“Нүүрсний” гэх тодотголтой хэрэгт яллагдагчаар татагдсан УИХ-ын гишүүн асан, ХНХ-ын сайд асан Т.Аюурсайхан, "Эрдэнэс Тавантолгой"-н Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хурал эхэллээ. Т.Аюурсайхан “Намайг хоёр зүйл ангиар шүүж байгаа. Нэгдүгээрт, зохион байгуулалтай гэмт хэрэг үйлдсэн, бусдыг элсүүлсэн. Хоёрдугаарт, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэдэг асуудал бий. Би аль алин дээр нь тайлбар, мэдүүлгээ өгсөн. Гэмт хэрэг үйлдсэн, бусдыг элсүүлсэн гэдэг нь хүний санаанд багтамгүй, төсөөлөх аргагүй хэрэг. Шинэчлэлийн хороо 2016 оноос хойш үйл ажиллагаа явуулаагүй. Намд дотор байгаа бугшсан асуудалтай тэмцэж, жагсаж ирсэн. Тэгээд дахиж үйл ажиллагаа явуулаагүй. Үндсэн хуулиар хүн эвлэлдэн нэгдэх эрхтэй. Эвлэлдэн нэгдсэний төлөө хэнийг ч үл мөрдөн мөшгөнө гээд Үндсэн хуулиар заачихсан байгаа. Ийм байхад хүнийг хилсээр гүтгэж, доромжилж, харлуулж, олон сар байцааж байгаа нь эрүү шүүлт гэж үзэж байна. Гэхдээ үүнийг хууль хяналтын байгууллага үнэн зөвөөр шийднэ гэдэгт итгэж байна. Мөн хоёрдугаарт, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэдэг асуудлыг шалгуулах хүсэлтээ өгсөн. Нүүрсний хэрэгт холбоотой эсэхийг шалгасан. Тийм зүйл байхгүй гэдэг нь тогтоогдсон. Түүнчлэн миний туслах, зөвлөхөөр ажиллаж байсан “Эрдэнэс тавантолгой” компанид ажилд орсон асуудал бий. Гэхдээ би хүний хаана ажиллах, Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлж байхад би оролцох ёсгүй. Шүүх хуралдаан олон нийтэд нээлттэй болох ёстой. Олон нийт "Нүүрсний" гэх хэргийг мэдэх ёстой. Нүүрсний гэх хэрэгт би ямар ч оролцоогүй. Харин энэ хэргийг илрүүлэх ёстой. Бодит нүүрсний хэргийг замхруулах вий гэж эмээж байна” гэлээ.
Т.АЮУРСАЙХАН: Гэмгүй намайг олон сар байцааж байгаа нь эрүү шүүлт |
|