Пүрэв, 2024-04-25
​Судалгаа: ‘Facebook’ найман хэрэглэгч тутмын нэгд нь сөрөг нөлөө үзүүлж байна

Технологийн салбарын тэргүүлэгч “Meta Platforms” компани “Facebook”-ын хэрэглээ нийт хэрэглэгчдийнх нь 12.5 хувьд нь сөргөөр нөлөөлж байгааг тогтоосон дотоод судалгааг танилцууллаа.

Тухайлбал, дотоод судалгаагаар цахим нийгмийн сүлжээний тус платформ нь нийт 2.9 тэрбум хэрэглэгчтэй бөгөөд “Facebook”-ын хэрэглээ 360 сая хүнд сөргөөр нөлөөлж, интернэтийн донтолтод үүсгэсэн гэжээ. Улмаар “Facebook”-ын найман хэрэглэгч тутмын нэгд нь нойргүйдэх, ажлын бүтээмж буурах, гэр бүл болон хосын харилцаанд үл ойлголцол үүсэх, хариуцлагагүй эцэг эх байх зэрэг сөрөг нөлөө ажиглагдсан байна.

Судалгаанд хамрагдсан зарим хэрэглэгч шүршүүрт орохоос бусад бараг бүх үед “Facebook”-ээ тогтмол шалгаж, хэрэглэдэг гэж хариулжээ.

Түүнчлэн, дотоод судалгаанд хэрэглэгчид “Facebook”-ыг тогтмол ашигладаг бөгөөд сөрөг нөлөө нь бусад томоохон цахим нийгмийн сүлжээний платформуудтай харьцуулахад илүү өндөр байгааг онцолжээ. Гэсэн ч судлаачид “Facebook”-ын хэрэглээ болон сөрөг нөлөө нь бусад платформтой харьцуулахад өндөр байгаа шалтгааныг дурдаагүй байна.

Компанийн судлаачид үүнээс өмнө өнгөрөгч есдүгээр сард “Instagram”-ын хэрэглээ өсвөр насны хэрэглэгчдийн сэтгэцийн эрүүл мэндэд мөн сөргөөр нөлөөлж байгааг тогтоосон дотоод судалгааг танилцуулсан.

“Meta Platform” компани өөрсдийнх нь цахим нийгмийн сүлжээний платформууд хэрэглэгчдийн өдөр тутмын амьдралд хэрхэн сөргөөр нөлөөлж байгааг олон жилийн өмнөөс судалж эхэлсэн бөгөөд энэ нь интернэтэд донтогчид буюу асуудалтай хэрэглэгч гэж тодорхойлсон хэрэглэгчдийн тоог бууруулахад чиглэсэн гэж мэдээлж байв.

Гэвч шүгэл үлээгч Фрэнсис Хауген тус компанийн удирдлагууд хэрэглэгчдийн эрүүл мэнд, мэдээллийн аюулгүй байдлаас илүүтэй бизнесийн ашиг орлогод анхаардаг гэх баримтуудыг дэлгэсэн. Улмаар “Facebook” 2019 онд асуудалтай хэрэглэгчдийн тоог бууруулахад чиглэсэн судалгааны нэгжийг татан буулгасан нь ил болсон билээ.

Тэгвэл “Meta Platform” ийнхүү өмнөх муу туршлагаа залруулах зорилгоор судалгааны бүтцээ дахин байгуулж, хэрэглэгчдэд чиглэсэн үйл ажиллагаанууд хийж эхэлсэн байна. Мөн компани дээрх хоёр судалгаа нь шүгэл үлээгчийн дэлгэсэн баримтуудаар ил болсон компанийн үйл ажиллагааны асуудлыг засаж, сайжруулахад чиглэсэн цуврал материалуудын эхлэл гэжээ. 


​Судалгаа: ‘Facebook’ найман хэрэглэгч тутмын нэгд нь сөрөг нөлөө үзүүлж байна
2021-11-08 12:05:26
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ