Пүрэв, 2024-04-25
ХӨГЖЛИЙГ БҮТЭЭХ, БҮТЭЭХИЙН ТӨЛӨӨ АЖИЛЛАХ ХҮМҮҮС НЬ ЗАЛУУЧУУД БИД

"Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын Санхүү, эдийн засаг хариуцсан орлогч Д.ҮҮРИЙНТУЯА:

Эмэгтэй хүн эрдэнийн чулуу хоёр жижиг байх тусмаа чамин гэдэг. Жижигхэн биенд байхааргүй ухааныг оюун бодолдоо гүн суулгасан эгэл жирийн эмэгтэйг сэтгүүлийнхээ энэ дугаарын МАНАЙ ЗОЧИН буланд урьлаа.

Монголчууд бид хүнийг хувцасаар нь угтаж, ухаанаар нь үд гэдэг философитой ард түмэн. “Монголын эмэгтэйчүүд” сэтгүүлийн онцлох зочин “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын Санхүү, эдийн засаг хариуцсан орлогч Доржсүрэнгийн Үүрийнтуяатай зуны эхэн сард уулзаж ярилцсанаа хүргэж байна.    

- Аав, ээж нь хэн бэ? Сэхээтэн үү, ажилчин уу гэж “соц” үед ажилд авахдаа асуудаг байв. Гэр бүлийн хүмүүжил ямар байснаас нийгэмд хувь хүн болж төлөвшсөн байдал нь тод харагддаг. Дуудах нэрийг эцэг эхээс, дуурсах алдрыг өөрөө олдог гэдэг. Бага насны дурсамжаасаа манай уншигчидтай хуваалцахгүй юу?

-Миний аав, ээж хоёр цэрэг хүчний байгууллагад ажиллаж байсан хүмүүс л дээ. Аавыг минь Доржсүрэн, ээжийг минь Нямхүү гэдэг. Миний аав, ээж хоёр насаараа цэргийн байгууллагад ажиллаж хошууч, ахмад цолтой тэтгэвэрт гарсан хүмүүс. Монголын нийгэм зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжиж байх тэр үед цэрэг хүчний байгууллагаас их л залуухан тэтгэвэрт гарч байсан даа. Би өөрөө айлын зургаан хүүхдийн бага нь. Цэргийн хүмүүсийн цагийн юмыг цагт нь хийдэг, ажилд тодорхой ханддаг зарчмаар аав ээж маань биднийг хүмүүжүүлсэн. Намайг бага байхад аав, ээж хоёр маань сонсгол, жагсаалын үзлэг гээд их л завгүй явдаг байсан санагддаг. Гэхдээ өнөөдөр өөрсөдтэйгээ харьцуулаад харахад тэд маань хэдий их ажилтай ч гэр бүлдээ, хүүхдүүддээ цаг гаргадаг байж. Аав, ээж хоёр минь их гоё цэргийн дүрэмт хувцастай,  жавхаатай, залуухан, хөдөлмөрч төрхөөрөө миний сэтгэлд, хүүхэд насны дурсамжид маань хоногшжээ. Төр хаана очиж ажилла гэнэ тэнд л очдог, "Цэргийн хүмүүс нүүдлийн амьдралтай байсан" гэж аав, ээж минь ярьдагсан. Миний ах, эгч нар бүгд Өвөрхангай аймагт төрсөн. Аав, ээж хоёрыгоо Төв аймгийн Лүнд томилогдоод ажиллаж байх үед нь намайг төрсөн гэдэг. Аав маань тэндээс тухайн үеийн Дорноговь аймгийн Сүмбэр сумд, одоогийн Говьсүмбэр аймагт томилогдож, манайх тэндээ суурьшсан юм билээ. Би Говьсүмбэр аймагт, тухайн үеийн хүүхдүүдийн нэгэн адил л өссөн. Айлын бага хүүхэд байсан болоод ч тэрүү эрх дураараа байсан. Хичээлдээ бол сайн. Наймдугаар анги хүртлээ ах, эгч нартаа эрхэлж, хичээлээс өөр хийдэг ажилгүй л байлаа. Ах, эгч нар бүгд тусдаа гараад явахад л гэрийн ажил хийж үзсэн хүн шүү дээ. /инээв/  Арван жилээ төгсөөд, их сургуулиа дүүргээд Говьсүмбэр аймагтаа ирж, аав, ээж хоёрынхоо дэргэд 10 жил ажиллаж амьдарсан. Сүүлийн зургаан жил Эрдэнэт хотдоо суурьшин ажиллаж амьдарч байна даа.

-Тэр үеийн аж амьдралыг хамгийн тодоор зураглах, үнэнийг ярих хүмүүс бол 70, 80-иад оныхон. Нийгэм бүхэлдээ л зүг чиггүй болсон байлаа.  Дор бүрнээ л амьдрах гэж хичээсэн дээ?

-Би 1989 онд нэгдүгээр ангид орж байсан. Миний 10 жилийн амьдрал яг л тэр чигээрээ зах зээлийн эдийн засагт шилжиж байх үеийн “карт”-ын барааны амьдрал. Зөвхөн манай гэр бүлд байсан юм биш. Монголын бүхий л өрх гэрт байсан хүнд цаг үе. Аав, ээж хоёр минь төрийн албанаас дөнгөж 40 гаруйхан настай тэтгэвэрт гарсан. Орон нутагт ажил олдох нь ховор. Аав минь эмнэлэгт нярав хийдэг. Ээж маань ажилгүй. Миний санаж байгаагаар аав, ээж хоёрын тэтгэвэр нийлээд 10 мянган төгрөг хүрдэггүй л байсан юмдаг. Би маш тод санаж байна. Тэр үед надад нэг куртик авахад 16 мянган төгрөг. Хоёр сарын тэтгэврээ нийлүүлж байж нэг л хүүхэддээ куртик авч байсан тийм л үе байлаа. Хөөрхий чухам яаж болгож явсан юм бол доо. Эргээд бодохоор өрөвддөг л юм. Тэр үеийнхэн санаж л байгаа даа. Галт тэрэгний өртөө дээр хувь хүмүүс хоол хийж зардаг үе байсан. Тэр амьдралыг манайх бас дайраад л өнгөрсөн. Ээжтэйгээ хамт өртөөн дээр хоол зараад явж байсан үе надад бий. Энэ ч утгаараа амьдралын үнэ цэнийг бусдаас арай илүү мэдэрсэн юм болов уу гэж боддог. Тавдугаар ангиасаа л хичээл номондоо шамдахын хажуугаар ээждээ тусалж, хоол зарахад нь хань болж, хамт явдаг байлаа. Залуугаараа тэтгэвэрт суусан хүмүүст ажил олдохгүй, хоолны бизнесээр л болгодог байсан. Бидний төлөө хийсэн бүхэнд нь үүнээс өөр сонголт байгаагүй тул би ээжийгээ ихэд хайрладаг.

-Хүн бүр өөрийн хүсэл мөрөөдөл, тэмүүлэлтэй байдаг. Санхүүч мэргэжлийг яагаад сонгосон бэ?

-Би их бичдэг, шүлэг зохиодог хүүхэд байсан. Дунд ангид сурч байхдаа аймгийн “Хүрэл тулга” хүүхдийн яруу найргийн наадамд түрүүлж ч байлаа. Энэ үедээ сэтгүүлч болно гэж мөрөөддөг байсан. Ахлах ангид сурч байхдаа “Нэг ертөнц” НҮБ-ын хүүхдийн хөтөлбөрт хамрагдаж байсан юм. Ерөнхийдөө тэр цаг үеэс эдийн засгийн талаар сонирхох суурь тавигдсан юм болов уу гэж боддог. Бас химийн хичээлдээ их сайн байсан болохоор эмч болно гэж нэг үе боддог байлаа. Хүүхэд байхад мэргэжил бүхэн сайхан санагддаг байж дээ. /инээв/ Гэвч орон нутагт их дээд сургуулийн хуваарь харьцангуй бага ирдэг байсан. Намайг төгсөх жил сэтгүүлчийн хуваарь ирээгүй. Харин хувийн “Бэрс” дээд сургуулийн сэтгүүлчийн ангид орох гэтэл аав, ээж хоёр минь зөвшөөрөөгүй. Ингээд л эдийн засгийн чиглэлээрээ сонголтоо хийж, ХААИС-ийн маркетингийн ангид элсэн орж, оюутан болсон.

-Одоо үед бол хамгийн эрэлт хэрэгцээтэй мэргэжлээр маркетинг жагсаалтын нэгд бичигдсэн байна лээ.

-Тухайн үед ХААИС маркетингийн чиглэлээр хоёр элсэлт авчихсан. Намайг ороход гурав дахь элсэлт нь байв. Миний аавын нагац ах Батаа гэж их мундаг хүн байсан. ХАА яамны дэд сайд, Ардын хянан шалгах хорооны даргаар ажиллаж байсан, Шинжлэх ухааны доктор хүн. Ах маань надад нягтлангаас илүү маркетинг чухал шүү гэж зөвлөсөн л дөө. Ингээд би сургуулиа эдийн засагч, маркетингийн менежер гэсэн хос мэргэжилтэй төгсөж, Говьсүмбэр аймагтаа Мэргэжлийн хяналтын газар санхүүгийн хяналтын улсын байцаагчаар ажилд орсон. Төрийн албаны шалгалт өгч тухайн үедээ хамгийн өндөр оноо авсанд нь намайг тоосон юм болов уу гэж боддог. Уг нь санхүүгийн хяналтын улсын  байцаагчаар ажиллахын тулд хоёроос доошгүй  жил төрийн албанд ажилласан байх шаардлага тавигддаг юм. Говьсүмбэр аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Амарсайхан гэж миний амьдралын багш, миний хуурай ах болсон хүн бий. Амарсайхан дарга маань тэр үед намайг яг дэргэдээ суулгаж байгаад Мэргэжлийн хяналтын ерөнхий газар руу ярьж “Манайд төрийн албаны шалгалтад тэнцсэн, гол нь төрийн албанд хоёр жил ажиллаагүй  хүүхэд байдаг. Сургаад авчихмаар байна. Яг үнэндээ энэ тавиад байгаа шалгуур залуучуудыг ажилд орох боломж нөхцөл олгохгүй, хаасан боосон ийм заалт байна, тохирохгүй байна. Гэтэл орон нутагт боловсон хүчин олдохгүй байна” гээд л маш олон асуудал ярьж  байгаад, улмаар зөвшөөрөл авч намайг ажилд авч байлаа. Нягтлан бодогчдын ажлыг шалгана гэдэг бол дөнгөж сургууль төгссөн ногооноороо амьтанд их хэцүү. Нэг талдаа хүн шалгадаг их мундаг хүн. Нөгөө талдаа юугаа ч мэдэхгүй хүн очиж байлаа. Сайн дарга, хамт олны хүчээр маш их зүйл сурсан. Ажил амьдралын шаардлагаар мэргэшсэн нягтлан бодогчийн ажлыг мэргэшсэн биш хүн шалгах нь нэгдүгээрт ёс зүй, хоёрдугаарт хариуцлага талаасаа шаардлага хангахгүй байсан болохоор мэргэшсэн нягт­лан бодогчийн шалгалтад бэлдэж тэнцсэн. Ингэж мэргэшсэн нягтлан бодогчийн зэрэг авсан даа.

-Залуус төв суурин газар бараадах дуртай. Одоо ч тийм үзэгдэл байна.

-Их сургуулиа онц дүнтэй төгсөхөд сургуулиас магистрийн урилга надад өгсөн юм. Ингээд магистрт сурч байх үед Мобикомын охин компани “Ньютел карт”-ын Болор захирал ажлын санал тавьж,  тодорхой хугацаанд хамтарч, удирдлагад нь ажилласан. Дөнгөж сургууль төгссөн бидэнд тогтсон байр сууц байхгүй, түрээсийн байраар амьдардаг байлаа. Тэр үед охиноо олсон,  хордлоготой ядарсан байсан. Нэг удаа амралтын өдрүүдээр аав, ээж дээ­рээ ирсэн чинь "Нүднээс гарсан байна, гэртээ ир" гээд. Гэр бүлийн хүн маань надаас нэг жилийн өмнө төгсөөд Сэлэнгэ аймгийн Ерөө суманд газрын даамлаар ажиллаж байсан. Хоёр талд байсан бид хоёрыг аав, ээж маань нутагтаа, гэртээ ир гэлээ. Ингээд л өсөж төрсөн нутагтаа очиж, удаа ч үгүй төрийн албаны шалгалт өгцгөөн ажилд орцгоосон. Бидний амьдрал эцэг эхийнхээ дэргэд, уул усныхаа буянаар тэр сайхан нутаг орондоо цэцэглэсэн гэж боддог. 

-Хол явж байгаад ирэхээр нутгаа их санасан байдаг шүү. Надад лав Эрдэнэтдээ орж ирэхээр л их гоё мэдрэмж төрдөг.

-Миний нутаг чинь говь тал шүү дээ. Анх Эрдэнэтэд ирэхэд нэг л давчдаад байдаг байсан. Хаашаа л харна уул дүнхийгээд байгаа юм шиг. Анхны ирсэн жилээ аав ижийдээ золгох гээд явахад нэг л сайхан, урт амьсгаа авмаар гоё мэдрэмж төрж байсан шүү. Говьсүмбэрт Чойрын богд гэж сайхан хайрхан байдаг. Нутагтаа байхдаа жилдээ хэд хэдэн удаа очдог байлаа. Одоо ч  очих болгондоо зорьж очдог. Цагаан дарь эхдээ мөргөөд, хүүхдийн овоогоо гороолоод, үр хүүхдээ даатгаад охин нь ирлээ гээд сүүгээ өргөх их сайхан. Сэтгэлд нэг л өег, нэг юм даагаад авсан юм шиг болдог шүү дээ.   /инээв/

- Сайн явах нь санааных гэдэг. Эрдэнэтэд ирсэн түүх таньд байгаа л байх?

-Миний бие Говьсүмбэр аймгийн Мэргэжлийн хяналтын газарт улсын байцаагч, улсын ахлах байцаагч, тасгийн дарга, хэлтсийн дарга, газрын дарга гээд анхан шатнаас эхлээд удирдах албан тушаал хүртэл хяналтын байгууллагад 10 жил ажилласан. 2013 онд удирдлагын шийдвэрээр МХЕГ-ын дотоод хяналтын улсын ахлах байцаагчаар томилогдсон. Тэр үед Улаанбаатар хотод ирсэн ч орон байр, хүүхдийн сургууль, цэцэрлэг гээд таван ам бүлд төрийн албан хаагчийн цалингийн 700 гаруй мянган төгрөг хүрэлцэх эсэх, гэр бүлийн хүн маань аймагтаа төрийн албанд ажиллаж байсан гээд олон асуудал тулгарч байлаа. Тэгээд Biznetwork  сайтаас боломжийн ажил хайж эхэлсэн. Удалгүй миний цахим шууданд Biznetwork  сайтаас "Сод Монгол" групп дотоод аудитор ажилд авна гэдэг зар мэдээлэл ирсэн. Мэдээллийн дагуу утсаар ярьтал цалин хөлс боломжийн сонсогдож, маш сайн ажиллавал байр сууцаар хангана гэж байна. Ингээд шалгалт өглөө. Хоёр ч удаа шалгалт өглөө. Тэгсэн удалгүй "Та тэнцсэн тул захиралтай ирж уулзана уу" гэж утсаар ярьж байна. Анандбазар захиралтай очиж уулзлаа. Намайг Говьсүмбэр аймаг руу ярьж сураглаж судалсан байсан. Уулзалтын дараа надад огт өөр санал тавьсан юмдаг. Энэ нь Эрдэнэт хотод салбарын даргын ажил байв. Тухайн үед гэр бүлтэйгээ зөвшилцөөд шийдвэр гаргаж, Эрдэнэт хотдоо нүүж ирсэн. Анх ирэхэд л их сайхан хот, их сайхан газар санагдаж байлаа. Нутгийн хүмүүс Баян-Өндөр хайрханыг шүтэж, тахиж явдаг юм гэж сонсоод ирсэн цагаасаа хойш хайрхандаа цай сүүний дээжээ өргөж, амьдрал ахуйгаа даатгаж явна даа.

-"Сод Монгол" группын салбарын удирдлагаар ирээд Эрдэнэт хотод үлдэцтэй бас оюуны хувьсгалд шинэ технологи нэвтрүүлэхэд таны туршлага, ур чадвар, тууштай үнэнч зан чанарыг илтгэсэн бодит ажил бол “Өргөө” кино театрыг ашиглалтад оруулсан явдал гэж хардаг. Танд бас энэ дашрамд Эрдэнэт хотын хүүхэд залуучуудын өмнөөс баярлалаа гэж хэлэх нь зүйн хэрэг.

-Баярлалаа. "Сод Монгол" группын салбарын удирдлагаар ирээд эрчтэй ажиллахыг хичээсэн. Миний хариуцсан ажил нэг компанийн ашиг орлоготой холбоотой гэхээс илүү үр дүн нь орон нутгийн хөгжилд хувь нэмрээ оруулж байх ёстой гэдэг зарчим барьж ажилласан. Надтай баг болон ажиллаж байсан олон сайхан залуус бий. Миний ажлын үр дүн тэдэнтэй маань салшгүй холбоотой. УИХ-ын гишүүн Д.Дамба-Очирын санаачилгаар  улсын төсвийн 1.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар кино театр барих ажил төлөвлөгдсөний дагуу тендер зарлаж ажлыг гүйцэтгүүлсэн байсан. Харамсалтай нь хөрөнгө мөнгө нь бүрэн гарсан ч төслийн ажил дуусаагүй, хоёр давхар блок өрөөд орхигдсон, хөрөнгө оруулалт нэмэх боломжгүйн улмаас хоёр жил гаруй хугацаанд царцаагдсан барилга болчихсон байсан. Энэхүү барилгын ажлыг дуусгаад Эрдэнэт хот кино театртай болчихвол Эрдэнэтийн залуусдаа хөгжлийн шинэ гарцыг нээх боломж гэж ойлгож, компанийн удирдлагуудад танилцуулан, улмаар хөрөнгө оруулалт хийх зөвшөөрөл авсан.  Тухайн үед байсан засаг, төрийн удирдлагууд дэмжихдээ дэмжиж, эсэргүүцэхдээ эсэргүүцэж янз бүрийн л шийдэл гарч байв. Мөн Эрдэнэт хотоо кино театртай болгочих юмсан гэсэн хэдэн залуучууд чамгүй тусалсан. Энэ барилгыг худалдаж авъя,  хөрөнгө оруулалт хийе  гэж 2 жил орчим хөөцөлдсөний эцэст барилгыг худалдан авах гэрээ байгуулагдлаа. Тэгээд дутуу барилгыг хүлээж авах гэтэл бичиг баримт нь дутуу, байх юмгүй болчихсон гэхчилэн нилээд асуудал болж байж, кинотеатрын барилгыг авсан. Барилгын зураг төсөл нь Солонгос улсдаа номер нэг, Азидаа дээгүүрт ордог кино театрын зураг төслөөр хийгдсэн байв.  Ингээд бүхий л бичиг цаасны ажлыг нь дахин хийж байж, энэ ажлыг эхлүүлж билээ. Тус барилгыг анх эхлүүлэхдээ төлөвлөлт зураг төсөл буруу, дээшээ давхарлах гэхээр болдоггүй. Хүчитгэл хийх гэхээр суурийн хүчин чадал, даац нь болохгүй байна гээд тэр болгон дээр асуудал тулгарч байсан. Кино театрын барилга их нарийн зохион байгуулалттай юм билээ. Суудал бүр дээр дэлгэцийн тусгал ямар байна, дуу шингээлт, гэрэл сүүдрийн тусгал гээд бүгд тооцоо судалгаатай хийгддэг их нарийн ажил. Олон ч судлаач, мэргэжилтэн урьж ажиллуулсан даа. Мөн дээрээс нь төрийн байгууллагуудтай их өргөн хүрээнд хамтарч ажиллах шаардлага гардаг юм билээ. Би чинь төрд ажиллаж байхдаа хүн шалгаад “төрийн хууль тогтоомж ийм л байх ёстой” гэдэг зарчим хатуу барьж явсан бол, эргээд хувийн салбарт ороод нөгөө талд нь гарч ажиллаж үзлээ. Энэ нь ч надад багагүй ажлын туршлага болсон гэж ойлгодог. Хяналтын ажил хийж байсан болохоор энэ нь ингэдэг шүү гэдэг ерөнхий болгоомжлол, алдаа дутагдлаас сэргийлэх гээд надад давуу талууд багагүй байсан. Мэргэжлийн хяналтын байгууллага намайг ажилд сургаж дээ гэдгийг энэ үед л илүү их мэдэрсэн дээ. Хоёр жилийн хугацаанд их ч ажил хийж, энэ бүтээн байгуулалт боссон. Одоо эргээд харахад миний мөнгөөр босоогүй ч гэлээ, хөөцөлдөж ажилласан ажлын үр дүндээ Эрдэнэтийнхээ хүүхэд, залуучуудыг чөлөөт цагаа зөв өнгөрөөх газартай болгосондоо омогшдог шүү. 

-"Эрдэнэтийн Өргөө" кино театр Д.Үүрийнтуяатай яах аргагүй салшгүй холбоотой . Мэдэх нэг нь мэддэг. Мэдэхгүй нэг нь ч байж магад. Хийсэн бүтээсэн бодитой ажилтай байна гэдэг сайхан юм.  Сонирхолтой түүх байна.  Ингэхэд  Эрдэнэт хотдоо их бүтээлч ажиллаж амьдарч яваа жирийн нэг эмэгтэй таныг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захирлын санхүү, эдийн засгийн зөвлөхөөр ажиллахад олон хүн анзаарч эхэлсэн л дээ. "Д.Үүрийнтуяа гэж хэн бэ, хаанаас гэнэт гараад ирэв ээ" гэж бараг асууж байсан. Яаж яваад энэ том үйлдвэртэй холбогдсон бэ?

-Яаж яваад Эрдэнэт хоттойгоо хувь заяагаа холбосноо үндсэндээ ярьчихлаа. Төрд багагүй хугацаанд ажиллаад өөртөө суулгасан зарчим маань энэ компанид миний хийх ажил болсон гэдгийг надад ойлгуулсан. Ингээд ажлаа өгөх хүсэлтээ тавьсан. Ажлаа өгөөд докторынхоо судалгааны ажилд илүү анхаарч ажилласан. Өмнө нь төрд ажиллаж байсан ажлын үр дүн, хийж байгаа докторын судалгааны ажил, түүний хэрэгцээ шаардлага нь Эрдэнэ үйлдвэрт ажиллах боломжийг нээсэн гэж би боддог юм. Ингээд 2017 оноос Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирлын санхүү, эдийн засаг хариуцсан зөвлөхөөр ажиллаж эхэлсэн.

-Та хэд үйлдвэрийн 49, 51 гэдэг хувьцаа эзэмшлийн асуудал их адармаатай цаг үед ажиллалаа. Тэр хэцүү цаг хугацаанд “жор”-ыг нь тааруулж ажиллана гэдэг нэг талдаа “мэдрэмж” нөгөө талдаа харилцааны  ур чадвар байсан уу?  49 хувийн талынхан ч бид хяналтыг сайн байлгасан болохоор үйлдвэр 40 жилийн түүхэндээ улсад төвлөрүүлж байгаагүй төсөв бүрдүүлсэн гэж ярьдаг л даа.

-Бас л амаргүй цаг үе байсан гэж би боддог.  Хувьцаа эзэмшигчийн асуудал тодорхойгүй, маргаантай байсан нь үйлдвэрийн хувьд хийж, хэрэгжүүлэхээр төлөвлөсөн томоохон хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлуудаа эхлүүлэх боломжийг олгоогүй. Харин ч тэр цаг үед эвийг нь олж, үйлдвэрийн үйл ажиллагааг хэвийн байлгахын тулд гүйцэтгэх удирдлагын зүгээс их мэдрэмжтэй ажилласан гэж би ойлгодог. Бидний хувьд ерөнхий захирлаас өгч байгаа үүрэг даалгавар, чиг үүргийн хүрээнд ажил үүргээ гүйцэтгэсэн. Ерөнхий захирлын зүгээс уурхайчид, хамт олны дунд ямар нэг хуваагдал, талцалгүй, нэг зорилгын төлөө ажиллах ёстой гэдэг зарчим барьсан. Түүний үр дүнд Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагааны үр дүн сүүлийн хоёр жил 40 жилийн түүхэндээ байгаагүй өндөр үр ашигтай ажилласан болов уу гэж хардаг. Энэ үр дүнг хуваах хүн олон байгаа байх. Гэхдээ, Ерөнхий захирлын хувьд удирдлагын менежментэд мэргэжлийн хүний ур чадвар, арга барил ямар чухал байдгийг харуулж чадсан гэдгийг онцолмоор байна.

-Удирдлагын менежментийн үр дүнгээр сүүлийн хоёр жилд бодитой, том төсөв улс, орон нутагт төвлөрүүллээ. Намын өнгөөр халаа, сэлгээ хийгддэг үзэгдэл ч болсонгүй?

-Эдийн засагч хүний хувьд тоогоо л яръя даа. Улс, орон нутгийн төсөвт 2017 онд 580 тэрбум, 2018 онд 655 тэрбум төгрөг төвлөрүүлсэн. 2019 оны нэгдүгээр улирлын байдлаар үйлдвэрлэлийн үйл ажиллагааны үр дүн амжилттай байж, төлөвлөгөөт үзүүлэлтүүдээ 100-аас дээш хувиар биелүүлсэн эерэг үр дүнг дагаад санхүү, эдийн засгийн үзүүлэлтүүд маань сайн байлаа. Борлуулалтын нэг төгрөгт ногдох зардлаа төлөвлөснөөс 9 хувиар бууруулж ажилласан. Үйлдвэрлэлийн үйл ажиллагааны төлөвлөгөөг биелүүлж, өртөг зардлыг бууруулж ажилласнаар улс, орон нутгийн төсөвт 251 тэрбум төгрөг төвлөрүүллээ. Энэ бол Эрдэнэт үйлдвэрийн олон мянган уурхайчид, хамт олны амжилт юм.

-2019 оны гуравдугаар сарын 06-ны өдөр Монгол Улсын ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнээр ахлуулсан ажлын хэсэг үйлдвэр дээр ирж “төр өмчөө мэднэ” гэж З.Энхболдын тунхагласан шиг тэртээ 21 жилийн өмнөх “намрын халуун өдрүүдэд” болсон үйл явдалтай төстэй үйл явдал өрнөсөн. “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийг Төрийн Өмчит Үйлдвэрийн Газар болсон шийдвэрийг гүйцэлдүүлсэн. Танд өндөр хариуцлага үүрүүлж үйлдвэрийн санхүү, эдийн засаг хариуцсан орлогч захирлын албан тушаалд томиллоо. Ингэхэд танд хэн санал тавьсан бэ?

-Төр засаг болоод Эрдэнэт үйлдвэрийн удирдлагын зүгээс үйлдвэр дотроо ажиллаж байсан боловсон хүчнийг удирдах албан тушаалд томилох зарчим баримталсан нь надад боломж олгосон юм болов уу. 6500 гаруй уурхайчид, хамт олны итгэлийг дааж, тэдний төлөө, Эрдэнэт үйлдвэрийн төлөө л ажил явах ёстой гэж би ойлгодог. Тийм ч учраас нэг талаас өндөр хариуцлагатай ачаа үүрүүлж, нөгөө талаас их итгэл хүлээлгэн ажил хийх боломж олгож, энэ ажил албанд томилсон гэж ойлгон, энэ их итгэл, хариуцлагыг алдахгүйн төлөө хичээн ажиллаж байна. 

-Та бүсгүй хүн, айл гэрийн эзэгтэй. Мөн хариуцлагатай албан тушаал дээр ажиллаж байна. Түүнчлэн "Монголын эмэгтэйчүүдийн холбоо"-ны Удирдах зөвлөлд сонгогдож,  Орхон аймаг дахь салбарын тэргүүн болсон. Энэ жижигхэн биеийг хэд хуваадаг юм бол гэх асуулт өөрийн эрхгүй төрдөг юм? /Инээв/

-Би хүүхэд байхын л олон нийтийн ажилд их идэвхтэй оролцдог байсан. Скаут, Нэг ертөнц клуб, Карл Поперын мэтгэлцээний клуб гээд л гүйж явдаг багын идэвхтэй хүүхэд байлаа. Тэр зан маань амьдрал дээр ч гээгдээгүй юм болов уу. Анх Эрдэнэтэд ирсэний дараа "Аймгийн Залуучуудын холбоо"-ны тэргүүлэгчээр ажилласан. Тэнд улс төрийн харъяалалтай, харъяалалгүй олон мундаг залуучуудтай хамтарч ажиллажээ.

"Монголын эмэгтэйчүүдийн холбоо"-ны 2018 оны ерөнхий зөвлөлийн хурлаар удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдон, орон нутаг хариуцсан удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна. Манай аймгийн эмэгтэйчүүдийн салбар зөвлөл сүүлийн 10-аад жил ерөнхийдөө үйл ажиллагаа нь тасарсан, тайлан сонгуулийн хурлаа хийгээгүй удсан байсан. Орон нутаг хариуцсан удирдах зөвлөлийн гишүүний хувьд өөрийнхөө орон нутагт байгаа асуудлыг шийдээгүй байж, бусад аймгуудын эмэгтэйчүүдийн холбооны асуудлыг ярих нь  ёс зүйн хувьд ч, үүрэг хариуцлагын хувьд ч боломжгүй байлаа. Ингээд МЭХ-ны Орхон аймаг дахь салбар зөвлөлийн тайлан сонгуулийн хурлыг 2019 оны хоёрдугаар 22-нд 440 төлөөлөгчтэйгөөр хийсэн. Чуулганы төлөөлөгч бүсгүйчүүд маань надад итгэл хүлээлгэж, Орхон аймгийн эмэгтэйчүүдийн зөвлөлийн даргаар сонгосон. Баг хамт олноо бүрдүүлээд эмэгтэйчүүдийн байгууллагаа хөл дээр нь босгох, тогтворжуулах, эмэгтэйчүүдийн эрх ашгийн төлөө нэгдэн ажиллах чиглэлээр олон ажил хийхээр зорьж төлөвлөөд, ажиллаж байна. Би нэг ажлыг хийж чадна аа гээд хариуцаж авсан бол чадахын төлөө бүхнээ зориулж ажиллахыг хичээдэг. Энэ олон эмэгтэйчүүдийн эрх ашгийн төлөө ажиллаж чадахгүй бол “гүйх нохойн хооронд гүйхгүй нохой саад гэж” эмэгтэйчүүдийн салбар зөвлөлийн даргын нэр зүүж явах шаардлагагүй гэж бодож байгаа. Орхон аймгийн нийт хүн амын 52 хувь буюу 50 гаруй мянган эмэгтэйчүүдийн асуудал яригдаж байгаа учраас үүний төлөө тодорхой цаг хугацааг зарцуулж ажиллах ёстой гэдэг үүргийг өөртөө өгөөд ажиллаж байна даа. Удирдах зөвлөлд маань салбар салбарын төлөөлөл орсон. Манай зөвлөлийн тэргүүлэгчид бие биеэ дэмжиж, хамтарч ажиллаж байна. Цаашдаа илүү хичээж ажиллана гэдэгт итгэлтэй байгаа. 2019 оны гуравдугаар сарын 05-нд бид “Эрдэнэтийн хөгжилд эмэгтэйчүүдийн оролцоо” анхны чуулганаа зохион байгуулсан. Чуулганаараа Эрдэнэтийн эмэгтэйчүүдэд  дэлхийн боловсролын түвшин хаана явааг, бид хаана нь байгааг олж харах боломж нээхийг зорьсон. Цаашдаа бид хотынхоо хөгжилд яаж оролцох ёстой юм гээд сэдэлжүүлэх талаас нь энэ бүх ажлыг хамт олныхоо хүчээр зохион байгууллаа.

Дэлхийн гэр бүлийн өдөр тавдугаар сарын 15-нд тохиолоо.  Энэ өдөр “Аз жаргалтай гэр бүл” цогц арга хэмжээг зохион байгуулж, ажилласан. Нэг өдрийн чуулган болоод өнгөрөхөөс илүүтэй өрх, баг бүрт хүрсэн, эмэгтэй хүн бүхэнд хүрсэн ийм л ажлууд зохион байгуулахаар багуудтай, төр захиргааны байгууллага, төрийн бус байгууллагуудтай хамтарсан. Бид салбар зөвлөлүүдээ баг бүрт, байгууллага бүхэнд  байгуулахын төлөө зорьж байна. Багууд дээр “Гэр бүлийн үнэ цэнэ” сургалт явагдана. Эмэгтэйчүүд бидний хийх ёстой томоохон ажлын нэг бол соён гэгээрүүлэх ажил юм. 95  жилийн түүхтэй  "Монголын эмэгтэйчүүдийн холбоо" нь соён гэгээрүүлэх, соёлжуулах, зөв иргэн, нийгмийг төлөвшүүлэхэд Монголын нийгэмд бодитой хувь нэмэр оруулсан байгууллага. Өмнө энэ ажлууд Монгол Улсын  яамны хэмжээнд төрийн дэмжлэг, төрийн бодлогоор хийгдэж байсан. Бид энэ ажлыг цаашид үргэлжлүүлж, орчин нөхцөлд үүсээд байгаа үзэгдэлтэй тэмцэхээс илүү үзэгдлийг үүсгээд байгаа шалтаг шалтааныг олж, түүнийг таслан зогсоохын төлөө нийгмийн соён гэгээрлийн ажилд илүү их анхаарах ёстой. Эмэгтэйчүүдийн асуудлыг ярьвал гэр бүлийн асуудлыг ярихаас өөр аргагүй. Эмэгтэйчүүдийн суурь асуудал бол яах аргагүй гэр бүл. Гэр бүлийн аз жаргал нь эмэгтэй хүний аз жаргалын үндэс юм. Эмэгтэй хүний аз жаргал нь тухайн гэр бүл, айл өрх бүрийн аз жаргалтай амьдралын эхлэл байгаасай гэж боддог. Иймээс эмэгтэйчүүдээ соён гэгээрүүлэх, тэднээр дамжуулж гэр бүлийг, нийгмийг соён гэгээрүүлэх ажлыг бид хийнэ. Энэ ажилд эмэгтэйчүүд бид л түүчээлэх учиртай юм.

-95 жилийн түүхтэй энэ байгууллага тухайн он жилүүдэд үүргээ маш сайн биелүүлсэн.  Зах зээлийн шилжилт энэ тэр гээд нэг хэсэг нам гүмхэн байлаа. Эргээд 21-р зуунаас олон нийтийн байгууллагууд идэвхжээд байх шиг?   

-Бизнесийн хэлээр бол байгууллагын амьдралын мөчлөг юм даа. Аливаа байгууллагын хөгжилд өсөлт, тогтворжилт, бууралтын үе байдаг. Энэ л байгууллагын амьдралын мөчлөг эмэгтэйчүүдийн байгууллагад бас тохиосон харагддаг. Бууралтын үе байсан бол өсөлтийн үе ирэх ёстой. Энэ саарсан, буурсан нь хувь хүнтэй зуун хувь холбоотой зүйл биш л дээ. Энэ бол Монголын нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал өөрчлөгдсөнтэй тодорхой хэмжээгээр салшгүй холбоотой. Одоо харин эмэгтэйчүүдийн нийгэмд эзлэх байр суурь, тэдний идэвхи илүү их нэмэгдэж байна. Өнөөдрийн нийгмийн хэрэгцээ өөр байна л даа. Дэлхий нийтээрээ эмэгтэйчүүд илүү эрхийн төлөө биш ижил эрхийн төлөө дуу хоолойгоо нэгтгэж байна. Монгол эмэгтэйчүүд харьцангуй азтай гэж би боддог. Ёс заншлын гажуудлаас шалтгаалсан ялгаварлан гадуурхах үзэл харьцангуй багатай. Массаар нь юм бүхнийг харлуулах бус эерэг талаас нь  авч үзэх асуудал бас бий. Гэхдээ бидэнд өөрийн нийгмийн онцлог, нөхцөл байдалтай холбоотойгоор эмэгтэйчүүдийнхээ асуудлыг хөндөхөөс өөр арга байхгүй. Нийгмийн тодорхой бүлэгт асуудал байна уу гэвэл байна.

-Гэр бүлдээ цаг зав хэр гаргаж байна даа?

-Манайх ам бүл тавуулаа, 3 хүүхэдтэй. Сайн ээж, сайн хань байхыг хичээдэг ч тийм байж чадахгүй л байна. /инээв/ Сүүлийн үед гэр бүлдээ гаргах цаг багассан. Миний хань Эрдэнэт үйлдвэрийн Инженерийн зураг төслийн төвд ажилладаг. Миний ажлыг бүрэн дэмжиж, ар талыг маш сайн даадаг, сайн аав, сайн хань. Хань ижил нь ойлгодоггүй, дэмждэггүй бол карьер хөөнө гэдэг тэр тусмаа эмэгтэй хүнд боломжгүй зүйл л дээ. Энэ хүний хүчинд өдий зэрэгтээ явж байна даа.

-Ирээдүйн Монголыг хэрхэн төсөөлж байна вэ?

-Би ирээдүйдээ их итгэлтэй, өөдрөг явдаг. Монгол Улс сайхан болно, хөгжинө гэдэгт итгэдэг. Энэ хөгжлийг бүтээхийн төлөө ажиллах хүмүүс нь залуучууд бид. Энд эргэлзэх шаардлага  байхгүй. Улс гүрний түүхэнд давах ёстой даваа, туулах ёстой цаг хугацаа, замнал байдаг бол түүнийг л бид туулж яваа. Хийдэг биш, шүүмжилдэг нь олширвол нийгмийн сэтгэл зүйд аюултай. Шүүмжлэл байлгүй л яахав, шүүмжлэлийн дунд хөгжинө. Гэхдээ шүүмжлэхийн тулд шүүмжилдэг байж болохгүй. Засч залруулахын төлөө шүүмжилдэг байх хэрэгтэй болов уу. Ирээдүйгээ илүү их гэрэлтэй болгохын төлөө гадагшаа зорих биш эх орондоо ажиллаж, хөдөлмөрлөх ёстой гэж би боддог доо.

-Цаг заваа гаргаж ярилцсан таны ажилд улам их амжилт, эрүүл энхийг хүсэн ерөөе. Баярлалаа.  

Баярлалаа. Монголын эмэгтэйчүүд, бүсгүйчүүдийнхээ дуу хоолойг сэтгүүлийн хуудсанд дахин сэргээж, ёс зүйтэй, мэргэжлийн сэтгүүл зүйг хөгжүүлэхийн төлөө хөдөлмөрлөж яваа "Монголын эмэгтэйчүүд сэтгүүл"-ийн хамт олонд талархалаа илэрхийлье. Та бүхний ажилд өндөр амжилт хүсье.      

 


ХӨГЖЛИЙГ БҮТЭЭХ, БҮТЭЭХИЙН ТӨЛӨӨ АЖИЛЛАХ ХҮМҮҮС НЬ ЗАЛУУЧУУД БИД
2020-01-13 08:42:16
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 4
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ