Баасан, 2024-04-19
Б.Батцэцэг: Монгол Улс илүү амбицтай байж, олон санаачилга гаргахаар төлөвлөж байна

-ТОМИЛОЛТ: АНУ-ын Нью-Йорк хотоос мэдээлж байна-

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 77 дугаар чуулганы нээлт өчигдөр боллоо. Энэ жилийн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл “Шийдвэрлэх мөч: Харилцан хамааралтай сорилтуудад өөрчлөлт авчрахуйц шийдлүүд” сэдвийн дор болж байна. Тус чуулганы талаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгээс тодрууллаа.

-НҮБ-ын 77 дугаар чуулганаар улс орнуудын хөндөх сэдэв, саналаа солилцох асуудлын талаар товч дурдвал?
-Энэ удаагийн чуулганд оролцохоор 100 гаруй орны төрийн болон Засгийн газрын тэргүүн ирсэн байна. КОВИД-19-ийн  дараах болон геополитикийн нөхцөл байдалтай уялдуулан улс орнуудад тулгарч буй асуудал, сорилтыг даван туулах, тодруулбал эдийн засгаа хэрхэн сэргээх, хүн амынхаа эрүүл мэнд, амьдралын чанарыг сайжруулах вэ гэдгийг эхний ээлжинд ярьж байна. Хоёрдугаарт дэлхийн хэмжээний бүс нутгуудад тулгарч буй аюулгүй байдлын асуудал чухал. Улс орнууд өөрсдийн нөхцөл байдлыг танилцуулахын зэрэгцээ сорилтод хэрхэн хамтран ажиллаж, даван туулах вэ гэдгийг хэлэлцэнэ. Цар тахал үргэлжилсэн хугацаанд бид илүү нягт хамтран ажиллаж, нэгнээ ойлгох, энх тайвныг дэмжсэн бодлого явуулах, батлан хамгаалах болон цэрэг зэвсэглэлд гаргаж буй зардлыг боловсрол, эрүүл мэндэд зарцуулах боломж байсан талаар шүүмж хэлж байна. Чуулганы хугацаанд олон уриалга дэвшүүлнэ.

-Ерөнхийлөгч маргааш үг хэлнэ. Ямар асуудлуудыг онцлох бол?
-Өнөөдөр чуулган эхэлж буй тул эхний гурван улсын төрийн тэргүүн үгээ хэлээд байна. Маргааш манай Ерөнхийлөгч үг хэлнэ. Ингэхдээ бүс нутаг болон улс орондоо тулгарч буй асуудлаа танилцуулахын зэрэгцээ аюулгүй байдал, тогтвортой байдал, байгаль орчны асуудлыг дурдахын зэрэгцээ цаашид Монгол Улс дэлхийн энх тайвны төлөө ямар хувь нэмэр оруулах боломжтой талаар дурдана. Чуулганы үеэр Ерөнхийлөгч Ерөнхий санал шүүмжлэлд үг хэлэхийн зэрэгцээ хэд хэдэн орны Ерөнхийлөгч нартай хоёр талын уулзалт хийнэ.

 

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга манай улсад айлчилсан. Айлчлалынхаа дараа манай улсын бас нэгэн загвар орон болж, санал санаачилгаа бодитой дэвшүүлж, ард түмэн идэвхтэй оролцож байгааг онцолж ярьсан

-Та Гадаад харилцааны сайдын хувиар бас уулзалтууд товлосон байх. Энэ талаар?
-Чуулганы үеэр сайд нарын түвшинд салбар арга хэмжээнүүдэд оролцож, үгээ хэлдэг. Засгийн газрыг төлөөлөн миний бие оролцож байгаа бөгөөд долоон арга хэмжээнд оролцож үг хэлнэ. Тухайлбал, Далайд гарцгүй орнуудын Гадаад харилцааны сайд нарын уулзалт, БНХАУ-ын санаачилсан Анд нөхдийн бүлэг дэлхийн энх тайвныг хангах чиглэлээр гаргасан санаачилгыг дэмжсэн хуралд оролцоно. Мөн хоёр талт 20 орчим уулзалтыг хийнэ. Чуулганы хуралдаанд дэлхийн олон орны Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Гадаад харилцааны сайд нар цугладаг чухал үе учир улс орнууд өндөр ач холбогдол өгдөг. Энэ үеэр улс орнууд хоёр талын уулзалтуудыг хийдэг нь тус тусдаа айлчлал хийснээс богино хугацаанд нэг дор олон ажлыг амжуулах боломж олддог.

Манай улс өнгөрсөн жил шинээр Ерөнхийлөгчөө сонгож, анхны гадаад айлчлалыг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцсон нь нэг талаар бэлэг дэмбэрэлтэй, нөгөө талаар олон улсад Монгол Улсын нэр хүндийг өсгөхөд чухал ач холбогдолтой болсон. Энэ жил өнгөрсөн жилээс уулзалтын саналын тоо нэмэгдсэн байна. Анзаарч байхад улс орнуудын гадаад харилцаатай холбоотой асуудал илүү бодитой болсон бөгөөд богино хугацаанд аль улстай илүү ажил хэрэгч түвшинд авч явахад анхаардаг болсон байна. Улс орон бүрд тулгарч байгаа сорилтууд төстэй, ялангуяа улс төрийн нөхцөл байдал, эдийн засгийн сэргэлттэй холбоотой бодлого улс орон бүрд туршлага солилцох шаардлага гарч байна. Цар тахлын жилүүд улс орон бүрд өөрсдийн нөхцөл байдлыг бодитой үнэлэх, эрсдлийг даван туулах төлөвлөх шаардлагатайг мөн ойлгуулсан.

-Тэрбум мод тарих санаачилгыг НҮБ-ын индрээс мэдэгдэж, хэрэгжүүлж эхлээд байна. Энэ жилийн хувьд уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой шинэ санал санаачилга гаргах болов уу?
-Ерөнхийлөгч санал тавьж, амлалтаа авч, бүс нутагтаа уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд нөлөө үзүүлэхээр тэрбумаар тоологдох мод тарих төслийг эхлүүлсэн. Жилийн хугацаанд үндэсний хэмжээний хөдөлгөөн болж, маш шуурхай хэрэгжүүлж буйг олон улс үнэлж байна. Тэр тусмаа төслийг дэмжихээр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга манай улсад айлчилсан. Айлчлалынхаа дараа манай улсын бас нэгэн загвар орон болж, санал санаачилгаа бодитой дэвшүүлж, ард түмэн идэвхтэй оролцож байгааг онцолж ярьсан байна лээ. Өнгөрсөн жилийн хугацаанд манай яам харилцаж буй улс орон бүртэйгээ байгаль орчны чиглэлээр санал санаачилгыг хэрэгжүүлэх чиглэлээр туршлага солилцох, төсөл хөтөлбөрт хамрагдах, тусламж авах, хүний нөөцөө бэлтгэх зэрэг олон чиглэлээр хамтын ажиллагааг ярьсан нь үр өгөөжөө өгч байна. Өнөөдөр тэрбум мод тарих санаачилгыг мэдэхгүй улс орон байхгүй. Үүнийг Ерөнхийлөгч үгэндээ онцлоод энэ чиглэлд улс орнуудтай үргэлжлүүлэн үр дүнтэй ажиллах талаар саналаа хэлнэ.

skip-share

Монгол Улс илүү амбицтай байж, илүү олон санал санаачилгыг гаргаж, манлайлах түвшинд дэмжих чиглэлээр Гадаад харилцааны сайдын хувьд нэлээд зүйлийг төлөвлөж байна

-Салбар уулзалтуудаар ярих гол асуудлууд юу байна вэ?
-Ерөнхийлөгч одоогийн байдлаар таван орны төрийн тэргүүнтэй хоёр талын уулзалт хийнэ. Уулзалтаар тухай орнуудтай бид ямар хамтын ажиллагааг өрнүүлсэн, цаашид хамтран ажиллах төлөвлөгөөгөө ярилцана. Цахим шилжилттэй холбоотой манай улс бусад улс орнуудтай туршлага солилцох талаар ярьж байна. Боловсрол, шинжлэх ухааны сайд мөн салбар уулзалтад оролцсон. Боловсролын цахимжилттай холбоотой асуудалд манай улс болон Индонез улсыг загвар орон болгож ярьсан байна лээ. Манай улс зөв бодлого явуулж байна, сайшаан дэмжиж байна, улс орнууд ч жишээ авах хэмжээнд байна гэсэн үг. Цаашдаа ч Монгол Улс илүү амбицтай байж, илүү олон санал санаачилгыг гаргаж, манлайлах түвшинд дэмжих чиглэлээр Гадаад харилцааны сайдын хувьд нэлээд зүйлийг төлөвлөж байна.

НҮБ болон олон улсын байгууллагуудад гүйцэтгэх түвшинд олон монголчууд ажилладаг. Тэднийг бүртгэх ажлыг эхэлсэн. Цаашлаад олон улсын түвшинд зарлаж байгаа өндөр албан тушаалд улс бодлогын, улс төрийн манлайллын хувьд дэмжиж байх ёстой. Бид бүс нутагтаа хүний эрх, ардчиллыг хөгжүүлж, ардчиллын загвар орон гэдгээрээ олон улсын анхаарлыг татаж байна. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн айлчлалын дараа мэддэггүй улсууд мэдэж авлаа, мэддэг нь хоёр том хөршийн дунд ардчиллыг загвар болгон хөгжүүлж буй, хүмүүсийн аз жаргалтай, хүний эрхийг дээдэлсэн, эрх чөлөөг өндрөөр үнэллээ. Тиймээс үүнийгээ улам илүү батжуулах, улс орноо сурталчлах талд хүн бүр хичээх ёстой. Үүний тулд иргэн бүрд эх оронч үзлийг суулгаж, иргэн бүр гадаад харилцааны талаар ойлголттой байвал илүү хурдацтай хөгжих, илүү анхаарал татах боломжтой байна гэдэг өөдрөг сэтгэгдэлтэй байна.

-Украины ерөнхийлөгчийг үг хэлэх эсэх асуудлаар санал асуулга явуулсан. Монгол Улс ОХУ, Украины асуудалд түдгэлзсэн байр сууриа илэрхийлсэн. Энэ тал дээр тайлбар өгөөч?
-НҮБ-ын хурлын үеэр олон саналууд асуулга гардаг. Санал хураалтуудад ерөнхийдөө түдгэлзсэн байр суурь илэрхийлж байна. Энэ нь өөрөө зарим оронд ойлгомжгүй байгаа ч бид хоёр хөрштэйгөө иж бүрэн стратегийн түншлэлтэй, гуравдагч хөршийн бодлого зэргийг тэнцвэржүүлж байгаа хэрэг юм. Түдгэлзэж байгаа байр сууриа гуравдагч хөрш орнууддаа тайлбарлах шаардлага гардаг. Хоёр хөршдөө ч тодорхой тайлбарлах нөхцөл үүсдэг. Монгол Улсын хувьд энэ асуудалд яагаад түдгэлзэж байгаа талаараа маш сайн тайлбарууд өгч байна. Бид дэлхийн бүх улс оронтой найрсаг харилцаатай. Энэ харилцааг тэнцвэртэй хадгалахын зэрэгцээ маш ухаалаг гадаад бодлого явуулж байна гэдгийг дэлхийн олон улс орнууд онцолж байна.


Б.Батцэцэг: Монгол Улс илүү амбицтай байж, олон санаачилга гаргахаар төлөвлөж байна
2022-09-21 10:03:14
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0