Мягмар, 2024-04-23
АНУ-ын зэвсгийн технологийг гадаад улсад зарах гэсэн этгээд эхнэрийн хамт баривчлагджээ

АНУ-ын тэнгисийн цэрэгт цөмийн инженерээр ажилладаг мэргэжилтэн цөмийн хөдөлгүүртэй шумбагч хөлөг онгоцны технологийг гадаад орны засгийн газарт зарах гэж байгаад баригджээ.

 

Уг хэрэгт холбогдсон 42 настай инженер Жонатан Тоббег 45 настай эхнэрийнх нь хамт Бямба гарагт баривчилснаа АНУ-ын хууль зүйн яам Ням гарагт мэдэгдсэн байна.

2020 оны дөрөвдүгээр сард Тоббе шумбагч хөлгийн талаар нууц бичиг баримтыг гадаадын нэг улсын засгийн газрын төлөөлөгч рүү илгээгээд хамтран ажиллах санал тавьж байжээ. Хэрвээ тохиролцвол илүү нарийн мэдээлэл өгч чадахаа Тоббе захидалдаа бичсэн байна.

Азаар хүлээн авагч нь Холбооны Мөрдөх Товчооны тагнуулын ажилтан байсан гэнэ.

Үүний дараа Холбооны Мөрдөх Товчоо нууц мэдээлэл худалдах гэсэн оролдлогыг үйлдэл дээр нь барих, Тоббег буруутгах хангалттай баримт цуглуулахын тулд сөрөг ажиллагааг олон сарын турш явуулжээ. Зургаадугаар сард Холбооны Мөрдөх Товчооны тагнуулын ажилтан Тоббегийн итгэлийг олж авахын тулд $10,000-тай тэнцэх криптовалютыг урьдчилж шилжүүлсэн байна.

Наймдугаар сард эхний мэдээллийг $70,000-аар худалдаж авчээ. Нууц материал дамжуулах хоёр дахь ажиллагааны үеэр Уэст Виржиниа мужид Тоббег баривчилжээ.

Бямба гарагт тэр нууц материал хуулсан мемори картыг хавчуургатай талхны завсарт хийж дамжуулах ажиллагааг зохион байгуулж байгаад үйлдэл дээрээ баригдсан байна.

Энэ үеэр түүний эхнэр Диана Тоббе харуулын үүрэг гүйцэтгэж байсан гэнэ.

Холбооны Мөрдөх Товчооны ажилтан гадаад улсын засгийн газрын нэрийн өмнөөс энэ удаагийн нууц баримтад $20,000 төлөх тохиролцоо хийгээд байжээ. АНУ-ын хууль зүйн яамны мэдэгдэлд Тоббе аль улсын тагнуулын албанд нууц мэдээлэл дамжуулах гэж оролдсон талаар дурдаагүй байна.

Жонатан Тоббе 2012 оноос хойш АНУ-ын тэнгисийн цэргийн хүчинд албан тушаал хаших болжээ. Тэрбээр ажил үүргийнхээ хүрээнд Питтсбург хот дахь цөмийн лабораторид нэвтрэх эрхтэй байсан байна.

Сүүлийн үед цөмийн хөдөлгүүртэй шумбагч хөлгийн технологийн асуудал дэлхий нийтийн анхаарлын төвд байгаа. Есдүгээр сард Австралийн засгийн газар Франц улсаас ийм хөлгүүд худалдаж авахаар байгуулсан гэрээгээ цуцалж, АНУ-тай хамтран ажиллах болсноо гэнэт зарласан нь Америк-Европын харилцаанд томоохон асуудал үүсгэж байв.

 

Эх сурвалж: AFP


АНУ-ын зэвсгийн технологийг гадаад улсад зарах гэсэн этгээд эхнэрийн хамт баривчлагджээ
2021-10-11 00:00:00
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0