Бямба, 2024-04-20
​А.Амарбаяр: Facebook, Twitter-ийн саналаас татгалзсан, Монголоосоо дэлхийд гарах бүтээгдэхүүн хийнэ

Манай сайт 2017 оноос хойш “Дэлхийн монгол” цуврал ярилцлагын буланг уншигчдадаа хүргэсээр ирсэн билээ. Тэгвэл өнөөдрөөс тус ярилцлага бичгэн хэлбэрээс гадна видео, подкаст  хэлбэрээр уншигч, үзэгчдэд хүргэж эхэллээ. 

Энэ удаагийн дугаарт Amazon, Аpple, Twitter зэрэг томоохон компаниудад технологийн инженерээр ажиллаж байсан "Tech Entrepreneur" А.Амарбаярыг урьж оролцууллаа. Тэрээр сүүлд Facebook болон Google дэх ажлын саналаас татгалзан, эх орондоо эргэн ирж Монголоосоо дэлхийн зах зээлд гарах гарааны бизнесээ эхлүүлэхээр сэтгэл зориг шулуулджээ. Ингээд түүний ярилцлагыг хүргэе.

-Та арван жилээ Монголдоо төгсөж, дараагаар нь АНУ-д бакалавр болон магистраа хамгаалсан юм билээ. Тэгэхээр ярилцлагаа таны анх гадаадад суралцахаар шийдэж байсан түүхээс эхэлцгээе.

-Би арван жилээ долоон сургууль дамжин төгсөж байлаа. Хаана, аль чиглэлээр сайн сургууль байна тийшээ явж сурдаг байсан. Бага байхдаа ямар мэргэжилтэй хүн болох нь тодорхойгүй байсан ч манай гэрт байдаг нэг сонирхол татдаг зүйл нь компьютер байв. Анх компьютер хараад гайхаж, бас баярлаж байснаа санаж байна. Тухайн үед манай ах ямарваа нэг веб сайт хийх, компьютерийн тэмцээн уралдаанд оролцож шагнал авчихсан зогсож байдаг байсан. Би ч ахыгаа харчихаад л Би ч бас нэг өдөр компьютер сайн ашиглаж сураад том шагнал хожно доо гэж боддог байлаа. Ерөнхийдөө тухайн үед би компьютер, IT мэргэжлээр ажиллах талаар бодож байгаагүй ч орчин нь нэгэнт бүрдэж, бага багаар нөлөөлж байв.

Би арван жилээ 14 настайдаа төгссөн. Ингээл нас бага байна гэсэн шалтгаанаар их сургуулиуд авахгүй байлаа. Харин олон сургуулийн хаалгаар орсны эцэст “MIU”-д IT мэргэжлээр суралцахаар болсон. Гэвч тун удалгүй Германд уул уурхайн инженерээр явахаар болтол гэнэт АНУ-д тэтгэлэгтэй суралцах боломж олдож, ингээд компьютерийн шинжлэх ухааны мэргэжлийг сонгож явахаар болсон.

-АНУ-д суралцах хэр хэцүү байсан бэ. Таныг хоёр жилийн дотор бүх хичээлээ үзэж дуусган, төгсөж байсан гэж сонссон?

-Миний суралцсан их сургууль АНУ-ын хойд Декота мужийн Деконсаны их сургууль юм. Тус сургуульд сургалтын төлбөрийн 60 гаруй хувийн хөнгөлөлттэй суралцаж, дотуур байр болон бусад зардлыг би өөрөө гаргаж байсан. Мэдээж сургуулийн эхний жилийн төлбөрийг аав, ээж хоёр өөрсдийн байр, машиныг барьцаанд тавьж явуулсан. Иймд би үлдсэн төлбөрөө олохын тулд хичээлээс гадуур айл нүүлгэлт, худалдагч, угаагч гээд надад олдох бүхий л ажлыг хийсэн дээ.

Чиний хэлсэнчлэн их сургуулийн бакалаврын зэргээ 18 настайдаа авч байсан. Деконсаны сургуулийн түүхэн дэх хамгийн залуу төгсөгч нь болж байв. Манай сургуулийн нэг онцлог нь хэдэн кредит хичээл үзэхээ өөрөө сонгож болдогт байсан юм. Би үүнийг давуу талаа болгож богино хугацаанд олон хичээлийг үздэг байв.

Хичээлийн хажуугаар хэдий ажил хийдэг байсан ч сургалтын төлбөр болон бусад зардлаа тэр бүр нөхөж чаддаггүй байсан. Сургалтын төлбөрийн асуудлын улмаас сургуульдаа үргэлжлүүлэн суралцах боломжгүй болж, хаях хэмжээнд хүрэв. Ингээд би гэдэг хүн сургуулиа хаяж, Вашингтон хотод ажиллахаар шийдэж Декота мужийн автобусны буудалд хоёр найзын хамт ирсэн юм. Манай найзууд “Миний найз Вашингтон Ди Си-д очиж гоё амьдраарай. Амжилт хүсье” гээд уйлалдаж салахаар болов. Гэтэл автобусанд суух тэрхэн үед билет авах мөнгө минь дутаж, найзууд нэмэрлэсэн ч цааш очиход хүрэлцэхгүй байв. Автобус ч нүдэн дээр яваад өгсөн дөө. Тэр шөнө миний нойр ерөөсөө хүрээгүй. Яагаад ч юм энэ байдлыг өөрчлөх ёстой гэж хор, шар хөдөлж байв. Иймээс сургуулийн захиргаанд өөрийн бүх байдлаа тайлбарлан өргөдөл и-мейл бичээд явуулж байлаа. И-мейлд өөрийн нийгмийн идэвх, зорилго голч дүн хүсэл мөрөөдөл зэргийг бүгдийг багтааж цааш үргэлжлүүлэн суралцах хүсэлтэйгээ илэрхийлж өгсөн. Улмаар сургуулийн нарийн бичиг оффистоо дуудаж “Чамд Деконсаны ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг олгоно, сургуулиа битгий хаяарай. Бид чамайг тусалж дэмжихэд үргэлж бэлэн” гэж хэлэв. Би энэ мэдээг сонсоод сургуулийн нарийн бичгээ маш чанга тэвэрч, баярласнаа хэлж уйлж байсан даа. Би ингэж л сургуулиа амжилттай төгсөж чадсан юм.

Ер нь америк дахь оюутны жилүүд адал явдал, алдаа оноо бас баярлах зүйлстэй ч байлаа. Миний хувьд бэртэж гэмтэж, амьдрал үхлийн зааг дээр ч ирсэн үе бий. Гэхдээ энэ бүхнийг давж, дипломоо гардаж аваад ээж рүүгээ харах мөч миний амьдралын хамгийн бахархалтай сайхан үе.

-Та Amazon-д 2015 оноос хойш гурван жилийн турш, түүний дараахан Amazon, Apple, Twitter зэрэг дэлхийн томоохон компаниудад ажилласан байна. Эдгээр компаниас ямар мэдлэг, туршлагыг хуримтлуулсан бэ. Таны ажлын талбараас хамгийн сайн ойлгож, мэдэрсэн зүйлс юу вэ?

-Би 2015 оны хоёрдугаар сард анх Amazon-д орж байсан. Миний амьдралын хувьд энэ нь их том эргэлт болсон гэж хардаг. Анх компанидаа ярилцлагын долоон шат дамжин программ хангамжийн мэргэжлээр орж байлаа. Amazon-д ажилд орсноос хойш олон компаниас ажлын санал тавьдаг болсон. Магадгүй хийж байгаа ажлын минь үр дүн гарч байгаад байсан юм болов уу. Facebook компаниас надад хоёр удаа ажлын санал явуулсан. Гэвч бид цалин, үнэлэмж дээр харилцан тохиролцож чадаагүй бөгөөд ажиллахаас татгалзсан юм. Өнөөдөр ч мөн "Линкедин"-ээ шалгахад зургаан газраас ярилцлагын хүсэлт явуулсан байна.

Хүн ер нь томоохон компанид ажиллаж үзэх хэрэгтэй санагддаг. Amazon-д ахлах инженер, Apple-д Америк, Энэтхэгийн менежментийн хоёр багийг хариуцан ажилласан. Үүнд, том компаниудыг амжилттай барьж яваа систем, байгууллагын соёл, ажилчид хоорондын харилцаа, өрсөлдөөн дундаас өөрийн хувийн чадвар, мэдлэгээр ялгарч дээшлэн тушаал ахих зэрэг зүйлсийг туулж, суралцсан. Технологийн том бүтээгдэхүүнүүд дээр ажиллана гэдэг өөрөө том сургамж, туршлага юм. Дэлхий даяар хэдэн сая хэрэглэгчтэй бүтээгдэхүүний нэг хэсэг нь чи болж магадгүй, чиний хийж буй зүйл олон сая хэрэглэгчдэд хүрнэ гэдэг жинхэнэ адреналин ялгаруулж, кайфтай байдаг. Twitter, Gitlab зэрэг компанид асар богинохон хугацаанд хурдацтай ажиллаж, өөрийгөө дайчлах соёлд суралцсан. Томоохон буюу Amazon, Apple компани чамайг ийм, тийм байх ёстой гэж сургана. Харин старт-ап олон талаас нь харуулж, илүү  хүлээцтэй уян хатан сэтгэхэд суралцуулна. Яг л тархины түгжээг мултална гэдэгтэй адил.

 

-"Жилийн 800 сая төгрөгийн орлоготой монгол инженер" гэсэн таны видео ярилцлагыг үзэж байсан. Тэгэхээр таны төгсөөд мэргэжлээрээ ажиллаад авч байсан хамгийн анхны цалин хэдэн төгрөг байсан бэ. Цалин чухал биш гэдэг ч өндөр цалин бол тухайн хүний ур чадвар үнэлэмжийг давхар илэрхийлдэг санагддаг. Түүнчлэн, одоогийн энэ хэмжээний цалин, карьерыг бий болгоход хамгийн их нөлөөлсөн, хөшүүрэг болсон зүйлс нь юу вэ?

-Миний анхны цалин цагийн 6-7 доллар байсан. Энэ нь хоол, унд байрны түрээсэнд хангалттай хүрэлцдэг байв. Жил ирэх тусам хүн туршлага хуримтлуулж чадвар нь сайжирдаг. Томоохон компанид ч ажиллана, ном бичнэ, лекц, илтгэл тавина гэх зэргээр таны үнэ цэн өсөөд явах боломжтой байдаг. Одоо өөрийн 13 жилийн турш бий болгосон зүйл, амьд үлдэхийн тулд тэмцэж байсан үеэс өнөөдрийн бий болгосон зүйл үнэ цэн. Энэ үнэ цэнийг бий болгох надад амар байгаагүй. Маш удаан хугацаа, хүчин чармайлт шаардсан.

Гэхдээ өнөөдөр үүнээс ч өндөр цалин авдаг монголчууд олон бий. Тэр хүмүүсийн амьдрал ч нэг л өдөр болчихоогүй. Би Twittter-т 800 сая төгрөгийн цалинтай ажлын санал авч байсан. Гэхдээ одоо би Twitter-ийн ажлаасаа гарсан учраас өнөөдөр ийм цалин авахгүй байгаа. Гэхдээ надад тийм боломж, потенциал хангалттай бий.

Чамд ч бас боломж байгаа. Жишээлбэл, чи технологийн салбар руу орлоо. Хоёр жил сурч, дараа нь ажлын байранд очлоо гэхэд дор хаяж жилийн 80 мянган долларын санал баталгаатай авна. Би үүнийг баталгаатай хэлж чадна. Барууны орнуудад зах зээл нь хангалттай байгаа. Харин чи хоёр жил өөрийгөө зориулан шинэ салбарт орж, суралцаж дор хаяж 80 мянга цаашлаад 100, 250 доллар болгож, өсгөөд явах зорилго, хүчин чармайлт байгаа юу гэдэгт л асуулт орших болов уу.

-Техник, технологийн салбар өдрөөс өдөрт хөгжин шинэ технологи, программ бүр мэндэлж байна. Манай улсын хувьд энэ салбарт хөл нийлүүлэн алхахад ямар чухал алхмууд хэрэгтэй байна вэ?

-Би технологийн салбартаа сэтгэл хангалуун явдаг. Гэхдээ цааш, илүү хийх юм их байна. Энэ салбар хэзээ ч ханачихлаа, болчихлоо гэж хэлж болох салбар биш. Хоёулаа энд ярилцаж байхад Америкт шинэ бүтээгдэхүүн гарч, оюуны өмчид бүртгүүлж байж магадгүй. Өдөр бүр шинэчлэл, өөрчлөлт явах боломжтой салбар. Бид зарим талаараа түрүүлж эсвэл хоцорч байж магадгүй. Гэхдээ ерөнхийд нь том зургаар харвал манай технологийн салбар урьд, урьдынхаас илүү хөгжиж байна.

Технологи гарааны бизнес хөгжүүлж байгаа залуусыг харахад үнэхээр сайхан, бүтээлч санаа хэрэгжүүлж байна. Манай залуус технологийн бүхий л талаар өөрсдийгөө хөгжүүлж, оролдож байна. Гэвч харамсалтай нь, бид цөөхүүлээ. Энэ нь өрсөлдөөн болон цар хүрээ бусад зүйлсэд сул тал үүсгэж байна. Олон өрсөлдөгч байж цар хүрээ нь ихсэн түүнээс шилдгүүд нь шалгарч, улмаар олон улсад гардаг. Тэгэхээр бидэнд байгаа хөзөрний сул тал нь цөөхүүлээ байгаад оршиж байна. Илүү олуулаа байвал илүү хурдацтай явах болно.

-Та дэлхийн иргэн буюу гадаадын өндөр хөгжилтэй орнуудад ажиллан амьдрах боломж бүрэн нээлттэй байна. Чухам яагаад Монголдоо буцаж ирэх болсон болсон бэ?

-Би аль болох Монголдоо байхыг хүсдэг хүн. Анх 2008 онд ирсэн боловч мэргэжлээрээ ажиллах боломж, орон тоо байгаагүй. Дараа нь 2013 онд ирэхэд магистрын диплом хэрэгтэй гэж буцаж явж билээ. Харин одоо би томоохон компанид ажиллаж, их зүйлийг сурч авлаа.

Би өөрийн урдах ажлаа хийж, цалингаа аваад яваад байх боломж бий. Гэхдээ би чинь бас л хүн шүү дээ. Бодож сэтгэнэ, хаана асуудал байна түүнийг шийдэхийн хүснэ. Харин энэ шийдлийг хэн нэг компани, хүний төлөө ажиллаж шийдэж чадахгүй байвал би өөрөө хийх хэрэгтэй болно. Надад ийм сонголт гарч ирсэн. Надад сүүлийн гурван жилийн турш ямар нэг байдлаар хүмүүсийн амьдралд аз жаргал авчрах зүйлийг хийхийг зорьж, бодож эхэлсэн.

Мөн сүүлд Apple компанийн дараахан Gitlab компанид алсын зайнаас ажилласан. Би 20 гаруй орноор алсын зайнаас ажиллангаа аялж бусад орны хүмүүс яаж амьдардаг, юу идэж ууж, боддог зэргийг ажиглаж өөрийн шийдлээ хайж эхэлсэн. Яваандаа цар тахал гарч эх орондоо Монгол руу буцсан. Би одоо Монголд байгаадаа маш их баярладаг. Монголоос эхлэлтэй олон улсын зах зээлд гарч чадсан бүтээгдэхүүн хийхийг хүсэж, зорьж байна. Одоогоор төлөвлөгөөний дагуу эхлүүлээд явж байна.

 

-Монголоос дэлхийн зах зээл рүү буюу "Amazon"-д өөрсдийн бараа бүтээгдэхүүнээ борлуулах боломж бий болсон. Энэхүү боломжийг бий болгоход гол нөлөөлж, санаачилсан хүний нэг нь та. Тэгэхээр үүний үр шим, боломжийг бид хэрхэн ашиглах хэрэгтэй вэ?

-Би Amazon-д ажилладаг байхдаа хэвлэлд ярилцлага өгч байсан. Ярилцлагын дараа надад олон хүн хандаж хүсэлтээ илэрхийлсэн. Жишээлбэл, “Чи Amazon-д ажилладаг юм уу, би арьсан гутал хийдэг. Amazon-д бараагаа борлуулах хүсэлтэй байна” гэх зэргээр олон хүсэлт, асуултууд ирж байлаа. Би энэ тухай судалж, тодруулахаар ажиллаж эхэлсэн. Ингээд судалж явахад Amazon дэлхийн улс, орнуудыг гурван ангилалд хуваадаг. Манай улс гурав дахь буюу өндөр эрсдэлтэй ангилалд орсон байв. Тодруулбал,  хаягжилт муу, хангалттай судалгаа хийгдээгүй гэсэн шалтгаанаар орсон байв. Ингээд би Amazon-ий тухайн ажлыг хариуцсан хүнд өөрт ирсэн мессеж, хүсэлтийг үзүүлж, дахин судлах зорилго бүхий ажлын хэсэг бүрдүүлж ажиллаж эхэлсэн. Гэвч тухайн үе буюу 2018 онд тодорхой техник болон бусад асуудлаас шалтгаалж энэ ажил зогссон.

Харин саяхан төр засаг солигдож, цахим технологид анхаарал хандуулж эхэлснээр дахин энэ ажлыг сэргээхээр хөөцөлдөж эхэлсэн. Энэ удаа ажил урагштай болж, монголчууд Amazon-д өөрсдийн барааг борлуулах боломжтой болсон. Энэ ажлыг боломжтой болгоход олон хүн нөлөөлсөн. Тодруулбал, Amazon-д ажилладаг монголчууд мөн Монголын Харилцаа холбоо мэдээллийн технологийн газрын удирдлагууд юм.

Энэ ажил бүтэмжтэй болсноор манай жижиг, дунд бизнес эрхлэгчид өөрсдийн бүтээгдэхүүнийг дотооддоо төдийгүй дэлхийн зах зээлд нээлттэй зарж борлуулж болно. Гуравхан сая хүнтэй зах зээлд өрсөлдөх эсвэл 300 сая хүнтэй зах зээлд бараагаа нийлүүлж, өрсөлдөнө гэдэг тэс ондоо. Бидэнд дэлхийн хэмжээний зах зээлийн үүд хаалга нээлттэй болсон. Энэ боломжийг сайн судалж, ашиглах хэрэгтэй. Судалгааг сайн хийх нь чухал шүү. Учир нь бид энэ мэдээллийг гаргасантай холбоотойгоор буруу мэдээлэл түгээж, хүмүүсийг хуурч мөнгө авах гэсэн оролдлого гарсан. Иргэд зөв ашиглаж найдвартай, баталгаатай бараагаа зарах хэрэгтэй. Хэн нэг нь хориотой эсвэл чанаргүй бараа зарж бусад монголчуудын боломжийг хааж болохгүй. Учир нь, Amazon-д Монгол Улсын эрхийг хаах амархан зүйл. Системтэй, судалгаатай, амжилттай байх хэрэгтэй. Бид импортлогч бус экспортлогч орон болох бас нэг хаалга бүрдсэн.

-XXI зуунд залуу хүний өрсөлдөх чадварыг юу тодорхойлж байна вэ?

-Орчин үед хэрхэн амжилттай байх, өрсөлдөөнтэй нийгэмд тэмцэж, шалгарч үлдэх нь тухайн хүний хэр мэдлэг, мэдээлэлтэй байхаас шалтгаална. Харин энэ мэдээллээ зөв эх сурвалжаас сонгон авах хэрэгтэй. Монгол эх сурвалжаас гадна, англи хэл дээр нэмэлт мэдээлэл авдаг байвал сайн. Үүний тулд англи хэл мэдээж хэрэг болно

Мөн аливаа зүйлд бууж өгдөггүй, асуудал шийдвэрлэх чадвар өнөөгийн нийгэмд чухал болсон байна.

-Саяхан арван жилээ төгссөн 17 настай IT-ийн мэргэжлээр дэлхийд суралцаж, яг л тань шиг томоохон компанид ажиллан явах хүсэлтэй хүүхдэд таны зүгээс өгөх хамгийн том зөвлөгөө юу вэ?

-Хүүхэд бүр заавал дэлхийн шилдэг их сургуульд сурах албагүй. Би дэлхийн шилдэг их сургуульд сураагүй. Шилдэг их сургуульд сураад, төлбөрийг төлж эсвэл тэтгэлэг авч байгаа хүүхэд байвал мундаг, сайн байна. Баяр хүргэх болно.

Гэхдээ манайхны ихэнх нь ийм боломж, бололцоо бага. Зүгээр л улсын эсвэл хувийн их сургуульд сурч байгаа. Үүндээ санаа зовж байгаа хүүхдүүдэд Бүү санаа зов. Учир нь, би ч мөн адил яг энэ замналыг туулж, бусад том сургууль төгссөн хүүхдүүдээс гараа хойно эхэлсэн байх. Гэхдээ өнөөдөр би тэдэнтэй адил хэмжээнд гүйцэж оччихсон байна. Иймд чамд заавал гүйцэх мөч ирэх болно. Гэвч хэзээ ч бүү бусадтай уралдаарай. Чи зөвхөн өөрөө өөртэйгөө уралдах хэрэгтэй. Өөртэйгөө уралдаж, саад бэрхшээлийг даван явж байгаад нэг л өдөр эргээд харахад чи аль хэдийн өөрийн хүрэх газраа хүрсэн байх болно. Магадгүй чамаас түрүүлж гараагаа эхэлсэн хүмүүсийг гүйцчихсэн байх болно. Өөрийн суурь чадварууд дээр анхаараарай. Бүү бууж өг, цагаа дэмий битгий үр. Зорилго тавь, тавьсан зорилгын төлөө байнга урагшлан яваарай.

Мөн алсын хараа, зорилгоо зөв тодорхойлох хэрэгтэй. Ингэхдээ үүнийгээ өөрийн далд ухамсарт шингээж өдөр бүр бодож байх нь чухал. Алсын хараа, зорилгоо төсөөлөхдөө түүндээ хүрчихсэн, чадчихсан гэдгээр төсөөлөх хэрэгтэй. Чи мэдээж инээмсэглэх болно. Харин тэр инээмсэглэсэн үеийн мэдрэмж, бодлыг өөртөө, ухамсартаа хадгалж өглөө босохдоо бодож сэр, орой унтахдаа мөн бодож унт. Эхлээд тэнэг санагдаж магадгүй. Гэхдээ зүгээр оролдоод үзээрэй. Өдөр бүр дадал болгож, бодоод явах тусам зорилгодоо хүрэх хүч болж бага багаар бүрэлдэж эхлэх болно. Жилийн дараа гэхэд өөрт чинь бүрэн итгэл, үнэмшил сууж цаашлаад юу ч тохиолдсон бууж өгөхөөргүй сэтгэлийн хаттай болгоно.

-Монголд олон залуус дэлхийн түвшинд өрсөлдөхийг хүсэж байна. Залуус дэлхийн түвшинд өрсөлдөхийн тулд ямар хандлагатай байж, аль талдаа өөрийгөө хөгжүүлэх хэрэгтэй вэ?

-Ихэнх хүүхдүүд оюутан болж дөнгөж ажлын талбар дээр гарах үед цалингийн тухай л боддог. Эдийн засаг болон орчин тойрны хүрээлэл ийм байгаа учир үүнийг буруутгах аргагүй. Гэхдээ нөгөө талаас энэ компаниуд яагаад оршин тогтнож байгаа вэ гэдгийг бодох хэрэгтэй. Компаниуд алсын хараатай байж, хүн төрөлхтний ямар нэг асуудлыг шийдэхийн төлөө явдаг. Асуудлыг шийдэж байж үнэ цэн бий болно. Үнэ цэн бий болж байж орлого орж ирдэг. Хэрэв компанид ажилд орж, хий гэснийг л хийж, цалингаа аваад явдаг бол маш харамсалтай. Харин үүний оронд тэр компани дотор хүмүүсийн шийдэж чадахгүй байгаа асуудлыг шийд, гаргалаа хай, олж өгч түүнийгээ хэрэгжүүл. Өнөөдөр ийм зан араншинтай байснаар асар хурдацтай дээшлэх болно. Асуудал шийдэх чадвар чинь чамайг пуужин шиг л дэлхийн татах хүчийг эсэргүүцэн тушаал ахих, цалингаа ихэсгэх, том компаниудад орох боломжийг олгоно.

Хоёрт, бид эрдэмтэй хүн даруу их мөрөн дөлгөөн гэж ярьдаг. Харин энэ өнөө цагт гадаадын том компанид хэрэгжихгүй. Энэ зан биднийг улам доош дарна. Эрдэмтэй хүн даруу, дуугүй байж болохгүй. Ялангуяа өнөөдрийн энэ өрсөлдөөнтэй, мэдээлэл хурдацтай байгаа энэ үед юм сурсан бол түүнийгээ гаргаж илэрхийл, бусадтай хуваалц. Ингэж байж чи өөрийн үнэ цэнийг бий болгох болно. Харин дэлхийн 50 жилийн хөгжлийг харчихаад хэнтэй ч ярихгүй, дуугүй сууж байвал энэ өөрөө харамсалтай. Тэгэхээр зоригтой бай, хийж чадаж байгаа юмаа ярь, бусадтай хуваалц.

-Таны цаашдын зорилго юу вэ?

-Би олон улсын хэмжээнд бүтээгдэхүүн гаргах мөрөөдөл, зорилгыг тээж яваа олон монголчуудын нэг. Хүмүүсийн амьдралд утга учиртай, аз жаргал бэлэглэх зүйлийг бий болгох бүтээгдэхүүн хөгжүүлээд явж байна. Өнгөрсөн гурван жил санаан дээрээ ажиллан, туршлага хуримтлуулсан. Одоо бүх зүйлээ зориулж, хичээгээд үзэх болно. Алдаж магадгүй. Гэхдээ алдах орон зайг өөртөө үлдээгээд тууштай явах болно.

-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье. 

Itoim.mn

 


​А.Амарбаяр: Facebook, Twitter-ийн саналаас татгалзсан, Монголоосоо дэлхийд гарах бүтээгдэхүүн хийнэ
2021-10-01 16:48:12
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0