Мягмар, 2024-04-23
Шатахуун: Хүсэл, хяслын заагт

Оросын Холбооны Улсаас шатахууны 100 хувь хамааралтай Монгол Улс Аи-92 бензиний 4-5 хоногийн нөөцтэй байна. Роснефть Ангарскийн газрын тос боловсруулах үйлдвэрт засвар, үйлчилгээ хийгдэж байгаа тул Аи-92 бензиний импортыг 70 хувь хүртэл бууруулав. Тэгэхээр нь Хятадаас 724 вагонцистерн захиалсан ч Улс тунхагласны баярын амралт угтсан дотоодын ачаалалтай нь таарав.

Энэ бол үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлэх, экспортлогчдыг “царайчлахаа” болих ухаарал, сэхээрлийн сүүлчийн цэг, энийгээ ухаарахгүй бол төсөөлшгүй төлөөсийн эхний дохио ч байж болох юм.

“Үйлдвэрлэгч улс больё” гэсэн “эх орончдоо” нийлж байгаад нухчин дардаг дотоодын мафитай улсад бид энэ өдрүүдэд хүртэх ёстойгоо л хүртэж байна.

Төлөөсгүй хөгжил гэж үгүй

Өчигдөр Ерөнхий сайд олон жил гацсан Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын ажлыг эхлүүлэх шийдвэрийг баталлаа. Энэ шийдвэр Улаанбаатарт шатахууны хомсдол үүсч, баруун аймгийнхан тог цахилгаангүй хоёрдахь өдрөө угтаж байхтай давхцаж таарсан юм.

Эрдэнэбүрэнгийн цахилгаан станц баригдвал баруун аймгуудыг тогоор хангаж, гадны эрчим хүчний хамаарлаас бүрэн гаргах чадамжтай.

Гэхдээ энэ бол Монгол Улс тархины түгжээгээ мулталж чадах эхний дохио гэдгийг хэр олон хүн анзаарсан бол оо?

Бид түлш шатахуунаар 100 хувь, баруун аймаг эрчим хүчээр 80 хувь нэг улсын хараат. Бид ийм л байх ёстой гэж бодсоор, тийм л байдаг гэж итгэсээр төдийгөөс өдий хүрсэн. Өнөөгийн хөгжингүй Хятадыг бүтээгч Дэн Сяопин “Түгжигдсэн сэтгэлгээгээ чөлөөлөх” нь шинэчлэлийн эхний зорилт гэж сануулсан байдаг.    

Хадны завсар хавчуулагдсан...

1919 онд Сюй Шүжэн Монголын автономийг устгаад Богд хааныг хориход Дондогдулам хатан Өвлийн ордондоо ийм нэгэн гаслант дуу зохиож дуулсан гэлцдэг.

Хавчны завсар хавчуулагдсан

Халиуны зулзага хөөрхий

Бутны завсар бултайсан

Булганы зулзага хөөрхий

Бултын өмнөөс баригдсан

Богд эзэн минь хөөрхий...

Хоёр их хөршийн дундахь Монголын хувь заяаг Улсын эх дагины гансарсан энэ дуунаас илүү тодорхойлж чадсан нь үгүй.

70 жил хараат улсын нажидыг эдэлсэн монголчууд 1990 оноос түүнээс ч дутахгүйгээр хараат байхын зовлонг туулсан юм. Шинэ зууны заагт Монгол Улс өмнөд хөршөөс эдийн засгийн 95 хувийн хамааралтай, хойд хөршөөс түлш шатахууны 100 хувийн хамааралтай боллоо. Баавгайн амнаас гараад барын аманд оров. Москва, Бээжинд найтаахад Монгол ханиад хүрч, тэр нь эмчилгээгүй удвал хатгаа ч болж хүндрэх эрсдэлтэй.

Орос, Хятадын зах зээлд хэлбэлзэл болоход Монгол тэр чигээрээ савлахаар эмзэг улс билээ.

Дэлхийн зах зээл дээр хэлбэлзэх нефтийн үнээс шалтгаалж, Орост 8, 9 дүгээр сараас бензиний үнэ 1 тонн (Аи-95 бензин 60 мянган рубль, Аи-92 бензин 57 мянган рубль) өсч, нөгөө талаар ОХУ-ын Холбооны төсвийн алдагдлыг нөхөхийн тулд дотоодын бензин, дизель түлшний онцгой албан татварыг нэмэв. Энэ нь манайд шатахууны хомсдол үүсэх анхдагч нөхцөл боллоо.

Хятадаас татан авалт хийх гэтэл эз нь таарч, Тэргэл сарны баяр, Улс тунхагласны баярын амралтууд нь таарч, дэлхийн хамгийн том дотоодын шилжилт хөдөлгөөн нь эхэлснээр манай асуудлын шийдэгдэх эрэмбэ хойшлогдов.

Хараат байдлын дүүжин даажин дээр савлах Монгол Улс яаж хараат бус байдлаа хангах вэ?

Хэний буруу вэ?

Явж явж манай байж байгаа царай л энэ. Монгол Улс 250 сая тоннын нефтийн нөөцтэй. 1997 онд Ерөнхийлөгч П.Очирбат Тамсагт очиж, дээлийн энгэрээ нефтээр мялаагаад бид нефть боловсруулах үйлдвэртэй болно гэж зарлаж билээ.

Засгийн газар зөвхөн 2011 оноос хойш 5 удаа нефть боловсруулах үйлдвэр байгуулах шийдвэр гаргахдаа тухай бүрдээ үйлдвэр барих байршлыг өөрчилж, ажлыг нь "хавраас эхлүүлэх"-ээр тохирцгоосон байх юм. Жишээ нь 2013 онд Н.Алтанхуягийн Засгийн газар Дархан-Уул аймагт жилдээ 2 сая тонн нефть боловсруулах хүчин чадалтай үйлдвэр байгуулах шийдвэр гаргахдаа одоогоос 6 жилийн өмнө буюу 2015 онд ашиглалтад оруулна гэж зарлажээ. 

Одоо Очирбат ч төрд алга, үйлдвэр ч алга, Алтанхуяг ч засагт алга.

31 жилийн худал амлалт, хуурамч мөрөөдөл, гадны гар хөлүүд, дотоодын улс төржилтийн эцсийн гор нь өнөөдөр.

Баялгаа түүхийгээр нь экспортлохоо зогсоож, дотооддоо үйлдвэрлэх бүхий л санаачилгыг нугаслан дарсаар 31 дэхь жилээ үдэж байна. Сайншандын аж үйлдвэрийн паркыг л гэхэд байгуулж амжаагүй байхад нь цаасан дээрээс арчиж хаясан билээ.

Гээд дэлхийн зах зээл, геополитик, тогтолцооны буруу гээд булхайцаад өнгөрөх үү?

Шатахууны нөөцийн талаар илэрхий худал мэдээлэл хийж, хариуцлагагүй загнасан энэ салбарын удирдлага, Ашигт малтмал газрын тосны дарга нар хариуцлагаа хүлээх л ёстой.

Жаахан хүүхэд нүдээ дарчихаад нуугдчихлаа гэж боддог шиг жар дөхөж яваа ах нар арай тэгж бодоогүй биз дээ.

Шаварт унасан шарын эзэн...

Монгол Улсын Ерөнхий сайд А.Амар “Бага улсын толгой байснаас батганын толгой байх минь яалаа” гэж хэлсэн гэдэг.

Практик бол үнэний шалгуур мөн. Цар тахал гарсан хоёр жил өнгөрсөн 31 жилийн Монгол Улсын бүх салбарын тогтолцоог шалгасан шалгалт боллоо. 31 жилийн турш Монгол Улсыг “эрэг”, “шургаар” нь задалж хулгайлж байсан хүмүүс дээр тогтож байсан “хөзрийн байшин” хүчтэй салхинд тогтож чадна гэж үү?

Л.Оюун-Эрдэнэ ч байсан, хэн ч байсан цар тахлын хоёр жилийн салхинд “хөзрийн байшин” дайвалзаж байхад “шаварт унасан шарын эзэн” болох л байсан.

Харин Л.Оюун-Эрдэнэ худал хуурмагийн хөзрийн байшинг тогтоох гэж оролдохын оронд нураагаад шинэ байшингийн хундаамыг цутгаж эхлэхээр зоригложээ. Авлигын эсрэг тэмцэл, шинэ сэргэлтийн бодлого бол уул шугамдаа ийм л агуулгатай.

Үүнээс цааш газар үгүй...

Шатахууны хомсдол бол үе үеийн Засгийн газрын “толгойны өвчин” байсан. Тэр бүрд нь аргацаасаар өдийг хүрсэн. Харин одоо бид хэзээ болтол ингэж аргацаах вэ? Эдийн засгийн тусгаар тогтнолоор баталгаажаагүй бол тусгаар тогтнол эргэлзээтэй.

Шатахууны 100 хувь, экспортын 92.8 хувь нь зөвхөн нэг улсаас хамааралтай, экспортын 81.1% нь дэлхийн зах зээл дээрх үнийн тогтмол хэлбэлзэлтэй байдаг эрдэс баялгийн бүтээгдэхүүн. Эдийн засаг нь зөвхөн нэг улсыг “царайчлан” нийлүүлдэг экспорт, импорт дээр тогтдог.

Нүүрсээ дэлхийн жишиг үнээс багаар зардаг, шатахуунаасаа жишиг үнээс өндрөөр худалдаж авдаг.

Энийгээ бүхэлд нь Монгол Улсын “эдийн засаг” гэж тодорхойлдог нь хэтэрхий өрөвдөлтэй, бас хэтэрхий ноцтой бус уу?

Бид хаана ямар ч хямрал болсон хэт хамааралгүй байх нь аюулгүй байдлын баталгаа.

Хэрэглэгч улсаас үйлдвэрлэгч улс болох нь хамаарлаас гарах найдвартай арга зам. Дэлхийн хөгжингүй бүх улс ингэж л хөгжиж ирсэн.

Түүний эхний алхам нь Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц боллоо.

Гэвч “үйлдвэрлэгч улс больё” гэсэн бүх улс төрчдөө нийлж байгаад нухчин дардаг дотоодын мафитай улсад бид энэ өдрүүдэд хүртэх ёстойгоо л хүртэж байна.

Нийтлэлч Ч.Содбилэг


Шатахуун: Хүсэл, хяслын заагт
2021-09-24 19:21:01
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0