Бямба, 2024-04-20
Сүүлийн долоо хоногт КОВИД-19-ийн улмаас 112 хүн нас барлаа

Сүүлийн 24 цагт 17 иргэн коронавирусийн халдвараар эмчлүүлж байгаад эндсэн талаар ЭМЯ өнөөдөр мэдээллээ. 

 

График. 2021 оны долдугаар сарын 1-нээс хойших халдварын тоо болон нас баралт

Эндээс үзвэл коронавирусийн халдварын тохиолдол есдүгээр сарын эхний 10 хоногт оргил үедээ хүрсэн бөгөөд өнөөдрийн байдлаар батлагдсан тохиолдлын тоо тухайн үеийнхээс 50-70% буурчээ. Гэвч нас баралт өндөр хэвээр байна. Есдүгээр сарын 18-наас нас баралт огцом нэмэгдсэнээс хойш өдөр бүр 10-аас дээш тохиолдол бүртгэгджээ.

Өнгөрсөн 24 цагт 

  • 21-40 насны нэг
  • 41-60 насны тав
  • 61-80 насны долоо
  • 80-аас дээш насны дөрвөн иргэн КОВИД-19-ийн шалтгаанаар эмчлэгдэж байгаад эндлээ.

Сүүлийн долоо хоногийн хугацаанд л гэхэд 112 хүн эмчлэгдэж байгаад энджээ. Нас баралтын шалтгааны 77.3% нь архаг хууч өвчнөөс үүдэлтэй бол 22.7% нь коронавирусийн халдварын хүндрэлтэй холбоотой хэмээн ЭМЯ дүгнэжээ. Архаг хууч өвчний дийлэнх буюу 74% нь зүрх судасны өвчин, 23.4 хувийг чихрийн шижин, 13.3 хувийг бөөрний эмгэг эзэлсэн байна. 

 

КОВИД-19-ийн цар тахал гарснаас хойш улсын хэмжээнд нийт 1,518 хүн халдвар авсны улмаас эмчлэгдэж байгаад эндсэн. Өнөөдрийн байдлаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 18,717 хүний 9,476 буюу 50 хувь нь хүндэвтэрээс маш хүнд гэсэн нөхцөлтэй байгаа юм. 

Коронавирусийн дельта хувилбар долдугаар сарын сүүл үеэс орж ирсэн хэмээн УОК-ын Эрдэмтдийн баг тооцсон бөгөөд есдүгээр сарын 15-25-нд халдварын тархалт харьцангуй буурна хэмээн мэдээлсэн.

ЭМЯ зөвхөн PCR-аар батлагдсан тохиолдлыг мэдээлж буй. Одоо тархаж, бүртгэгдэж байгаа нийт тохиолдлын 90% нь дельта вирус бөгөөд дельтагийн давлагаа дуусах үед КОВИД-19-ийн нийт бүртгэгдэн илрэх халдварын тоо 540-580 мянгад хүрэх магадлалтай хэмээн тооцоолсныг Эрдэмтдийн багийн гишүүн, доктор Т.Бэгзсүрэн хэлсэн юм. 

Вакцины бүүстер буюу III тунд хамрагдалтын идэвх сул, хөдөлгөөний эрчим өндөр хэвээр байвал хариу арга хэмжээнээс хамаараад 70-100 мянган хүн манай улсад нэмж халдвараар бүртгэгдэх эрсдэлтэй гэж тооцжээ.


Сүүлийн долоо хоногт КОВИД-19-ийн улмаас 112 хүн нас барлаа
2021-10-20 14:11:52
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0