Лхагва, 2024-04-24
Б.Алтангадас: "Будаг нь ханхалсан шинэ анги" гэдэг бол яг үнэндээ хортой ОРЧИН шүү дээ

Дотоод орчны агаарын бохирдлыг үүсгэгч хүчин зүйл болон түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар “Ногоон титэм” байгаль орчны шинжилгээний лабораторийн ерөнхий менежер Б.Алтангадастай ярилцлаа.
 
-Дотоод орчны агаарын бохирдол гэж юу вэ. Бид яагаад үүнд анхаарах нь чухал вэ?
 
-Дотоод орчны агаарын бохирдол гэдэг нь бидний амьдарч буй гэр орон, ажлын байр, сургууль, цэцэрлэг, эмнэлэг зэрэг барилгын дотоод орчны агаарт хими, физик, биологийн гаралтай бохирдуулагчид ямар нэгэн хэлбэр, хэмжээгээр байхыг хэлдэг. Дотоод орчны бохирдол нь гадаад орчны агаар, барилгын материал, агааржуулалт зэрэг олон хүчин зүйлсээс хамаарна. Бидний амьдарч буй нийслэл гадаад орчны агаарын бохирдол өндөр хотуудын нэг. Сүүлийн жилүүдэд зарим нэг арга хэмжээ авснаар тодорхой хэмжээнд буурч байна.
 
Хүн өдрийн 90-ээс дээш хувийг гэр болон ажил, үзвэр үйлчилгээний газар зэрэг дотоод орчинд өнгөрөөдөг. Гэтэл бид гадаад орчны агаарын бохирдолд анхаардаг шигээ дотоод орчноос үүсэж буй агаарын бохирдолд төдийлөн анхаарал хандуулахгүй байна. Дотоод орчны агаарын бохирдол иргэдийн боловсрол, амьжиргааны түвшин, ядуурал зэрэг олон хүчин зүйлээс хамааралтай. Өөрөөр хэлбэл улс орны хөгжлийн түвшнийг харуулах нэг үзүүлэлт болдог. Тухайлбал, дотоод орчны агаарын бохирдол өндөр байх нь нийгмийн эрүүл мэнд, эдийн засагт асар их хохиролтой.
 
Учир нь нэгдүгээрт, хүн ихэнх цагаа дотоод орчинд өнгөрүүлдэг тул гадна орчноос илүү дотоод агаарын бохирдолд нэрвэгдэж, түүнтэй холбоотой өвчлөлд хөрөнгө санхүү, цаг зав, бие махбодоороо хохирч байдаг. Хоёрдугаарт, хүүхэд бага наснаасаа эхлэн амьдралынхаа туршид хордох суурь нөхцөл дотоод орчинд үүсэж буй юм.
 
Үүнтэй холбоотойгоор сүүлийн жилүүдэд ялангуяа хүүхдүүд янз янзын харшил, эрхтэн системийн өвчлөл, хорт хавдарт өртөж буйд нөлөөлөх хүчин зүйл байж болзошгүй. Дээрээс нь мэдрэлийн системд нөлөөлдөг хорт бодисыг дотоод орчинд бохирдол үүсгэгчид ихээр ялгаруулдаг. Үүнээс шалтгаалан хүүхдийн сурах идэвх буурах, ойлгоц удаашрах зэргээр боловсролын чанар, цаашлаад нийгэм, эдийн засагт томоохон нөлөө үзүүлнэ гэж үздэг.
 
-Дотоод орчны бохирдлыг тодорхойлсон судалгааны үр дүнгээс танилцуулахгүй юу?
 
-Манай улсад 2000-аад оноос эхлэн агаарын бохирдлын судалгааг эрчимтэй хийж эхэлсэн. Нийгэм, эрүүл мэндийн сөрөг нөлөөллийг бууруулахын тулд дотоод орчны агаарын бохирдлыг зайлшгүй бууруулах шаардлагатай. Төрөөс дотоод орчны агаарын бохирдлыг бууруулах талаар дорвитой хийсэн ажил алга гэхэд хилсдэхгүй.
 
АШУҮИС, МУИС, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв зэрэг судалгааны байгууллагууд дотоод орчны агаарын бохирдлын судалгааг хийсээр ирсэн. Гэвч эдгээр судалгааны үр дүнг үндэслэн төрийн бодлого болгож, хэрэгжүүлэх тал дээр их дутагдалтай санагддаг.
 
 
Өндөр хөгжилтэй орнууд хурц үнэртэй бүтээгдэхүүнээс татгалзах хандлагатай болсон.
 
Бидний өнгөрсөн зургаан жилийн шинжилгээний үр дүнгүүдийг харахад шинээр ашиглалтад орсон болон орон сууцны их засварын дараах шинжилгээгээр формальдегид, дэгдэмхий органик бохирдуулагчид зэрэг бодисууд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас тогтоосон зөвлөмж, хэмжээнээс хэтэрсэн тохиолдлууд элбэг байна. Мөн хар тугалга зэрэг хүнд металлууд хуучны барилгуудаас илэрдэг.
 
Дотоод орчны агаарын бохирдол улс орны хөгжлийн түвшнээс шалтгаалан ялгаатай. Хөгжингүй орнууд дотоод орчны бохирдлын асуудлыг төрийн бодлогодоо тусган, стандарт, хяналт, тогтолцоогоо өөрчлөн шийдсэн байдаг. Тухайлбал, барилгын материалын үйлдвэрлэл, импорт, барилгын дүрэмдээ хүртэл нарийн шаардлага тавьж, хэрэгжүүлдэг. Харин манай улсад одоо л суурь судалгааны мэдээлэлтэй болох эхлэл тавигдаж байна.
 
-Дотоод орчны бохирдол үүсгэдэг гол хүчин зүйл юу вэ? 
 
-Гадаад орчны агаарын бохирдол байнга их байдаггүй. Өглөө оройдоо их, өдөртөө багасаж, өөрчлөгддөг бол дотоод орчнынх агаарын солилцооноос шалтгаалан эргэлт багатай. Дотоод орчин дахь тавилга, барилгын материалаас ялгарч буй хорт бодис тогтвортой буюу байнга ялгарна. Тухайн эх үүсвэр дотроо байгаа тохиолдолд буюу эд зүйлсээс ялгарч дуустал 2-3 жилийн туршид ч үргэлжилнэ гэсэн үг.
 
2018 онд Барилга хот байгуулалт болон Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар дотоод орчинд барилгын материалаас ялгарах хорт бодисын зөвшөөрөгдөх хэмжээг зааж өгсөн.
Энэ хэмжээгээр хүн хордоно. Жишээлбэл, ажлын байранд амралтын өдрүүдэд нэг тавилга, ханын хэсгийг будчихдаг. Эсвэл сургуульд жил бүр хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө урсгал засвар хийдэг. Бид будаг нь ханхалсан шинэхэн анги хүүхдээ хүлээж авч байна гэж ярьдаг. Гэтэл энэ нь хүний эрүүл мэндэд хортой орчин гэсэн үг. Дээрээс нь хүүхэд багачууд нь насанд хүрэгчдийг бодвол биеийн жин бага, цусны эргэлт, бодисын солилцоо хурдан тул хортой бодисыг илүү эмзгээр хүлээн авдаг. Үнэр ялгаруулах тусам хорт бодис ихээр тархаж байна гэсэн үг юм. Олон улсад үүнийг sick building syndrome гэдэг.
 
Сүүлийн жилүүдэд өндөр хөгжилтэй орнууд хурц үнэртэй бүтээгдэхүүнээс татгалзах хандлагатай болсон. Манай улсад өмнө нь дотоод орчны агаарын бохирдлыг тодорхойлох, лаборатори, эрдэм шинжилгээний төвүүд байгаагүй. Зарим нэг хүнд нөхцөлд тооцогддог ажлын байранд л тусгайлан хэмжилт хийх арга, зохицуулалт байсан. Харин хүний амьдрах орчны агаараас дээж авч шинжилдэг тогтолцоо байхгүй. Одоо үүнийг хийж эхэлж буй нь олзуурхууштай юм.
 
Өмнө нь дотоод орчны агаарын бохирдолд тавих стандарт сул байсан. Дотоод орчинд ашиглах тавилга, угаалгын бодис, хивс, барилгын материалаас ялгарах бодист тавигдах зохицуулалт байдаггүй. Харин 2018 онд Барилга хот байгуулалт болон Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар дотоод орчинд барилгын материалаас ялгарах хорт бодисын зөвшөөрөгдөх хэмжээг зааж өгсөн.
 
-Иргэд дотоод орчинд агаарын бохирдол байгаа эсэхийг яаж мэдэх вэ. Мэргэжлийн лабораторид хандахаас гадна ямар боломж байна вэ?
 
-Таны гэр болон ажлын орчинд хурц үнэртэй зүйл байна уу, хамар залгиурт цочрол өгч байгаа эсэхийг анзаарах хэрэгтэй. Мөн нүд аргах, нулимс гарах, бие загатнах, биеэр юм туурах шинж тэмдэг илэрнэ. Дотоод орчинд бохирдол үүсгэгч нь үнэртэй, үнэргүй гээд олон янз. Тухайлбал сүүлийн жилүүдэд эрсдэл үүсгээд буй угаарын хий ямар ч үнэр, өнгөгүй, шууд үхэлд хүргэдэг хамгийн аюултай хий. Дотоод агаарын чанар ямар байгааг хамгийн түрүүнд шинжилж байж л мэднэ.
 
Гэхдээ үүнээс өмнө иргэд энэ талаар мэдлэгтэй байх нь чухал. Тухайлбал, удаан хугацаанд хордуулдаг бодис ихэвчлэн үнэртэй байдаг. Улмаар хамар залгиур, мэдрэлийн системд цочрол өгдөг гэдгийг мэдэж байхад илүүдэхгүй. Угаарын хий, азотын давхар исэл зэрэг нь мэдэгдэхгүй. Тиймээс нэгдүгээрт дотоод орчинд буй агаар бохирдуулагч эх үүсвэрүүдээ мэддэг байх хэрэгтэй. Харин үүний дараа мэргэжлийн байгууллагад хандаж ямар бодис ялгарч буйг шинжлүүлж болно.
 
-Иргэд энэ талаар хэр мэдээлэлтэй байна гэж та боддог вэ. Тухайлбал танайхаар гэрийнхээ дотоод орчинд шинжилгээ хийлгэх хүсэлт хэр ирж байна вэ?
 
-Иргэдээс ийм хүсэлт их ирдэг болсон. Шинэ тавилга авах, гэртээ засал хийх, зуслангийн байшингаа шинэчилсэн тохиолдолд дотоод орчны агаарын чанарыг шинжлүүлдэг. ДСП, ОСБ хавтангаар байшингаа доторлох, шинэ тавилга хийлгэтэл үнэр гараад байна гэх дуудлага бидэнд олон ирдэг. Очоод шинжлэхэд формальдегид, бензол, этилбензол зэрэг цус, уушги, хамар, залгиурын хорт хавдар үүсгэдэг аюултай бодисууд зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтэрсэн байх нь олон. Энэ тохиолдолд тухайн эх үүсвэрийг зайлшгүй солих, хор багатай зүйлээр солих, бүрэхийг зөвлөдөг.
 
-Шинэ тавилгаас үнэр ялгарч байгаад гайгүй болчихдог гэж ойлгох хандлага бий. Тавилгаас хэр хугацаанд үнэр ялгардаг юм бол?
 
-Ихэнх тавилгын материалыг модны үйлдвэрийн хаягдлыг шахан, цавуугаар барьцалдуулдаг. Ингэхэд цавууных нь гол түүхий эд болох уусгагч нь формальдегид гэдэг хортой бодис юм. Энэ нь чанарын шаардлага хангаагүй тавилгад байдаг. Удаан хугацааны туршид бага багаар ялгараад л байна гэсэн үг. Бүр үнэргүй болтлоо хэдэн жил болно. Формальдегид ялгаруулдаггүй тавилга манай улсын зах зээлд мэдээж байдаг. Тавилгын материалд тавигдах шаардлага гэж бий. Европын холбооны стандарт маш өндөр.
 
 
Манай улсад энэ чиглэлийн зохицуулалт байхгүй. Тиймээс хэн дуртай нь хар тугалга, бензолтой будаг Эрээнээс авчраад сургуулийн хүүхдийн ширээг будчихдаг байж болзошгүй.
 
Сүүлийн жилүүдэд манай урд хөршийн стандарт дэлхийд хүлээн зөвшөөрөгдөх түвшинд ирсэн. Гэхдээ хуучин, хямд технологи, түүхий эдээр бүтээгдэхүүн хийж буй үйлдвэрүүд нь Монгол, Вьетнам, Лаос, Тажикстан зэрэг буурай орнууд руу тавилга, материалаа “шахдаг” байдал ажиглагддаг. Манай улс барилга, тавилгын материалын 80 хувийг урд хөршөөс авч байгаа. Гол нь БНХАУ-ын стандартын шаардлага хангасан материалаар хийсэн тавилгыг сонгох хэрэгтэй юм. Түүнчлэн манай улсад энэ чиглэлийн зохицуулалт байхгүй.
 
Тиймээс хэн дуртай нь хар тугалга, бензолтой будаг Эрээнээс авчраад сургуулийн хүүхдийн ширээг будчихдаг байж болзошгүй. Энэ тохиолдолд хүүхдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, сурах үйлд хоцрогдол үүсэх магадлалтай. Тэгэхээр барилгын материалаас ялгарах стандарт, тэр дундаа будганд тавих стандарттай болох ёстой. Сургууль, цэцэрлэг, эмнэлэг гэрийн нөхцөлд ашиглах барилгын бүх төрлийн материалд нарийн шаардлага тавих ёстой юм.
 
 
АРИУН ЦЭВРИЙН ӨРӨӨНД ҮНЭРТҮҮЛЭГЧ ИХ ЦАЦДАГ. ЭНЭ НЬ АГААРЖУУЛАГЧ БИШ
 
-Гэрийн нөхцөлд өөр ямар эд, зүйлсэд эрүүл ахуйн стандарт зайлшгүй тавих ёстой вэ?
-Хивс, дорож, буйдан, тусгаарлах материал, хүүхдийн тоглоом, цонх, шал, тавилгад байх ёстой. Саяхан манайх дотоодын үйлдвэрийн буйдан худалдаж авсан юм. Дэр болон зөөлөвч материалаас үнэр гараад байхаар нь шинжилгээ хийж үзэхэд хортой бодис их хэмжээгээр илэрсэн. Манай улсад үүн дээр тавих стандарт байхгүй. Одоогоор Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв дээр ажлын хэсэг гарган стандартын төсөл дээр ажиллаж байна. Мөн бид барилгын мэргэжлийн холбоодтой хамтраад Барилга, хот байгуулалтын яаманд хандаж, 2021 оны стандарт боловсруулах төлөвлөгөөнд 13 төрлийн барилгын материалаас ялгарах хорт бодисын зөвшөөрөгдөх хэмжээг тогтоох төслийг боловсруулж, санал оруулсан.
 
-Ахуйн хэрэглээний бодисоо зөв сонгоход юуг анхаарах вэ?
 
-Үүн дээр, ялангуяа бага насны хүүхэдтэй гэр бүл химийн найрлага орсон бодисыг хэрэглэхээс зайлсхийх нь зүйтэй. Энгийнээр хэлэхэд хурц үнэртэй зүйлсийг бага ашиглахыг хичээх хэрэгтэй. Ариун цэврийн өрөөнд үнэртүүлэгч их цацдаг. Энэ нь агааржуулагч биш юм. Энгийнээр таагүй үнэрийг хурц үнэрээр дарж буй үйл явц. Үүний оронд үнэр багатай халдваргүйжүүлэх бүтээгдэхүүн хэрэглэж болох юм. Аяга таваг угаагчийн оронд контентраци багатай, давс, нимбэгийн уусмалыг сонгоорой. Аль болох байгалийн гаралтай шингэн сонговол хүний биед хуримтлагдах хорт бодисын хэмжээ бага байхад нөлөөлдөг. Ахуйн хэрэглээнд бид маш олон төрлийн бодис хэрэглэдгээ анзаардаггүй. Аль болох хурц үнэртэй бодис сонгохоос зайлсхийх нь зүйтэй болов уу. Мөн дорож, хивсэнцэр нь синтетик материалыг цувж хийдэг, галд болон хуйлах зэрэг механик үйлдэлд тэсвэртэй болгохын тулд химийн бодисууд нэмдэг гэдгийг мэдэхэд илүүдэхгүй биз ээ. 
 
СҮРЧГИЙГ ӨДӨР БҮР ТУНГ НЬ ХЭТРҮҮЛЖ ХЭРЭГЛЭВЭЛ ХОР БОЛНО
 
-Ингэхэд үнэртэй ус дотоод орчны бохирдуулагч хүчин зүйл мөн үү?
 
-Мөн. Хүүхдийнхээ хажууд үнэртэн, цацлага бүү хэрэглэ. Үнэртэн нэг талаараа хүнийг тайвшруулдаг, гоо зүйн хувьд таашаал өгдөг. Гэвч өдөр бүр, их хэмжээгээр хэрэглэвэл хор болно. Хор судлалын шинжлэх ухааны загалмайлсан эцэг гэгддэг Парацелс “Тун нь хэтэрвэл хор” гэж хэлсэн байдаг. Таатай үнэртэй өрөөнд нэг удаа цаг суугаад гарахад гайгүй ч тухайн орчинд өдөр бүр, удаан хугацаагаар байх нь эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлнэ.
 
-Худалдан авалт хийхэд бараа бүтээгдэхүүнд эрүүл ахуйн шаардлагыг хангасан гэсэн ямар тэмдэглэгээ байдаг вэ?
 
-Албан ёсны худалдаалагч байгууллагууд тухайн улсын стандартыг хангасан гэсэн мэдээллийг ил байрлуулсан байдаг. Тухайлбал, Европын холбооны E0, E1, E2, F4 гэх зэрэг стандартууд бий. Е0, Е1 шаардлага бол хамгийн сайн чанартайг илтгэнэ. Хэрэглэгчид улс улсын стандартыг мэддэг байхад илүүдэхгүй. Япон, БНСУ-д барилгын материал, тавилгаас ялгарах хортой бодист тавигдах хяналтын тогтолцоо өндөр хөгжсөн. БНХАУ шийдэхээр олон ажлыг өрнүүлж байна. Саяхан тус улсад шинээр ашиглалтад орсон байранд формальдегид их хэмжээгээр ялгарснаас үүдэн тус улсын иргэн цусны хурц хорт хавдраар /маш богино хугацаанд/ нас барсан тохиолдол гарсан.
 
Манай улсын хувьд хэлэхэд хувь хүмүүсийн оруулж ирж буй барилгын материал ихэнх нь эрүүл ахуйн шаардлага хангадаггүй. Учир нь тэд Эрээнээс баталгаагүй дэлгүүр, хувь хүнээс авчихдаг. Энэ нь хаана яаж хийсэн нь мэдэгдэхгүй, чанарын шаардлага хангахгүй материал байх нь олонтаа. Ихэвчлэн хямд, хэврэг орлуулагч ашигласан байх магадлалтай.
 
-Манай улс дотоод орчны агаарын чанарыг сайжруулахад бодлогын түвшинд ямар арга хэмжээ авах шаардлагатай вэ?
 
-Хилээр оруулж буй барилгын материалд чанарын болоод тохирлын гэрчилгээ олгож, өндөр эрсдэлтэй ангилалд оруулж, хатуу хяналт тавих шаардлагатай. Одоогоор манай хуульд барилгын материалыг бага эрсдэлтэй ангилалд оруулсан байдаг юм. Барилгын материал эрүүл ахуйгаас гадна чанарын өндөр шаардлагыг хангах учиртай. Бага зэргийн газар хөдлөлтөөр нурчихвал хэр их хохирол дагуулах вэ гэдгийг бодолцох ёстой.
 
 
Агааржуулагчийн шүүлтүүрийг хугацаанд нь солихгүй бол бүр их бохирдол үүсгэж мэднэ
 
Мөн сургууль, цэцэрлэг, эмнэлгийн урсгал засвар хийх тендер зарлахад хамгийн бага төсөв гаргасан компанийг шалгаруулчихдаг. Үүнийг болих хэрэгтэй. Тухайн компани хамгийн хямд, чанаргүй будаг, цавуу, эмульс, материал сонгох магадлалтай. Энэ үйл явц дээр маш сайн хяналт тавих ёстой. Бараа худалдан авахаас эхлээд гүйцэтгэлдээ чанарын шаардлага хангасан бүтээгдэхүүн ашиглаж буй эсэхийг шалгах чухал. Түүнчлэн ЕБС-д албан боловсролын хөтөлбөрт хүний эрүүл аж төрөх наад захын мэдлэгийг олгох агуулгын багтаах нь маш чухал. Хоол хийх сав суулгаа зөв сонгохоос нийтийн боловсрол эхэлнэ шүү дээ. Энэ бүх мэдлэгийг хүүхдэд багаас нь системтэйгээр олгох нь чухал. Хүн болгон хор судлаач байх албагүй, химийн хичээл үзэх боломжгүй байж болно.
 
-Дотоод орчны агаарын бохирдолтой үед агаар цэвэршүүлэгч хэрэглэх нь хэр үр дүнтэй вэ?
 
-Агаар шүүгч хэрэглэх нь үр дүнтэй. Гэхдээ үүнийг зааврын дагуу зөв ашиглах ёстой. Шүүлтүүрийг хугацаанд нь солихгүй бол бүр их бохирдол үүсгэж мэднэ. Мөн цонхоо хаалттай удаан ажиллуулж болохгүй. Учир нь тодорхой хугацааны дараа гэр доторх агаарыг цэвэршүүлчихнэ, үүний дараа гаднаас байгалийн агаар оруулах ёстой юм.
 
-Шинэ байр авч буй иргэд эрүүл ахуй, стандартын шаардлага хангасан эсэхэд яаж хяналт тавих вэ?
 
-Иргэд наанадаж 70,80 саяас дээш төгрөгөөр, зарим нь урт хугацааны ипотекийн зээлээр байр авдаг. Сарын орлогынхоо тэн хагас хүртэл хэмжээний мөнгийг, нийт амьдралынхаа гуравны нэг буюу 20 хүртэл жилийг орон сууцны зээлээ төлөхөд зарцуулдаг. Орон сууц нь хүний хамгийн том хөрөнгө оруулалт, худалдан авалт юм. Гэтэл хүмүүс ийм их мөнгөөр өөрсдөдөө хортой бодис худалдаад авчихдаг. Тиймээс 200, 300 саяар үнэлэгдэж буй байр тань таны эрүүл мэндийг эргээд хохироохооргүй, олон улсын стандартын дагуу баригдсан байх нь чухал. Тавилгууд мөн адил. Иймд тухайн байрыг ашиглалтад оруулахад мэргэжлийн хяналтын байгууллагаас хийсэн шинжилгээ, дүгнэлтийг үзэх хэрэгтэй. Энэ бүхэн чанарын шаардлага хангах тусам хүний амьдралын орчин сайжирч, тухтай, аюулгүй болно шүү дээ.
 
-Ярилцсанд баярлалаа.
Эх сурвалж: gogo.mn
 

Б.Алтангадас: "Будаг нь ханхалсан шинэ анги" гэдэг бол яг үнэндээ хортой ОРЧИН шүү дээ
2020-11-05 10:08:24
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0