Пүрэв, 2024-04-25
Ж.Сумъяа: Завхан нутгийн дүүгээ хараад баярлаж, бахархаж суулаа

Улсын Их Хурлын сонгуулийн 23 дугаар тойрог, Баянзүрх дүүрэгт МАН-аас нэр дэвшигч Сангийн Дэд сайд Хүрэлбаатарын Булгантуяа, Гавьяат эмч Ж.Чинбүрэн, Баянзүрх дүүргийн МАН-ын хорооны дарга, НИТХ-ын төлөөлөгч Э.Бат-Амгалан нэр дүүргийнхээ иргэд сонгогчидтой уулзсаар байна.

Тэд сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэлснээс хойш зургаа дахь өдөртөө тойргийнхоо иргэдтэй уулзаж, санал бодлыг нь сонсож байна. Хороо бүхэнд тулгамдсан асуудал бий. Түүнийг шийдэх баг нь мэдээж МАН-аас илгээсэн шижигнэсэн гурван залуу гэдгийг баянзүрхчүүд хүлээн зөвшөөрч, УИХ-ын гишүүн болоод ямар ажил хийх тухай, мөн ахмадууд ч захиас сургаалиа хэлж байлаа. Бид хороо бүрийн уулзалтад иргэдээ төлөөлж үг хэлсэн хүн бүхний захиас, асуулт, хариултыг нэр дэвшигчийнхээ албан ёсны сайтад бэлтгэн хүргэсээр байгаа билээ. Энэ удаа 10 дугаар хорооны иргэдийн төлөөллийн үгийг уншигч танд хүргэж байна.

Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны иргэн Ж.Сумъяа:

-Гурван нэр дэвшигчийн уулзалтад ирж, үгийг нь сонслоо. Сэтгэл маш өндөр байна. Залуухан, мэдлэг боловсролтой, дүүргийн асуудлаа сайн мэддэг хүмүүс ирсэнд нь баяртай байгаа. Сангийн Дэд сайд Х.Булгантуяа бид хоёр нэг нутгийнх юм байна. Завхан нутгийн сайхан дүүгээрээ маш их бахархаж суулаа. Улс орны сангийн бодлогыг хариуцаж байдаг дүүгээ манай тойрогт ирсэнд баярлаж байна. Баянзүрх дүүргийн 23 дугаар тойрогт амьдарч байгаа нийт завханчуудаа, мөн хорооны иргэдээ ч боловсрол, мэдлэгтэй нутгийн дүүг минь дэмжээрэй гэж уриалъя. АНУ-д эхний тавд ордог Иэлийн их сургууль төгссөн юм билээ. Би өөрөө багш хүн учраас эрдэм мэдлэг бол хамгийн чухал зүйл гэж бодож эзэмшсэн боловсролоор нь бахархаж байлаа. Сурч мэдсэнээ төр засгийнхаа төлөө, улсынхаа төлөө зориулна гээд явж байгаа залуусаа дэмжинэ. Ерөнхий сайд ч өөрөө Х.Булгантуяаг олон жил бэлтгэсэн гэдгээ хэлж байна лээ.

Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны иргэн Н. Даваа:

-Би энэ хороонд 50 гаруй жил амьдарч байна. Тэтгэвэрт гарчихаад эргээд өөрийнхөө туулж өнгөрүүлсэн амьдрал, улс орныхоо нүүр царайг хараад үнэндээ л гундуухан санагдаж байлаа. Би “27” гэдэг байранд амьдардаг юм. Энэ байранд 40 гаруй жил хөлс төлж амьдарч байна. Төсөв мөнгө нь шийдэгдэхгүй удаан явж байгаад саяхнаас уурын зуухтай болсон. Гэтэл уурын зуухнаас нь зэвтэй ус гоожоод гадаа байгаа нийтийн нойл дүүрчихнэ. Химийн бордоо булсаар байгаад хөрс нь тэр чигээрээ бохирдчихсон. Уух битгий хэл юм угааж ч болохгүй. Энэ хавийн ундны ус маш хэцүү. Би ач охинтойгоо амьдардаг. Миний ач охин долоон жил хэвтэрт байгаа. Манай хороо хамгийн ядуу хороо боллоо. Эмнэлэгт хэвтэх гэхээр хувьд гарчихсан. Төлбөртэй өрөөнд хэвтвэл хэвт, ор байхгүй гэж хэлдэг юм. Манай хороонд талх 2000 гарчихлаа. 30 гаруй жил ажилласан атлаа 350-хан мянган төгрөгийн тэтгэвэр авч байна. Энэ мөнгийг би хаанаа барих вэ. Өвчтэй хүүхэдтэй хүн тариа авах уу, эсвэл өөртөө эмчилгээ хийлгэх үү. Ард түмний амьдрал хэцүү байна. Махаа 300 граммаар, төмс хоёр ширхэгээр авч байна. Бусад хороонуудаас хамгийн их хүн амтай атлаа эмнэлгийн хүрэлцээгүй л амьдарч байна шүү дээ. Япон-Монголын хамтарсан эмнэлэг шиг ганцхан эмнэлэг манай дүүрэгт ганцхан байдаг бол ямар вэ гэж хэлэхийг хүслээ. Та бүгдийг дэмжинэ ээ. Хэлсэн бүхнээ хийгээрэй.

Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны иргэн Д. Дорждэрэм:

-Аравдугаар хороо дүүрэг дотроо хөгжлөөрөө нэлээд хоцорсон. Сүүлийн үед хөгжих гарц бий болж эхлэв үү гэж хараад байна. Цахилгаан станц барьчихлаа. Түүнийг тойруулаад орон сууц барих боломжтой. Гэсэн ч цагдаагийн орон сууцнаас өөр барилга шинээр баригдсангүй. Иргэдийн амьдрах орчин нөхцөлд хортой олон асуудал байгаа. Манай хороогоор төмөр зам явдаг. Цементийн үйлдвэрүүд бий. Эзэнгүй хашаа ихтэй. Хоёр, гурван булаг байсныг ихэнхийг нь хаачихсан. Манай хороо чинь хорих ангитай, цагдаагийн хангалтын газар байрладаг. Цаашдаа манай хорооноос хорих анги, цагдаагийн хангалтыг нүүлгэх шаардлагатай байна. Дараа нь орон сууц барьж өгөөч. Мөн дүүргүүдэд ахмадын эмнэлэг, сувилал байгуулж өгөөч гэж хүсэх байна. Ингэх юм бол эмнэлгийн ачаалал ч багасна. Ийм сайхан залуусыг явуулсанд баярлалаа. Бид багаар нь дэмжинэ ээ. Ялалт байгуулаад гишүүн болсон тохиолдолд цаг сайн барьж, хэлж байгаа үгээ ч хянаж байгаарай.

Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны иргэн Ш.Надмид:

-Тов тодорхой бодлоготой залуусаа дэмжинэ ээ. Бид бусдыг шүүмжилж болохгүй. Хамгийн чухал нь эрүүл байж улс төрөө авч явах учраас залуус маань биеэ бодож яваарай. Ж.Чинбүрэн эмч эрүүл мэндийн салбараа, Х.Булгантуяа төсөв санхүүгээ, Э.Бат-Амгалан хороо, дүүргийн нийгмийн асуудлаа хариуцаад багаараа ажиллаж чадна гэж итгэж байгаа. Хэлж байгаа үгээ, хийнэ гэсэн амлалт бидний санаанд маш их нийцлээ. Та бүхэндээ амжилт хүсье. Хэлснээ сайн биелүүлж, ард түмнийхээ ивээл хайрыг хүртэж ажиллаарай. Ажилдаа мэргэшсэн, дээшилж яваа залуусаа хараад бахархаж байна.

Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны иргэн Т.Цогзолмаа:

-Би аравдугаар хорооны 2А хэсэг, хуучнаар төмөр замын байранд амьдардаг. Манай байрны гадна пасад маш муухай болчихсон. Үүнийг шийдэх боломж байдаг болов уу. Үүнийг цаашаа уламжилж өгөөч гэж Сангийн Дэд сайдаас хүсэж байна.

 


Ж.Сумъяа: Завхан нутгийн дүүгээ хараад баярлаж, бахархаж суулаа
2020-06-07 21:27:18
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0