Баасан, 2024-04-19
Ц.Мөнхцэцэг: Гэрийн даалгаврын цаг хэт их байгааг шинэчлэх шаардлагатай

УИХ-ын дарга Г.Занданшатарын ивээл дор “Үндэсний ерөнхий боловсролын тогтолцоог олон улсын түвшинд хүргэх нь” хэлэлцүүлэг өчигдөр болсон.

Боловсролын тогтолцоог сайжруулах зорилгоор нэр бүхий таван гишүүний зохион байгуулж буй хэлэлцүүлэг ийнхүү гурав дахь удаагаа болж байгаа юм.

Хэлэлцүүлгийг нээж, УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг “Монголын ерөнхий боловсрол дахь тулгамдаж буй зарим асуудал” сэдвээр тавьсан илтгэлээс онцлох мэдээллүүдийг хүргэж байна.

Боловсролын тогтолцоог сайжруулахын тулд юун түрүүнд салбарт тулгамдаж буй асуудлуудыг гаргаж иржээ. Үүнд:

  • Сургалтын төлбөр, суралцагчийн ачаалал
  • Багшийн хангамж, ажлын ачаалал
  • Боловсролын салбарын төсөв санхүүжилт
  • Боловсролын чанарын үнэлгээ, аргачлал зэрэг багтаж буй бөгөөд өмнөх хэлэлцүүлгүүдийн үеэр багш нарыг ажлын байранд хөгжих нөхцөл боломжоор хангах, багш бэлтгэж буй сургуулиудын сургалтын орчноор бүрэн хангаж, чанарыг сайжруулах, сургуулиудын интернетийн хүртээмж, хүчин чадлыг нэмэгдүүлэх, боловсролын хөтөлбөр, стандарт тогтвортой байх, нэг багшид оногдох сурагчдын тоо, анги дүүргэлтийг нэгдсэн стандарттай болгох зэрэг саналууд гарсан байна.

ХӨГЖҮҮЛЭХ СУРГАЛТ НЭМЭГДВЭЛ НЭГ СУРАЛЦАГЧ ӨДӨРТ 6-9 ЦАГ СУРАЛЦАЖ БАЙНА

Сурагчдад ногдож буй ачаалал өндөр байгааг тэрбээр АНУ-тай харьцуулан танилцуулсан бөгөөд АНУ-ын 9-р ангид нийт 9 хичээл сонгон судалж байхад манай улсад 19 хичээлийг үздэг гэв.

Цөм хөтөлбөрийн хүрээнд бага анги 4-5, дунд анги 6-7, ахлах анги 7 цагаар хичээллэж байгаа бөгөөд хувийн сургуулиуд үүнээс даруй 20 хувийн илүү цагийн ачаалалтай байдаг гэв. Хичээлээс гадуур хөгжүүлэх сургалт нэмэгдвэл, нэг суралцагч өдөрт 6-9 цаг сургалтын үйл ажиллагаанд хамрагдаж байгаа нь суралцагчдад ачаалал бий болгож байгаа аж.

Мөн гэрийн даалгаврын асуудлыг сургууль дээрээ хэлэлцэж шийдвэрлэдэг бөгөөд амралтын өдрүүдэд гэрийн даалгавар өгөхөө больсон сайн туршлага ч бий гэдгийг хэлэлцүүлэгт оролцогч хэлж байв. Суралцахаас гадна олон төрлийн дугуйланд явуулж байна багадаа өндөр ачаалал авсан хүүхэд томрох тусам идэвх нь сулардаг болохыг ч мэргэжилтнүүд хэлсэн.

БАГШ НАРЫН ХИЙДЭГ БИЧИГ ЦААСНЫ АЖЛЫГ ЖАГСААХАД 419 ТӨРӨЛ БАЙВ

Багш нар ч мөн ачаалал өндөртэй ажиллаж байгаа бөгөөд Шинэ үе сургуулийн багш Ч.Нарангэрэлийн илтгэлд өдөрт дунджаар 10-11 цагийн ачаалалтай байдаг болохыг дурджээ.

Багш нар үндсэн ажлаас гадна олимпиадад бэлтгэх, зохион байгуулах, аймаг сумын удирдлагын илтгэл бэлтгэх, алдаа засах, тайлан мэдээ гаргах гээд бичиг цаасны ажлыг жагсаахад 419 төрлийг ажил хийдэг гэв.

Бага ангийн багшийн ачаалал дунджаар өдрийн 10-11 цаг ба нэг багшид ногдох суралцагчийн тоо 30.6 буюу Герман 12.3, АНУ 14.5, Япон 16 байгаатай харьцуулахад өндөр байна.

Ачаалал өндөр ажиллаж байгаа ч цалин хангамж дэлхийн боловсролын салбарын төвшнөөс доогуур байгаа нь боловсролын чанарт нөлөөлж байгааг илтгэлд дурдсан юм. Тиймээс багшийн хөдөлмөрийн үнэлэмжийг бодитой болгож, үр дүн, бүтээмжид суурилсан цалин хөлсний шинэ тогтолцоог бий болгох, анги дүүргэлт, ажлын ачааллыг багасгаж, багш нарыг ажлын байран дээрээ хөгжих бололцоог бий болгон, төр засгаас дэмжих бодлого баримтална гэдгийг УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг хэлж байв.

БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН 80 ХУВЬ НЬ БАРИЛГА БАЙШИНД ЗАРЦУУЛАГДАЖ БАЙНА

Боловсролын салбарт хийж буй санхүүжилтийн талаар түүний илтгэлд мөн дурдсан. 2019 оны байдлаар нэг сурагчид ногдох урсгал төсвийн дундаж хэмжээ Улаанбаатар, Дархан-Уул, Орхон зэрэг хотуудад бага, Булган, Говь-Алтай, Дундговь аймагт өндөр байна. Манай улс боловсролын салбарт нэгдсэн төсвийн зарлагын 15-18 хувийг зарцуулж байгаа нь дэлхийн дундажтай ойролцоо гэв. Гэвч энэ хөрөнгө оруулалтын зардлын 80 орчийм хувийг сургууль, цэцэрлэгийн барилгад зарцуулж байгаа аж. Өөрөөр хэлбэл, сургалтын чанарыг сайжруулах, боловсон хүчин бэлтгэх, чадварыг дээшлүүлэх, ном сурах бичгийн агуулгыг сайжруулахад зарцуулах хөрөнгө бага байгааг илтгэлд дурдсан.

Боловсролын салбарт тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхийн тулд цаашид байнгын, тасралтгүй үйл явц, зохион байгуулалт, санхүүжилтийг бий болгох тал дээр онцгой анхаарна гэдгийг хэлэлцүүлэг зохион байгуулагчид онцоллоо.

Эх сурвалж: Gogo.mn


Ц.Мөнхцэцэг: Гэрийн даалгаврын цаг хэт их байгааг шинэчлэх шаардлагатай
2020-11-03 11:21:39
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 1
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0