Пүрэв, 2024-04-25
"Иргэд маань цэцэрлэгт хүрээлэнгээ “Манай Нью-Йорк” гэдэг юм"

Баянгол дүүргийн 12 дугаар хорооны Засаг дарга Х.Ганхуягтай ярилцлаа.
 
–Удахгүй танай хороонд баригдаж байгаа авто зам ашиглалтад орох нь. Нэлээд урт хугацаа шаардаж, зам баригдлаа. Хэдэн км зам баригдав?
 
-Манай Баянгол дүүргийн 12 дугаар хороо 18 га талбайд оршдог, нийт 2.5 км авто замтай. Энэ жил 1.1 км замыг нь шинэчлэн барьж байна. Зам ашиглалтад орохоор байр хоорондын авто замаас гадна явган хүний зам ч давхар шинэчлэгддэг. 2014 онд би өөрөө хөөцөлдөж байж, улсын төсвөөр энэхүү авто замын зургийг нь хийлгэсэн.  Зураггүй ажилд нийслэл болоод улсын төсөв татах боломжгүй. Тухайн үед манай дүүргээс Нийслэлийн Иргэдийн Хурлын Төлөөлөгч/НИХТ/-өөр ажиллаж байсан  Ц.Одонтунгалаг маань хөөцөлдөж, 2015 онд 1.2 км авто зам барихад шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг нийслэлийн төсөвт суулгаж өгч, ажлыг эхлүүлсэн. Үр дүнд нь Бичил хорооллынхоо урд талын аркаар ордог авто замаа шинэчлээд авсан юм. Гэтэл 2016 оны орон нутгийн сонгуулиар дүүргийг маань төлөөлж ажилладаг НИХТ-ийн бүрэлдэхүүн  өөрчлөгдсөнөөр замыг үргэлжлүүлж барих хөрөнгө шийдэгдэхгүй ажил зогссон.  Дүүргийн төлөөлөгч н.Нарангэрэл дарга бид хоёр дээш нь уламжлахаас өөр эрх мэдэл байдаггүй, тэгж явсаар  2017, 2018 он дууслаа. Уг нь манайхыг төлөөлж, НИТХ-д н.Мөнхжаргал гэж төлөөлөгч байдаг. Түүнд учирласаар байсан боловч үнэнийг хэлэхэд хуруугаа ч хөдөлгөөгүй. Эцэст нь 2019 онд С.Эрдэнэ даргад /УИХ-ын гишүүн асан/ хэлж, 2020 оны улсын төсөвт дээрх замыг үргэлжлүүлж барихад шаардагдах хөрөнгө оруулалтын зардал суулгууллаа. Гэтэл ямар бэрхшээл гарсан бэ гэхээр авто замын ажлын зураг нь 2014 онд хийгдсэн учраас үнэлгээ хийх шаардлагатай болсон. Үнэлгээ дахин хийнэ гэдэг нь зураг шинээр хийх шаардлагатай болж байгаа юм. Дахиад л асуудал үүслээ.  Одоо Баянгол дүүргийн Засаг даргын орлогчоор ажиллаж байгаа Г.Нарангэрэл маань УИХ-ын дэд дарга С.Одонтуяатай яриад ажил явах болоход УИХ-аар өнгөрсөн наймдугаар сард 2020 оны төсөвт тодотгол хийхдээ хөрөнгө оруулалтыг “царцаах” юм боллоо. Хөөцөлдөж, хөөцөлдөж, арайчүү буцааж төсөвт татаж авчирснаар ажил үргэлжилж байна.  Их сайхан зам баригдаж байгаа, удахгүй ажил нь дуусна. Манай хороо нийтийн эзэмшлийн 37 байртай. Байр хоорондын авто замын 80 хувь нь  шинэчлэгдээд байна.
 
-Одоо танай хорооны түвшинд хийх шаардлагатай ямар ажил хүлээгдэж байна вэ?
 
-Анх би 2012 онд хорооныхоо Засаг даргаар томилогдоод ажлаа эхлэхдээ иргэдээсээ санал авсан юм. Иргэд  маань тоглоомын талбайтай болохоос эхлээд цэцэрлэг шинээр барих зэрэг маш олон ажил санал болгосон. Түүнийгээ дотор нь эрэмбэлж, 10 том тулгуур ажил хийхээр зорилт тавьснаас одоо гурав нь үлдээд байна. Гурван асуудлын нэг нь байрнуудын гадна пасад дулаалга юм. Хороонд маань 37 байр байдгаас 25 нь хуучны барилга учраас насжилт явагдсан, заагийн сийгэлт ихтэй, өнгө зүсээ алдсан гээд засвар зайлшгүй хийх шаардлагатай болсон. Зарим барилга нь 1990 –ээд онд буюу хүнд цаг үед баригдсан учраас халтуурдаж барьсан барилга ч бий. Дулаалга хийвэл тав тухтай орчин бүрдэнэ, байрны үнэлгээ дээшилнэ. Үүнээс гадна манай хороо өндөрлөг газар байрладаг учраас уулнаас, гэр хорооллоос  үерийн ус их урсаж орж ирдэг. Хороогоо тойруулаад суваг шуудуу хийчих юм бол авто зам, явган замын эвдрэл гэмтэл байхгүй болно. Байрны зоорийн давхар бас усанд автахгүй болно. Тийм учраас хороогоо тойруулаад үерээс хамгаалах далан сувагтай болох шаардлага бий. Гурав дахь нь нийслэлийн хэмжээнд тохиолдож байгаа проблем. Байрнуудын дунд хотын өнгө үзэмж гутаасан авто гражууд олон бий. Тооллого явуулахад 537 граж 2 га газрыг эзэлдэг гэсэн судалгаа гарсан. Иргэд маань гражыг байхгүй болгоод, газрыг нь шинээр төлөвлөж, орчин үеийн шаардлага хангасан авто граж бариад зарим хэсэгт нь хөгшид нарлах талбай, хүүхэд чөлөөт цагаа өнгөрүүлэх тоглоомын талбай, спорт заал баривал хэрэгтэй байна гэдэг.
 
–Авто гражууд газрын эзэмшилтэй юу. Энэ тохиолдолд газрын нөхөн төлбөр олгох шаардлага үүсэх болов уу?
 
-Ер нь асуудал үүснэ. Одоо манай хороонд 200 граж зэрэг байршиж байгаа нэг том газар бий. Иргэд маань “Энийг буулгаад цэцэрлэгт хүрээлэн байгуулаад өгөөч” гэдэг хүсэлт тавьдаг. Граж эзэмшигчидтэй уулзаж үзсэн, 100 гаруй нь уулзсан, хэлэлцүүлэг ч хийж үзсэн. Санал авахаар 30 хувь нь “газраа чөлөөлье” гэдэг, харин 70 хувь “шинэчлэх нь зөв” гэж байгаа ч “нэг бол нөхөн олговор авна, эс бол граж авна” гэдэг. Цаашид энэ асуудлыг шийдэхээс өөр аргагүй.  Уг нь 1990-ээд оны үед гражаа барихдаа газар эзэмшлийн гэрчилгээ авсан ч эрх нь 2000 оны дунд үед дууссан. Хамгийн сүүлийнх нь 2008 онд дууссан байдаг. Түүнээс хойш газар эзэмшлийн зөвшөөрлийг сунгаагүй.  Энэ асуудлыг шийдчих юм бол манай хороолол их аятайхан болчихно.  Тулгамдаж байгаа гурван асуудлын нэг нь энэ. Ер нь бол байнга хийгдэж байдаг ажил олон л доо. Тоглоомын талбайн засвар, байрны дээвэр, лифтны засвар, явган замын засвар гээд дүүргийн, орон нутгийн хөгжлийн хөрөнгө оруулалтаар хийж байгаа ажил олон бий. Боломжоороо хийгээд явж байна.
 
Тухайлбал, энэ жил хоёр тоглоомын талбай шинэчиллээ, нэг том сагсны талбай байгууллаа, зургаан газар авто зогсоол байгууллаа, дөрвөн лифт шинээр солилоо, гурван байрны дээврийн засварыг хийлээ. Төлөвлөгөөтэй явж л байдаг ажил. Гэрэлтүүлэг асуудалгүй болсон, камержуулалтыг бүрэн шийдсэн. Байрнуудынхаа хаалгыг  шинэчилсэн.
 
Түүнээс гадна иргэдийнхээ оролцоотойгоор хийж хэрэгжүүлсэн ажлууд ч бий.  2015 онд бид иргэдийнхээ дэмжлэгтэйгээр хорооныхоо байрны өмнө цэцэрлэгт хүрээлэнтэй болсон. Усан оргилууртай, мод тариад зүлгэжүүлчихсэн учраас их тухтай орчин бүрдсэн. Иргэд маань “Манай Нью-Йорк” гэж нэрлэдэг. Салхинд гарах болохоороо тэндээ л сууцгаана.  Намайг анх ажил авч байхад цахилгааны хангамж муу, хүчдэл нь унадаг байсан.  Тэр үед иргэдтэйгээ хийсэн уулзалтын үеэр нэг ахмад “Тог унадаг, тасардгийг зогсоож өгөөрэй. Зурагт, хөргөгч хоёроо шатаасан. Хөөцөлдөөд хохирлоо барагдуулж чадаагүй гэсэн.  Мэргэжлийн байгууллагаар үзүүлтэл дэд станц байгуулах ёстой гэсэн. Тэр үед УИХ-ын гишүүн асан С.Эрдэнэд хэлж,  улсын төсөвт хөрөнгийг нь суулгаж, 2014 онд  1.2 тэрбумаар дэд станцтай болсон. Ер нь бол учир байдлаа ойлгуулаад хөөцөлдөөд гүйхээр ажил бүтээд л байгаа юм.
 
-Цэцэрлэгийн хүртээмж ямар вэ?
 
-2013 онд манай хороо ганцхан цэцэрлэгтэй, хамрагдах хүүхдийн тоо 900-1000 байлаа. Цэцэрлэгийн бүртгэл эхлэхээр эцэг, эхчүүд майхан бариад 3-4 хоног  дугаарладаг байсан. Нэг номерын шийдэх ёстой ажил байсан юм. Тиймээс Боловсролын яамандаа асуудлыг тавилаа. Ашгүй Дэлхийн банкны төслөөр Баянгол дүүрэгт хоёр цэцэрлэг баригдахаар болсны нэг нь манай хороо байв. УИХ-ын гишүүн асан С.Эрдэнэ маань ч хэлж байна, газрын асуудлаа шийднэ шүү гээд. Газар хайж үзвэл 19 дүгээр байрны дэргэд автомашины граж байна. Тоолбол 33 граж байдаг юм. Түүнийг л чөлөөлье гэж шийдлээ. Иргэдтэйгээ уулзвал зарим нь зөвшөөрлөө, зарим нь гэдийлээ. Батбаяр гэдэг хөгшин “Та нар миний гражийг аваад яваарай.  Тракторын чинь шанаган доор орж үхнэ шүү” гэж сүрдүүлдэг юм. Дэлхийн банкны Монгол дахь төлөөлөгч гээд Энэтхэг нөхөр цэцэрлэг баригдах талбайд хүрээд ирлээ.  Сул газар биш гражууд байрлаж байсан болохоор “Хүний өмчийг та нар яах гэж байна” гэж асуудаг юм байна. “Чөлөөлнө” гэж хариуллаа. 14 хоногт багтаан газар чөлөөлөхгүй бол Дэлхийн банкны санхүүжилт буцчих гээд байдаг. Ид шидийг л үзүүлэх шаардлагатай боллоо доо.
 
Арваннэгдүгээр сар гарсан байсан юм.  Эсгий гутал, хөвөнтэй дээл өмсөөд Иргэдийн хурлын дарга Мөнхжаргал хоёулаа нөгөө граж байрлаж байгаа газар дээрээ зогсоод иргэдээсээ гуйлаа.  “Хүүхдийн тань ирээдүй, гражаа нүүлгээд газар чөлөөлөөд өгөөч” гээд. Эсэргүүцэлтэй ч туллаа. За тэгж байтал “Нөгөө Х.Ганхуяг Засаг чинь баар барих нь” гээд худлаа сенсаци дэгдээчихсэн.
 
Хийх хүн аргаа олно гэж… Нөгөө газраа шинээр баригдах цэцэрлэгийн зургийг томоор тавьчихлаа.  Иргэд маань ч хэрэгтэй ажил хийгдэх нь гэж дэмжээд 10  хоногт гражуудыг бүгдийг нь буулгаж, газраа чөлөөлөөд цэвэрлэгээ хийлээ. 14 хоног дээр хашааг нь барилаа. Боловсролын яамныхан ирлээ, Дэлхийн банкны Монгол дахь төлөөлөгч ч ирлээ. Тэрбээр “Энд байсан хөрөнгө хаачсан бэ. Хүмүүс нь гомдол гаргавал яах вэ гэж асууж байна. Би ч хариуллаа, бүгд хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан гээд бичиг баримтуудаа үзүүлэхэд  “Болдог юм байжээ” гээд толгой сэгсрээд байсан. Тэгж 100 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэгтэй болсон.
 
Өмнө нь 150 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэгтэй байсан. Хоёр цэцэрлэгт 250 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай боловч эрэлт их байгаа учраас 500 хүүхэд хүлээн авдаг болгож, зохицуулалт хийсэн. Үлдсэн хүүхдүүдээ ойр хавийнхаа  цэцэрлэгийн эрхлэгч, хорооны Засаг даргаас гуйж, болгоод явж байна. Одоо манай 15 дугаар цэцэрлэгтэй залгаа 11 дүгээр хорооны харъяа 450 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэгийн цогцолбор баригдаж байна. Цэцэрлэг ашиглалтад орохоор манай хорооны 200 хүүхдийг хүлээн авна. Нэг асуудал байгаа нь манай 15 дугаар цэцэрлэгийн хашааны газрыг “Авзага трейд” луйвардаад авчихсан байдаг юм. Газрыг нь цэцэрлэгийн мэдэлд буцааж олгуулах гээд би хэдэн жил хөөцөлдөөд барахгүй байна. Өнгөрсөн жил хотын даргаар ажиллаж байсан С.Амарсайханыг автобустай аяллаар  аваачиж, нөхцөл байдлыг танилцуулсан.  Тэр үед хотын дарга “Шийдэхээс аргагүй юм байна. Газрын зөвшөөрлийг нь цуцал” гэж үүрэг өгсөн ч  одоо болтол шийдэгдээгүй. Газрын маргаан шийдэгдээд цэцэрлэгийн өргөтгөлийг барьчихвал  цэцэрлэгийн проблемгүй болно. Манай хороо 12 мянган иргэн, 3000 өрхтэй. 1000 хүүхэд цэцэрлэгт явна гэдэг 2000 эцэг, эх ажилтай болно гэсэн үг. Төрийн анхан шатнаас хийх ёстой ажил учраас зүтгээд л явж байна.
 
–Сургуулийн хүрэлцээ ямар байна вэ. Зарим сургууль гурван ээлжээр хичээллэсэн хэвээр л байна?
 
-Нийслэлийн 28 дугаар сургуулийг Японы хөрөнгө оруулалтаар өргөтгөчихсөн, дэргэд нь  40 дүгээр  сургууль бий.  Сургуулийн хүртээмжийн асуудал харьцангуй хэвийн байгаа.
 
–Хорооны төвшинд ажилгүйдэл хэр байна вэ. Иргэдээ ажлын байраар хангахын тулд ямар зохицуулалт хийдэг вэ?
 
-Сүүлийн жилүүдэд ажилгүйдэл нэмэгдлээ. Цар тахлаас ч болж байгаа юм бий. Хувийн хэвшлүүд үүд хаалгаа барьж байна. Иргэд өөрсдөө амьжиргаагаа залгуулаад явж болдог байсан бол цар тахлын улмаас эрхэлж байсан бизнес нь дампуурах зэргээр асуудал үүсч байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо 200-300-гийн хооронд байдаг. Бүртгэлгүй ажилгүй иргэд ч олон бий. Хороо, дүүргийнхээ аж ахуй нэгжтэй холбогдоод ажлын байрны захиалга авч, иргэдээ зуучилдаг. Түр ажлын байраар хангах бодлого ч барьж байна. Анхан шатанд байгаа хорооныхон хамгийн түрүүнд мэдэрч ажиллах ёстой.  Манай дээр замын ажил явж байгаа учраас өнөөдөр тэдэн туслах ажилчин хэрэгтэй байна гэхэд хорооноос гаргаад өгч байна. Энэ мэтчилэн асуудлыг том, жижиг гэж ялгалгүй боломжоороо шийдэхийн төлөө хичээдэг юм.
 
Эх сурвалж: News.mn

"Иргэд маань цэцэрлэгт хүрээлэнгээ “Манай Нью-Йорк” гэдэг юм"
2020-10-02 12:12:10
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0