Баасан, 2020-12-04
П.Очирбат: Улс орон тарчиг байх үед ямар ч нөхцөлд үнэ цэнээ хадгалж үлдэх валют нь алт л байсан

йлөгчийн институц байгуулагдсаны 30 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын анхны Ерөнхийлөгч, ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийн Зөвлөх профессор, Академич П.Очирбаттай уулзаж ярилцлаа. Уг ярилцлагын төгсгөлийн хэсгийг хүргэж байна.

-Эрдэнийн очир одонг тухайн үед сэргээсэн. Түүгээр хүн шагнасан юм уу?

-Би БНСУ-д айлчлахаар болов оо.Тэдний тал хоёр орны дипломат харилцааг сэргээсэн гавьяатай хүн гээд намайг “Мүгүн хва” гэж том одонгоороо шагнахаар болжээ. Би бас тэдний Ерөнхийлөгчийг хоёр орны харилцааг хөгжүүлэхэд оруулсан гавьяаг нь үнэлж одонгоор шагнахаар болж. Ямар Сүхбаатарын одонгоор шагналтай нь биш. Хуучин цагт гадаадын хүндтэй хүмүүсийг шагнадаг байсан Эрдэнийн очир гэж таван зэрэглэлтэй одон байсныг сэргээе гэлээ. Богд хаант Монгол Улсын Ерөнхий сайд Т.Намнансүрэн зуугаад жилийн өмнө хойшоо айлчлахдаа түүгээр Оросын Николай хааныг шагнаж байсан нэр хүндтэй одон.

Улсын Бага Хурлаар хэлэлцүүлж, үндэслэлийг нь гаргаж баахан юм болж одонгоо сэргээгээд , БНСУ-ын Ерөнхийлөгч Ро Де У-г нэгдүгээр зэргийн Эрдэнийн очироор шагнасан. Түүгээр мөн АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Ж.Бейкерийг шагнасан дуулддаг.

-Та Ерөнхийлөгч болоод Монголыг “Бар улс” болгоно гэж хэлж шуугиулсан...

-Сингапур, Тайвань, БНСУ шиг болж яагаад болохгүй гэж гэсэн утгаар хэлсэн үг. Бар болсон улсуудын хөгжлийг хараад байхад гадаадын хөрөнгө оруулалтад их түшиглэж байсан. Өөрсдөө тухайн үедээ хуримтлал багатай, эдийн засгийн хувьд сулавтар байсан улсууд гадаадын хөрөнгө оруулалтыг маш их хөхиүлэн дэмжих, урамшуулах бодлогыг тууштай баримталсан байдаг. Тийм учраас тэр орнуудад гадаадын хөрөнгө оруулалт ихээр орж ирсэн. Олон үйлдвэр, объект барьж, ажлын байр хэдэн арван мянгаараа буй болж, бүтээгдэхүүн үйлдвэрлэж, хүмүүсийн амьдралд тус болсон жишээтэй.

Нөгөө талаасаа экспортыг дэмжсэн. Гадагшаа юмаа гаргахгүйгээр гаднаас юм оруулах гэдэг боломжгүй. Хөгжлийн нэг их чухал хөшүүрэг бол экспортоо дэмжих. Аль болохоор гадагш бүтээгдэхүүнээ гаргах юм бол эдийн засаг, худалдаа, арилжаа хөгждөг. Бар болсон улсуудын эдийн засгийн гол стратеги, гол амжилт нь гадаадын хөрөнгө оруулалт татах, экспортоо дэмжихэд л байгаа юм л даа. Ингэж харилцаагаа гадна талтайгаа нягт холбож, өргөжүүлснээр улс орны эдийн засаг тогтворжих, хөгжих, хөгжлийн өндөр хэмжээнд хүрэх, ард иргэдийн аж амьдралыг тэтгэх хөшүүрэг болдог.

Бар улсууд чинь Ази, Номхон далайн бүсийн л орнууд шүү дээ. Тэгэхээр Монгол өөрөө ийм их потенциальтай, хүн амын боловсролын түвшин, хөдөө аж ахуй, мал аж ахуй, газар нутаг, байгалийн баялаг зэргээрээ энэ бар улсуудын хойноос явахад яагаад болохгүй байх вэ л гэж бодсоноо хэлсэн.

Хүмүүсийн хэрэглээ харьцангуй бага, баялаг ихтэй учир цөөхөн хүн амынхаа амьдралын түвшинг эдгээр орнуудын хэмжээнд хүргэх боломж нөхцөл байна гэж үзэж л “Азийн нэг бар улс болно” гэж хэлсэн л дээ.

Ер нь хүрэх газраа тодорхой болголгүй зүгээр л мухар сохор яваад байх юм бол хаана ч хүрэх юм билээ. Тэгээд тийм л зорилго тавих гэж үзсэн. Бар болсон орнуудын хөгжлийн замналыг аваад үзэхэд БНСУ гэхэд 1950-иад онд нэг хүнд ногдох ДНБ –ний түвшнээрээ манайхтай бараг ижил байсан. Гэтэл одоо БНСУ хэчнээн өндөр түвшинд хүрсэн билээ. Яаж энэ хэмжээнд хүрсэн билээ гэхээр асар их хөдөлмөрлөсөн, АНУ-ын хөрөнгийг боломжоороо татсан. Сингапур гэхэд нэг жижигхэн арал. Гаднын хөрөнгө оруулалт татаж, гадаад харилцаагаа хөгжүүлж, далай тэнгисээ ашиглаж, гадагшаа бүтээгдэхүүн гаргаж, гаднаас оруулж, энэ үндсэн дээр л Сингапур босоод ирсэн. Тэднийд байгалийн баялаг, ашигт малтмалын сүрхий том нөөц байхгүй. Загасчны тосгоноос хөгжлийн өндөр түвшинд гараад ирсэн. Ингээд харахад Монгол яагаад бар болохгүй гэж. Болж болно л доо.

-Таныг Ерөнхийлөгч болонгуутаа Ю.Цэдэнбал даргын өргөөнд орж амьдарна гэж бужигнуулсан гэж уншиж байсан юм байна?

-Тэгээгүй юм. Ардын Их Хурлын тэргүүлэгчдийн дарга болоод манайх Их тэнгэрийн амны доод байр гэж дөрвөн айлын сууцанд Ж.Батмөнх гуайнхтай хөрш болж нүүж орсон. Ж.Батмөнх гуай ажлаа өгөөд өөрийн байр сууцгүй, хуучин Их Тэнгэрийн байрандаа нэг хэсэг байсан л даа. Ингээд хоёр айл нэг хэсэг хамт амьдрав. Тэгж байтал Ш.Гунгаадорж Сайд нарын зөвлөлийн дарга /Ерөнхий сайд/ болов оо. Тэгээд бас тэр байранд нүүж ирэв. 1990 оны сонгуулийн дараа Д.Бямбасүрэн Ерөнхий сайд болж бас нүүж ирэв. Тэгээд 1990-1993 он хүртэл манайх Ж.Батмөнх гуайнхтай, Ш.Гунгаадорж гуайнхтай, Д.Бямбасүрэнгийнхтэй нэг байшинд байв аа. Зун болохоор зусланд гарна гэгчээр Их тэнгэрийн ам өөдөө өгсөөд Хатан туул харшийн хажуугийн байранд зусдаг байсан.

Манай гурван жил өвөлжсөн доод байшинг хуучирч мөөгөнцөртсөн гээд нэг хэсэг шуугисан даа. Тэгээд засвар хийхээр болж, хотын төвд, Ю.Цэдэнбал гуайн сууж байсан байрыг засаж янзалсан, тийшээ нүү гэсэн. Бид өөрсдөө мэдэх биш, цаанаасаа нүү гээд, 1993 онд тэнд нүүж орсон.

Тэр байр маань Ю.Цэдэнбал гуайн өргөө, нөгөө 30 дугаар байр биш л дээ. Зэргэлдээ хамар хашаанд нь байдаг тусгай хамгаалалттай дан жижиг цагаан байшинд манайх орсон шүү дээ. Ю.Цэдэнбал дарга бас нэг үе сууж байсан байшин.

Түүнийг зарим хүн ташаа ойлгоод, Ю.Цэдэнбал гуайн өргөөнд манайхыг 1990 онд давхиж ороод суучихсан, эзэн нь амьд байхад жудаггүй загнасан гээд бүр номонд биччихсэн байдаг юм. Тийм юм байхгүй ээ.

-Залуучуудын шинэ жилийн ёслол дээр та “Тансаг ёолк” гэж хэлж, картын бараатай үеийн иргэдийн дургүйг хүргэсэн нэг түүх бий?

-Залуучуудын нэг их сайхан ёолк болсон юм аа. Next stop гэж. Тэгээд “Үнэхээр сайхан тансаг ёолк болж байна. Одоо 200-гаад хүн энд байх шиг байна. Удахгүй хоёр мянга, хорин мянга, хоёр зуун мянга, хоёр сая хүн ийм баярт оролцож байгаасай” гэсэн ерөөл хэлсэн нь тэр. Одоо бол ч тансагладаг болсон л доо. Бүжиг наадам, дуу хуур гээд сумын төвийн ёолк ч тансаг руу л дөхөөд байгаа. “Тансаг ёолк” гэдгээсээ болоод би чинь сүүлдээ Тансагмаа болчихсон явж байсан. Тансагмаагийн Очирбат гэж. Одоо тансаг гэдэг үг идэвхтэй хэрэглээний үг болсон байна лээ шүү.

-Ерөнхийлөгч байхдаа та яаж яваад дэргэдээ Ч.Дашцэрэн гэж үзмэрч зөвлөхтэй болчихсон юм бэ?

-Ерөнхий сайд байсан Ш.Гунгаадорж “Нэг их сүрхий чадалтай, юм мэддэг хүн байна гэнэ” гэлээ. Тэгсэн Д.Содном гуай нэг хэсэг газрын тосны хэрэг эрхэлж байхдаа өнөө хүнийг нефтьтэй газрыг мэдэрдэг байж магадгүй гэж дагуулж яваад “Их сонин сонин юм ярих юм. Сонин мэдрэмжтэй хүн байна. Нэг уулзаач” гэж хэлж ирсэн л дээ. Нөгөөхтэй чинь уулзав аа. Нөгөө хүн “Надад нэг их сүйд болоод байх юм байхгүй ээ. Гэхдээ яах вэ, заримдаа нэг юм надад юм хэлж өгөөд, мэдрэмж төрөөд байх шиг байдаг. Зарим нь таардаг, зарим нь үгүй” гэлээ. Тариатын өвөлжөө гэж Дундговьд нэг газар байдаг юм. Ч.Дашцэрэн “Тэнд нефть байна” гэж байна. Сүүлд нь геологийнхон геофизикийн судалгаа хийхэд нээрээ тэнд шингэн биет байж болохоор хөндий байна гэнэ.

Тэр үе чинь их л хүнд хэцүү цаг байлаа шүү дээ. Их л юм хэлж байсан. Тэмдэглээд авсан ч юм бий. ЗХУ задрахаас өмнө гэхэд л СССР бутарч задарч 11 улс болох нь шиг байна гээд л тэгдэг байсан.

Ер нь тиймэрхүү хүн байдаг уу гэвэл байдаг. Энэтхэгийн нэг хүн надад зураг хөрөгтэй захиа ирүүлсэн. “Танай Монгол их газрын тостой юм байна. Надад 350 мянган ам.доллар төлбөл би танай нефтийн ордуудаас хэлж өгч чадмаар байна” гэж л байсан. Тэгээд би Ч.Дашцэрэнг Энэтхэг явуулав аа. Мань хүн Энэтхэг явж ирээд “Энэтхэгт нефть байна. Би ч бас тэднийд хэлж өгвөл өгмөөр байна” гэж хөгийн юм яриад.

Драмын театрын цаана байсан Дотоод яамныхан энэ тэр суудаг байсан байранд Д.Содном гуайнхыг нүүхэд Ч.Дашцэрэнгийнд сууц өгч оруулж байлаа шүү дээ.

-Харь гаригийнхантай харилцдаг гэдэг байсан. Сорьж үзсэн үү?

-Ромбу гаригтай харилцаж байна гэдэг. Би нэг магнитофон өгөөд “Чамд энд тэндээс янз бүрийн юм хэлж өгөөд байдаг юм бол чи тэрийг нь үүнд буулгаж бичээд аваач” гэсэн. Тэгсэн чинь “Болдоггүй юм байна. Бичигддэггүй юм байна. Надад хэлээд байгаа болохоос бичиж болохгүй байна” гэдэг байсан.

Тэгээд хамгийн сүүлд нэг таагүй юм нь Марзад онгоц осолдоход “Хил даваад явчихжээ” гэж хэлээд, түүнээс болоод хөгөө чирсэн дээ.

-Та 1993 оны Ерөнхийлөгчийн сонгуульд яагаад ардчилсан хүчнээс нэр дэвшсэн билээ?

-МАХН-аас нэр дэвшээд явж байсан юм. Дөрвөн хүн дэвшээд, зарим нь нэрээ татаад хоёр хүн үлдэхгүй юү. Л.Түдэв бид хоёр. Тэгээд дотроо санал хураажээ. Тэгээд Л.Түдэв надаас илүү гарчээ. Тэр орой нь зуслан руу явах гэж байтал Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Б.Түмэн орж ирээд “Нам дээр санал хураалт болоод таныг дэвшүүлсэнгүй” гэлээ. Тэгээ л биз гээд би тоосонгүй.

Маргааш нь Их тэнгэрийн аманд зусланд байж байхад Баабар, МСДН-ын нарийн бичгийн дарга Л.Бямбажаргал хоёр манайд ирдэг юм. Дөрвөлжин цаас гаргаж ирээд “Манайхан таныг Ерөнхийлөгчид дэвшүүлнэ. Зөвшөөрч байна гэсэн гарын үсэг зурж өг” гэнэ. Би “Бодъё” гэсэн, нөгөөдүүл “Бодоод байх юу байдаг юм. Өрсөлд” гэж байна. Тэгэхээр нь би Ш.Цэвэлмаагаас /гэргий нь/ асуулаа. “Баабар эд нар ингээд байна, яах вэ” гэж. Ш.Цэвэлмаа өөдөөс “Яадаг юм” гэдэг байгаа. Тэгээд зураад өгчихлөө. Дэвшдэг болов оо.

Нэр дэвшигчид дотор хуульч Б.Чимид байсан. Б.Чимид өөрөө хэрэггүй гэчихэж. Ардчилсан хүчнүүдийн хурал дээр Дундговийн адуучин Р.Дашдооров бид хоёр тунаж байх бололтой юм гэнэ ээ.

Р.Дашдооров манай өрөөнд хүрч ирээд “Хурал дээр бид хоёр өрсөлдөх янзтай болж байна. Миний нэр дэвшиж Ерөнхийлөгч болно гэж ямар юм байх вэ. Танд амжилт хүсье” гэсэн. Тэгээд би нэр дэвшиж Л.Түдэвтэйгээ өрсөлдөв дөө. Сэтгүүлчид, зохиолчид, хэвлэл, мэдээлэл хүчтэй ч гэж жигтэйхэн. Л.Түдэв дээр хүч нэлээд төвлөрч байна аа. Гэхдээ ард түмэн надад итгэл хүлээлгэж, саналаа өгч Монгол Улсын анхны Ерөнхийлөгч болсон түүхтэй.

-Таныг Ерөнхийлөгч байхад таны санаачилгаар “Алт хөтөлбөр” хэрэгжиж эхэлсэн. Яагаад заавал алтаа ухах болов?

-1990-ээд оны эхээр бид их л тарчиг байлаа шүү дээ. Картын бараанд ч орж үзсэн. Гаднаас орж ирдэг хүнс, бараа нь тасарчихсан. Социалист орнуудын хамтын байгууллага болох Эдийн засгийн харилцан туслалцах зөвлөл нь тарчихсан. Дэмжиж тусалдаг СССР маань өөрөө хүнд байдалд ороод задарчихсан. Ийм үед бид өөртөө юутай билээ, өөрт байгаа их түргэн эргэлтэд орж болох зүйл юу юм бол оо гээд бодохоор уул уурхайн мэргэжлийн хүн чинь “Алт гэж манайд нэг юм бий дээ. Түүнийгээ эргэлтэд оруулбал ямар ч нөхцөлд үнэ цэнээ хадгалж үлдэх валют юм даа” гэж санагдсан. Ингээд аж ахуйн нэгж, компаниудад чөлөөтэй алт олборлох ажлыг хэрэгжүүлбэл валютын нөөц үүсгэхэд, эдийн засагт хэрэгтэй юм гээд “Алт хөтөлбөр”-ийг санаачилж хийсэн. 1990-ээд онд Монгол Улс жилд 620 орчим кг алт олборлодог байлаа. Одоо бол 24-25 тонн болсон байна. Ийм алтны нөөцтэй орон гаднаас зээл авсан ч төлбөрийн чадвартай гэгдэх учраас Монголд зээл өгөхөд эрсдэл харьцангуй бага ч гэдэг юм уу. Алт бол дэлхийн эдийн засаг, санхүүгийн хүрээнд хүртэл чухал нөлөөтэй зүйл юм л даа. Одоо хүртэл тэр хэрэгжиж л байна.

“Алт хөтөлбөр”-ийг гарч байхад нэг унц алт 258 ам.долларын үнэтэй байсан. Өнөөдөр 2000 ам.доллар хүрч байна. Алтны үнэ туж өсөөд, 1990-ээд оны эхтэй харьцуулбал 100 дахин нэмэгдсэн байна. Эдийн засгаа өөд татахад алтны үнэ цэн ингэж жилээс жилд өсөөд л байх юм л даа.

-Замбараагүй ашиглаж газар, нутаг нэлээд сүйдсэн дээ?

-Алт олборлолтын эхний үед хөрөнгө хуримтлал багатай байсан учраас олборлосон газраа нөхөн сэргээх ажил их муу явагдаж, дээрээс нь 2000-д оноос нинжа нар орж ирсэн. Юун нөхөн сэргээх, хайр гамгүй, эмх замбараагүй, системгүй явсан л даа. Манай аж ахуйн нэгжүүд ч нөхөн сэргээлт хийхгүй явсаар одоо л хөөцөлдөж нөхөн сэргээх, эздийг нь олж сэргээлгэх үйл ажиллагаа явуулдаг болж эхэлж байна.

Эндээс “Алт хөтөлбөр”-өөс л болж газар нутаг сүйрсэн гэж хүмүүс дурамжхан үзэж буруушаадаг. Түүнийгээ П.Очирбаттай холбож ярьдаг л даа.

Ашигт малтмалтай холбоотой ойлголтууд бас байдаг юм аа. Бид хэзээнээсээ байгалийнхаа баялгийг олборлож, борлуулж төлбөрийн чадвараа зохих түвшинд авч явж байсан улс л даа. Дэлхийн хоёрдугаар дайн, 1940-өөд онд вольфрам, цагаан тугалга, жонш зэрэг ашигт малтмалаа ихээхэн олборлож Зөвлөлтийн улаан армийн зэвсэглэл үйлдвэрлэхэд тусалж байлаа. “Совмонголметалл” гэж хамтын байгууллага байсан. “Монголнефть” гэж байсан.

Тэрнээс ч эрт үед Бороогийн алтыг гаднынханд түрээсэлж, концессоор ашиглуулж татвараа авч байсан түүхтэй. 1970-аад онд Эрдэнэт үйлдвэрийг ЗХУ-тай хамтарч байгуулж, “Монголросцветмет”, “Монгол-Болгар металл”, “Монгол-Чех металл” зэрэг байгууллага ажиллаж байсан. Социалист системийн орнуудтай хамтарч ашигт малтмал, эрдэс баялгийн салбарт их өргөн хүрээнд хамтарч ажиллаж байсан юм шүү дээ.

Одоо бол бас л гаднын компаниудтай хамтарч Оюутолгойгоо ашиглаж, Монголд бүү хэл, дэлхийд байхгүй, Эрдэнэтээс 3-4 дахин том үйлдвэр ажиллуулахаар болоод байна. Гэхдээ Оюутолгойг шүүмжлэх хүн бишгүй л байх юм.

-Оюутолгойн гэрээг үр өгөөж муутай хийсэн гэсэн маргаан өнөөдөр ч тасраагүй байна. Уул уурхайн мэргэжлийн хүний хувьд та энэ гэрээг хэрхэн үнэлдэг вэ?

-Гэрээ байгуулахад эхлээд зөндөө бэрхшээл гардаг. Жишээ нь, Эрдэнэтийн гэрээ байна. Энэ гэрээг таван удаа өөрчилж, нэмэлт оруулж, шинэчилж байсан. Эхний үед манай талаас тавьж байсан шаардлагыг Зөвлөлтийн хэлэлцээ хийж байсан тал хүлээн зөвшөөрөөгүй юм. Ашигт малтмал ашигласны нөөцийн төлбөр ч гэдэг юм уу, үүнийг зөвшөөрдөггүй. Эхлээд 50:50 хувиар ашиглана гэж бид ярьсан. Түүнд энэ төлбөрөө оруулъя гэхээр оруулдаггүй. Энэ болгоныг Монголын талын хувь хөрөнгөд оруулж тооцъё гэхээр хүлээж авдагггүй. Энэ мэт зөндөө асуудлыг хүлээж авдаггүй байсан. Үйлдвэрт оруулсан зардлаа нөхсөнөөс хойш харьяаллыг нь Монголд шилжүүлэх, Монголын үйлдвэр болгох асуудлыг ярихад огт халгаадаггүй байлаа. “Үйлдвэр барьж эхлээгүй байхад нэг талдаа авах тухай ярилаа” гээд сайнгүй ханддаг байлаа шүү дээ.

Тэгээд яваандаа 50 хувь дээрээ бага багаар оруулсаар байгаад Монголын талын дүрмийн сандаа нэлээд зүйлийг нэмж чадсан. Эцсийн дүндээ 49:51 хувь болж, манай талын хувь арай илүү гарч, олон төрлийн нөөц ашигласны төлбөр авдаг болоод алгуур алгуураар зөндөө их хугацаанд явсаар байж үр дүнд хүрсэн.

-Оюутолгой дээр ямар алдаа гарсан бэ?

-Манайх тэнд заавал 34 хувиар хувьцаа эзэмших шаардлага байсан ч юм уу, үгүй ч юм уу. Би бол хэрэггүй гэж боддог.

-Яагаад. Оюутолгой Монголынх болохоор харин ч илүү хувь эзэмших ёстой биш үү?

-Өөрөө мөнгөгүй, хуримтлалгүй байж маш өндөр хүүтэй зээл авч, зээлийн өрд орон барин 34 хувь эзэмшээд яах юм бэ? Тэртэй тэргүй гадаадын хөрөнгө оруулалтаас 16-17 төрлийн татвар, төлбөр, хураамж авдаг шүү дээ. Түүнийгээ аваад, нөөц ашигласны төлбөр роялти гэдгийг түлхүү нэмүү тавиад, экологийн нөхөн сэргээлт, үр ашиг энэ бүхнийг нөгөө талд хариуцуулаад явахад л болчихно. Ингэсэн байхад цаад хөрөнгө оруулагч илүү зардал гаргаж олох ашгаа бууруулахгүйн төлөө хариуцлагатай ажиллана шүү дээ.

Манайх тийм зүйл дээрээ сайн анхаараагүй. 34 хувийн хувьцаа эзэмших гээд өндөр хүүтэй зээл авчихсан. Өр тавьчихсан. Монголын талд энэ үйлдвэрийн ажиллагаанаас олох үр ашгийн 53 хувь нь ногдоно, 47 хувь нь бусад хөрөнгө оруулагч, нөгөө талд ногдоно гэсэн боломж уг нь байгаа юм. Үүнийг бид нэг талаас чамладаг. Нөгөө талаас 34 хувьд ногдох хувиа авах хугацаа хөрөнгө оруулалт нэмэгдээд байхаар хойшлоод байдаг. Тэр хувьд ногдох мөнгийг авах хугацааг наашлуулах, цаашлуулахдаа гол нь биш. Гол нь бид Оюутолгойгоо үр ашигтай болгож, авдаг татвар, төлбөрөө ахиухан аваад явбал 34 хувийг заавал хуваах, оролцох гэх шаардлагагүй байхгүй юу. Бид түүнээсээ илүү төлбөр төлж, илүү хариуцлага хүлээж байна шүү дээ. Экологи, байгаль орчны асуудал гараад ирэхэд бид 100 хувь нөгөө талд үүрүүлж чаддаггүй. Яагаад гээч. “Монголын тал 34 хувийг нь эзэмшдэг. Танайх ч бас үүнийг хариуцна шүү” гэчихдэг.

Хариуцлага ярих болгонд Монголын тал өөрөө хувьцаа эзэмшигч учраас адилхан хариуцлага хүлээнэ гээд нөгөө талын хариуцлагыг тодорхой хэмжээгээр сулруулаад, өрөөсгөл болгодог тал байна. Мөн 1500 метрийн гүнд байгаа зэс, алтны хүдрийн нөөцийг тэдэн граммаар гээд нааш цааш болгох боломж өнөөдрийн геологийн шинжлэх ухаанд хараахан алга. Иймээс тодорхой эрсдэл байгаа юм. Түүнээс болоод заримдаа хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх болдог. Тэр тоолонд манай авах хувьцааны ашиг хойшилдог.

-Дубайн гэрээ байгуулах болсон шалтгаан энэ үү?

-Дубайн гэрээ гээд байна шүү дээ. Ийм учиртай юм. Газрын 1500 метрийн гүнд нэвтрэх малталт хийх явцад нурах дарах эрсдэл гарна. Хатуу чулуулаг байна гэж тооцож байсан газар зөөлөн нуранги үүсэж болно. Эндээс болж ажил саатаж, илүү зардал гарч, ТЭЗҮ-д тохирч тавьсан 6 тэрбум ам.долларт багтахаа болиод, 2-3 тэрбум ам.долларын эх үүсвэр нэмж олж байж босгохоос аргагүйд хүрдэг. Хөрөнгө оруулалт нэмэгдээд байна гэсэн үг. Үүнээс үүдээд зургаан жилийн дараа манайх ашгаасаа хувь хүртээд эхэлнэ гэж бодож байсан чинь 10 жилийн дараа ч юм уу, болж хойшилно. Ингэхээр хэнд таатай байх вэ дээ.

Ашигт малтмалын тухай хуулиар бүтээгдэхүүнээ борлуулах эрхийг нөгөө хөрөнгө оруулагчдад өгсөн. Манайхыг зэс зардаг гэж тэр бүр мэдэхгүй, зах зээлийн үнэ нь ч ямар болох юм билээ. Тэгээд Рио Тинтог танайх борлуулалтаа хийгээрэй гээд л тийш нь өгчихсөн. Үүнээс болж Монголоор бүтээгдэхүүний борлуулалт дамжихгүй байна гэсэн дургүйцэл гардаг юм. Гүйлгээ Монголоор дамжихгүй байна. Гадаадын банкаар яваад байна гээд асуудал болдог. Нөгөөдүүлтэй ярихаар "Танай банкны систем найдвар муутай. Эрсдэлтэй. Тийм учраас энэ том хөрөнгө оруулалт, хөрөнгийн эргэлтийг танай найдвар муутай банкаар дамжуулах эрсдлээс үнэхээр болгоомжилж байна. Түүнээс биш болохгүй юмгүй. Танай банкны систем бэхжээд, найдваржаад ирэхийн үед болохгүй зүйлгүй. Гүйлгээний тодорхой хэсгээс хийж болох юм” гэдэг. Ингээд яриад хөөрөөд байхаар болдог л доо.

Манай Засгийн газар Оюутолгойн талаар Монголын талын сонирхолд төдийлөн нийцэхгүй гэж үзэж байгаа асуудлыг жагсаагаад, шийдвэрлэх дарааллаа тогтоод, энэ асуудлыг жишээ нь, 2020-2021 онд шийдье. Үүнийг нь 2022,2023 оноос хойш ярьж, тодруулж үзье гэж болно шүү дээ. Зэсийн үнэ хэлбэлзээд л байх юм байна шүү дээ. Үнийн хэлбэлзэл харьцангуй тогтворжих супер циклүүдийн үргэлжлэх хугацаа зэргийг харж байгаад ярилцаж хэлэлцье гэсэн зүйлүүд байдаг. Манайхыг огт юунд ч гар хүргэхгүй гэж нөгөө тал хэлдэггүй. Гол нь манайх өөрсдөө мөнгөгүй байж 34 хувь энэ тэр рүү орчихоод хүнд байдалд орлоо шүү дээ. Өр тавиад хүү төлөөд байхаар хүмүүс “Баялгаа нэг өгнө. Дээрээс нь өрөнд орно. Ямар гээч юм болох нь энэ вэ” гэдэг. Тэгэхээр тэр 34 хувийг авах хэрэггүй л байсан.

-Баялгийн эзэн юм чинь монголчууд 34 биш, бүр 51 хувийг эзэмших ёстой гэдэг л дээ, манайхан. Ингэж болохгүй юм уу?

-Авч болох байх л даа, гэхдээ 51 хувийн мөнгөтэй хүн тэр хувийг авна биз дээ. Нөгөө тал “За, мөнгөө тоолоод энд тавьчих” л гэнэ. Тэр мөнгө нь манайд байхгүй. Тэгэхээр Монгол Улс тэр хувь руу орж, тийм их өр тавих шаардлага байгаагүй юм. Бид цагтаа энэ тухай ярьж, хөөрч л байсан. Тэгэхэд л “Тодорхой хэмжээний хувьцаа эзэмших ёстой. Бид энэ юмны эзэн юм байгаа биз дээ” гэдэг юм. Эзэн нь эзэн л дээ. Эзэн хэвээрээ шүү дээ.

Төрд өмчлөх, эзэмших, ашиглах гурван эрх нь байгаа юм. Энэ гурваас ганц шилжүүлж болох эрх бол ашиглах эрхээ тодорхой нөхцөл байдлаар айлд өгч болно. Ийм л юм.

-Үүнийг засах гэхээр хүмүүс нь хэрэгт орчихоод байх шиг?

-Ер нь энэ төслийг тууштай хэрэгжүүлэх гэсэн улсуудыг л хэрэгт хийгээд байгаа юм. Би бол Дубайн гэрээг хийж, мөнгө олж Оюутолгойн зогссон байсан ажлыг гацаанаас гаргах ажлыг хийсэн хүмүүсийг шагнах хэрэгтэй гэж хэлдэг юм. Тэгсэн чинь шоронд хийнэ гэдэг юм байна. Энэ төслийг санаачилсан хүмүүс буруу юм хийсэн гэж байна. Тэгмээргүй байгаа юм. Аливаа шийдэл ардаа тодорхой хэмжээний эрсдэлтэй байдаг. Шийдвэр гаргасан зориг, алсыг харсан хараа, төрийн хүмүүсийн бодлого, шийдвэр бол их зөв байсан шүү.

Тавантолгой дээр ч ялгаагүй. Тавантолгойг 1972 оноос 1989 он хүртэл 20 орчим жил Эдийн засгийн харилцан туслалцах зөвлөлийн гишүүн орнуудтай хамтын хүчээр эзэмшье гэж бид хөөцөлдөөд шийдүүлж чадаагүй. Гэтэл М.Энхсайханы үед гурван орон нийлээд хоёр сарын дотор Тавантолгойг босгоод ирэхээр болсон. Япон нүүрсийг нь авья гээд зах зээлтэй болсон. Хятад хөрөнгийг нь гаргаад, зам тавиад ажиллая гэсэн. Монгол Улс нүүрсээ олборлож гаргаж ирээд ачаад өгч чадна. Ингээд гурван талаас үйлдвэрлэгчтэй, хөрөнгө оруулагчтай, зах зээлтэй болгоё гээд хоёр сарын дотор шийдээд, яг хэрэгжүүлдгийн даваан дээр зогсоочихсон.

Социализмын үед Эдийн засгийн харилцан туслалцах зөвлөлөөр 20 жил хөөцөлдөөд бараагүй юмыг хоёр сарын дотор шийдээд ирэхээр шоронд хийчихлээ. Тийм юм гэж байх уу. Болохгүй шүү дээ.

-Манайхан юмаа хямдхан гаргаад, гаднынханд идүүлээд байна. Нүүрсийг илүү өндөр үнээр борлуулах боломжтой гээд байгаа л даа?

-Зах зээлийн үнийг дагахаас биш, өөрсдөө үнэ тогтоогоод 1000 төгрөгийн үнэтэй юмыг 5000-аар өгнө гээд зүтгэхэд хүн авахгүй биз дээ. Зах зээлийн аяс, ханшийг дагаж л явахаас өөр арга байхгүй.

Манайхан ингэдэг. “Японд нэг тонн коксжих нүүрс 400 ам.доллар байдаг юм байна. Манайх 100 ам.доллар хүрэхтэй, үгүйтэй, 70-80 ам.доллараар өгч байна” гэдэг. Японд болохоор далай, төмөр замаар тээвэрлэсэн бүх тээврийн зардал, даатгал, хамаг юмныхаа өртгийг шингээгээд Японы боомтод буухдаа 400 ам.доллараар бууж байгаа юм. Манайх бас 400 ам.доллараар зарж болно. Тэгвэл бид Тавантолгойгоос хил хүртэл нүүрсээ тээвэрлээд, тэндээсээ Хятадын нутаг дундуур өөрсдийн унаа хөсгөөр яваад, Хятадын усан боомтоор дамжуулж усан замаар Японд хүргээд, энэ бүх тээврийн зардлыг Монгол Улс өөрөөсөө гаргасан цагт 400 ам.доллараар зарж болно. Тэгж зарлагадсан бүх замын зардал, даатгалаа хасаад үзэхээр нөгөө 70 ам.доллар чинь л үлдэх байхгүй юү.

Бид тийм их тээврийн зардал гаргалгүй үйлдвэрийнхээ хашаан дотроос л 70 ам.доллараар зарж байна л даа. Түүнээс биш газар дээрээ 400 ам.доллар хүрч байгаа нүүрс хорвоод байхгүй. Үйлдвэрийн хашаанд, улсын хил дээр, айлын нутгийн боомт дээр гээд тус бүрдээ өөр өөр үнэтэй, тус бүрдээ зардалтай л байдаг. Тийм учраас бид нүүрсээ айлд сул хаяж өгөөд байгаа юм байхгүй. Заримдаа манайхан хоорондоо өрсөлдөнө. Нэг нь 70 ам.доллараар зарж байхад нөгөө нь “Би 55-аар өгнө өө “ гээд сууж байх маягийн. Ингэж бие биеийнхээ бүтээгдэхүүний үнийг унагаад байх юм хүртэл бий. Аль болохоор дотроо бодлого нэгтэй, үнэ ханшаа тохироод, гаднынхантай нэгдмэл байдлаар гэрээ, хэлэлцээ хийдэг бол бас чиг өгөөтэй, аваатай дундаж хавьд байгаад байж болмоор байдаг.

-Тамсагбулагт та дээлээ газрын тосоор мялаасан удаатай?

-“Нефть хөтөлбөр” гэдгийг Ерөнхий сайд байсан Д.Бямбасүрэн бид хоёр бас санаачилсан юм. Нефтийн хайгуул хийлгэх лицензийг нэлээд чөлөөтэй болгож, анх АНУ-ын “Соко интернэшнл” компани лиценз авсан. Цагаан элсний өрөмдлөгийн ажил дээр би очоод “Нефтийн цооногоо амжилттай өрөмдөөд, эндээс нефть оргилж гараад, монголчуудын гоёлын дээлийг мялаах болтугай” гэсэн ерөөл хэлсэн юм. Тэр чинь 1994 он. Түүнээс хойш 1997 онд нөгөө Америк компанийн олборлож байсан Тамсагийн 22 дугаар цооногоос нефть оргилов оо. Тэгээд би очиж дээлээ мялаалаа. “Би өмнө нь тэгж хэлж байсан. Одоо олон түмнээ төлөөлж дээлээ мялаая” гээд.

Ерөөсөө нефтийнхний мэргэжлийнхний ёс уламжлал юм даа. Оргилж байгаа газрын тос руу орж хувцсаа буддаг заншилтай. Тэр цооногоос одоо хүртэл нефть авч байгаа.

-Анх тэнд АНУ-ын компаниуд яаж орсон түүхтэй вэ?

-Би АНУ-д анх Ерөнхийлөгч Ж.Буштай /эцэг/ уулзаж хёр талын харилцаа тогтоох талаар ярилцаж байхдаа нефтийн салбарт хамтран ажиллах бололцоотой юм гэж хэлж байсан. Гадаад харилцаагаа өргөтгөх гэж, АНУ-ын сонирхлыг манайд татах юм юу билээ гэхээр нефть байсан. Тэгээд сүүлд “Соко инэтернэшнл” компани лиценз авч орсон түүхтэй.

-Мэргэжлийн хүний тань хувьд асууя. Дорноговийн Улаанбадрах сумын хүн, мал уранд хордлоо гэсэн яриа гардаг. Үнэхээр тийм хэмжээний хордлого тэр бүсэд байна уу?

-Сая комисс яваад, үзээд, шалгаад байхгүй гэж ирлээ шүү дээ. Мэргэжлийн хүмүүсийн үнэлгээнд би бол итгэж байгаа. Яг байдал дээрээ Улаанбадрахад байгаа худгийн усан дахь ураны агуулга Улаанбаатарын ойролцоох худгийн усны ураны агуулгаас бага. Москвагийн А.С.Пушкины хөшөөний хавийн ураны агуулга хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхээр байна л гэж гарсан байгаа шүү дээ. Ер нь ураны агуулга дэлхийд их нийтлэг, тархмал эд л дээ. Шар нунтаг гээд нэг юм байна шүү дээ. Би Казахстанд очоод тэр шар нунтаг ачсан чингэлэг дээр гараад дээрээс нь харж, хүмүүстэй нь яриад зогсож л байсан. Тэнд хүмүүс ажиллаж л байсан. Тэр нунтгийг 200-гийн торхонд хийж эмжиж гагнаад Хятад руу гаргадаг юм билээ.

Хэрэг дээрээ тийрэлтэт онгоцонд суугаад явж байгаа хүмүүсийн авдаг цацрагийн хэмжээ 100-гийн торхонд хийгээд тавьсан шар нунтгийн хажуудахаас илүү.

П.Очирбат: Улс орон тарчиг байх үед ямар ч нөхцөлд үнэ цэнээ хадгалж үлдэх валют нь алт л байсан

2020-10-21 14:57:22
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 1
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-10-22 16:21:04
    ?????: Петрочайна Дачин Тамсаг -ийн учирын ол Ямар шуналтай юм бе Өчнөөн жил Хятадруу зөөсөн
Шинэ мэдээ