Лхагва, 2024-04-24
Ш.Гантулга: Шударга Ерөнхийлөгчтэй болж байж л Оюу Толгойгоо буцааж авч чадна

Оюу Толгойн гэрээ
 
Сүүлийн үед Оюу толгойг тойрсон шуугиан тасарсангүй. Оюу толгойн гэрээг байгуулсан цагаас нь эхлэн ганц дайчин ганцаардахгүй гэгчээр УИХ-ын гишүүн Сайнхүүгийн Ганбаатар ганцаараа шахуу дуугарч ирсэн. Үе үеийн засгийн гэрээг сайжруулна хэмээн ажлын хэсэг байгуулан ажилладаг хэдий ч тус гэрээ огт сайжирсангүй. Монгол улс ашиг олох байтугай улам өрөнд орсоор байна. 
Оюу толгойн гэрээ бол луйврын гэрээ гэдэг нь хэнд ч ойлгомжтой. Луйврын гэрээг хэн байгуулдаг вэ? Мэдээж хулгайч, луйварчид л байгуулна. Асуудал ийм тодорхой байхад гэрээг сайжруулна гэж яриад сууж байгаа төр засгийг ямар төр засаг гэх вэ? Улс төрийн хэллэгт “марионеточное правительство” буюу тоглоомын засгийн газар гэсэн ойлголт байдаг. Үүний сонгодог төлөөлөл нь Монгол улсын төр болоод байна. Сүүлийн 30 жил Монгол улс ямар ч төр засаггүй явж ирлээ. Үүний тод илрэл нь Оюу толгойн гэрээ юм.
 
Гэрт чинь хулгайч ороод хулгай хийвэл та яах вэ? Хулгайчийг барьж шийтгэж, гэрээсээ хөөхийн оронд эвий дээ багахан хулгай хийгээд гэрт минь амьдар, амьдар гэхгүй биз дээ. Тэгвэл ямар ч ашиггүй, дээр нь хортой гэрээ гэдэг нь тов тодорхой болсон гэрээг сайжруулна гэж яриад сууж байгаа засгийн газрыг юу гэж ойлгох вэ? 
 
Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээний хор хөнөөлийн талаар судлаачид олон янзын л тоо ярьж байна. 2051 он гэхэд 70 тэрбум долларын алт зэс олборлоход Монгол улс зээл болон зээлийн хүүд 22 тэрбум доллар төлнө гэсэн байна. Улсын төсөвт ердөө л 8,5 тэрбумын ашиг төлнө гэсэн байх юм. Бүр анхнаасаа ийм алдагдалтай гэрээг сайжрууллаа гэхэд яаж сайжруулах юм бэ? Бодоод бодоод бодын шийр дөрөв гэгчээр толгойд юу ч орж ирдэггүй. 
Оюутолгойн гэрээний гол буруутнууд нь Айвенхоу майнз, Рио Тинто гэсэн үндэстэн дамнасан хулгайч, луйварчдын бүлэглэлүүд юм байж. Гэхдээ энэ хулгайч луйварчид зүгээр нэг тэнгэрээс унаад ирчихээгүй ээ. Энэ үндэстэн дамнасан хулгайч, луйварчдын бүлэглэлийг хөрөнгө оруулагч нэрээр орууж ирж, гэрээг үзэглэж, дэмжиж ирсэн төр засгийн төлөөллүүд бий шүү. 
 
Оюу толгойн гэрээ гэхээр л бид нөгөө алдарт Баяр, Баярцогт, Гансүх, Зоригт, Сайханбилэг нарыг дурсдаг. Үнэндээ энэ гэрээг үзэглэхэд одоогийн Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга, Ерөнхий сайд асан Ухнаагийн Хүрэлсүх, Ерөнхий сайд асан Норовын Алтанхуяг нар бүгд байсан. Энэ хонины арьс нөмөрсөн чононууд чинь өнөөдөр юу ч болоогүй юм шиг өөрсдөө байгуулсан гэрээгээ муулаад л буянтны дүр эсгээд сууж байна шүү дээ.
 
Бүр болоогүй дотроо Ерөнхийлөгч болчих санаатай горьдлого тээгээд сууж байна. Энэ нөхдүүдийн хэн нэг нь Ерөнхийлөгч боллоо гэж бодъё. Тэд хэний төлөө үйлчлэх вэ? Монголын ард түмний төлөө үйлчлэх үү эсхүл өөрсдөө үзэглэсэн гэрээгээ хамгаалж Рио Тинтодоо үйлчлэх үү? Та бүхэн бодож үзээрэй. 
Тэгэхлээр Рио Тинто гэж хэн бэ? Хөрөнгө оруулагч юм уу эсхүл хулгайч луйварчин юм уу? Хөрөнгө оруулалт гэдэг бол Монгол улсад бодитоор орж ирсэн мөнгө буюу доллар, техник, тоног төхөөрөмжийг хэлэх байх. Гэтэл Рио Тинтогийнхон  манай баялгийг барьцаалаад мөнгө босгочихсон байна шүү дээ. Бид чинь хармаа хоосон гуйлгайчдыг оруулж ирчихээд хамаг баялгаа барьцаалуулаад дээр нь тэднийг баян болгоод сууж байгаа юм биш үү? 
Одоо асуулт тавья. Нэгэнт Оюу толгойн гэрээ луйврын гэрээ юм бол цаашид монголын ард түмэн энэ гэрээг яах ёстой вэ? Гэрээг сайжруулах нэрээр хүртэх угаадсаа өчүүхэн нэмүүлээд үргэлжлүүлэн хууртагдсаар байх уу? Эсхүл иргэний эр зориг гарган Оюу толгойн гэрээг бүрмөсөн цуцалж, Рио Тинтог нутаг орноосоо хөөж гаргах уу? Аль нь танд болон таны үр хойчид ашигтай вэ? Нэгэнт хулгайч гэдэг нь тодорхой болчихсон нөхдүүдийг гэрээсээ хөөх нь зөв үү аль эсхүл гэрээгээ сайжруулах нэрээр бага хулгай хийгээд манайд амьдар амьдар гээд гэртээ байлгаад байх юм уу? Бид Рио Тинтог гэртээ орогнуулах боломжийг үргэлжлүүлэн нээж өгснөөрөө 2051 он гэхэд бүр том өрөнд унана гэдгийг өнөөдөр харж тооцоолж байгаа хүн байна уу? Тийм үг амнаасаа цухуйлгаж байгаа төрийн түшээд ядаж ганц байна уу? 
Гэрээг бүрмөсөн цуцалъя, Рио Тинтог хөөж явуулъя гэхээр олон юм ярьдаг хүмүүс их байдаг. Тэнд байгаа 10 мянган ажилчин, тэдний ар гэрийнхний аж амьдралыг яах юм. Яг өнөөдөр Монгол улсын төсөвт оруулж байгаа татварыг яах юм гэдэг. Тэгвэл тэнд ажиллаж буй 10 мянган ажилчин, тэдний ар гэрийнхэн чинь нийт 3 сая 500 мянган Монголчуудын хэдэн хувь юм бэ? Бүр ядуурлын туйлд орчихсон байгаа үлдсэн олонх иргэдийнхээ төлөө хэн дуугарч байгаа юм бэ? Өнөөдөр төсөвт оруулж байгаа багахан татвараа алдаж байгаа баялагтайгаа дэнсэлж үзсэн юм уу? 2051 он хүртэл 70 тэрбумын баялгаас 8-хан тэрбум доллар татварт тушаана гэж байгаа нь шударга хуваарилалт мөн үү? Бидний авах гээд улайран зүтгээд байгаа тэр 8 тэрбум  байгаль экологид учруулах хор хөнөөлийг зөвтгөж чадах уу? Ийм гэрээ үнэндээ бидэнд хэрэгтэй юм уу? 
Одоо бүгдээрээ гарц яръя. Надад Оюу Толгойн гэрээг цуцалж, Рио Тинтог төрхөмд нь буцаах гурван гарц харагдаж байна. 
Нэг: Оюу Толгойн гэрээ анхнаасаа луйврын гэрээ байсныг хууль шүүхийн байгууллагаар тогтоолгож, оногдох шийтгэлийг нь оноож, улмаар хөөж гаргах;
Хоёр: Дубайн гэрээг бүрмөсөн цуцлах. Дубайн гэрээ бол Үндсэн хуулийг зөрчсөн гэрээ. Үндсэн хуулийн Газрын тухай хэсгийн бэхэлгээнд “Гадаадын иргэн, хуулийн этгээдэд газрыг тодорхой нөхцөл болзолтойгоор ашиглуулна” гэсэн заалттай. Ашиглах эрхэд ямар нэгэн захиран зарцуулах зохицуулалт байдаггүй. Гэтэл өнөөдөр Рио Тинто компани Оюу Толгойн ордыг барьцаалаад зээл босгочихсон байна. Энэ нь  тус гэрээг цуцлах бүрэн үндэслэл болно.
Гурав: Монголчуудын уламжлалт газрын бодлогоо сэргээх замаар хууль эрх зүйн орчноо бүрэн өөрчилбөл Оюу толгойн гэрээг цуцлах, улмаар Рио Тинтог ямар ч төвөггүй хөөн гаргах үндэслэл бүрэн нээгдэх  юм.
Одоо гарц тус бүр дээр ярилцъя. Оюу толгойн гэрээг эсэргүүцэж байгаа судлаачид, тэмцэгчид, шүүмжлэлтэй ханддаг иргэд ихэнхдээ эхний гарц дээр л эргэлдээд байдаг. Гэрээ анхнаасаа луйврынх байсан. Тиймээс энэ гэрээ цуцлагдах ёстой гэсэн байр суурьтай байдаг. Энэ гарц хамгийн хүнд бөгөөд шийдэгдэх магадлал нь бүрхэг гарц юм. Үүнийг 2 зүйлээр тайлбарлаж болно.
Нэгдүгээрт: Энэ гэрээний сайн мууг дэнслэн илчилж байх үүрэгтэй манай хууль шүүхийн тогтолцоо нь өөрөө ард түмнийхээ эсрэг ажилладаг болчихсон. Хууль шүүхийн байгууллагынхан хэн мөнгөтэйд нь үйлчилдэг хар соёл тогтоод удаж байна. 
Хоёрдугаарт: Рио Тинто гэдэг луйварчинтай зарга хийгээд ялах магадлал тун бага. Учир нь тэднийг өмгөөлж байдаг бүхэл луйврын хуульчдын сүлжээ дэлхий нийтийг хэрчихсэн байгаа. Харамсалтай нь бид нийтээрээ энэхүү ямар ч үр дүнгүй, хүнд гарцаар зүтгээд байна. Өдийг хүртэл бид энэ замаар явсан учраас ялагдсаар л ирсэн. 
Хоёр дахь гарц болох Дубайн гэрээтэй холбоотой гарц ч бас бүрэн найдвартай биш. 2003 онд Нацагийн Багабандийг ерөнхийлөгч, Намбарын Энхбаярыг ерөнхий сайд байх үед одоогийн мөрдөгдөж буй ашигт малтмалын хуулийг баталсан байдаг. Энэ хууль маш аюултай хууль болсон. Тус хуулинд ашигт малтмалын хайгуул болон ашиглалтын лицензийг барьцаалж, шилжүүлж, худалдаж болно гээд заачихсан. Энэ нь Айвенхоу Майнз Оюу Tолгойн лицензийг Рио Тинтод зарах, Рио Тинто нь Туркоз Хиллсд шилжүүлэх гэх мэтээр монголын баялгийг арилжааны хэрэгсэл болгох үндэслэлийг бий болгосон. Үндсэн хуулиасаа давсан энэ заалт нь ямар нэгэн байдлаар энэ луйварчдыг хамгаалах зэвсэг нь болж өгөөд байдаг. 
Эцэст нь миний харж байгаа бөгөөд иргэдийн огт ярихгүй байгаа сүүлчийн гарц бол үнэндээ Монгол улс уул уурхайн салбараа аврах цорын ганц бөгөөд найдвартай шийдэл юм. Үүнийг бид хийж чадвал Рио Тинто мэтийн мангасуудыг ямар ч төвөггүй нутаг орноосоо хөөж чадах нь гарцаагүй юм.
 
Тэгэхлээр нэгэнт алдагдсан газар нутагтаа эзэн нь байх эзэн эрхээ буцааж авахын тулд бид өвөг дээдсийнхээ газар нутгаа онгон дагшнаар бидэнд өвлүүлж чадсан тэр өв ухааныг судлахаас өөр гарцгүй.
Яагаад жам ёсны шийдэл тийм чухал байдаг вэ? Нэг жишээ татъя. Тарвага нүхэнд амьдардаг нь жам. Тарвагыг модонд авирдаг хууль баталчихвал тэр тарвага удаан тэсэхгүй нь хэнд ч ойлгомжтой. Тэгвэл сүүлийн 30 жилд манай газрын салбарын, тэр тусмаа уул уурхайн салбарын хууль эрх зүйн орчин нь модонд авирсан тарвага лугаа болсон. Үндэс сууриасаа тасарсан. Цэвэр гадныхны эрх ашгийг хангасан хууль эрх зүйн орчныг бүрдүүлснийг хэн хүнгүй мэдэж байгаа. Үр дүнд нь бид газар нутаггүй болох дээрээ тулаад байна. Бид хэр тэсэх вэ? 
Одоо гарц яръя!!! Газрын уламжлалт бодлогоо сэргээх гэдэгт бид юуг ойлгох ёстой вэ? Газрын уламжлалт бодлого бол бидний өвөг дээдсээс бидэнд уламжлан үлдээсэн, 1992 оныг хүртэл хэрэгжүүлж ирсэн газар ашиглалт, хамгаалалтын бодлого юм. Монголчуудын уламжлалт бодлогод газар зөвхөн Улсын өмчид байж ирсэн. Газар Улсын өмчид байх үед уул уурхайн бодлогыг ямар агуулга, ямар логикоор хэрэгжүүлэх вэ? 
Нэгэнт Газар Улсын өмч, өөрөөр хэлбэл бүх ард түмний хөрөнгө мөн л юм бол газрын хэвлийн баялаг нь хувь хүн, хувийн компаний баяжих хэрэгсэл байж хэрхэвч болохгүй гэсэн цорын ганц л логик л уул уурхайн ашиглалт, олборлолтын бодлогыг тодорхойлох ёстой. 
Энэ логикоор бол уул уурхайн салбарт дараах өөрчлөлтүүдийг нэн яаралтай хийх шаардлагатай болж байгаа юм.
Нэг: Уул уурхайг зөвхөн төрийн өмчит компани зохион байгуулах замаар ашиглах. Одоогийн Эрдэнэтийн жишгийг дурьдахад болно. (Үүнийг хийснээр Оджаргалын Энержи ресурс, Дэлгэрсайханы Төмөртэйн орд гэх мэт том жижиг бүх хувийн уул уурхайн компаниудыг төрд үе шаттайгаар шилжүүлэх, татах үндэслэл бүрдэнэ); 
Хоёр. Хайгуулыг зөвхөн Улсын төсвөөр хийдэг байх (Учир нь хэвлийн баялаг бол авдар доторх баялаг. Авдрын түлхүүр зөвхөн гэрийн эзэнд байх ёстой. Авдарт байгаа алт эрдэнэсээ олох нь нэг хэрэг. Харин өнөөдөр ашиглах уу, үр хойчдоо үлдээх үү гэдэг нь дараагийн асуудал. Гэтэл өнөөдөр манай ашигт малтмалын хайгуулыг гадаад дотоодын хэн дуртай нь хийж байна. Лиценз нэртэй цаасаар дамжуулан авдрын түлхүүрийг хэн дуртай нь барьж байна. Түүгээр зогсохгүй би хайж олсон учраас ашиглах ёстой гэсэн авдрыг шууд хоослох зохицуулалтыг хуулинд суулгачихсан байна. Энэ бүхнийг өөрчлөх ёстой). 
Гурав. Лиценз нэртэй хуульчилсан хулгайг зогсоох. Нэгэнт төрийн өмчит компани зохион байгуулах замаар ашиглаж байгаа тохиолдолд ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын лицензийн хэрэг огт байхгүй. Бүх лицензийг цуцалж Улс өмчөө өөр дээрээ хурааж төвлөрүүлэх цаг нь болсон. Ашигт малтмал бол Улсын, өөрөөр хэлбэл бүх ард түмний өмч учраас лицензийг хувь хүн, хувийн компани эзэмших эрхгүй. 
Дөрөв. Үнэхээр зайлшгүй гадны хөрөнгө оруулалт хэрэгтэй гэж үзвэл гадны төртэй, төрийн өмчит компанитай хамтрах (Үүнийг хийснээр бид Рио Тинто, Кожегов мэтийн үндэстэн дамнасан мангасуудыг нутаг орноосоо хөөж чадах төдийгүй бусад хятад эзэдтэй уул уурхайг зогсоох, эздийг нь хөөх нөхцөл бүрэлдэнэ); 
Бид газар, түүний хэвлийг ашиглах уламжлалт бодлогоо сэргээж чадсан тохиолдолд л Рио Тинто мэтийн мангасаас  нэг мөр салах бүрэн үндэслэл бүрдэнэ. Бидэнд өөр гарц байхгүй.
Өвөг дээдсээ хүндэлж байгаа бол дээр нь үр хойчоо үнэхээр л бодож байгаа бол Монголчууд үүнийг зайлшгүй хийх ёстой. Бидний байнга муулаад байдаг Хятад улс яг энэ зохицуулалтаар дэлхийд хүчтэй гүрэн болж чадсан байдаг. 
Хятад улсын Үндсэн хуулийн Газрын тухай хэсгийн 9-р зүйлийн 2-д“Улс байгалийн баялгийн зүй зохистой ашиглалтын баталгааг хангах ба ургамал, амьтны үнэт төрөл зүйлийг хамгаалалтад авна. Дурын байгууллага, хувь хүнд байгалийн баялгийг ямар нэгэн байдлаар хувьдаа эзэмших эсхүл сүйтгэхийг хориглоно” гэж заасан байдаг. 
 
Тиймээс л манайд Оджаргал гэдэг хүн ундаа ус ч үйлдвэрлэж л байдаг, уул уурхай дээр ч байж л байдаг. Харин Жак Ма гэдэг хятадын тэрбумтан уул уурхайн компанитай гэж би сонсоогүй. Энэ нь Хятад улсын төр хувьчилж болдог зүйл, болдоггүй зүйлийнхээ заагийг маш нарийн тогтоож чадсаныг, төр нь төр шиг ажиллаж чаддагийг харуулж байгаа юм.
 
Бид Хятадуудыг байнга муулахын оронд сайн зүйлийг нь ухаантайхан хуулах нь өөрөө ухаан болоод байна шүү. Ичмээр ч юм даа. Түүхээ судалвал үеийн үед Хятадууд манай газрын бодлогыг хуулсаар ирсэн. Харин бид сүүлийн 30 жил өвөг дээдэс рүүгээ нулимаж ирлээ. Эх орон газар нутагтаа хоноцын сэтгэлээр хандаж ирлээ. Үүнийг өөрчлөх ёстой. Рио Тинто мэтийн үндэстэн дамнасан луйварчдыг хөөх ёстой. 
Эцэст нь хэлэхэд хэн үүнийг хийх вэ. Удахгүй ерөнхийлөгчийн сонгууль болно. Дараачийн ерөнхийлөгчөөр Монголчууд бид Рио Тинтог хөөж чадах аавын хүүг сонгох ёстой. Өмнөх 5 ерөнхийлөгчямар нэгэн байдлаар өнөөдрийн гамшгийн нөхцөлийг үүсгэхэд хувь нэмрээ оруулсан. П. Очирбат “Алт” хөтөлбөрийг баталсан. Хоёр дахь Ерөнхийлөгч Н.Багабандийг Ерөнхийлөгч байхад, Н.Энхбаярыг Ерөнхий сайд байхад Ашигт малтмалын хууль батлагдсан, Ц.Элбэгдорж, С.Баяр нар Оюу толгойг үзэглэсэн, Эрдэнэтийг луйвардахыг оролдсон, сүүлчийн Ерөнхийлөгч Х. Баттулгын шууд санаачилгаар 6.2-р заалт өөрчлөгдөж батлагдсан. 
Тиймээс энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд өнөөдрийн улс төрийн бохир тогтолцооны гаднаас хүн орж ирж байж л төр цэвэрших боломж үүснэ. Аливаа өөрчлөлтийг тухайн итгэл үнэмшлийг тээгч нь хийдэг нь жам. Ийм жишээ дэлхийн түүхэнд олон бий. Ямартай ч Оюу толгойг үзэглэсэн У. Хүрэлсүх, Х. Баттулга, Н. Алтанхуяг гурав бол чадахгүй гэдэг нь тодорхой. 
Савааны үзүүрээс барихад нөгөө үзүүр нь ч хөдөлдөг хамааралтай байдаг. Ард түмэн аливаа сонголтыг хийхдээ үр дагаврыг нь давхар сонгож байдаг. Сүүлийн 30 жилийн завхрал явж явж бидний өөрсдийн маань сонголтын л үр дүн. Бид дандаа алдаж иржээ. Тэгвэл хэзээ бид шударга Ерөнхийлөгчтэй болох вэ? Зөвхөн өөрсдийн гараар ирээдүйгээ өөрчилж чадна гэсэн итгэл үнэмшилтэй ард түмэн л ялдаг гэдгийг ухаарвал та гарцаагүй шударга нэгнийг олж сонгох болно. 
Бид шударга Ерөнхийлөгчтэй болж байж л Оюу Толгойгоо буцааж авч чадах нь хэнд ч ойлгомжтой. Ард түмэн үүнийг хийх ёстой.
 
 
Ш.Гантулга

Ш.Гантулга: Шударга Ерөнхийлөгчтэй болж байж л Оюу Толгойгоо буцааж авч чадна
2021-03-20 11:16:35
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0