Баасан, 2024-04-19
‘Squid Game’ киноноос болж интернэтийн хэт ачаалал үүсгэсэн асуудлаар ‘Netflix’-ийг шүүхэд өглөө

Өмнөд Солонгосын интернэт үйлчилгээ үзүүлэгч “SK Broadband” компани баасан гаригт “Squid Game” киног хэт олон хэрэглэгч үзэж, интернэтийн ачаалал огцом нэмэгдсэн асуудалд “Netflix” компани хариуцлага хүлээх ёстой. Түүнчлэн тус компанийн интернэт сүлжээгээр дамжин хэрэглэгчдэд хүрснийхээ төлөө төлбөр төлөх ёстой гэх үндэслэлээр шүүхэд өгсөн байна.

Тэгвэл Сөүл хотын шүүх өмнө нь АНУ-ын видео стрийминг үйлчилгээ үзүүлэгч “Netflix” компани өөрсдийн сүлжээгээ ашиглуулсан интернэт үйлчилгээ үзүүлэгч компаниудад орлогын хувиасаа тодорхой хувийг өгөх ёстой гэж мэдэгдээд байв. Мөн Өмнөд Солонгосын зарим хууль тогтоогч “Netflix” компани интернэт сүлжээгээр дамжуулан бүтээгдэхүүнээ хэрэгчдэд хүргэдэг. Тиймээс интернэт сүлжээ түгээгч байгууллагуудад төлбөр төлөх ёстой гэх байр суурьтай байгаа юм.  

Харин “Netflix” компанийн зүгээс “SK Broadband” компанийн нэхэмжлэлийг хянаж, асуудлыг харилцан ашигтай шийдвэрлэхийн тулд хэлэлцээ хийх болно гэж мэдэгдсэн байна.Дэлхийн дахинд шуугиан тариад байгаа “Squid Game” цуврал нь Өмнөд Солонгосын хэмжээнд дата урсгалын эзлэх хувиараа “Google” болон “YouTube”-ийн араас бичигдэж байгаа аж. Тухайлбал, “Squid Game” кино нээлтээ хийснээс хойш “SK Broadband”-ын дата урсгал 24 дахин нэмэгдэж, секундэд 1.2 их наяд битд хүрсэн байна.

Түүнчлэн “SK Broadband” компани “Google”, “Amazon”, “Apple”, “Facebook” зэрэг технологийн салбарын тэргүүлэгч компаниуд Өмнөд Солонгосын интернэт сүлжээний дэд бүтцээр дамжуулан тус улсын хэрэглэгчдэд хүрснийхээ төлөө төлбөр төлөх ёстой гэх байр суурьтай байгаа аж. Компанийн мэдэгдсэнээр зөвхөн “Netflix” гэхэд 2020 оны байдлаар “SK Broadband”-ийн интернэт сүлжээгээр дамжсаныхаа төлбөрт 22.9 сая ам.доллар төлөх ёстой гэсэн байна.

Эх сурвалж: Reuters


‘Squid Game’ киноноос болж интернэтийн хэт ачаалал үүсгэсэн асуудлаар ‘Netflix’-ийг шүүхэд өглөө
2021-10-03 19:50:25
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0