Баасан, 2024-04-19
П.Очирбат: Оюу толгойн гэрээнд өөрчлөх зүйл цөөнгүй бий. Гэхдээ цуцалж болохгүй

АРДЧИЛСАН НИЙГЭМД УЛС ТӨРИЙН ХОРИГДОЛ БАЙХ УЧИРГҮЙ
 
Монгол Улсын Ерөнхийлөгч асан П.Очирбаттай ярилцлаа.
 
-Таныг Ерөнхийлөгчөөр ажиллаж байх үед анхны Үндсэн хууль батлагдсан. Анхны Үндсэн хуулийг өлгийдөж авсан хүмүүсийн нэг нь яах аргагүй Та. Тиймээс Үндсэн хуульд 2019 онд нэмэлт, өөрчлөлт оруулсан хуулийн талаар таны байр суурийг тодорхой сонсмоор байна л даа. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн алдаа, оноог та юу гэж харж байна вэ?
 
-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд алдаа ч бий, оноо ч бий. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт нэгэнт батлагдаад мөрдөгдөж эхэлсэн учир одоо илүү дутуу олон юм яриад яах вэ. Хууль хэрэгжих явцад алдаа оноо нь илрэх биз ээ. Ганцхан зүйлийг хэлье. Үндсэн хуулийн гучдугаар зүйлийн 2 заалтыг өөрчилсөн атлаа түүнийг хэрэгжүүлэх хуулийн зохицуулалтыг Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулиндаа хийж өгөөгүй байна. Үүнээс үүдэн Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа зохицуулагдаагүй, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу Ерөнхийлөгчийн сонгуулийг явуулах хугацааг хуулиар зохицуулаагүй орхисноос уг сонгуулийг 2021 оны зургадугаар сарын 9-нд хийх тухай УиХ-аас гаргасан тогтоол Үндсэн хуулийн эрх зүйн үндэстэй эсэх нь маргаантай байна. Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн 2019 оны арваннэгдүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн энэ хуулийг дагаж мөрдөхөөр заасан. (шилжих журмын 5 дугаар зүйл) Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хэрэгжүүлэх асуудалд хуулийн тусгайлсан зохицуулалт хийгдээгүй учир гурван янзын ойлголт гарч байна.
 
Нэгдүгээрт, Ерөнхийлөгчийн дөрвөн жилийн бүрэн эрх хоёр жилээр нэмэгдэж 2023 он хүртэл зургаан жил болж үргэлжлэх. Хоёрдугаарт, Ерөнхийлөгчийн өмнөх бүрэн эрх 2019 оны арваннэгдүгээр сарын 26-ны өдрөөр дуусгавар болсон байх мэт. (Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөж эхлэх) Гуравдугаарт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай УИХ-ын 2021 оны 07 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх асуудлууд үүсээд байна. Энэ бол Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн алдаа юм. Ингээд тоочвол цөөнгүй юм бий.
 
 
-Саяхан Шүүхийн тухай хууль батлагдлаа. Үүнд та ямар байр суурьтай байна вэ?
 
-Шүүхийн тухай хуулийг тойрсон маргаан мэтгэлцээн явагдаж л байх шиг байна. Уг нь Үндсэн хуулийнхаа зарчмыг л баримтлах ёстой. Засаглалын эрх мэдэл хуваарилах Үндсэн хуулийн үзэл баримтлалаар бол Хууль тогтоох, Гүйцэтгэх, Шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх харилцан хамааралтай, харилцан хяналттай Төрийн эрх мэдэл гэсэн нэг л үндэстэй, нэг л модноос салаалсан гурван мөчир байх учиртай юм. Гэтэл шүүх эрх мэдлийг нөгөө хоёр нь (УИХ, Засгийн газар) мэдэлдээ авчихсан үйл ажиллагаа, бүтэц зохион байгуулалт, хүний нөөц, шүүгчийн асуудлыг нь хүртэл шийдвэрлэх, зохицуулах санаатай байгаа юм уу даа. Ингэж болохгүй л дээ. «Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ», «Шүүгч хараат бус байж гагцхүү хуульд захирагдана» гэж Үндсэн хуульд заасан байгаа. «...хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн» гэсэн суурь зарчим Үндсэн хуульд байгааг яагаад мөрдөхгүй, биелүүлэхгүй байна вэ. Судалгаанаас үзэхэд шүүгчид нэг л ноцтой дутагдал дурдагджээ. Тэр нь авлига. Авлига өөрөө шударга бусыг дагуулдаг. Энэ л шүүх эрх мэдлийн нэр хүндэд сөргөөр нөлөөлөөд байна. Үүнээс салах хэрэгтэй.
 
-Одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулгын явуулж байгаа үйл ажиллагаанд та ямар байр суурьтай ханддаг вэ. Ийн асууж байгаа учир нь нийгмийн нэг хэсэг нь Ерөнхийлөгчийг магтаж, нөгөө хэсэг нь Х.Баттулга шиг муу хүн байхгүй мэтээр хандаж байна?
 
-Ерөнхийлөгчийг магтах, муулахын аль аль нь байдаг л зүйл шүү дээ. Үүнд эмзэглээд, эсвэл хөөрөөд байх шаардлагагүй. Ерөнхийлөгч хүн өргөсөн тангарагтаа үнэнч, ард түмнийхээ аж амьдрал, сэтгэл санааг мэдэж эзэмдэж, эв нэгдлийг нь дээдлэн хүндэтгэж, энгийн даруу байх нь өлзийтэй.
 
-Оюу толгойн гэрээнд таны байр суурь ямар байдгийг Монголын ард түмэн сонирхож байгаа нь дамжиггүй. Оюу толгойн гэрээг цуцлах ёстой юу, эсвэл гэрээнд нэмэлт, өөрчлөлт хийх хэрэгтэй юү?
 
-Оюу толгойн гэрээнд өөрчлөх зүйл цөөнгүй бий. Харилцан ашигтай байх зарчим хангагдаагүй заалтууд ч бий. Гэрээг цуцалж болохгүй. Гэрээнд өөрчлөлт оруулах хэрэгтэй. Миний хувийн бодол бол үйлдвэрээ иж бүрнээр нь бариулчихаад гэрээгээ өөрийнхөө нөхцөл шаардлагын дагуу өөрчлөх хэрэгтэй гэж боддог. Бид Эрдэнэтийн гэрээнд таван удаа өөрчлөлт хийж санасандаа хүрч байсан юм шүү дээ. Аливаа хамтын ажиллагаа харилцан ашигтай байх зарчим дээр тулгуурлагдах ёстой нь мэдээж хэрэг.
 
-Төрөөд удаагүй эх, нярайд хүндэтгэлгүй хандсан хэмээн У.Хүрэлсүхийн Засгийн газар өөрийн хүсэлтээр огцорлоо. Энэ ер нь сайн жишиг үү. У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцорсонтой холбоотой нийгэмд олон зүйл яригдах юм. Цар тахал улам газар авч эхлэхээр нь зугтчихлаа гэж байна?
 
-Засгийн газрууд хариуцлагаа хүлээж огцордог л доо. Хүрэлсүхийн Засгийн газрын огцролт анхных биш. Эрх мэдэл нь хэтэрчихээд, хэтэрхий дураараа аашилчихав уу даа гэж бодогдсон доо.
 
-2016, 2020 оны УИХ, орон нутгийн сонгуульд Ардчилсан нам ялагдал хүлээлээ. Та АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж, иргэд олон нийтээс сонгогдож байсан хүний хувьд АН-ын цаашдын ирээдүй хувь заяаг хэрхэн харж байна?
 
-Харамсалтай байна. Уг нь Ардчилсан нам Монголын ардчиллын улс төрийн баталгаа байх ёстой юм. Нийгмийн өмнө хүлээх энэ хариуцлагаа бүрэн ухамсарлаж Ардчилсан нам Монголын улс төрийн хүчний лидер байх байрандаа эргэж ирнэ гэдэгт эргэлзэхгүй байна.
 
-Ер нь уул уурхай Монголын нийгэмд орж ирснээс хойш монголчууд дээр дооргүй “хүн”-ээ алдав уу. Монголд баялгийн хараал гэгч нь хүрээд байна уу. Ийн асууж байгаа шалтгаан нь Та хамгийн анх “Алт” хөтөлбөрийг хэрэгжүүлж байсан хүн шүү дээ?
 
-Уул уурхай Монголын нийгэмд орж ирээд 100 жил болж байна. 1922 онд налайхын нүүрсний уурхайг өргөтгөн Улаанбаатарын нэгдүгээр цахилгаан станцтай хослуулан нийслэлийн түлш, эрчим хүчний анхны цогоцлборыг үүсгэж нийслэлээ түлш, цахилгаан, дулаанаар хангаж, Аж үйлдвэрийн комбинатын үүсэл хөгжлийн эх сурвалж болж байлаа. 30-40-өөд онд жонш, гянтболд, цагаан тугалгын ордуудын геологи хайгуулын ажлыг эрчимтэй хийж Совмонголметалл нийгэмлэгийг байгуулан Дожир, Ямаат, Түмэнцогт, Егөзөр, Бэрхийн уул уурхайн үйлдвэрүүд байгуулагдаж, бүтээгдэхүүнээ ЗХУд гаргадаг байлаа. 4050иад онд нефтийн хайгуул хийж Зүүнбаянгийн нефть боловсруулах үйлдвэрийг барьж дотоодынхоо бензиний хэрэгцээг хангадаг байлаа. 6070аад онд Шарын голын нүүрсний уурхай, Дархан хотын цахилгаан станц баригдаж Төвийн бүсийн түлш, эрчим хүчний шинэ цогцолбор сүндэрлэн босож аж үйлдвэрийн шинэ төвүүд хөгжлөө. 19701980аад онд Толгойтын алтны үйлдвэр, Бэрх, БорӨндөрийн жоншны үйлдвэрийг нэгтгэсэн Монгол-Зөвлөлтийн хамтарсан аж ахуйн нэгдэл Монголросвцветмет байгуулагдлаа. Мөн энэ үед Эрдэнэтийн зэс молибдений уулын баяжуулах Монгол-Зөвлөлтийн хамтарсан үйлдвэр, Монгол-Чехословакийн хамтарсан Монголчехметалл цагаан тугалгын үйлдвэр, Монгол-Болгарын хамтарсан Монголболгарметалл алтны үйлдвэр, Монгол-Унгарын хамтарсан Цагаан даваагийн уулын баяжуулах үйлдвэрүүд баригдаж ашиглагдаж байлаа. Мөн Багануур, Шивээ-Овоогийн нүүрсний ил уурхай, Улаанбаатарын ТЭЦ3, ТЭЦ4 түлш, эрчим хүчний цогцолбор байгуулагдлаа. 1990-2000 онуудад Бороогийн алтны үйлдвэрийг Канад улстай, Ухаа худаг, Баруун наран, Нарийнсухайтын нүүрсний үйлдвэрүүдийг Энержи Ресурс, МАК зэрэг үндэсний компаниуд барьж байгуулж нүүрс экспортолж байна. 2000-2020 онд Таван толгой, Оюу толгой, Эрдэнэтийн өргөтгөл зэрэг мега төслүүд хэрэгжиж Монголын уул уурхайн аж үйлдвэр дэлхийн хэмжээнд үнэлэгдэх болж экспортын бүтээгдэхүүний нэр төрөл, тоо хэмжээ эрс нэмэгдэж Монголын амьдрал уул уурхай дээр тулгуурлаж байна. Алдагдал, хаягдал нөөц баялгаа алт, мөнгө болгон хувиргах технологийн шинэчлэл хийгдэж Эрдэнэтийн овооны зэс молибдений ордын балансын бус болон эсэлдсэн хүдрийн овоолгыг уусган баяжуулах шинэ технологи бүхий Эрдмин, Ачит-Ихт үйлдвэрүүд байгуулагдаж, катодын цэвэр зэс үйлдвэрлэн зэс утас зэрэг бүтээгдэхүүнийг гаргаж байна. Энэ бүхэн Монголын нийгэмд уул уурхайн эзэлж буй байр суурь, гүйцэтгэж буй үүрэг юм. 100 жилийн дотор хүрсэн түвшин. 2050 он хүртэл ийм л байна. 1990 оны эхээр гадаадын зээл тусламж ирэхээ больж, дотооддоо хүнс, өргөн хэрэгцээний хомсдолд орж картын бараагаар хэрэгцээгээ хангахад хүрч, инфляци 325 хувьд хүрч, эдийн засгийн хүндрэлтэй үед орсон юм. Энэ үед хамгийн богино хугацаанд мөнгө олох арга сүвэгчлэхээр Төрийн тэргүүнийхээ хувьд, мэргэжлийн хүний хувьд бодож “Алт хөтөлбөр”ийг боловсруулахаар шийдэн хэрэгжүүлж, Монгол Улсын төлбөрийн чадварыг сэргээсэн юм. Тэр үед нэг унц алтны үнэ 258 ам.доллар байлаа. Одоо 1862 ам.доллар хүрээд байна. “Алт хөтөлбөр” тухайн үедээ биднийг аварсан ажил. Түүнээс хойш Алт хөтөлбөр гурван үе шатаар явагдаж байна. Алт хөтөлбөр, Алт2000 хөтөлбөр, Алт2 хөтөлбөр. Алт2 хөтөлбөр 2025 он хүртэл үргэлжилнэ. Хараал байна уу, ерөөл байна уу. Эдгээр хөтөлбөрүүд Монгол Улсын валютын нөөцийг бүрдүүлж эдийн засгийн төлбөрийн чадварын баталгаа болж байна. Өнөөдөр Монгол Улсын гадаад худалдааны 90 гаруй хувь, Улсын төсвийн 30 орчим хувийг уул уурхайн салбар бүрдүүлж байна. Монголын эдийн засаг уул уурхайн салбар дээр тогтож байна. Цар тахлын хүнд үед ард түмнийхээ хэрэгцээний цахилгаан, дулаан, усны зардлыг уул уурхайн салбар дааж, төлбөрийг нь Эрдэнэтийн үйлдвэр хийж байна. Энэ бүхэн бол монголын олон мянган уурхайчид, олон зуун инженер, эрдэмтдийн хүч хөдөлмөр, оюун ухааны үр шим юм. Цар тахлын энэ хүнд үед ард түмний амьдралд уул уурхай түшиг болж байгааг мэдэрч буй биз ээ.
 
-Улс төрийн хоригдолтой боллоо гэлцэх юм. Монгол төрийн жолоог атгалцаж байсан 10 гаруй хүн өнөөдөр шоронд хоригдчихсон байна. Үүнийг Та хэрхэн дүгнэж байгаа вэ?
 
-Ард түмэн тэгж ярьж байгаа бол үнэн байлгүй дээ. Уг нь ардчилсан нийгэмд улс төрийн хоригдол байх учиргүй сэн. Тэгэх тусмаа УИХ, Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлсний төлөө улс төрийн хэрэгтэн болж шоронд суух учиргүй.
 
-Цар тахлын эсрэг хэрэгжүүлж буй төрийн бодлогод Та ямар байр суурьтай байна вэ?
 
-Цар тахал бол XXI зуунд дэлхий даяар хүн төрөлхтөнд учирч буй аюултай гамшиг. Энэ аюул биднийг тойрсонгүй, дайрч байна. Энд төрийн бодлого гэхээсээ иргэний хувийн хариуцлага шийдвэрлэх үүрэгтэй байна. Тахал тараагч нь хүн өөрөө байна. Тахал шингээгч нь хүн өөрөө байна. Тийм учраас хүн өөрийгөө хамгаал, бусдад бүү халдаа. Төр зохицуулах гэж янз бүрийн ажил хийж, арга хэмжээ авч байна. Алдаж, онож байгаа юм байх шиг байна. Найр наадмаа азна, тэнэж сэлгүүцэхээ боль, гэр орондоо сууж ойр зуурынхаа юмыг хийх, ам хамраа тагла, өөр хоорондоо зайтай бай, гараа сайн угаа гэхчлэн өөрийгөө болон өрөөлийг хамгаалах наад захын аргыг хэлж өгөөд байхад манайхан тэр бүр биелүүлэхгүй байх шиг. Цөөвтөр хүн ажилладаг авсаархан үйлдвэрлэл үйлчилгээний газруудыг жигд ажиллуулах арга хэмжээг хэрэгжүүлбэл зохино.
 
-Монгол Улсын өнөөгийн нийгэм, эдийн засгийн байдал хүндхэн байна. Цаашдын ирээдүй болон гарц гаргалгааг Та хэрхэн харж байна вэ?
 
-Нийгэм, эдийн засгийн байдал хүнд байна. Хоёр гайтай нөлөөлөл байна. Нэг нь цар тахлын аюул нүүрлэж байна. Нөгөө нь улс төрийн хийрхэл нийгмийн сэтгэл зүйг сүйрүүлж, улмаар эдийн засгийг ганхуулж байна. Хувийн хэвшлийг хөгжих чөлөө нөхцөлөөр хангахгүй байна. Эдийн засгийг зах зээлийн замаар хөгжих боломжийг олгохгүй байна. Улс төрийн хийрхлийг даамжруулахгүйн тулд сонгуульд нэр дэвшүүлэх хүнээ нам дотроо сайн хэлэлцэж, ард түмэндээ шуурхай, ул үндэстэй, итгэл үнэмшилтэй танилцуулах хэрэгтэй. Эдийн засгийн тухайд гэвэл хувийн хэвшлийн үйл ажиллагаанд саад болж буй саад хоригуудаа хүчингүй болгох хэрэгтэй. ЖДҮийг хөгжүүлэхэд шаардлагатай бүх арга хэмжээг шуурхай авах хэрэгтэй. Тэгвэл эдийн засаг аяндаа зүгширч төлөвшинө.
 
 
Р.ХИШИГЖАРГАЛ
 

П.Очирбат: Оюу толгойн гэрээнд өөрчлөх зүйл цөөнгүй бий. Гэхдээ цуцалж болохгүй
2021-02-09 10:20:55
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-02-16 11:46:20
    ?????: Завхан нутаг бол хутагт , хувилгаадын өлгий Гэхдээ энэ П.Очирбат , Н.Багабанди 2 нэг л биш П.Очирбатад Монголын Төрөөс анхны Ерөнхийлөгчдөө барьж өгсөн Өргөөг зүгээр л зарчихсан ,уул нь Монгол улсын анхны Ерөнхийлөгчийн Өргөө гэж Монголын түүхэнд үлдэх ёстой барилага байсан , гэтэл П.Очирбат абугай Тэгэавч хэлэлцээгүй Н.Багабанди Монголын ард түмний Эрдэс баялгийг луйвардсан "Рио тинто" той хүзүү сээрээр холбогдчихоод салж өгдөггүй Тэгэхээр энэ 2 Эрхэмийг цэвэр Монгол хүн , Монголын төлөө амиа ч өгөхөд бэлэн хөвүүд гэхэд нэг л итгэж өгдөггүй л дээ
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-02-09 12:22:32
    ?????: хорчин Пунсалмаа Очирбат сэтгүүлч залуусыг гэртээ оруулж өөрийгөө рекламдуулж байхдаа алтан аяганууд гаргаж ирж байлаа даа. уг гарал нь хужаа луухааны хүүхэд л дээ,завханд байсан хужаатай , эх Пунсалмаа тээж байж гаргасан гэдэг . Ардчилсан хувьсгалч нэртэй хятад эрлийз Элбэгдорж, Да.Ганболд ,цэвэр хужаа Нэргүй доктор , гээд хүмүүс түүнийг Ерөнхийлөгч болгуулж өөрсдөө баяжисан юм шүү, бас Багабаньд ч бас л Завхан / Манжийн үе цагт хятадууд Ховд,Завхан ,Да хүрээ , Сэлэнгэ гээд энэ л газруудад бөөн хужаа нар их байсан даа, багабаньдыг Оюу толгойгоос хурдан зайлуулаач. очирбат энэ 2 бол шуналын туламууд даа
Шинэ мэдээ