Даваа, 2024-11-25
Л.Оюун-Эрдэнэ журмын нөхдийнхөө авлигатай тэмцэх үү, эвлэрэх үү?!

Нүүрсний гэх тодотголтой хэргийн Эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан өчигдөр болж, УИХ, Засгийн газрын гишүүн асан Т.Аюурсайхан, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нар нэг нь шүүх танхимд, нөгөө нь шүүхийн гадна “том” дуугарлаа. Авлига албан тушаалын гэх “тамгатай” эрүүгийн хэргийн хэдэн арван хавтас бүхий материал АТГ, прокуророос бүрдүүлээд хэргийг нь шүүхэд шилжүүлсэн байтал  жорлонгийн хэргээр ял үүрүүлэх гэж байна, хилс хэрэгт гүтгэж байна, намайг яаж ч ялласан би хэрэг хүлээхгүй хэмээн тэд “хашгирав”.
Б.Ганхуяг жагсаал зохион байгуулсан хэргээр 9 сар хоригдсон хэмээн гүрийж, 11 хүнд модон хашаа, чирдэг жорлонгоор хэрэг үүсгэчихээд “нүүрсний” хэмээн ярьж байна гэв.
Үнэхээр түүнд юуны учир ямар үндэслэл, баримтаар хэрэг үүсгэн хорьсныг тайлбарлаж өгөөгүй юу эсвэл 23 өмгөөлөгч нь ингэж хэлээд гүрий гэв үү.
“Нүүрсийг надаас өөр мэддэг хүн байхгүй. Надгүйгээр яагаад УИХ дээр нүүрсний хэрэг яриад байгаа юм бэ” хэмээн бухимдахыг бодоход тэр өнгөрсөн он жилүүдэд үнэхээр бардам байсных биз.  Ардаа байгаа хүндээ бат итгэлтэй байв. УИХ-ын дэд дарга, Засгийн газрын гишүүн найзаас гадна эсрэг намын том лидерын хамаарал бүхий этгээдтэй орооцолдсон зэрэг нь түүнийг бардам байхад хангалттай байсан бололтой. Харамсалтай нь, шунал нь хүзүүг нь ороож, найдаж явсан намын нөхөр нь шүүх танхимд зэрэгцэж сууна гэж төсөөлөөгүй аж. Нэгэн цагт намын албан тушаалын хуваарилалтын гадна үлдэж байсан залуус “МАН-ын шинэчлэл хөгжлийн хороо” хэмээн нэгдэж, намын ах нарын эсрэг том дуугарч, нийгэмд шударга харагдаж явсандаа ч эрдсэн.  МАН сүүлийн хоёр ч сонгуульд дараалан үнэмлэхүй ялалт байгуулсан.  Одоо бидний цаг ирлээ гэж бардсан. Дээрээс нь хөдсөн дээл өмсөөд хамтдаа тэмцсэн журмын нөхөр нь намын дарга, Засгийн эрх баригч болсон. Тэд ч хүссэн албан тушаалдаа очсон. Гэхдээ хүссэн албан тушаал нь тансаг зэрэглэлийн хаус хороолол, хэдэн тэрбумаар үнэлэгдэх морины зүчээтэй болох л мөрөөдлийг нь биелүүлэх төдий байсан уу. Хэрвээ тэд хийсэн хэргээ мэдэхгүй байгаа бол хэвлэлийнхэн, ард иргэдэд сануулах хангалттай баримт бий. Хууль хүчнийхэн гэлтгүй баримтаас баримт ургасаар нэг алдаа нь мянга болон салаалсныг  тэд үнэхээр мэдэхгүй байна гэж үгүй.
Тухайлбал, Б.Ганхуягийн төрсөн эгч, хүргэн ах цэцэрлэг ажиллуулж байсан энгийн бизнесмэнүүд атлаа 2019 онд Дархан цаазат Богдхан уулын Жаргалантын аманд 17 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх 22 хаусыг хэрхэн ямар мөнгөөр барьсан бэ. Б.Ганхуягийн зөвлөхийн ахын барьсан 20 давхар худалдаа үйлчилгээ, орон сууцны зориулалттай өндөр зэрэглэлийн барилгын санхүүжилтийн эх үүсвэр хаанаас гарав. Яагаад Б.Ганхуягийн эхнэр энэ барилгын борлуулалтад идэвхийлэн ажиллав. Хэдэн тэрбумаар үнэлэгдэх оффис авах шаардлага байсан уу. Ж.Мөнхбатын бизнесийн хамтрагч, Т.Аюурсайханы туслахын барьсан хаусаас яагаад Б.Ганхуяг хувь хүртэв. Т.Аюурсайхан шударга бизнес, найз нөхдийнхөө тусламжтай байгуулсан гэх хэдэн тэрбумаар үнэлэгдэх морины зүчээ,  хурдан удмын морины санхүүгийн эх үүсвэр нь хаанаас гарав гээд тэдэнд тайлбарлах зүйл бишгүй их. Тэд том дуугарахын учир нь Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнийг  намын нөхдийнхөө авлигатай тэмцэх үү эсвэл эвлэрэх үү гэдэг сонголтоо хий хэмээн анхааруулав. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хувьд “ нүүрсний хэрэгтэй тэмцэнэ гэдэг намын журмын нөхөдтэйгээ тэмцэнэ гэсэн үг” хэмээн хэлсэндээ хүрвэл сонгуулийн өмнө энэ асуудлыг нэг тийш нь цэгцлэхэд бүхий л анхаарлаа хандуулах ёстой. Харин эвлэрвэл 2024 оны сонгуулиар өвдөг шороодох болзлоо бүрэн  хангалаа гэхэд хилсдэхгүй.

Л.Оюун-Эрдэнэ журмын нөхдийнхөө авлигатай тэмцэх үү, эвлэрэх үү?!
2023-09-13 12:48:12
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0