Лхагва, 2024-04-24
TomYo хөрөнгө оруулалт татна

Монголын анхдагч эдтек буюу боловсролын технологийн компани TomYo нь үйл ажиллагаагаа өргөтгөж шинэ хөрөнгө оруулалт татах ажлаа эхлүүллээ. Энэхүү ажлын хүрээнд Монголын санхүүгийн салбарт тэргүүлэгч үнэт цаасны компаниуд болох “Райнос Инвестмент” болон “Өлзий Энд Ко Капитал” компаниудыг сонгон хамтран ажиллахаар харилцан тохиролцов.

 

 

TomYo HQ үүсгэн байгуулагч В.Баярсайхан энэхүү хамтын ажиллагааныхаа хүрээнд “Бид боловсролын салбарт урт хугацааны алсын хараатай төслүүдийг санаачлан нэвтрүүлж байгаа тул хөрөнгө оруулалтууд ихээхэн шаардагдана. Энэхүү хэрэгцээг цаг тухайд нь шийдвэрлэж байх үүднээс найдвартай санхүүгийн түншүүдтэй байх ёстой. Бидний хувьд энэ удаагийн хөрөнгө оруулалтаар ерөнхий боловсрол болон насан туршийн боловсрол чиглэлээр хэрэгжүүлж буй төслүүдээ санхүүжүүлэх юм.” хэмээн ярилцлага өгсөн байна.

Райнос Инвестмент үнэт цаасны компанийн Дэд Захирал Н.Цэвэгмид “Монголчууд бид цөөхүүлээ, тиймээс суурь боловсрол чанартай байх нь чухал бөгөөд, бид оюуны бүтээмжийг дэлхийд экспортлох боломжтой гэж би боддог. Монголдоо анхдагч ЭдТек төслийг амжилттай хэрэгжүүлсэн TomYo HQ -ийн хувьд сургууль, цэцэрлэг, сургуулийн дараах хөтөлбөр, мөн насан туршийн боловсрол гэх өргөн хүрээтэй ажиллаж буй нь нийгэмдээ хамгийн том бас урт хугацаатай өгөөжийг өгч буй бизнесийн загвар гэж бид харж байна. Тиймээс ч нийгмийн суурь асуудлын талаар санаа тавьдаг, нийгмийн шийдлийг чухалчилдаг хөрөнгө оруулагчид ихээр сонирхож байгаа.” гэж хэлсэн байна.

 

Өлзий Энд Ко Капитал үнэт цаасны компанийн Ерөнхий Захирал Б.Өлзийбаяр хамтын ажиллагаагаа “Хүн бүр насан туршдаа суралцах ёстой байдаг учраас TomYo HQ-ийн зах зээл нь маш өргөн, боломж нь хязгааргүй” гэж харж байна. “Түүнчлэн хэдхэн жилийн өмнө гэхэд залуус өөрсдөө бизнесээ эхлүүлээд, хөрөнгө оруулалт татах амаргүй байлаа. TomYo-ийн Баярсайхан бол стартап компанийг хэрхэн бий болгож, олон улсаас хөрөнгө оруулалт татах хүртэл нь бойжуулахыг үлгэрлэн харуулж чадсан залуусын нэг билээ. Тиймээс энэхүү төсөл нь ч амжилттай явна гэдэгт итгэлтэй байна“ хэмээжээ.

 

TomYo HQ тухай

TomYo нь “Монгол Оюуныг Дэлхийг Гаргая“ уриатайгаар Монгол залуусын сурах хөгжих хүсэл мөрөөдлийг илүү нээлттэй, хүртээмжтэй болгож өөрийн потенциалыг хамгийн дээд төвшинд гаргаж амжилтад хүрэхэд нь туслах зорилготой юм. Боловсролын салбарт дэвшилтэт технологийг нэвтрүүлж, шинэлэг хөтөлбөр боловсруулж, цаг үедээ тохирсон контентоор баяжуулан хүн бүрийн сурах хэрэгцээ болон арга барилд тохирсон дараах төслүүдийг хэрэгжүүлж байна.

TomYo EdTech төслөөрөө анх 2019 онд үйл ажиллагаагаа эхлүүлж байсан бөгөөд уг төслийн хүрээнд TomYo Skills, TomYo World, TomYo Class гэсэн гар утсанд суурилсан боловсролын бүтээгдэхүүнүүдийг зах зээлд нэвтрүүлэн өдгөө 300,000 гаруй хэрэглэгчдэд хүрч ажиллаж байна.

TomYo KidsClub төслөөрөө сургуулийн насны хүүхдүүдэд өөрийгөө нээх, авьяас сонирхлоо хөгжүүлэх, орчин цагийн ур чадваруудыг эзэмшүүлэх зорилгоор 2 салбартайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

TomYo School of Ulaanbaatar нь ирэх оны хавар анхны элсэлтээ авахаар бэлтгэл ажлаа хийж буй бөгөөд Монгол оюуныг дэлхийд гарахад багаас нь бэлтгэх цоо шинэ хөтөлбөртэй цэцэрлэг сургуулийн цогц төсөл юм.

 

RHINOS INVESTMENT UTsK LLC

“Райнос Инвестмент ҮЦК” ХХК нь БНСУ-ын хуулийн этгээд “Райнос Эссет Менежмент” компанийн 100 хувийн хөрөнгө оруулалттайгаар 2019 онд анх үүсгэн байгуулагдаж, Санхүүгийн зохицуулах хорооны Брокер, Дилер, Хөрөнгө оруулалтын зөвлөх, Гадаад улсын зах зээлд үнэт цаас худалдах, худалдан авахад зуучлах тусгай зөвшөөрлийн хүрээнд Монгол улсын Хөрөнгийн зах зээлд үйл ажиллагаа  эрхэлж буй гадаадын хөрөнгө оруулалттай үнэт цаасны компани юм.

“Райнос Инвестмент ҮЦК” ХХК-ийн толгой компани болох “Райнос Эссет Менежмент” компани нь АНУ, Япон, Хонконг болон Европийн бусад орнуудад 120 гаруй хөрөнгө оруулалтын төсөл амжилттай хэрэгжүүлээд байгаа бөгөөд “Equity linked bond” буюу хувьцаа барьцаалсан бондын хөрөнгө оруулалтаар мэргэшсэн Солонгос улсын тэргүүлэгч хөрөнгө оруулалтын менежментийн компаниудын нэг юм.

“Райнос Инвестмент ҮЦК” ХХК нь Монгол улсын Үнэт цаасны зах зээлд “Хас банк” ХХК, “ЛэндМН ББСБ” ХК, “Бьюти Секретс” ХХК зэрэг нэр хүндтэй бизнесийн компаниудтай амжилттай хамтран ажиллаж, үйл ажиллагаагаа улам өргөжүүлэхээр зорьж ажиллаж байна.

 

ULZII & CO CAPITAL

“Өлзий энд Ко капитал ҮЦК” ХХК нь Монголын тэргүүний үнэт цаасны компаниудын нэг бөгөөд хөрөнгө оруулалтын банкны үйлчилгээг үзүүлэх үндсэн зорилготойгоор 2007 онд байгуулагдсан. Тус компани нь Санхүүгийн зохицуулах хорооны үнэт цаасны зах зээл дээр брокер, дилер болон андеррайтерийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй, Монголын хөрөнгийн бирж болон Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны гишүүн байгууллага юм. Өлзий энд Ко капитал ҮЦК нь Монголд анх удаа HKEX, LSE, ASX and NYSE зэрэг гадаадын биржийн арилжаанд оролцох үйлчилгээг нэвтрүүлсэн бөгөөд цаашлаад захиалгын бүртгэлийн аргыг анх удаа IPO захиалгад ашигласан, хамгийн олон хаалттай бондын төслүүд дээр ажилласан, анхны андеррайтер төвтэй Sand box -ийн дижитал бондыг гаргаж байгаа гэх мэт олон төслүүд дээр түүчээлэн тэргүүлсээр байна.

 

Монголын хөрөнгийн зах зээлийн хөгжилд оруулж буй манай компанийн хувь нэмрийг үнэлж  Монголын Үнэт Цаасны Арилжаа Эрхлэгчдийн холбооноос  2011 онд “Шилдэг Брокерийн компани”-аар, 2013 онд Монголын хөрөнгийн зэх зээлийн дээд шагнал GRAND BULL AWARDS “Шилдэг Шинийг Санаачлагч” байгууллагаар тус тус шалгарч байсан бөгөөд 2018 онд гүйцэтгэх захирал Б.Өлзийбаяр нь Монголын хөрөнгийн зэх зээлийн дээд шагнал GRAND BULL AWARDS “Шилдэг Мэргэжилтэн”, 2020 онд Монголын үндэсний олон нийтийн телевизийн “Цагийн хүрдийн баатар”-р тодорсон билээ. Тэрээр 2015 оноос хойш Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны удирдах зөвлөлийн даргаар сонгогдон ажиллаж, хөрөнгийн зах зээлийн хөгжилд мэдлэг, чадвар, чин сэтгэлээ зориулан, үнэтэй хувь нэмэр оруулж буй манлайлагч юм.

Хөгжлийн цоо шинэ шатандаа гарч байгаа Монголын компаниуд хөрөнгийн зах зээлээс урт хугацааны хөрөнгө оруулалт татаж бизнесээ өргөжүүлэх боломж бий болж байгаа бөгөөд тус компанийн хамт олон нь үндэснийхээ компаниудад компанийн засаглалыг олон улсын жишигт хүргэж, хөрөнгө оруулагчдад нээлттэй үйл ажиллагаа явуулснаар өөрсдийн үйл ажиллагаанд нь ямар давуу тал үүсэх талаар, цаашлаад бизнес болон санхүүгийн мэргэжлийн зөвлөгөө өгч, хөрөнгө оруулалтын зуучлалын үйлчилгээ үзүүлэн хамтран ажиллаж байна.

 

TomYo хөрөнгө оруулалт татна
2021-11-03 13:30:44
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0