын улмаас дэлхийн улс орнууд өөрийн иргэдээ яаралтай эх орондоо ирэх хугацаатай үүрэг өгч, иргэдээ бүрэн татан авсан бөгөөд үүний дараа агаарын болон бусад хил гаалиа бүрэн хааж, хатуу хөл хорио тогтоон цар тахалтай тэмцэж байна.

Манай улсад бүртгэгдсэн анхны тохиолдолтой хамтатган Улсын онцгой комиссоос яаралтай бүх хилээ хаан, богино хугацаагаар гадаад улсад эмчилгээ, сувилгаа, сургалт, амралт, ажлын зорилготой явсан иргэдээ гадаадад 70-90 гаруй хоног байлгаж байгаа ба олон мянган иргэд, хүүхэд, хөгшид, хөгжлийн ялгаатай иргэд харь оронд орох оронгүй, ажлын байргүй, амьжиргааны зардалгүй, идэх хоолгүй өдөр хоногийг өнгөрөөж байна.

2020 оны 5-р сарын 15-ны өдрийн байдлаар эх орондоо буцах хүсэлтэй 10,900 орчим иргэн 57 улсаас хүсэлтээ илгээгээд байгаа. Гэвч иргэдийн нөхцөл байдал өдрөөс өдөрт дордож байгаа бөгөөд Улсын онцгой комиссоос гарч буй аливаа шийдвэр нь сонгуульд чиглэсэн, сонгуультай уялдсан байх талаар байнга ярьж байгаа нь нөхцөл байдлыг улам хүндрүүлж байна.

Сард 800 орчим иргэнээ татан авбал сүүлийн иргэд жилийн дараа эх орондоо ирэхээр харагдаж байгаа ба эх орон боломж бололцоогоороо хүнээ авч байна, тусгаарлах байргүй, эмнэлгийн хүрэлцээгүй гэх шалтгаанаар ямар ч дорвитой арга хэмжээ авахгүй байгаад туйлын их харамсаж, цөхөрч, туйлдаж байна.

Гадаад улсуудад удаан хугацаагаар өөрийгөө болон үр хүүхдээ аргацааж буй иргэдийн хувьд нислэг хэт өндөр үнэтэй, тусгаарлах байрны төлбөр үнэтэй зэргээр зарим хүний хувьд үнэхээр хүнд нөхцөл байдалд орж байна. Ганцхан жишээ дурдахад Унгар улсаас буцах хүсэлтээ Элчин сайдын яамаар дамжуулан өгсөн 190 гаруй иргэнээс 38 нь тавдугаар сарын 2-ны өдрийн УБ-Франкфурт-УБ чиглэлийн нислэгт багтах шаардлага хангасан боловч тэдний 25 нь хэтэрхий үнэтэй онгоцны тийзийн зардал, тусгаарлах байрны зардал зэргээс үүдэн хүсэлтээсээ татгалзахад хүрлээ.

Монгол Улс НҮБ-ын жинхэнэ гишүүн, олон улсын маш олон гэрээ конвенцод нэгдсэн бөгөөд уг гэрээ, үүргийнхээ дагуу өөрийн иргэнээ дайн тулаан ч бай, цар тахал ч бай авах ёстой. Иргэд бидэнд Монгол Улсын хил үргэлж нээлттэй байх ёстой. Энэ улсын иргэн болсон бид эх орондоо очих эрх нь азын сугалаа ч биш, арын хаалга ч биш, өндөр үнэтэй тасалбар ч байх ёсгүй ээ. Наян настай буурайг далан настай буурайгаар сольж нисгэх нь сонголт биш доромжлол гэдгийг эрхэм та юу эс андах билээ.

Бид монгол хүмүүс. Монголын төр дэндүү бүдүүлгээр бидний эрх ашгийг боож, дарангуйлж байна. Зөрчигдсөн эрхийнхээ төлөө тусгаар улсынхаа Элчин сайдын яаманд үзэл бодлоо илэрхийлсэн иргэдийнхээ эрхийг бүдүүлгээр зөрчиж, хавчин, хяхаж байна. Японд, Европын холбооны улсуудад монголчууд байрлах байргүй, идэх хоолгүй болж, эхнээсээ гудамжинд гарч байна.

Уг вирусээс урьдчилан сэргийлэх вакцин гарах, үйлдвэрлэж, тарилга эхлүүлэх хугацааг 2021 оны зургаадугаар сараас гэж байгаа бөгөөд тэр хүртэл хүлээвэл гадаадад байгаа иргэдийн нөхцөл байдал улам хүндэрч, хэчнээн хүн өвчнөөр болон бусад зүйлсээр эндэхийг тааварлах аргагүй байна. Нөхцөл байдал цаашид улам хүнд болно. Жишээ нь, ОХУ-аас ирсэн 340 гаруй оюутнаас 55 нь халдвар авсан байгаа нь үүний тод илрэл билээ.

Иймд бидний зүгээс Танд дараах саналыг уламжилж байгаа бөгөөд таныг уг саналуудыг бодитойгоор тунгааж, эрх нь зөрчигдсөн иргэдийн эрхийг сэргээж өгнө гэдэгт бат итгэж байна. Үүнд:

  1.  Монголын зочид буудлуудын холбоо ТББ-аас 2020 оны 5-р сарын 4-ний өдөр А-20/39 тоот албан бичгээрээ иргэд тусгаарлах байрны сонголтоо өөрөө хийх, үнийг чөлөөтэй байлгах боломж олговол тусгаарлагдах байрны нөөц хангалттай бий гэсэн бөгөөд тусгаарлагдах байрыг иргэдийн боломжоор сонголттой болгох, мөн урин дулааны улирал эхэлж буйтай холбогдуулан тусгаарлах байрыг нэмэгдүүлэх талаар судлах, улсаас тусгаарлах байрны төлбөрийн тодорхой хувийг даах
  2.  БНСУ уг цар тахлыг амжилттай даван туулж байна. Иймд БНСУ-д байгаа иргэдээ чөлөөтэй авах. Уг иргэд нь транзит бус зөвхөн удаан хугацаагаар БНСУ-д байгаа, мөн шинжилгээнд хамрагдсан байх.
  3.  Транзит нислэгийн давтамжийг нэгтгэж, вирусийн тархалт өндөртэй улсаас ирсэн болон тархалт багатай улсуудыг тус тусад нь тээвэрлэх
  4.  Богино хугацаагаар гадаадад зорчсон иргэддээ санхүүгийн дэмжлэг үзүүлэх
  5.  Удаан хугацаагаар хөл хорионд байсан иргэдийн нислэгийн тийз хэт өндөр үнэтэй байгаа тул иргэд газраар хил нэвтрэх зэрэг хүсэлтүүд гаргаж байна. Цар тахалтай холбоотойгоор газраар удаан хугацаанд зорчих нь вирусийн халдвар авах магадлалтай тул онгоцны тасалбарын тодорхой хувийг төрөөс даах

Бидний хүсэлтийг хүлээн авч яаралтай шийдвэрлэж өгнө үү. 

Хүндэтгэсэн 

Гадаадад гацсан, Монгол Улсын 10,900 орчим иргэн болон тэдний ар гэр болсон мянга мянган монголчуудын төлөөлөл ГЭСЭН байна. 

 


Гадаадад гацсан иргэд ерөнхийлөгчид хандлаа
2020-05-16 15:27:39
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 1
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-05-17 12:10:24
    ???: Гадаадад амьдарч байгаа хүмүүсээ авах нь зөв ч , энд байгаа иргэд чинь эрсдэлд орох гээд байна . Эмнэлэгийн хүчин чадал хэцүү байна . Жнь . Америк хоригоо сулрууллаа тэнд хэвийн амьдрал эхэллээ . Бид ядуу орон "3 сая иргэнээ бодооч ээ .
Шинэ мэдээ