Бямба, 2024-04-20
Говийн ус эрдэмтдийн анхааралд орлоо

Говьд хамгийн тулгамдаад байгаа усны асуудлыг иргэд, орон нутгийн өөрөө удирдах байгууллагын төлөөлөл, эрдэмтэн судлаачид хамтран хэлэлцэж, гарц шийдэл олох зорилгоор “Говийн ус-Ногоон хөгжил” эрдэм шинжилгээ, инновацийн чуулган 9 дүгээр сарын 9-10-ны өдрүүдэд Өмнөговь аймагт болох гэж байна. Тус чуулганыг Өмнөговь аймгийн ИТХ-ын АН-ын бүлгээс санаачлан “Говийн ус-Ногоон хөгжил”, “Нүхэн жорлонгүй ногоон хот” зэрэг НҮТББ-тай хамтран зохион байгуулж байгаа юм.
 
Чуулганаар говийн усны өнөөгийн байдал, уул уурхайн бүс нутаг дахь усны хэрэгцээ, аялал жуулчлалын бүс нутаг дахь усны хангамж, говийн ХАА, МАА-н усан хангамжийн өнөөгийн байдал, хот суурин газрын усны хангамж, эрүүл ахуй зэрэг тулгамдсан асуудлуудыг ИТХ-ын АН-ын бүлгийн гишүүд хөндөж тавих юм байна. Мөн эрдэмтэн докторууд хүрэлцэн ирж, говийн усны тулгамдсан асуудлууд, Улаан нуурыг тэтгэх төсөл, говийн усны чанар, усны нөөц, гидрогеологийн зураглал, саарал усны технологи, инновацийн технологи, устөрөгчийн эрчим хүч, говийн эрчим хүчний ирээдүй, хот төлөвлөлт ба дэд бүтцийн хөгжил зэрэг олон чухал сэдвээр илтгэл тавина. Чуулганы үеэр саарал ус, эко жорлон, усыг эрдэсжүүлэх, бордоо бэлтгэх зэрэг орчин үеийн технологийн шийдлийг харуулсан үзэсгэлэн гаргахаар болжээ. “Говийн ус-Ногоон хөгжил” эрдэм шинжилгээ, инновацийн чуулган нь Өмнөговь аймагт анх удаа зохион байгуулагдаж байгаагаараа онцлог бөгөөд нэг удаа чуулаад өнгөрөх биш цаашид бодитой ажил хэрэг болгохоор зорьж байгаагаа зохион байгуулагчид нь хэлж байна. Чуулганыг Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу халдвар хамгааллын дэглэмийг баримтлан зохион байгуулах юм байна. Тус чуулганд говийн усыг олон жил судалсан эрдэмтэн докторууд хүрэлцэн ирж судалгааны ажлын үр дүнгээ танилцуулж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлох юм.
 
 Усны доктор Д.Басандорж “Өнөөдөр бидний усны хэрэглээ “цамаан” байдалтай байна. Ундны цэвэр цэнгэг усаараа шалаа угааж, машинаа угааж байна. Уул уурхайд ашиглаж байна. Ер нь усыг маш үр ашиггүй ашигласаар байна. Говийнхон маань усныхаа асуудалд онцгой анхаарч энэ асуудалд ач холбогдол өгч байгаад талархаж байна. Энэ чуулганд миний бие саарал усны технологийн асуудлаар илтгэл тавьж оролцоно” гэв.
 
Өмнөговь аймгийн ИТХ-ын тэргүүлэгч, төлөөлөгч, АН-ын дарга Р.Сэддорж “Ард иргэдээ усны хомсдолгүй байлгаж байж, дараагийн хөгжил дэвшлийн тухай ярих хэрэгтэй” хэмээн онцоллоо. Мөн  Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгч, АН-ын бүлгийн дарга Ч.Жаргалсайхан “Өмнөговь аймгийн иргэдийн амьдралыг аюулгүй зүй зохистой хөгжүүлье гэвэл усны асуудлыг ярихаас өөр аргагүй. Бид нэг удаа чуулаад өнгөрөх биш чуулганаас гарсан шийдвэрийг бодит үр дүнд хүргэхийн төлөө ажиллана” гэлээ.
 

Говийн ус эрдэмтдийн анхааралд орлоо
2020-09-07 15:23:24
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 2
  • 2
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-09-10 22:48:55
    ?.?????: Мөн ч олон жил энэ асуудалыг ярилаа даа. Уул нь нэг л гарц харагдаад байдаг юм. Монголийн бүх гол мөрний ус бараг 100% гадагшаа урсаад гадаад далайд цутгадаг. Байгал нуурийг монголийн гол мөрөн тэжээдэг. Хичнээн сая тонн шоо /м ус цаг минут тутамд гадагшаа урсаж байгааг бүгд мэднэ. Энэ хэдийгээр байгалаас үүссэн зүй тогтол боловч бид өчүүхэн хэсгийг нь авч болно доо. Газрын гүний ус жил ирэх тусам багасна, алга болно. Орхон, Туул , Хараа , Ерөө , Хойт урд Тамир ,Чулуут , Идэр , Дэлгэр мөрөн , Эгийн гол гээд асар олон гол мөрөн нийлээд СЭЛЭНГЭ мөрөн болоод хил даваад Байгал их далайд цутгаж байна. Орхон Туулийн билчирээс Өмнийн говьруу 600_- 700 км хоолой татах бүрэн боломж байна. Зам дагуу олон сумийн нутаг дайрч олон арван нуур цөөрөм байгуулж болно. Таван толгой, Оюу толгой гээд асар том төслүүдийн усны асуудалыг , ирээдүйн олон арван том асуудалийг шийдэх гарц мөн. Дэлхийн туршлага харагдаж байна. Улаанбаатарын тугжрэлийг хүссэн ч эс хүссэн ч МЕТРО л шийдэх нь тодорхой. Яг энэтэй адилхан асуудал бол монголийн говь руу усны хоолой тавих нь тодорхой байна даа. Баруун европт хаа сайгүй жижигхэн нуур цөөрөм, түүнээ дагаад загас үржүүлгийн газрууд аялал туризм хөгжсөн байдаг. Тэр нуурууд бараг нь хүний гараар бий болсон. Элсний кариер ,уурхайн нүхийг ашиглаад л тийм гайхалтай газрууд бий болдог. Ийм төсөлд мөнгө олдоно шүү дээ. Хар тэнгисийн усан доогуур хэдэн зуун км хийн хоолой, зарим газар далайн доогуур авто магистрал, далай дээгүүр 100 км 4 урсгалтай гүүрэн авто зам бариад л байна шүү дээ. Тэгээд харахаар хоолой тавих бол асуудал биш. Хийх шийдэх хэрэгтэй юм. Энэ бол ганц миний санаа биш байх.