Пүрэв, 2024-03-28
Канад эмэгтэй Монгол хүүхдүүдэд туслах зорилгоор хандивын морин аялал зохион байгуулж байна

Вэлүү сан нь АНУ-ын 501 (c) 3, мөн Канадад бүртгэлтэй ашгийн бус хандивын сан бөгөөд манай оронд 2013 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж өдгөө 8 дахь жилийнхээ нүүрийг үзээд байна.
 
2010 онд Монгол улсад Англи хэлний багшаар Жули Вэлүү хэмээх эмэгтэй Канад улсаас ирж байсан ба Улаанчулуутын хогийн цэг дээр амьдардаг хүүхдүүдийн бодит нөхцөл байдалтай танилцаад сангийнхаа үйл ажиллагааг эхлүүлэхээр сэтгэл шулуудсан байна.
 
Анх монгол гэр барин 30 гаруй хүүхдүүдийг авч халуун хоол дулаан байраар хангаж байсан бол 2013 оноос Нарны Хүүхдүүд төслийг санаачлан, өдөр өнжүүлэх болон Нарны хүүхдүүд-1 цэцэрлэгийг барьж байгуулснаар хогийн цэг дээрх хүүхдүүдэд сургуулийн өмнөх боловсрол олгож эхлэх болсон билээ. Нарны хүүхдүүд-1 цэцэрлэгт 150 гаруй нийгмийн эмзэг бүлгийн хүүхэд жил бүр хамрагддаг бол 2019 оноос Нарны хүүхдүүд-2 цэцэрлэгийн тал хувийг нь хандивын хөрөнгө оруулалтаар барьж байгуулан улсад хүлээлгэн өгөөд байна.
 
Тэрээр Нарны хүүхдүүд-2 цэцэрлэг нь өдгөө улсын 260-р цэцэрлэг хэмээн хаяглагдан будаг нь ханхалсан шинэхэн цэцэрлэг СХД-ийн Улаанчулуут орчмын 170  гаруй хүүхдүүдийг хамруулан сургуулийн өмнөх боловсрол олгож байна.
 
Нарны Хүүхдүүд 1 цэцэрлэгийг төгссөн зарим хүүхдүүд тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдан хувийн сургиулуудад амжилттай суралцаж байгааг дуулгахад мөн таатай байна. Нарны Хүүхдүүд-1 цэцэрлэгийн хажууд мөн өрх толгойлсон ээжүүдийг ажлын байраар хангах зорилготойгоор “Тусчхан” оёдлын цехийг ажиллуулдаг бөгөөд тухайн цех нь даавуун материалаар төрөл бүрийн бүтээгдэхүүн хийхээс гадна дээл хувцас, байгальд ээлтэй эко торыг хийж зах зээлд нийлүүлж байна. Энэ жил хийгдэж буй бас нэгэн томоохон ажил бол тухайн цэцэрлэгийн хажууд шинээр орон нутагт нийтийн номын сан барихаар төлөвлөн, Лондонгийн Гандис Сан-тай хамтран барилгын ажилдаа орсон бөгөөд дараа жил ашиглалтанд оруулахаар төлөвлөн ажиллаж байгаа юм.
 
Сонгинохайрхан дүүргийн 41-р хороонд байрлах Нарны Хүүхдүүд- 1 цэцэрлэгийн барилга нь ашиглалтын явцад элэгдэн муудаж, цэцэрлэгийн үйл ажиллагаа явуулах стандартын шаардлага хангахгүй болсон учраас шинэ барилга барих шаардлагатай болоод байгаа бөгөөд тус барилгын төсөв нь 600 гаруй сая төгрөг болох юм. Шинэ цэцэрлэг нь 250-300 хүүхдийг хүлээн авах чадалтай байх ба байгальд ээлтэй байдлаар дулааны асуудлыг шийдэхийг зорьж байна.
 
Манай улс оронд гэр бүлийн хүчирхийлэл тэр тусмаа хүүхдийн хүчирхийлэл их байгаа нь хүүхдийн эрхийг ихээхэн зөрчиж байгаа тулгамдсан асуудал болоод байна. Эцэг эх нь архины хамааралтай болон сургууль, цэцэрлэгт хамрагдаж чадаагүй хүүхдүүдийн гэр бүлд зонхилон хүчирхийлэл их тохиолдож байгаа нь судалгаагаар гараад байгаа юм. Нийслэл хотоо хүүхдэд ээлтэй хот болгох нэг шийдэл нь сургууль цэцэрлэгийн  тоог нэмэгдүүлэх. Нийслэлийн иргэдийн Хангарьд  холбооноос “Нарны хүүхдүүд” бүжгийн давалгааг зохион байгуулж урлаг соёлынхон болон ард иргэдийг хандивын арга хэмжээнд нэгдэхийг уриалаад  байна. Уг давалгаанд Хар тас хамтлагийн Марка тэргүүтэй уран бүтээлчид болон олны танил эрхмүүд ерөнхий боловсролын сургуулиудаар явж уриалгаа дэвшүүлэн бяцхан урлагийн тоглолт үзүүлэх юм. Тус аянд СТА Г. Ундармаа мөн оролцохоо албан ёсоор мэдэгдээд байна.
 
Вэлүү сан нь энэ мэт төрөл бүрийн хандивын үйл ажиллагаанаас олсон орлогоор цэцэрлэгийнхээ санхүүжилтийг босгодог бөгөөд энэхүү арга хэмжээ дундаас хамгийн томоохон нь “Gobi Gallop” юм. Энэ нь олон орноос ирсэн жуулчид сайн үйлсийн аян хийх зорилгоор нэгдэн Монголд ирж 700 км буюу дэлхийн хамгийн урт замыг туулдаг хандивын морин аялал юм. Вэлүү санг үүсгэн байгуулагч, дэд ерөнхийлөгч Жүли Вэлүүгийн санаачлагаар энэхүү аялалыг жил бүр зохион байгуулдаг. Гэвч энэ жил Ковид-19 цар тахлын аюулаас үүдэн уг аялалд гадны жуулчид ирэх боломжгүй болсноор уг аялалыг тодорхойгүй хугацаагаар түдгэлгэлзүүлээд байсан юм. Гэвч Жүлий уг аялалаа “Gobi Gallop Solo challenge” (#GGSOLOCHALLENGE) нэрийн доор 700 км замыг ганцаараа туулж, аялалынхаа хугацаанд 50,000 доллар босгохоор зорин аялалдаа гараад байна. Өнөөдрийн байдлаар Жүлигийн ганцаарчилсан аялалын хүрээнд гадаад, дотоодын хандивлагчдаас нийтдээ 12,000 долларын хандив цуглаад байна.
 
Мөн уг аялалын дараагаар уламжлал болгон зохиогддог Gobi Gallop Gala хэмээх хандивын нэгдсэн хүлээн авалтыг энэ жилийн 10 сарын 24нд Turkish Residence Embassy – д зохиохоор төлөвлөөд байна. Уг үйл ажиллагааны үеэр Gobi Gallop морин аялалын 8 жилийн түүхтэй танилцах фото зургийн үзэсгэлэн, мөн дуудлага худалдаа болох бөгөөд үүнээс олсон бүх орлогыг Нарны Хүүхдүүд цэцэрлэгт хандивлах юм.
 
Хүүхэд бүрт тэгш хүртээмжтэй боловролыг олгох, тэдэнд нийгмийн тэгш гарааг бий болгоход та ч бас тусалж болох ба сар бүрийн ивээн тэтгэгч болох аль эсвэл нэг удаадаа мөнгөн хандив өргөх болон цэцэрлэгт шаардлагатай бараа бүтээгдэхүүнээр тусалж дэмжих боломжтой.
 
 
 
 
 
 
 
 

Канад эмэгтэй Монгол хүүхдүүдэд туслах зорилгоор хандивын морин аялал зохион байгуулж байна
2020-10-14 16:07:31
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ