Пүрэв, 2024-04-25
Үндсэн хууль тойрсон улс төр ба “ул”-ныхны бухимдал!

Засгийн газраас Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа зөвхөн УИХ нь нэг танхимтай, 152 гишүүнтэй байна гэх өөрчлөлтийг УИХ-д өргөн барьсан бөгөөд УИХ-ын гишүүдийн тоог нэмэх эсэх дээр олон нийтийн уур амьсгал, дэмжлэг хэр байгааг МАН “тандах” ажиллагааг өнгөрсөн долоо хоногт хийв.

УИХ-ындарга Г.Занданшатарын захирамжаар орон нутаг, тойргоо зорьсон УИХ-ын гишүүд маань сонгогчиддоо, иргэддээ “хөөгдөж”, загнуулсаар гэрийн бараа харцгаав. УИХ-ын даргын захирамжаар өнгөрсөн долоо хоногт УИХ-ын гишүүд Засгийн газраас өргөн мэдүүлсэн ганц л заалт өөрчлөх, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг танилцуулав.

Иргэдийн зүгээс Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөс илүү өнөөдрийн амжиргаа, цалин, тэтгэврийн нэмэгдэл, үнийн өсөлтийн талаар гишүүдэд үгээ дайв. Өргөн хэрэглээний барааны үнэ өсч, орлого буурсан эн үед юун Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт манатай байгаагаа ч иргэд учирлав. Цар тахлаас хойш эдийн засгийн тоон үзүүлэлтүүд сайжирч байгаа гэх болов иргэдийн амьдралд төдийлөн мэдэгдэхгүй, цалин, тэтгэвэр нэмэгдэхгүй, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлтөд сөхөрсөн иргэдэд УИХ-ын гишүүдийн тоог нэмэх гэж Үндсэн хуульдаа гар хүрч байгааг ч шүүмжилж, ард түмний амьдралыг очиж үзэж харж, танилцахыг ч уриалав. УИХ-ын гишүүд нь тойрогтоо ажилладаг, ажилладаггүйгээс  үл хамаарч өнөөдрийн хоногийн хоол, өр зээлийн асуудалдаа анхаарч буй иргэд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт, улс төрийн эрх ашиг, парламентын тогтолцоог сайжруулах талаар мэдэж, мэдэхийг хүсч байгаа нь тун цөөн гээд хэлэхэд буруудахгүй болов уу.

Эрх баригчид энэ удаад Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа зөвхөн УИХ-ын гишүүдийн тоог нэмэх буюу 152 болгох л өөрчлөлт хийхээр болсон. Харин бусад өөрчлөлтийг хийх нь улс төрийн хувьд ч өнөөдрийн нөхцөл байдлын хувьд зөв сонголт биш гэдгийг эрх баригчид мэдэж буй. УИХ-ын гишүүдийн тоо нэмэх нь парламентын чадамжийг сайжруулах, өнөөдрийн муу муухай болоод буй авлига, албан тушаалын хэрэг, улс төрийн барьцаа, харилцаа хамаарал нь буурах, парламентын чадамжийг нэмэгдүүлж, хууль тогтоох дээд байгууллага нь олон намын төлөөлөл, нийгмийн бүлгийн төлөөллийг багтааж чадвал тун сайн. Гэхдээ УИХ-ын гишүүдийн тоог нэмчихвэл маргааш нь авлига, албан тушаалын гэмт хэрэг байхгүй болж, ард түмний амьдрал сайжрахгүй  нь тодорхой. Алсдаа, цаашдаа илүү их цэвэрших, тунгалаг болоход нэмэртэй учраас ийн олон намын төлөөлөл, нийгмийн олон бүлгийн төлөөллийг багтаах нь зөв гэж эрх баригчид үзэж буй. Гишүүдийн тойрогт хийсэн уулзалтуудаас бас нэг анзаарагдсан зүйл бол УИХ-ын гишүүдийн, парламентын нэр хүнд ард түмний дунд  тун муу байгааг илтгэнэ.

76 авлигчин байсан бол 152 болж, ард түмний амьдрал бүр л хэцүү болно гэдэг утгатай үгийг олон уулзалт дээр иргэд хэлж байв. Өнгөрсөн хугацаанд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын авлигатай тэмцэх ажиллагааны хүрээнд УИХ-ын гурван ч гишүүн бүрэн эрхгүй болчихсон байгаа энэ цагт сонгосон төлөөлөлдөө, парламентын гишүүддээ итгэх итгэл нь алдарсан иргэд, сонгогчид олон болсныг эрх баригчдад сануулах нь илүүц биз ээ.

Эцэст нь хэлэхэд, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, УИХ-ын гишүүдийн тоог 152 болгох асуудал нь ард түмний санаачлагаас илүү УИХ-ын бүрэн эрхийнхээ хүрээнд шийдэх асуудал. Гэхдээ тэд хүч түрэхээс илүү нийгмийн сэтгэлзүй, ард түмнийхээ саналыг хагас хугасхан ч гэсэн сонссон нь сайн хэрэг. Харин долоо хоногийн турш тойрогтоо, сонгогчидтойгоо уулзсан гишүүд өнөөдөр намын бүлэг дээрээ танилцуулж, тайлангаа танилцуулна. Ингэхдээ дан ганц 152 гэх тоо тойрч ярихаас илүү ард түмний амьдрал хүнд байгааг, хоногийн хоол, өр зээлийнхээ хооронд зүтгэж яваа, сайжирсан гээд сурталчлах болсон эдийн засгийн үзүүлэлтүүд нь иргэдийн хаалгаар орох, ард түмний амьдралд нөлөөлөх ямар боломж бололцоо, нөөц байгаагаа ч бас давхар ярьж, Засгийн газартаа үүрэг, чиглэл өгөх, түүнийгээ ажил хэрэг болгох, өнөөдөр, маргаашийн улс төрөөс илүү иргэдийн амьжиргаа, орлогыг нэмэгдүүлэх бодитой арга хэмжээ хэрэгтэй байгааг сануулсан иргэдийн үг ажил хэрэг болох биз ээ.


Үндсэн хууль тойрсон улс төр ба “ул”-ныхны бухимдал!
2023-05-15 13:57:03
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0