Лхагва, 2024-04-24
Монголбанкны албан ёсны цахим сайт кибер халдлагад өртсөн үү

Монголбанкны www.mongolbank.mn вебсайт кибер халдлагад өртөж, нэвтрэх боломжгүй болсон байна.

Тодруулбал, Төв банкны веб сайтад хандах үед байршуулсан мэдээллүүдийн гарчиг “Hacked by WwW.1877.TeaM – Kurdish Hackers” гэх байдлаар өөрчлөгдөж, “Thumbnail” зургууд нь өөрчлөгджээ. Кибер халдлага үйлдэгчид амжилттай халдлага үйлдсэн болохоо батлах зорилгоор ийм төрлийн мэдэгдлийг” үлдээдэг. Улмаар Монголбанкны вебсайтад одоогоор хандах боломжгүй байгаа юм.   

 

Монголбанк нь Үндэсний дата төвөөс тусдаа бие даасан серверийн дэд бүтэцтэй байдаг. Тиймээс уг халдлагыг зөвхөн Монгол Улсын Төв банкийг чиглэсэн халдлага гэж харж болох юм.

Монголбанкнаас энэ талаар тодруулахад Тохируулга хийх зорилгоор түр хаасан. Вебсайт удахгүй хэвийн ажиллана гэх тайлбарыг өглөө.

Тэгвэл “1877 Team” болон “MuhmadEmad” нэрээр танигдсан хакерын бүлэглэл өмнө нь хэд хэдэн улсын Төв банк болон төрийн байгууллагуудад халдлага үйлдэж байжээ. Тухайлбал, “MuhmadEmad” бүлэглэл өнгөрөгч онд АНУ, БНХАУ, Герман болон Италийн төрийн байгууллагуудад халдлага үйлдэж байсан бол “1877 Team” нэрээр хамгийн сүүлд 2017 онд Ирландын Үндэсний төрийн сангийн удирдлагын газар болон Үндэсний Эмийн эдийн засгийн төв байгууллагуудад халдлага үйлдэж байсан аж.

Халдлагад өртсөн вебсайтуудад Курдын далбаа болон Иракт үйл ажиллагаа явуулдаг Курдын Пешмерга армийг илтгэх "Пешмерга мандтугай" гэх мэдэгдлийг нийтэлж байжээ. Алан хядах Исламын улс бүлэглэл буюу “ISIS”-ийн эсрэг тулалддаг Пешмерга армийг ойролцоогоор 200 мянган дайчидтай гэж үздэг. 

 


Монголбанкны албан ёсны цахим сайт кибер халдлагад өртсөн үү
2021-11-11 12:36:10
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0