Даваа, 2024-11-25
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн Мандал сумын бяслагны үйлдвэртэй танилцлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт байрлах “АПУ” ХК-ийн “Монгол бяслаг, Шигүдэри” урлах үйлдвэрт ажиллалаа. “Монгол бяслаг, Шигүдэри” урлах үйлдвэр нь Европын Холбооны стандартыг хангасан, байгаль орчинд ээлтэй тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон. Тус үйлдвэр нь бяслагийн дотоодын хэрэгцээний 20 хувийг дангаараа хангаж, импортын хамаарлыг бууруулах, монгол үнээний сүүгээр үйлдвэрлэсэн органик бяслагийг жилийн турш хэрэглэгчдэд нийлүүлэх боломжийг бүрдүүлж байна. Монгол Улс жилд 3,000 орчим тн бяслаг буюу дотоодын хэрэгцээний 92 хувийг импортоор авдаг гэсэн судалгаа байдаг. Харин өнөөдрийн байдлаар дотоодын 10 гаруй үйлдвэрлэгч энэ салбарт үйл ажиллагаа явуулж байна. “Монгол бяслаг, Шигүдэри” урлах үйлдвэр нь хоногт 8-24 тн шингэн сүү хүлээн авч боловсруулан жилд 700 тн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд хаягдалгүй үйлдвэр гэдгийг зөвлөх С.Цэцгээ Монгол Улсын Ерөнхийлөгчид танилцууллаа. Тодруулбал, тус үйлдвэр нь Европын орнуудын бяслаг үйлдвэрлэх технологийг монгол үнээний сүүнд тохируулах замаар чеддар, эдам, гауда зэрэг гурван төрлийн бяслаг үйлдвэрлэх технологийг нутагшуулжээ. Дотоодын бяслаг үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхийн тулд сүүний ханган нийлүүлэлтийн тогтолцоог хөгжүүлэх, ингэхдээ нэмүү өртгийн сүлжээг бий болгох, эрчимжсэн жишиг ферм байгуулах, анхан шатны боловсруулах үйлдвэрт татварын хөнгөлөлт үзүүлэх, сүүний татаасын хугацааг нэмэгдүүлэх зэрэг хэд хэдэн багц асуудалд зэрэгт анхаарал хандуулах нь чухал гэдгийг “АПУ” ХК-ийн Төсөл, санхүү эрхэлсэн захирал Г.Энхбилэг тавьсан илтгэлдээ онцоллоо. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнд үндэсний үйлдвэрлэгчид нэгдэж, хүнсний бүтээгдэхүүний импортыг бууруулах, эх орондоо үйлдвэрлэсэн органик бүтээгдэхүүнээр хэрэглэгчдийг хангахад идэвхтэй ажиллаж байгаад талархал илэрхийлэв.
“Монгол бяслаг, Шигүдэри” урлах үйлдвэр ажиллаж эхэлснээр малын сүүг иж бүрэн ашиглаж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилтыг хангахад үнэтэй хувь нэмэр оруулах юм.
Мөн малчид малын ашиг шим, чанарт анхаарах, сайн чанарын сүү бэлтгэн нийлүүлж, орлогоо тогтмол өсгөх, хөдөө орон нутагт ажлын байрыг нэмэгдүүлэх, импортыг орлох эрүүл, органик хүнсийг эх орондоо үйлдвэрлэж дэлхийн зах зээлд гаргах зэрэг олон талын ач холбогдолтой болохыг тэмдэглэлээ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн Мандал сумын бяслагны үйлдвэртэй танилцлаа
2023-09-08 17:01:31
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0