Пүрэв, 2024-04-25
​Японы парламент хугацаанаасаа өмнө тарж, сонгуулийн өрсөлдөөн эхэллээ

Японы шинэ Ерөнхий сайд Кишида Фүмио Засгийн газрын тэргүүнээр сонгогдсон даруйдаа парламентыг тараахаа мэдэгдсэн. 

Тэгвэл пүрэв гаригт Японы парламентын доод танхим болох Төлөөлөгчдийн танхим бүрэн бүрэлдэхүүнээрээ татан буугдлаа. Японы сонгуулийн тухай хуулийн дагуу 2017 оны сонгуулиар бүрдсэн парламентын доод танхим аравдугаар сарын 21-нд тарах ёстой байв. Ийнхүү парламентын сүүлийн чуулганаас өмнө доод танхимыг татан буулгаснаар аравдугаар сарын 31-нд болон парламентын ээлжит сонгуулиар Японы хууль тогтоох дээд байгууллага шинэ бүрэлдэхүүнээр ажлаа эхлэхээр болж байна. Төлөөлөгчдийн танхимын нийт 465 суудлын төлөө өрсөлдөх парламентын ээлжит сонгуулийн сурталчилгаа аравдугаар сарын 19-нд албан ёсоор эхэлнэ.

Өмнөх 2017 оны сонгуулиар өнөөгийн эрх баригч Либерал ардчилсан нам болон Комейто намын эвсэл 305 суудалд ялалт байгуулсан. Ерөнхий сайд Кишида Фүмиогийн Либерал ардчилсан нам олонхийн байр сууриа хадгалахын тулд ирэх сонгуульд багадаа 233 суудалд ялалт байгуулах шаардлагатай. Гэвч цар тахлын хүнд үед олимпын наадам зохион байгуулсан, эдийн засагт уналт нүүрлэж, зах зээл зогсонги байдал орсон, намын шинэчлэл хийгдээгүй зэрэг шалтгаанаар эрх баригч Либерал ардчилсан намын нэр хүнд Японы ард түмэн болон дэмжигчдийн дунд нэлээд унаад байгаа юм.

Тухайлбал, Японы “Sankei Shimbun” сонины өнгөрөгч амралтын өдрүүдэд явуулсан санал асуулгад оролцогчдын 39.1 хувь нь ирэх сонгуульд Либерал ардчилсан намыг дэмжинэ гэж хариулсан байна. Энэ нь есдүгээр сартай харьцуулахад эрх баригч намын рейтинг 5.8 функтээр буурсан үзүүлэлт юм. Мөн Либерал ардчилсан намын дэмжигчдийн дунд явуулсан санал асуулгаар өнгөрөгч сард 86.8 хувь байсан намдаа итгэх байдал энэ сард 79.2 хувь болж буурчээ.

Гэсэн ч Либерал ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Амари Акира нам нь ирэх сонгуульд дор хаяж 244 суудал авч, үргэлжлүүлэн олонхи болно гэж мэдэгдсэн байна.

Гэвч ажиглагчдын үзэж байгаагаар ирэх сонгуулийн үр дүн өмнөх Засгийн газрын тэргүүн нар болох Абэ Шинзо болон Сүга Ёшихидэ нарын үйл ажиллагаанд ард түмэн хэрхэн дүн тавих вэ. Цар тахлын хүнд үед шинэ Ерөнхий сайд Кишида Фүмио өмнөх удирдагчдын алдааг залруулж чадна гэдэгт итгэл хүлээлгэх үү гэх итгэлцлийн мэдрэмжээс ихээхэн хамаарах аж.

Японы “Japan Times” сонины улс төрийн тоймчдын үзэж байгаагаар Сүга Ёшихидэгийн Засгийн газар бодлого, үйл ажиллагаагаа хэвлэл мэдээлэл, олон нийтийн хэрэгслээр идэвхтэй сурталчилж, ойлгуулж байсан ч гарт баригдах бодитой ажил огт хийгээгүй гэж дүгнэсэн байна. Гэсэн ч тэрээр Абэ Шинзогийн үеэс мэдрэгдэж ирсэн Либерал ардчилсан намын нэр хүнд унаж байгаа явдлыг соргог мэдэрч, намын даргын сунгаанаас нэрээ татаж, дэмжигчдийн гол шүүмжлэл болох залуу үед манлайллыг шилжүүлэх алхмыг тавьсан. Улмаар Японы улс төрд Кишида Фүмиогийн эрин үе эхэлсэн.

Гэвч Кишида Фүмиогийн шинэ Засгийн газрын кабинетэд Абэ Шинзо болон Сүга Ёшихидэ нарын үед байсан, тэдний ойрын холбоотон болох Мотеги Тошимицү болон Асо Таро нар үргэлжлүүлэн сайдаар үлдсэний дээр Либерал ардчилсан намын дан хөгшин улстөрчдөөс бүрдэж байгаа нь намын шинэчлэлд итгэх итгэлийг бууруулж байгаа аж. Тиймээс ажиглагчид ирэх сонгуульд эрх баригч Либерал ардчилсан нам Кишида Фүмиогийн цэвэр бодлого, улс төрийн алсын хараа, тогтвортой байдлыг авчирч чадах итгэлтэй хүн мөн гэх хувь улстөрчийн характерт тулгуурлахаар өөр сонголтгүй гэж үзэж байгаа юм. 

Кишида Фүмиогийн хувьд Японы ард түмний орлогын тэгш бус байдлыг арилгаж, цар тахлын дараах эдийн засгийг сэргээхэд олон арван их наяд иенийн багц хөтөлбөрийг хэрэгжүүлж, эрэлт, худалдан авалтыг нэмэгдүүлэх замаар эдийн засагт шинэ капитализмыг бий болгохоо амласан.

Харин тэрээр гадаад бодлогын хувьд өнгөрөгч долоо хоногт ОХУ-тай газар нутгийн маргаантай Курилын арлын өмнөд хэсгийг Японы газар нутаг гэж мэдэгдсэн бөгөөд АНУ, Австрали, Энэтхэгтэй байгуулсан Куад эвслийн хүрээнд Энэтхэг-Номхон далайд Бээжинтэй нээлттэй сөргөлдөх хандлагатай байгаа юм.

Эх сурвалж: Japan Times, Reuters


​Японы парламент хугацаанаасаа өмнө тарж, сонгуулийн өрсөлдөөн эхэллээ
2021-10-14 15:31:03
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ