Баасан, 2024-04-26
​UFC-ийн цор ганц монгол тулаанч Д.Батгэрэлийн амжилтын буухиа

Мэргэжлийн холимог тулааны дэлхийн шилдэг UFC холбоонд хүч үзэж байгаа Монголын анхны тамирчин Д.Батгэрэл ээлжит тулаанаа өчигдөр хийж, хүнд цохилтоор ялалт байгуулсан билээ. Ингэснээр тэрээр тус холбоонд дөрвөн тоглолт хийсний гуравт нь ялсан амжилттай яваа юм. Та бүхэнд Мэргэжлийн холимог тулааны UFC холбооны тулаанч "Шуурга" хочит Д.Батгэрэлийн талаарх сонирхолтой мэдээллийг хүргэж байна.

 

Гэр бүл, бага нас

Тэрээр 1989 оны долдугаар сарын 4-нд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд төрсөн. Аав, ээж нь хилийн цэргийн ангид ажилладаг байсан учир бага нас нь цэргийн ангитай их ойр өнгөрчээ. Харамсалтай нь түүний аав долоон настай байхад нь өөд болж, ээж, хоёр ахтайгаа өссөн байна.

Боловсрол

Д.Батгэрэл нь Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд наймдугаар ангиа төгсөөд, аймгийн төвийн Нэгдүгээр арван жилийн сургуульд нэг улирал хичээллэж, дараа нь нийслэлийн Хоёрдугаар сургуульд шилжин ирж, төгсчээ. Арван жилээ төгссөний дараахан Тагнуулын сургуульд орох гэж хоёр жил хүлээсэн боловч элсэлт аваагүй тул Шихихутаг хууль зүйн их сургуульд Бизнесийн эрх зүйч мэргэжлийг эзэмшжээ.

 

Спортын эхлэл

Тэрээр дунд сургуульд байхдаа Кикбоксын спортоор хичээллэж эхэлжээ. Энэ тухай тэрээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Нийслэлийн II сургуульд сурч байхдаа өглөө хичээлдээ яваад, үдээс хойш гэртээ ирж даалгавраа хийчихээд бусад үед нь хийх зүйлгүй болчихно. Тиймээс чөлөөт цагаа зөв өнгөрүүлье гэж спортоор хичээллэхээр шийдсэн. Спортын төв ордон руу анх очиход жүдо, бокс, чөлөөт бөх гээд олон секцүүд хичээллэдэг, аль нэгийг нь сонгохоор өрөөсгөл санагдсан. Ингээд кик боксыг сонирхож хичээллэж эхэлсэн. Яваандаа холимог тулааны спортоор хичээллэхээр шийдсэн” хэмээн хэлж байжээ.

Д.Батгэрэл мэргэжлийн холимог тулаанчийн карьераа 2011 онд эхлүүлсэн бөгөөд Хятадын “Legend Fighting Championship” Монголын “MGL-1 Fighting Championship” Ranik ‘Ultimate Fighting Federation’ зэрэг холбоонд тулалдаж байжээ. Тэрээр Монголын тулааны шилдэг тамирчдын  холбоо / MGL-1 Fighting Championship”-д таван тулаан хийж 66 кг болон кик боксын 65 кг жинд аварга цолыг хүртсэн тамирчин юм.

 

АНУ-ыг зорьж мэргэжлийн холимог тулааны шилдэг дэвжээ болох UFC-д орсон нь

Тэрээр анх 2015 онд АНУ-д очсон бөгөөд UFC дэвжээнд гарах ганцхан зорилготой байсан юм. Д.Батгэрэл UFC-д тэнцэхийн тулд өдөр бүр тууштай зүтгэн, бэлтгэлээ хийсэн бөгөөд энэ хугацааны бүх зардлаа хоолны газар ажиллаж, ажилчдын байранд амьдран зохицуулдаг байжээ. Улмаар 2019 оны наймдугаар сарын 13-нд UFC-тэй гэрээ байгуулж тухайн сарынхаа 31-нд анхны тулаанаа хийсэн байна.

“Тapology” сайтын мэдээлснээр тэрээр одоо 120000 ам.долларын орлоготой болжээ. Дэлхийн холимог тулааны шилдэг дэвжээ болох “UFC”-д одоогоор 689 тамирчин бүртгэлтэй байгаа бөгөөд үүний цорын ганц монгол тамирчин нь Д.Батгэрэл юм.

Тэрээр энэ тухай “Аавынхаа нэрийг дуудуулан дэвжээнд гарч ялалт байгуулан Монгол Улсын тугаа бариад явах мөч хамгийн бахархалтай байдаг. Би ямар ч үед “UFC”-ийн дэвжээнд монгол  хүний,  монгол тулаанчийн ур чадвар, зориг, тэвчээрийг  харуулах болно” хэмээн хэлж байв. 

UFC дэх карьер

Түүний UFC дэх эхний тулаан  БНХАУ-ын ӨМӨЗО-ы тулаанч Хэйли Алатенгтай тулалдсан бөгөөд харамсалтай нь ялагдсан билээ. Гэхдээ энэхүү тоглолтоос хойш тэрээр гурван тулаан хийж бүх өрсөлдөгчөө хүнд цохилтоор ялалт байгуулаад байна. Тодруулбал,

1. 2020 оны гуравдугаар сарын 7-нд Гиод Каннетиг эхний үеийн 3 минут 01 секундэд

2. 2021 оны дөрөвдүгээр сарын 24-нд Кевин Нативададыг эхний үеийн 50 дахь секундэд

3. 2021 оны аравдугаар сарын 17-нд Брэндон Девисийг эхний үеийн 2 минут 01 дэх секундэд тус бүр хүнд цохилтоор ялаад байна. Ингэснээр тэрээр холимог тулааны бүх дивизоны хүрээнд хамгийн олон КО хийсэн идэвхитэй тулаанчдын гуравдугаар байранд бичигдэж байна.

Түүнчлэн Д.Батгэрэлийн сүүлийн тулааныг Дэна Уайт “Performance Of The Night буюу өнөөдрийн шилдэг үзүүлбэр”-ээр тодруулж 50.000 ам.долларын бонус шагналыг өгчээ.  

 

 

 


​UFC-ийн цор ганц монгол тулаанч Д.Батгэрэлийн амжилтын буухиа
2021-10-18 17:55:01
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ