Пүрэв, 2024-04-25
М.Нургул: Нийгэмд үүссэн халуун сэдэв дээр л луйварчид ”тоглолт” хийдэг

Дижитал хэрэглээ эрчимжих тусам залилагчид хэрэглэгчийн хувийн мэдээлэлдээ мэдлэггүй, хайхрамжгүй, болгоомжгүй ханддаг байдлыг нь ашиглан цахим орон зай руу тань халдаж санхүүгийн хохирол учруулах тохиолдол ихсэх болсон. Тиймээс Монголбанкны Олон нийтийн боловсрол, мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн М.Нургултэй цахим халдлага, эх сурвалжийн аюулгүй байдлын ярилцлаа.

– Цахим орчинд хуурамч мэдээллийг сайн нягтлаагүйгээс мэдээллээ алдаж, санхүүгийн эрсдэлд орох тохиолдол их байна. Ер нь эх сурвалжийн аюулгүй байдал гэж юуг хэлэх вэ?

-Сүүлийн жилүүдэд дэлхий нийтэд цахим хэрэглээ хурдтай хөгжиж байна. Манай улсад ч гэсэн энэ хэрэглээ өндөр байгаа. Гурван сая гаруй иргэнтэй мөртлөө хоёр сая долоон зуун иргэн цахим орчинг идэвхтэй хэрэглэдэг. Цар тахлын үед иргэд гэрээсээ онлайнаар ажиллах, бараа бүтээгдэхүүнээ худалдах, худалдаж авах зэрэг цахим орчны харилцаа нэмэгдсэн. Харин луйварчид энэ боломжийг хүлээж байдаг. Шинэ нөхцөл байдал үүсэх бүрт залилан хийх аргаа нарийн төлөвлөж ажилладаг. Хамгийн гол нь танд юу дутагдалтай болохыг таниас түрүүнд мэдэж ажиллах аргаа боловсруулдаг гэсэн үг. Өнөөдрийн байдлаар иргэдэд мөнгө хэрэгтэй байгаа учраас хүүтэй мөнгө зээлэх, хоногийн зээл их авч байна. Тэгэхээр энэ мэт нийгэмд үүссэн халуун сэдэв дээр л луйварчид тоглолт хийдэг. Мөн ажлын санал тавих, онлайн бизнес санал болгох, бараа бүтээгдэхүүн санал болгох гэх мэтчилэн олон аргаар залилах болсон. Өөрөөр хэлбэл залилагч этгээд тухайн цаг үед иргэдийн дунд ямар асуудал тулгамдаж байна түүн дээр санхүүгийн луйварчид тоглолт хийдэг гэсэн үг. Сүүлийн үед цахимаар үйлдэх гэмт хэрэг өссөн учраас иргэдэд хандаж хэлэхэд энэ төрлийн мэдлэг, мэдээллээ нэмэгдүүлэх, цахим орчинд болгоомтой байх, фэйсбүүк, и-мэйл хаягныхаа нууц үгийг тогтмол солих хэрэгтэй. Ингэснээр хүмүүс цахим орчинд аюулгүй байх эхний алхам нь бүрдэнэ.

-Луйварчид бараг хүн бүрийг бай болгосон байдаг. Зарим луйвар, заль мэхийг олж танихад хялбар бол зарим нь жинхэнэ санал, эсвэл наймаа мэт санагдах учраас олж танихад хэцүү байдаг?

-Хамгийн энгийн жишээ гэвэл танд и-мэйл ирлээ гэхэд тухайн и-мэйл ямар агуулгатай байна вэ гэдгийг шалгана. Мэдээж таны мэдэхгүй хаягнаас ирнэ. Мэдэхгүй фэйсбүүкээс найзын хүсэлт, мэссэнжерт тань хүсэлт ирвэл бодит хаяг мөн үү, дундын найз байна уу гэх мэтээр эх сурвалжаа сайн шалгах хэрэгтэй. Мөн хуурамч мэдээлэлд ихэнхдээ линк дагалддаг. Доорх линк дээр дарснаар идэвхижнэ, бүртгэгдэнэ. Уг линкний өргөтгөлийг анзаарах хэрэгтэй. Жишээ нь бид ихэнхдээ www гэж хайдаг. Та анзаарсан бол урьд талд нь https:// гэсэн өргөтгөлтэй байдаг. Харин луйвар хийдэг хаяг өргөтгөлөөс “S” үсгийг авсан буюу http:// гэж бичигдсэн байдаг. Ганц үсэг дээр тоглолт хийнэ гэсэн үг. Иймэрхүү нарийн зүйлийг хүн тэр болгон анзаарахгүй. Эхний гурван үсгээ хараад тэгээд цаашаа шалгаад байдаггүй. Мөн таны харилцдаг банкнаас, эсвэл санхүүгийн байгууллагаас и-мэйл ирэхэд өргөтгөл нь баталгаатай эсэхийг харж хэвшээрэй. Мөн тухайн банкны нэр нь com, mn зэрэг улс орнуудаас шалтгаалж өөр өөрөөр бичигддэг. Солонгос бол kr, Оросынх ru гэх мэт. Тэгэхээр өргөтгөл хэсэг чухал гэдгийг давтаж хэлмээр байна. Шалгахаасаа төвөгшөөсөн нэг үйлдэл л таныг том эрсдэлд оруулж болзошгүй гэдгийг сайн бодох хэрэгтэй. Ер нь шалгах их амархан. Тухайн байгууллага, банкны сайт руу орох, лавлах утас руу нь залгаад л болоо шүү дээ.

-Танд дээрх маягаар санал ирсэн тохиолдол байна уу?

-Би өөрт тохиолдсон бодит жишээг хэлж болно. Магадгүй танайх олон улсын байгууллагуудтай хамтран ажилладаг бол DHL илгээмж ирлээ гээд мессеж ирдэг. Манай найз явуулсан илгээмж үү, хэн явуулсан нь сайн мэдэгдэхгүй. Илгээмжээ авахын тулд хавсралтаа татаж авах шаардлага тавьсан. Би DHL руу утсаар лавлахад манай email биш гэсэн хариу өгсөн. Магадгүй тухайн хавсралтад таны компьютерт нэвтрэх вирус явж байгааг үгүйсгэхгүй. Та танихгүй хаягнаас ирсэн аливаа линк, татах материалыг нээснээр өөрөө хаалгаа нээгээд өгч байгаатай ялгаагүй. Тийм учраас хавсралттай, үл таних, мэдэхгүй хаягнаас ирсэн и-мэйлүүдийг нээхгүй устгаж хэвшинэ үү.

-Бид фэйсбүүкт хаана, юу хийж байгаа бүхий л мэдээллээ нээлттэй тавьдаг болсон. Үүнээс луйварчид санаа авах боломжийг бид өөрсдөө олгож байх шиг?

-Тиймээ. Фэйсбүүкээс их олон мэдээллийг харах боломжтой болсон. Гэр бүлийн байдал, ажиллаж байгаа газар, найз нөхдийг нь мэдчихнэ. Муухан үзмэрчээс илүү мэдээлэл өгнө шүү дээ. Тиймээс мэдээллээ цахим орчинд хуваалцахдаа хязгаарлалт тавьж байгаарай. Ингэснээр та өөрийгөө эрсдэлээс хамгаалж чадна. Эцэст давтаж хэлэхэд санхүүгийн луйварчид таны үлдээсэн мөрөөс тань зовлон олж мэдчихээд тан дээр ирдэг тул таныг луйвардах арга мэхээ аль хэдийн боловсруулсан байдаг шүү. Нөгөө талаас аливаа нэг бараа бүтээгдэхүүн, бизнес, хөрөнгө оруулалт хэзээ ч 100 хувийн өгөөж өгдөггүй гэдгийг сайн ойлгох ёстой. Сүүлийн үед сугалаа нэрээр хүмүүсийг залилах тохиолдол их байна. Жишээ нь “Приус 30”-ын азтан тодруулна. Та 3000 мянгөн төгрөгөөр бүртгүүлээд гэнэтийн байдлаар азтан болоорой гэх мэт. Үүнд хүмүүс бага мөнгөөр их зүйлтэй болох хүсэлдээ хөтлөгдөж азаа үздэг. 3000 төгрөг надад юу ч биш, оролцоод азаа үзье гэж бодоод мөнгөө илгээдэг. Цаана нь та дансны мэдээллээ л алдаж байгаа шүү дээ. Тэрнээс биш 3000 мянган төгрөгөөр машины азтан болно гэж юу байх вэ дээ. Нөгөө талаас та зүгээр нэг луйварчинг тэжээгээд байна шүү дээ. Баталгаатай зүйл бол ядаж пэйж дээр нь холбоо барих утас, хаяг, оффис, байгууллагын нэр байх ёстой. Гэтэл тийм зүйл байхгүй байхад л хүмүүс тэр сугалаанд нь оролцоод байдаг.

 

 


М.Нургул: Нийгэмд үүссэн халуун сэдэв дээр л луйварчид ”тоглолт” хийдэг
2020-05-06 10:46:05
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ