Баасан, 2024-04-19
Бахмутын довтолгооны үеэр Оросын 2 командлагч амь үрэгдэв

Украины арми Бахмут дахь Оросын хамгаалалтыг сэтлэх оролдлогыг Ням гаригт хийжээ. Энэ үеэр Оросын хоёр командлагч амь үрэгдсэнийг Батлан хамгаалах яам мэдэгдлээ.

Тодруулбал, Дөрөвдүгээр мото буудлагын бригадын командлагч Вячеслав Макаров, өөр ангийн дэд командлагч Евгений Бровко нар амь үрэгдсэн байна. Батлан хамгаалах яамны мэдэгдэлд дурдсанаар, Макаров нь фронтын шугамд цэргүүдийг удирдаж байжээ. Харин Бровко нь олон хүнд шарх авсны улмаас нас барсан гэв. Батлан хамгаалах яам өдөр тутмын мэдэгдэлдээ командлагч нарын үхлийн талаар дурдах нь ховор байдаг.

Украины арми сүүлийн 24 цагт Бахмутын хойд болон өмнөд хэсэгт довтолгоогоо ахиулж байна. Гэхдээ Оросын хамгаалалтыг хараахан сэтэлж чадаагүй гэлээ. Украины довтолгоо эрчимжсэн ч гэлээ сөрөг довтолгоо албан ёсоор эхэлсэн гэдэг мэдэгдлийг үгүйсгэж байна.

"Вагнер"-ын тэргүүн Евгений Пригожины мэдэгдсэнээр хөлсний цэргүүд сүүлийн 24 цагт байршилаа 130 метрээр ахиулсан байна. Түүний цэргүүд Бахмутын баруун хэсэгт  буюу Украины цэргүүд үйл ажиллагаагаа явуулж байсан 28 барилгыг хяналтдаа авсан гэв. Украины цэргүүд нийт 20 барилга, 1.69 км.кв талбайг хянаж байсан.

Түүнчлэн Оросын хоёр сөнөөгч онгоц, хоёр цэргийн нисдэг тэргийг Украины хилийн ойролцоо сөнөөснийг "Коммерсант" сонин мэдээлэв. Тодруулбал, ОХУ-ын Брянск мужид нэг Су-34 сөнөөгч бөмбөгдөгч, нэг Су-35 сөнөөгч, хоёр Ми-8 нисдэг тэргийг сөнөөснөөр багийн дөрвөн гишүүн бүгд амь үрэгджээ. Тус онгоцууд нь Украины Чернигов муж руу довтлох ёстой байсан. Ослоос болж таван байшин нурж сүйдэж, нэг хүн гэмтсэнийг Брянскийн захирагч Александр Богомаз хэллээ. Оросын цэргийн блоггеруудын таамаглаж буйгаар онгоцуудыг Украин буудаж унагасан байж болзошгүй. Харин Украины ерөнхийлөгчийн зөвлөх Михайло Подоляк хэлэхдээ энэ явдлыг "үйлийн үр" гэжээ. 

Дайн эхэлснээс хойш ОХУ-ын нутаг дэвсгэр дэх агаарын баазуудад хэд хэдэн удаа учир битүүлэг дэлбэрэлт болсон. Тиймээс украинчууд алсын тусгалын зэвсэг хэрэглэж байж болзошгүй гэж шинжээчид үзэж байна.

Дашрамд дурдахад, Украины Хмельницкийн ойролцоох газарт асар том дэлбэрэлт болсныг харуулсан бичлэг олон нийтийн сүлжээгээр цацагдсан. Мужийн цэргийн захиргаанаас мэдээлснээр энэ халдлагад сургууль, эмнэлэг, засаг захиргааны байр, үйлдвэр, хувийн орон сууц зэрэг олон чухал дэд бүтэц өртжээ. Мөн дор хаяж 21 энгийн иргэн гэмтэж бэртэв. Хмельницкий руу довтолгооны зориулалттай 21 нисгэгчгүй онгоц халдсан байна. Эдгээр 21 онгоцны 17-г нь устгаж чадсан гэж Украины армийн Агаарын цэргийн хүчний хэвлэлийн төлөөлөгч Юрий Ихнат мэдэгдлээ. Хмельницкий дахь Старокостянтынив агаарын баазын зэвсгийн агуулах халдлагад өртсөн байж болзошгүй байна. 

 

Эх сурвалж: BUSINESS INSIDER, REUTERS


Бахмутын довтолгооны үеэр Оросын 2 командлагч амь үрэгдэв
2023-05-15 13:54:55
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ