Баасан, 2024-03-29
Б.Баатархүү: Тусгаарлах байранд ажиллаж байгаад нас барсан цагдаагийн ар гэрт тэтгэмж олгоно

Тусгаарлах байрны хамгаалалтад үүрэг гүйцэтгэж байсан алба хаагч амь насаа алдсан талаар Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл, мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүүгээс тодрууллаа.

-Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх дэглэм сахиулах тусгаарлах байранд цагдаагийн хэдэн алба хаагч ажиллаж байгаа вэ?

 -Коронавируст халдвар “КОВИД-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх тусгаарлан ажиглах 28 байранд өнөөдрийн байдлаар цагдаа, дотоодын цэргийн байгууллагын 157 алба хаагч 24 цагаар дэглэм сахиулан ажиллаж байна.

-Тусгаарлах байранд ажиллаж байсан цагдаагийн алба хаагч нас барсан талаар хэвлэл, мэдээллийн хэрэгслээр цацагдаж байна. Энэ талаар бодит мэдээлэл өгнө үү?

-Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвийн Албаны нохойн сургалтын хэлтсийн мэргэжилтэн, цагдаагийн дэслэгч агсан Б.Баянмөнх нь ажил үүргийн хуваарийн дагуу энэ оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 07.30 цагаас эхлэн “Корпорейт 1” зочид буудлын гадна орчинд хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байсан бөгөөд 06 дугаар сарын 01-ний өдрийн 11.00 цагийн орчим эрүүл мэндийн байдалд нь өөрчлөлт гарсны улмаас хамт үүрэг гүйцэтгэж байсан алба хаагчдаас дуудлага мэдээлэл өгч, Яаралтай түргэн тусламжийн төвд 11.30 цагийн үед хүргэгдэн эмнэлгийн анхны тусламж авч, Улсын нэгдүгээр төв эмнэлэгт эмчлэгдэж байх үедээ зүрхний шигдээс гэсэн урьдчилсан оноштойгоор нас барсан харамсалтай явдал тохиолдсон.

-Талийгаачийн ар гэрээс С-1 телевизэд өгсөн ярилцлагадаа “Цагдаагийн байгууллага уг асуудалд анхаарал хандуулаагүй” гэжээ. Энэ талаар тодорхой мэдээлэл өгнө үү?

– Тийм ээ. Ийм мэдээлэл гарсан байна лээ. Уг мэдээлэлтэй холбогдуулан талийгаачийн ар гэрийн зүгээс Цагдаагийн ерөнхий газарт хандан телевизэд өгсөн ярилцлага маань бүрэн дүүрэн бус иргэдэд буруу ташаа ойлголт төрүүлэхүйц байдлаар гарсанд эмзэглэж байна. Цагдаагийн байгууллагын зүгээс бидэнд тохиолдсон уй гашууг хамтдаа хуваалцаж байнга дэмжлэг туслалцаа үзүүлсэн. Хамт олонд нь баярласан талархсан гэдгээ илэрхийлсэн байгаа. 

Цагдаагийн ерөнхий газрын удирдлагаас энэхүү харамсалтай явдалд онцгой анхаарал хандуулж, төв байгууллага, хамт олноос нь сэтгэл санааны болон эд материалын дэмжлэг үзүүлж,  байнгын холбоотой байгаа. Мөн Цагдаагийн ерөнхий газрын даргын шийдвэрээр Цэргийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасны дагуу ар гэрт нь тэтгэмж олгохоор шийдвэрлэсэн.

-Нас барсан алба хаагчтай холбоотой асуудал хаана шалгагдаж байгаа вэ?

-Алба хаагчийн амь насаа алдсан хэргийг харьяаллын дагуу Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн газар хэрэг бүртгэлтийн хэрэг нээн, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.  Талийгаачийн нас барсан шалтгааныг тогтоох шүүх эмнэлгийн дүгнэлт эцэслэн гараагүй байна. Мөн уг асуудалд Цагдаагийн ерөнхий газрын Хянлат шалгалт, дотоод аудитын хэлтсээс албаны шалгалт явуулж байна.


Б.Баатархүү: Тусгаарлах байранд ажиллаж байгаад нас барсан цагдаагийн ар гэрт тэтгэмж олгоно
2020-06-10 19:23:45
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ