Мягмар, 2020-08-11
С.Мөнгөнчимэг: Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн, эрүүл ахуйн хуулийн хэрэгжилт үр дүнтэй байна

“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян-2020” арга хэмжээний тухай Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд, ХАБЭА-н Үндэсний хорооны дарга  С.Мөнгөнчимэгтэй ярилцлаа.
-“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян-2020” улс даяар болж өндөрлөлөө. Энэ жилийн аяны онцлог, хийж хэрэгжүүлсэн ажлын талаар ярилцлагаа эхэлье?
-“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян-2020” арга хэмжээг “Ажлын байран дахь аюулгүй ажиллагааг мөрдөж ажиллацгаая” уриан дор ес дэх жилдээ амжилттай зохион байгууллаа. Гэхдээ энэ жилийн хувьд дэлхий дахинд тархаж буй “COVID-19” цар тахлын улмаас бий болсон нөхцөл байдалтай уялдан сарын аяны үйл ажиллагаанд зохион байгуулалтын өөрчлөлт орсон нь онцлог байв. Үүнтэй уялдуулан  ХАБЭА-н үндэсний хорооноос “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян-2020” арга хэмжээг хэрхэн зохион байгуулах тухай шийдвэр гаргасан. Энэ дагуу аймаг, нийслэл, дүүргийн ХАБЭА-н салбар зөвлөлүүд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөгөө, мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан олон нийтэд хүргэж ажиллалаа.
-Энэ аяныг жил бүрийн дөрөвдүгээр сард зохион байгуулдаг нь бас учиртай байх. Бүтээн байгуулалтын ажлууд ид эхэлдэг. Онцгойлон анхаарч ажиллаж байгаа ямар салбар байна вэ?
-Урин дулаан цагт бүтээн байгуулалтын ажил эхлэхтэй зэрэгцэн барилга, уул уурхайн, олборлолтын салбарт үйлдвэрлэлийн осол гарах эрсдэл нэмэгддэг. Тиймээс үүнтэй уялдуулж уул уурхай, ил уурхайн дүрмийг үзүүлсэн “Ил уурхайн карьерийн эрүүл ахуй аюулгүй ажиллагааны макет”–ын  төслийг бэлэн болголоо. Мөн экскаватор, авто ачигч,  хүнд даацын өөрөө буулгагч машин, бульдозер зэрэг техник хэрэгслийг ажиллуулах аюулгүй ажиллагааны зөвлөмж,  зурагт хуудсыг боловсруулж гаргалаа. Уул уурхайн салбарын үйлдвэрийн ослоос урьдчилан сэргийлэх зөвлөмжийг боловсруулж, зурагт хуудас бэлтгэн аж ахуйн нэгжүүдэд тараах, түүнийг мөрдөн ажиллах заавар зөвлөгөөг өгч ажилласан. Мөн олон улсын стандартад нийцсэн ажлын тусгай хувцас, үйлдвэрлэлийн хортой, аюултай хүчин зүйлийн нөлөөллөөс ажилтныг хамгаалах нэг бүрийн хамгаалах хэрэгслийг таниулах, зөв хэрэглээг сурталчлах улмаар ажилтны амь нас, эрүүл мэндийг хамгаалах зорилгоор “Ажлын тусгай хувцас, нэг бүрийн хамгаалах хэрэгслийг таниулах танхим”-ыг  Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн байранд байгууллаа.  Үүнээс гадна ажлын байрны доргион, тоосны шалтгаант өвчлөл,  ажлын байрны дуу шуугиан, эрүүл мэндийн нөлөөлөл түүнээс урьдчилан сэргийлэх нь, ажлын байран дахь гэрэлтүүлэг  ямар чухал нөлөөтэй болох тухай мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд хүргэсэн. Энэ мэт ажлыг шат дараатай хийлээ. Ер нь жил бүрийн дөрөвдүгээр сард зохион байгуулдаг сарын аяны хүрээнд хийгддэг ажлууд ХАБЭА-н зарим тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд зохих нөлөө үзүүлж байна гэж харж байна. Түүнчлэн ХАБЭА гэдэг зүйлийг зөвхөн нэг сар яриад өнгөрөх бус хүн ажил хөдөлмөр эрхэлж байгаа цагт ХАБЭА-н асуудлыг байнга ярьж, сануулж, зөвлөж байх хэрэгтэй. Цаашид, хөдөлмөрийн аюулгүй байдал, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөмж зөвлөгөөг олон нийтэд түгээн таниулахад хэвлэл мэдээллийн байгуулагуудтайгаа уялдаа холбоотой ажиллаж улсын болон хувийн аж ахуйн нэгжийн ажил үүргийн холбоосыг улам чанаржуулна.
-Хөл хорионы дэглэмтэй энэ үед орон нутаг дахь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн салбар зөвлөлүүдтэй хэрхэн яаж ажиллав?
 -Орон нутаг дахь ХАБЭА-н салбар зөвлөлүүд маань хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, тогтоомж, үндэсний хөтөлбөрийг сурталчлах, үйлдвэрлэлийн осол, хурц хордлогоос урьдчилан сэргийлэх зөвлөгөө, мэдээллийг өгч ажиллалаа. Тухайлбал, орон нутгийн хувьд,  Сэлэнгэ аймгийнхан уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж буй томоохон компаниудынхаа ажилчдыг жилд хоёр удаа нэгдсэн журмаар эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамруулан эмчилгээнд орох шаардлагатай ажиллагсдын эмчилгээний зардлыг ҮОМШӨ-өөс урьдчилан сэргийлэх зардлаас зарцуулан ажилладаг болсон байна. Мөн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, тогтоомжийг олон нийтэд сурталчлах, үйлдвэрлэлийн осол, хурц хордлогоос урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээллийг түгээх, ХАБЭА-н эрсдэл бүхий аж ахуйн нэгж, байгууллагуудад хяналт, шалгалт хийх гээд олон чухал ажлыг хийлээ.  Нийслэл хотод, Чингэлтэй дүүргийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн салбар зөвлөл санаачлагатай, сайн ажиллаж байна.  Энэ бүх ажлын үр дүнд аж ахуйн нэгж, байгууллага дахь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомжийн хэрэгжилт сайжирч, ажилчдын ажлын байран дахь осол, мэргэжлээс шалтгаалсан өвчлөл буурч, ажил олгогч болон ажилчдын мэдлэг, ур чадвар дээшилж байна.  Энэ нь цаашид  ч эрүүл аюулгүй ажлын байр олноор бий болоход эерэг нөлөө үзүүлнэ гэж харж байна.
-Энэ жил бас “Эрүүл аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч байгууллага”-ыг  шалгаруулсан  юм байна. Албан байгууллагууд хэр идэвхтэй оролцов?
-Энэ уралдааныг 2011 оноос хойш уламжлал болгон зохион байгуулж ирсэн.  Энэ хугацаанд нийт 66 аж ахуйн нэгж, байгууллага  шалгарч, шагналын эзэд болжээ.  Ер нь жил ирэх тусам уралдаанд оролцох байгууллагын тоо нэмэгдэж байгаа нь сайшаалтай. Тэр хэрээр тухайн ажилчин эрүүл аюулгүй орчинд ажиллах нөхцөл боломж нэмэгдэж байна. Энэ жилийн хувьд цар тахалтай холбоотой онцгой байдал зарласан ч уралдааны шалгаруулалтыг дүрэм журмын хүрээнд нь,  шинэчилсэн журмын дагуу зохион байгуулсан. 
-Шинэчилсэн журамд  ямар өөрчлөлт орсон бэ? 
-Өмнө нь “Эрүүл, аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч байгууллага”-ыг ХНХ-ын сайдын 2014 оны тушаалаар шалгаруулдаг байсан. Ингэхдээ эрүүл мэнд, боловсрол, уул уурхай гэх мэт ямар салбар байхаас үл хамаарч төр, хувийн хэвшил гэж салгаж үзэхгүй нэг л шаардлагыг тавьж шалгаруулдаг байсан. Тиймээс сүүлийн гурван жилийн туршлагад үндэслэн шалгаруулалтын журамд өөрчлөлт оруулсан. Тодруулбал, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2019 оны хоёрдугаар сарын 14-ний өдрийн  А/64 дугаар тушаалаар “Эрүүл, аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч байгууллага шалгаруулах” уралдааны журам шинэчлэгдэж, энэ  жилээс уралдаан хоёр үе шаттай  зохион байгуулагдаж байна. Тэгэхээр эрчим хүч, уул уурхай, зам, барилга, төр, хувийн хэвшлээр зааглаж салбар бүрийг тусад нь шалгаруулж шилдгүүдийг нь тодруулсан. Шилдэг 12 байгууллага шалгарсан. Тухайлбал, барилгын салбараас “Жунсон констракшн” ХХК, Уул уурхайн олборлолтоос “Эрдэнэт ДЦС” ТӨХК, төрийн болон үйлчилгээний салбараас Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэг, Архангай аймгийн Эрдэнэмандал сумын хүүхдийн цэцэрлэг, Нийслэлийн 38 дугаар сургууль, Дорнод полтехникийн коллеж зэрэг 12 байгууллага шалгарсан. 
-Өнгөрсөн жил энэ ажлын хүрээнд салбарын яамнаас нийгэмд чиглэсэн олон ажлуудыг хийсэн. Энэ талаар товч мэдээлэл өгөөч?
-Манай яамнаас өнгөрсөн онд ХАБЭА-н үндэсний чуулган, баруун бүсийн зөвлөгөөн, Сэлэнгэ аймагт ХАБЭА-н чуулган, ХАБЭА-н сарын аян-2019, ХАБЭА-н үндэсний хорооны гишүүд, салбар хорооны гишүүдийг чадавхижуулах сургалт, Хөнгөн үйлдвэрийн салбарын аж ахуйн нэгж байгууллага руу чиглэсэн “Ажлын байран дахь хөдөлмөрийн нөхцөлийн сөрөг хүчин зүйлсийн нөлөөллөөс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт сургалт, Уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарт ХАБЭА-н тухай хуулийн хэрэгжилтийн улсын үзлэг зэрэг томоохон арга хэмжээнүүдийг зохион байгууллаа. Мөн хууль эрх зүйн хүрээнд манай улс “Барилгын салбарын хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй, үйлдвэрлэлийн орчны тухай”  ОУХБ-ын  167 дугаар конвенцид нэгдэн орсон. Мөн “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт зохион байгуулах, шалгалт авах журам”, “Эрүүл-аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч байгууллага шалгаруулах журам”, “Ажлын байрны нөхцөлийн үнэлгээний тариф” зэрэг эрх зүйн баримт бичгүүдийг шинэчлэн боловсруулж батлууллаа. Үүнтэй уялдуулан үндэсний хэмжээнд ХАБЭА-н 28 сургагч багшийг БНСУ-ын ХААЭА-н агентлагтай хамтран бэлтгээд байна.  Манай улсад ХАБЭА-н бүтэц тогтолцоо бий болсон ч салбарын түвшинд ХАБЭА-н урьдчилан сэргийлэх арга хэмжээ хангалттай зохион байгуулагдаж тогтмолжихгүй байна. Тиймээс цаашид ХАБЭА-н Үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, салбарын яамдын ХАБЭА-н салбар хороо, аж ахуйн нэгж байгууллага бүр үйл ажиллагаагаа идэвхжүүлэх шаардлагатай байна.
-Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний өнөөгийн байдлын талаар товч мэдээлэл өгөхгүй юу?
-Өнгөрсөн онд мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас Хөдөлмөрийн чадвар алдсан  3037 үйлчлүүлэгч манай төвийн идэвхтэй хяналтад байна. Харин 2019 онд  Мэргэжлээс шалтгаалсан өвчнөөр  47 хүн  шинээр оношлогдсон бол 336 хүн үйлдвэрлэлийн осол хурц хордлогод өртсөн гэх судалгаа байгаа юм. Дээрх 336 хүн үйлдвэрлэлийн осол хурц хордлого бүртгэгдсэнийг салбараар нь авч үзэхэд уул уурхай, олборлолтын салбарт илүү тохиолдож байна. Сүүлийн жилүүдэд үйлдвэр, уул уурхайн газрууд ажилчдаа урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол хамруулж байгаатай холбоотой мэргэжлээс шалтгаалсан өвчний эрт илрүүлэг сайжирч, мэргэжлээс шалтгаалах өвчин шинээр тогтоогдох байдал нэмэгдэж байна. Ер нь эрсдэл өндөртэй салбар болох уул уурхай, зам тээвэр, барилга, эрчим хүчний байгууллага  ажилчдаа Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл мэндийн төвийн Мэргэжлээс өвчин судлалын газрын эмч нарын үзлэгт хамруулж мэргэжлээс шалтгаалах өвчнөөс урьдчилан сэргийлэх, мэргэжлийн эмч нартай уялдаа холбоотой ажиллахыг зөвлөж байна.

С.Мөнгөнчимэг: Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн, эрүүл ахуйн хуулийн хэрэгжилт үр дүнтэй байна
2020-05-12 10:26:29
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ