Лхагва, 2024-04-24
​Америк Хятадтай сөргөлдөх бус нягт хамтрахыг зорьж байгаа бололтой

Жой Байдены засаг захираа өнгөрөгч наймдугаар сард Тайваньд 750 сая ам.долларын зэвсэг нийлүүлэх гэрээ байгуулж, Зүүн Хятадын тэнгист тэнгисийн цэргийн флотоо байршуулсан. Улмаар үүний хариуд БНХАУ-ын байлдааны онгоц сүүлийн өдрүүдэд Тайванийн агаарын довтолгооноос сэрэмжлүүлэх бүсийг 150 гаруй удаа зөрчиж, бүс нутагт тогтворгүй байдал бий болоод байгаа билээ. Түүнчлэн, Тайванийн Гадаад хэргийн сайд Жозеф Ву БНХАУ-тай байлдахад бэлэн гэж мэдэгдсэн нь нөхцөл байдлыг улам бэрхшээлтэй болгоод байгаа юм.

Тэгвэл АНУ-ын Ерөнхийлөгч Жой Байден болон БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар өчигдөр Тайванийн хямралын асуудлаар утсаар ярьсан гэж Цагаан ордон мэдээлсэн. Жой Байден сэтгүүлчдэд энэ талаар Бид Тайванийн гэрээг дагаж мөрдөж, тууштай баримтлах асуудлаар маш тодорхой ойлголцсон” гэх товч хариулт өгсөн.

Гэвч Жой Байден Тайванийн гэрээ гэж АНУ-ын Конгресс 1979 онд баталсан Тайванийн харилцааны тухай хууль” эсвэл Бээжингийн Нэг-Хятадын бодлого-ын алийг нь тодорхойлж хэлсэн нь эргэлзээтэй байгаа юм.

Тэгвэл Тайванийн харилцааны тухай хуулиар Вашингтон БНХАУ-тай дипломат харилцаа үүсгэн, Хятадын цорын ганц хууль ёсны Засгийн газар гэж хүлээн зөвшөөрсөн бол Тайваньтай албан ёсны боловч дипломат бус харилцааг тодорхойлсон байдаг. Харин Нэг-Хятадын бодлого” нь Тайвань буюу БНХУ, Эх газрын Хятад буюу БНХАУ гэх давхардсан нэршлийг залруулж, Хятад гэх нэртэй цорын ганц тусгаар тогтносон улс байх ёстой гэх Бээжингийн бодлого юм. Өөрөөр хэлбэл Тайванийн харилцааны тухай” хууль болон эсвэл Нэг-Хятадын бодлого нь үндсэндээ ижил агуулгатай.

Цагаан ордны өмнөх тэргүүн Доналд Трамд 2016 оны арванхоёрдугаар сард Ерөнхийлөгч болсон даруйдаа АНУ Нэг-Хятадын бодлогод заавал хүлэгдэх шаардлагагүй гэж мэдэгдсэн нь Вашингтон-Бээжингийн өнөөгийн хурцадмал харилцааны эхлэл болж байв. Доналд Трампын засаг захиргааны үед хоёр их гүрний дунд худалдааны дайн, технологийн салбарын протекционизм, кибер аюулгүй байдлын сөргөлдөөн бий болж АНУ болон БНХАУ-ын харилцаа түүхэнд байгаагүйгээр хурцадсан.

Харин ажиглагчид Цагаан ордны өнөөгийн тэргүүн Тайванийн гэрээг дагаж мөрдөнө гэх утгаар Тайванийг БНХАУ-ын нэг хэсэг гэж хүлээн зөвшөөрсөн гэж үзэж байгаа юм. Улмаар Жой Байден Бээжинтэй бий болсон хурцадмал харилцааг намжааж, эдийн засгийн нягт хамтын ажиллагаа үүсгэхийг зорьж байгаагийн илрэл гэж дүгнэсэн байна.

Мөн АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливан болон БНХАУ-ын Гадаад харилцааны төв хорооны дарга Ян Жечи нар лхагва гаригт Швейцарын Цюрих хотноо хаалттай хаалганы цаана уулзсан. Зургаан цагийн турш үргэлжилсэн уг уулзалтын дараа Цагаан ордон АНУ-ын Ерөнхийлөгч Жой Байден болон БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар энэ онд багтаж цахимаар уулзахаар төлөвлөж байна. Төрийн тэргүүн нарын уулзалт хоёр их гүрний сөргөлдөөнийг зохицуулах хүчин чармайлтын нэг хэсэг байх болно гэж мэдээлсэн.

Түүнчлэн, БНХАУ-ын эрх баригч Коммунист намын гол хэвлэл болох төрийн мэдлийн “Global Times” сонинд Бээжин АНУ-тай харилцан ашигтай худалдаа хийх хүсэлтэй байна. Гэхдээ зарчмын хувьд буулт хийхгүй бөгөөд өрсөлдөөнөөс айхгүй. БНХАУ болон АНУ-ын  худалдааны дайн гурван жил хагасын турш үргэлжиллээ. Энэ хугацаанд Хятадын эдийн засаг сулрахын оронд АНУ-ын цар хүрээтэй харьцуулахад нэг алхам урагшилсан гэсэн байна.

Магадгүй сүүлийн 24 цагт болж өрнөсөн үйл явдлаас Жой Байден БНХАУ-тай хийх харилцаанд Цагаан ордны өмнөх засаг захиргааны үеийн хатуу байр сууриас буулт хийж байна гэх өнцөг гарч болох юм. Гэвч Жой Байден буулт хийхээс илүүтэй бодлого тодорхойлогчид, судлаачдын байр суурийг гадаад бодлогодоо хүлээн авч байгаа бололтой. Өөрөөр хэлбэл "America First" бодлого Хятад болон бусадтай зөвхөн эрх ашиг дээр нөхөрлөх байдал руу хувьсан өөрчлөгдөж байж болох юм.    

АНУ-ын гадаад бодлого, эдийн засгийн судлаачид олон жилийн турш Бээжинтэй дайсагнах бус эдийн засгийн хамтын ажиллагаа өрнүүлэх нь илүү ашигтай гэж үзсээр ирсэн бол жирийн америкуудын дунд Хятадын эсрэг үзэл хүчтэй газар авах болсон. Зарим улс төр  судлаач Доналд Трамп Хятадын эсрэг олон нийтийн үзэл бодол дээр популизм хийж ирсэн нь Вашингтон болон Бээжингийн өнөөгийн хурцадмал харилцааны суурь гэж үздэг.  

Тухайлбал, 2012 онд хийсэн “Pew Research” байгууллагын санал асуулгад оролцогч АНУ-ын бодлогын шинжээчдийн 82 хувь нь Вашингтон БНХАУ-тай нягт харилцаа тогтоох нь маш чухал гэж хариулсан бол жирийн иргэдийн 55 хувь нь үүнтэй санал нийлж байв. Тэгвэл 2015 онд явуулсан мөн “Pew Research”-ын санал асуулгаар америкчуудын 60 хувь нь Хятадуудад ажлын байраа алдаж байгаа нь маш ноцтой асуудал гэж хариулсан бол 79 хувь нь Тайвань-Хятадын хоорондох асуудал АНУ-ын хувьд нухацтай зүйл биш гэжээ. Харин “Gallup” судалгааны байгууллагын 2000 онд явуулсан санал асуулгад оролцогч америк иргэдийн ердөө 10 хувь нь БНХАУ бол өнөөгийн дэлхийн тэргүүлэгч эдийн засаг гэж үзэж байсан бол энэ тоо 2016 оны судалгаагаар 50 хувь болж өссөн байна.


​Америк Хятадтай сөргөлдөх бус нягт хамтрахыг зорьж байгаа бололтой
2021-10-07 00:00:00
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0