Даваа, 2024-11-25
Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны гишүүд Хөх хотын хөдөө аж ахуйн үйлдвэрүүдтэй танилцлаа

Улсын Их Хурлын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга Т.Энхтүвшин, УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Ж.Батжаргал, Н.Наранбаатар, Ш.Раднаасэд нар Бүгд Найрамдах Хятад Ард Улсын ӨМӨЗО-ны Хөх хотын “Мэн Цао” (Монгол өвс) байгаль, экологийн компани болон “Или” сүүний үйлдвэрүүдэд (2023.09.06-07) өдрүүдэд зочилж, техник, тоног төхөөрөмж, технологитой танилцлаа.  

ӨМӨЗО-ны Хөх хотын Мэн Цао (Монгол өвс) байгаль, экологийн компани 2001 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа 100 гаруй салбартай, 1500 гаруй албан хаагчтай уугуул гарал үүсэл болон дижитал навигацийг гол чиглэл болгосон өвсний салбарын аж ахуй юм. Томоохон бэлчээрийн талбайг хамгаалах, үржүүлэх замаар орон нутгийн нөхцөлд тохирсон экологийн шийдлийг гаргадаг байна.

Тухайлбал, цөлийн экологийн нөхөн сэргээлт, олборлолт, хаягдсан газрын менежмент, шар мөрний сав дагуух экологийн хамгаалалт, экологийн ногоон байгууламж байгуулах, биологийн олон төрлийн өөрийгөө нөхөн сэргээх чадварыг хадгалах зэрэг иновацын шийдлээр лабораторийн болон агуулах, өвс үржүүлэг, нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа явуулдаг байна. Мөн ой, өвсний үр хөврөлийн үндэсний нөөцийн мэдээллийн сангийн Өвөр Монгол дахь салбарыг байгуулж орон нутгийн 60000 гаруй үр хөврөл, үр, ургамалыг цуглуулсан аж.

Үр хөврөлийн судалгаа, хөгжүүлэлтийн үндсэн давуу тал нь өндөр чанарын үрийн эх үүсвэр, өвсний үр хөврөлийн мэдээллийн санг байгуулах, тухайн газар нутгийн ургамлын өвөрмөц ген судлах, молекул биологийн лабораторын үр дүнгээр шинэ, сорт ургуулах, дунд болон урт хугацаанд үр  хөврөлийг хадгалах хэмээн Мэн Цао (Монгол өвс) байгаль, экологийн компаний гүйцэтгэх захирал Жя Ченян  танилцууллаа.“Или” групп нь 1956 онд байгуулагдсан бөгөөд дэвшилтэд техник технологи ашиглан сүү, тараг, хуурай сүү, сүүний ундаа, зайрмаг зэрэг 1000 гаруй төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, Хятадын 600 гаруй хот сууринд 5 сая гаруй дэлгүүр, 13 муж, хотод албан ёсны борлуулалтын салбар компани, албан ёсны төлөөлөгчийн газартай аж.Тус групп Хятадын баруун хойд, умард, зүүн хойд бүс нутгийг хамарсан сүү, сүүн бүтээгдэхүүний хамгийн том суурин үйлдвэр бөгөөд Европ, Америк тивтэй хамтын ажиллагаа явуулж, хэрэглэгчдийг сайн чанарын сүү, сүүн бүтээгдэхүүнээр хангаж, хятадын сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлд анх инновацыг авчирч, дэлхийд өрсөлдөх хүчин чадлыг нэмэгдүүлснээрээ онцлог хэмээн “Или” группын дэд ерөнхийлөгч Лу Шиндун танилцуулсан юм. Улсын Их Хурлын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга Т.Энхтүвшин, УИХ-аас Гаалийн албан татварыг хөнгөлөх тухай хуулийг баталж, хүнс, хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд боловсруулах зориулалттай, тухайн үйлдвэрийн үндсэн хөрөнгөөр бүртгэгдэх шинэ тоног төхөөрөмжийг импортын барааны гаалийн албан татвараас 100 хувь хөнгөлсөн. Төрөөс хөнгөн үйлдвэрийн салбарт түншлэлийг хангах, үйлдвэрийн технологийн шийдэл, сүү, сүүн бүтээгдэхүүний бэлтгэн нийлүүлэлт, бичил бизнесийг дэмжиж, шинжлэх ухаан, инновацыг бодлогоор болон зээл, санхүүжилтээр дэмжих, фермерийн аж ахуйг хөгжүүлэх боломж зэрэг олон талын асуудлыг хууль эрх зүйн хүрээнд улам боловсронгуй болгож үйлдвэрлэл эрхлэх боломжийг бүрдүүлэх хамгийн чухал хэмээн онцлов.УИХ-ын гишүүн, Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны гишүүн Ш.Раднаасэд, Импортын барааны гаалийн албан татвараас хөнгөлөх 19 нэр төрлийн хүнс, хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд боловсруулах зориулалттай үйлдвэрүүдийн үндсэн хөрөнгөөр бүртгэгдэх шинэ тоног төхөөрөмжийн жагсаалтыг Засгийн газраас баталсан. Одоо аймаг, орон нутгийн иргэдийг гадны туршлагатай  үйлдвэр эрхлэгчтэй холбож, харилцаа хамтын ажиллагааг хөгжүүлэх нь төр, хувийн хэвшил, аж ахуй эрхлэгчдийн хамтын ажиллагааг хөгжүүлэх нь чухал хэмээлээ. УИХ-ын гишүүн, Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны гишүүн Ж.Батжаргал, Хүнсний хангамж аюулгүй байдлыг хангах үндэсний хөдөлгөөн өрнүүлж байгаа энэ цаг үед мах, сүүний хангалтыг нэмэгдүүлэх, өндөр ашиг шимтэй сүүний чиглэлийн фермерүүдийг хөгжүүлэх, эрэлт нийлүүлэлтийг нэмэгдүүлэхийн тулд фермерийн аж ахуй эрхлэх стандартыг нэвтрүүлэн,  тэжээл, хангалт, тээвэр логистикийн асуудлыг цогцоор нь нэвтрүүлж байж фермерийн аж ахуй хөгжих бүрэн боломжтой гэлээ. УИХ-ын гишүүн, Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны гишүүн Н.Наранбаатар, Улсын Их Хурал, Байнгын хороод, Засгийн газар холбогдох хууль, тогтоол гаргаж  иргэн, аж ахуй нэгжийг иновацид суурилсан үйлдвэрлэлийг нэвтрүүлэх, туршлага солилцох, үйлдвэрлэл эрхлэх боломжийг эрх зүйн орчинд бүрдүүлэх нь чухал гэлээ.


Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны гишүүд Хөх хотын хөдөө аж ахуйн үйлдвэрүүдтэй танилцлаа
2023-09-08 10:18:47
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0