Баасан, 2024-03-29
Нэр дэвшигчдийн нийтлэг өнгө

МАН, АН, “Та, бидний эвсэл” тус бүр 76, “Зөв хүн электорат” эвсэл 60, Гэр хороолол, хөгжлийн нам таван хүн нэр дэвшүүлэв.  1996 онд 302, 2000 онд 602, 2004 онд 244, 2008 онд 356, 2012 онд 544, 2016 онд 498 нэр дэвшигч УИХ-ын 76 суудлын төлөө өрсөлдөж байсан. Харин энэ удаагийн сонгуульд нийт дөрвөн эвсэл, 15 нам, бие даан нэр дэвших хүсэлтээ илэрхийлсэн 200 гаруй горилогч байгаа нь урьд өмнө байгаагүй олон нэр дэвшигчтэй сонгууль болно.
МАН-ын дарга У.Хүрэлсүх нэр цэвэр, ёс зүйтэй хүмүүсийг нэр дэвшүүлэхээ мэдэгдэж, үүний дагуу ч аль болох нэр цэвэр, шинэ залуу хүмүүсийг дэвшүүлэх бодлого барьсан. ЖҮДХС-ийн зээлтэй холбоотой болон “60 тэрбум”-ын гэх хэрэгт нэр холбогдсон, нам дотроо хуваагдан, талцах  үеэр М.Энхболдыг дэмжиж байсан хүмүүсийн зарим нь өрсөлдөөнөөс өөрөө нэрээ татсан бол заримыг нь зориуд хассан. 
Харин АН-ын хувьд нэр дэвшигчдийн 71.4 хувь нь шинэ хүмүүс, мэргэжлээр нь тодотговол тал шахуу хувь нь эдийн засагч, санхүүч, 33 хувь нь хуульч, эрх зүйч, 7.6 хувь нь инженер хэмээн намын удирдлагууд нь тодотгож байсан. Гэхдээ намынхаа туг болж явсан хуучин кадруудаа ч өрсөлдөөнд оруулж ирсэн. Тэгвэл Зөв хүн электорат эвслийн хувьд эдийн засагч, хуульчдаар багаа түлхүү бүрдүүлсэн. ХҮН-ын дарга Б.Найдалаа “Хэдий гурван өөр нам эвссэн ч бид нэг баг, нэг субъект. Иймд нам тус бүрт хатуу квот тогтоогоогүй. Дор бүрнээ намчирхаад, нам дотроо бүлгэрхэж, фракцлаад байвал бид асуудлыг шийдэж чадахгүй. Бид сонгуулийн дараа нэгдэж, нэг нам болно гэж тохирсон” гэдэг. 
МАХН-ын хувьд онцлох сонин содон хүн багатай. Иймдээ ч МАНАН-г сонгоод Монгол Улс хөгжилд хүрсэнгүй, эрх мэдэл нь хоорондоо сүлэлдэж хуйвалдсаар ирлээ гэх шүүмжээр гол сурталчилгаагаа хийх болсон. Энэ удаагийн намуудын нэр дэвшүүлэх үйл явдалд “гомдогч”-дын цуваа ч тасарсангүй. Олон нийтийн цахим сүлжээгээр ил илэрхийлсэн нь гэвэл, Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, АН-ын гишүүн М.Тулгат. Тэрээр Баянзүрх дүүрэгт нэр дэвшихээр горилж байсан ч тойроггүй хоцорсон тул “З.Энхболд “хулгайч” хаанаас гэнэт гарч ирсэн гай вэ. Үндэсний хэмжээнд танигдсан лидер юм бол хүнд тойргуудад очоод, цэнхэртүүлээд ирэх нь яасан юм бэ. Судалгаа харж байгаад хамгийн дулаан хэвтрийг онилдог хүнийг лидер гэх үү” хэмээн нийгмийн сүлжээнд бухимдлаа илэрхийлсэн. МАН-аас гишүүн Ж.Сауле ч “Х.Бадeлхан байхад улс төрд шударга томилгоо хэзээ ч байхгүй гэдэг үнэн үг байна. Нутгийн залуучууд, эмэгтэйчүүд, монголчуудын маань захисан шударга ёсны төлөө тэмцээд барсангүй. Өөр сайхан залуучууд дэвшсэн бол дуугүй л “Баярлалаа” гэх байлаа” хэмээн мөн л нийгмийн сүлжээгээр бухимдлаа илэрхийлсэн. Үүний зэрэгцээ тойргоо сольж “нүүдэллэгч”-д ч нам, эвсэлд цөөнгүй  гарсан. АН-ын шинэхэн гишүүн С.Жавхлан төрсөн нутаг Увс аймагтаа очихоор болсноо “хувь тавилан” хэмээн нэрлэсэн бол МАН-ын гишүүн Б.Энх-Амгалан Говь-Алтайд, Сүхбаатар дүүргийн С.Батболд Дундговь, Говьсүмбэр, Хан-Уулаас сонгогдсон Ц.Нямдорж Орхонд буур сэлгэх болсон.
Ийнхүү нам, эвслүүд нэр дэвшигчээ зарласан ч СЕХ-ноос нэр дэвшигчийн үнэмлэхээ авснаар сонгуульд өрсөлдөх эрх баталгаажина. Тодруулбал, энэ эрх зургадугаар сарын 2-нд нэр дэвшигчийн үнэмлэхээ авснаар баталгаажих юм. 
 

Нэр дэвшигчдийн нийтлэг өнгө
2020-05-18 13:31:14
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ