Бямба, 2024-04-20
“Хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй” сэдэвт сургагч багш бэлтгэх сургалт болж байна

Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллага (ОУЭЗХБ) нь Цагдаагийн ерөнхий газартай хамтран Европын Холбооны санхүүжилттэй “Монгол Улсад хүүхдийн хууль зүйн туслалцаа авах хүртээмжийг нэмэгдүүлэх замаар Ковид-19 цар тахлын үр нөлөөг бууруулах” төслийн хүрээнд цагдаагийн байгууллагын мөрдөгч, хүүхдийн асуудал хариуцсан мэргэжилтнүүдэд зориулсан “Хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй” сэдэвт сургагч багш бэлтгэх сургалтыг Улаанбаатар хотод 2022 оны 2 хоёрдугаар сарын 16-19-ний хооронд зохион байгуулж байна.

 

 
Тус сургалтаар Төв аймаг болон нийслэлийн 8 дүүргийн Цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаах тасгийн болон хүүхдийн асуудал хариуцсан 60 гаруй алба хаагчид хүүхдийн эрх, хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, шинэ үеийн охид хөвгүүдийн сэтгэл зүйн онцлог, хэв маяг, жендэрийн тэгш байдлыг хангах, хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлийг ялган зүйчлэх, мөрдөн шалгах арга зүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх, зөрчил шалган шийдвэрлэх явцад хүүхдийн эрхийг ханган, хамгаалах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдлэг ойлголтоо дээшлүүлж байна.
 
Сургалтыг төслийн хүрээнд бүтээсэн “Хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй” сургагч багш бэлтгэх гарын авлагад суурилан явуулж байгаа бөгөөд хүүхдийн эрх хамгааллын чиглэлээр олон жил ажилласан туршлагатай профессор, хууль эрх зүйн багш нар удирдан чиглүүлж, онол практикийн мэдлэг олгож байна.
 

 
Сургалтын нээлтийн ажиллагаанд ОУЭЗХБ-ын Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Стивен Кент оролцон “Сургагч багшийн сургалтын хүрээнд 60 гаруй алба хаагч, мэргэжилтнийг сургаж байгаа нь бидний хамтын ажиллагааны тогтвортой байдал, урт хугацаанд гарах үр нөлөөг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм” хэмээн цохон тэмдэглэлээ.
 

 
Цагдаагийн Ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны хүүхдийн эсрэг болон хүүхдээс үйлдсэн гэмт хэрэг мөрдөх хэлтсийн дарга Цагдаагийн хурандаа П. Эрдэнэбилэг “Сүүлийн жилүүдэд цар тахлын үр нөлөө, бусад хүчин зүйлийн шалтгаант холбоотой гэмт хэрэгт үйлдлийн арга, шинж хувьсан өөрчлөгдөж байгаатай холбоотой хүүхэд хохирсон, холбогдсон гэмт хэрэг мөрдөн шалгах ажиллагаа явуулахад биднээс илүү их мэдлэг, ур чадварыг шаардах болжээ” гэж хэллээ гэж ЦЕГ-ын Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хэлтсээс мэдээлэв. 


“Хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй” сэдэвт сургагч багш бэлтгэх сургалт болж байна
2022-02-17 10:49:25
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0