Баасан, 2024-04-19
Ч.Чимэдбат: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон албан хаагчийн байгууллага руу албан бичиг хүргүүлдэг болно

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцох, осол гаргах зөрчил буурахгүй байгаа. Он гарсаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон 877 тохиолдол бүртгэгджээ. Үүний дийлэнх нь төрийн алба хаагчид байгаа аж. Энэ талаар Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч Ч.Чимэдбаттай ярилцлаа.

-Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил буурахгүй байх шиг. Энэ төрлийн хэргийн нөхцөл байдал ямар байна вэ?

-Зөвхөн 2019 онд Тээврийн цагдаагийн албанд 25302 зам тээврийн осол бүртгэгдсэн. Ослын улмаас 561 хүн нас барсан. 49 хүүхэд нас барсан. Өнгөрсөн онд цагдаагийн алба хаагчид гудамж замын хяналтаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 34591 зөрчлийг илрүүлж ажилласан. Үүнээс 6851 иргэнийг шүүхээр оруулж 7-30 хоногийн баривчилгаанд явуулах шийтгэл оногдуулсан. Эмэгтэйчүүд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолооны ард суух зөрчил их гаргаж байна. 2019 онд 6400 эмэгтэй согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцсон зөрчлийг илрүүлсэн. Өдөрт л 20 орчим эмэгтэй согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож байсан гэсэн үг шүү дээ. Үүний 2400 нь давтан үйлдэлтэй байгаа. Шүүхээр орж таслуулчхаад дахин согтуугаар жолоо бариад байна.

-Он гарсаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож зам тээврийн осол гаргасан хэдэн тохиолдол бүртгэгдэв?

-Зам тээврийн осолд холбогдсон 34 согтуу жолооч байна. Он гарсаар зам тээврийн ослын улмаас 135 иргэн хүнд хөнгөнөөр гэмтэл авсан байна. Үүний 14 нь нас барсан. Амь насаа алдсан иргэдийн тал орчим хувь нь согтуурсан үедээ жолооны ард суусан хүмүүсийн буруутай үйлдэлтэй шууд хамааралтай байгаа юм.

-Согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохоос урьдчилан сэргийлэх, согтуу жолооч зам тээврийн осол үйлдэхээс өмнө илрүүлэх тал дээр Тээврийн цагдаагийн албанаас ямар ажил арга хэмжээ зохион байгуулж ажиллаж байна вэ?

-Дээр дурдсан зөрчлүүдийг цагдаагийн алба хаагчдын гудамж замын хяналтаар илрүүлсэн. Цагдаагийн хяналтаас гадуур согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил олон байгаа. Бид нийслэлийн хэмжээнд хяналт шалгалтаа шөнийн цагаар хөдөлгөөнт байдлаар явуулж байна. Нарны зам, уулын зам, Энхтайвны өргөн чөлөө, Залуучуудын гудамж зэрэг замуудаар аль нэг чиглэл рүү зорчиход нэг уулзвар дээр нь л цагдаагийн алба хаагч тээврийн хэрэгслийг зогсоож шалгах хэлбэрээр зохион байгуулалтад орж ажиллаж байгаа. Иргэд шөнийн цагаар дэлгүүр гэрийн хооронд, эсвэл хүн тосох гэх мэт зорилгоор согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож осол гаргах тохиолдолд их байдаг. Шөнийн цагаар хөдөлгөөн сийрэг үед тээврийн хэрэгсэл хурд хэтрүүлж замын хөдөлгөөнд оролцох гээд байдаг учраас хүний амь настай холбоотой, ноцтой осол үйлдэгдэх өндөр эрсдэлтэй байдаг. Үүнээс урьдчилан сэргийлж цагдаагийн алба хаагчид хөдөлгөөнт байдлаар эргүүлээ зохион байгуулж ажиллаж байна. Цагдаагийн алба хаагч хаана ч ил болон далд хэлбэрээр хяналт шалгалт хийгээд явж байж болзошгүй гэж иргэд ойлгож болно.

-Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож буй иргэдийн насжилт судалгаанаас яаж харагдаж байх юм?

-Янз бүр. Өнгөрсөн долоо хоногт согтуугаар замын хөдөлгөөнд оролцож байгаа жолоочийг илрүүлэхэд 35 орчим настай залуу өөрийгөө хянах чадваргүй согтчихсон явж байгаа юм. Гурван настай охин нь хажууд нь суучихсан. Энэ зөрчлийг илрүүлж шалгаж байна. Согтуу жолооч нар замын хөдөлгөөнд дүрмээрээ оролцож байгаа иргэдийн амь насанд заналхийлж байгаа үйлдэл. Согтуу жолоочийн балгаар гэр бүлээрээ амь насаа алдаж, хөдөлмөрийн чадваргүй болсон тохиолдол ч бүртгэгдэж байсан шүү дээ.

-Төрийн алба хаагчид согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил өдөрт 20,30-аараа бүртгэгдэж байгаа тоон мэдээлэл байсан. Хэд хэдэн удаагийн давтамжтайгаар зөрчил гаргасныг алба хаагчид илрүүлсэн байсан. Энэ төрлийн зөрчилд хүлээлгэх шийтгэл нь зөөлөн байна уу. Бууруулах тал дээр та бүхэн хэрхэн ажиллахаар төлөвлөж байна вэ?

-Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодвол Зөрчлийн тухай хуульд заасны дагуу 400 мянган төгрөгөөр торгож, жилийн хугацаанд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах шийтгэл оногдуулдаг. Тухайн Зөрчлийн давтан үйлдсэн тохиолдолд шүүхээр оруулж 7-30 хоногийн хугацаанд баривчилгаа буюу биеэр эдлэх арга хэмжээг оногдуулж ажиллаж байна. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлүүдийг судлаад үзэхэд олонхыг нь төрийн алба хаагчид эзэлж байгаа. Төрд алба хааж байгаа хүмүүс согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад зам тээврийн осол хийсэн хэд хэдэн тохиолдол бүртгэгдсэн. Тээврийн цагдаагийн албанаас төрийн алба хаагчид согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, осол хийсэн тохиолдолд байгууллага руу нь албан тоот бичиг явуулдаг болохоор ярилцаж байна. Байгууллага нь согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон алба хаагчдаа арга хэмжээ авдаг, ажилтнуудад энэ төрлийн зөрчил гаргахгүй байх тал дээр анхаарч сургалт семинар зохион байгуулаад явбал зөрчил буурна гэж харж байгаа. Энэ ажил судалгааны хүрээнд л явж байна.

-Төрийн албан хаагчаас гадна дуучид, жүжигчид согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцох тохиолдол байдаг. Сая кино урлагт хөл тавиад буй жүжигчин Г.Ананд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож бусдын амь насыг хохироосон шүү дээ?

-Олны танил жүжигчин зам тээврийн осол гаргасан гэх мэдээлэл нийтэд тараад байгаа. Бидний тухайд бол жүжигчин олны танил гэж мэдээгүй. Энэ сарын 16-ны өдөр Хан-Уул дүүрэг Их Монголын гудамжинд Benz g class маркийн автомашин toyota premio маркийн автомашинтай мөргөлдсөн зам тээврийн ноцтой осол өглөөний 06:00 цагийн орчимд гарсан. Toyota premio маркийн авто машины жолооч 45 настай А ослын улмаас амь нас нь хохирсон. Benz g class маркийн тээврийн хэрэгслийн жолоодож явсан А гэгч нь 1 бүхэл 83-ын согтолттой байсан. Самбаачлах хугацаа байхгүй, сэтгэн бодох чадвар удаан, сэтгэлийн хөөрөл их өндөр, үг ярианы тухайд цэгцгүй ойлгомжгүй болчихсон байсан. Ийм зэргийн согтолттой бол тээврийн хэрэгслээр битгий хэл явганаар замын хөдөлгөөнд оролцох чадамжгүй болчихсон гэж ойлгож болно.

-Олон улсад энэ төрлийн зөрчилд ямар арга хэмжээ авч ажилладаг юм бэ. Манайд хэрэгжүүлбэл үр дүнгээ өгч болох ямар жишиг байна?

-Дээр дурдсан жишиг олон улсад байдаг. Цаашлаад зарим нэг улс оронд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож бусдын амь насанд заналхийлсэн этгээдийг нээлттэй зарладаг жижиг бий. Өглөө бүр л тэдэн жолооч согтуугаар замын хөдөлгөөнд оролцож та бидний эрүү мэнд, амь насанд заналхийллээ гээд л шууд зарладаг. Манайд энэ төрлийн зөрчил бурахгүй байвал энэ хэлбэрт шилжихэд нэг их буруудахгүй гэж үзэж байна.

-Манайхан ач холбогдол өгч тэмдэглэдэг сар шинийн баяр хаяанд иржээ. Энэ үеэр зам тээврийн осол нэмэгдэх төлөвтэй байдаг?

-Тоон судалгаанаас харахад сар шинэ болон, баяр наадмын үеэр зам тээврийн осол, ослоос шалтгаалж хүний амь нас хохирох тохиолдол эрс нэмэгдсэн байдаг. Энэ үеэр нийслэлээс хөдөө орон нутаг руу чиглэсэн хөдөлгөөн нэмэгддэгтэй холбоотой. Холын замд зорчихдоо хүн тээвэрлэх журам зөрчдөг, хүүхдийг зориулалтын суудалд тээвэрлээгүй байж хурд хэтрүүлж хөдөлгөөнд оролцдог. Энэ хүүхдийн амь насыг эрсдэлд оруулж байгаа үйлдэл. Өнгөрсөн жил зам тээврийн ослоор нас барсан 49 хүүхдийн 80 орчим хувь нь сар шинэ болон баяр наадмын үеэр орон нутгийн амь насаа алдсан нь тоон үзүүлэлтээс харагддаг. Иймээс хөдөө орон нутгийг зорихдоо тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангахыг анхааруулж байна. Мөн орон нутаг руу хүн тээвэрлэдэг жолооч нар хурд хэтрүүлэх, шаардлага хангахгүй тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох зэрэг зөрчил гаргаж олон хүний, олон айлын элэг бүтэн байдалд заналхийлдэг. Мөн олон цагийн турш жолооны ард сууж ядарсан үедээ замын хөдөлгөөнд үргэлжлүүлэн оролцох нь бусдын болон өөрийн амь насыг эрсдэлд оруулж байгаа хэрэг. Хэсэг зүүрмэглэхэд л зам тээврийн осол гарах өндөр эрсдэлтэй байдаг. Хүний амь настай холбоотой ноцтой ослуудын нэг шалтгаан нь энэ. Орон нутгийн замд хүн тээвэрлэж буй жолооч нар олон хүний амь нас хариуцаж яваагаа ухамсарлаж анхаарал болгоомжтой замын хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна.

-Согтуурсан үедээ замын хөдөлгөөнд оролцох тохиолдол их гардаг биз дээ. Сар шинээр зочилж ирсэн нэгнээ архиар шахах нь манайд жирийн үзэгдэл болсон?

-Хоолны даруулга гээд нэг татчих гээд л жолоо барьж яваа нэгнээ архиар шахаж хүндэлдэг. Энэ нь амь нас эд хөрөнгийг нь хөрөнгийг нь эрсдэлд оруулж байгаа хэрэг. Иргэд гэр бүл, төрөл төрөгсдийнхөө элэг бүтэн амьдралын төлөө ухамсартай байж дүрмийн дагуу замын хөдөлгөөнд оролцох шаардлагатай байна.

-Сар шинийн баяраар айраг хэрэглэдэг жишиг манайд бий. Айраг уучихаад замын хөдөлгөөнд оролцоход жолоочийн самбаачлах хугацаанд яаж нөлөөлдөг юм бэ?

-Согтуугаар замын хөдөлгөөнд оролцож байгаа иргэдийг илрүүлэхэд “ Би хаана явж байгаагаа мэдэж байна. Би согтоогүй байна” гэх шаардлага тавьдаг. Айраг, архи, вино зэрэг бүгд л согтууруулах ундааны зүйлд орно. Багаж үлээлгэхэд хориглосон хэмжээнд хүрч байвал тээврийн хэрэгсэл жолоодох боломжгүй гэсэн үг.

-Дуудлагын жолоочийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагууд манайд олширсон байна. Эдгээр байгууллагуудын үйлчилгээнд ТЦА-гаас ямар хяналт тавьж ажиллаж байна вэ?

-Дуудлагын жолооч гэдэг нэг талаасаа зөв сонголт ч нөгөө талаасаа эрсдэлийг дагуулдаг. Дуудлагын жолооч нарын тухайд ур чадваргүй, үнэмлэхгүй, магадгүй согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхыг ч үгүйсгэхгүй. Гол төлөв шөнийн цагаар, хөдөлгөөн сийрэг үед замын хөдөлгөөнд оролцдог учраас хурд хэтрүүлж осол гаргах эрсдэлтэй байдаг. Осол гаргавал тээврийн хэрэгслийг орхиод зугтах тохиолдол байдаг. Энэ тохиолдолд хэргийн мөрөөр шалгаж ажиллагаа явуулахад буух эзэнгүй, буцах хаяггүй хүмүүс дуудлагын жолооч хийсэн байдаг.


Ч.Чимэдбат: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон албан хаагчийн байгууллага руу албан бичиг хүргүүлдэг болно
2020-01-29 09:50:00
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ