Лхагва, 2024-12-04
НАСА сарны гадарга дээр ус байгааг илрүүлжээ

АНУ-ын Үндэсний сансар судлалын агентлаг буюу НАСА мягмар гаригт эрдэмтэд анх удаа сарны нар тусдаг гадарга дээрээс усны элемент илрүүллээ гэж мэдэгдлээ. Усыг сарны гадарга дээр нөөцлөх боломжтой гэдгийг баталсан энэхүү нээлт нь хүн төрөлхтний саран дээр амьдрах мөрөөдлийг бодит болгоход чухал алхам болж байгааг судлаачид онцолсон юм.
 
НАСА-гийн албан ёсны мэдэгдэлд дурдсанаар “SOFIA” хэт ягаан туяаны одон орон судлалын ажиглалтын төвийн эрдэмтэд сарны өмнөд хагаст орших, дэлхийгээс харагддаг хамгийн том тогоонуудын нэг болох “Клавиус”-ын тогооноос усны молекул буюу “H2O” нэгдлийг илрүүлсэн байна.
 
Судалгааг ахалсан НАСА-гийн астрофизикч Кейси Хоннибалл энэ талаар “SOFIA-гаар ажиглалт хийхээс өмнө бид саран дээр усны ул мөр байгаа гэдгийг таамаглаж байсан. Гэхдээ бид саран дээр бидний өдөр тутам уудаг шиг усны молекулууд хэчнээн хэмжээтэй байдаг болон ус цэвэршүүлэх бүтэц байгаа эсэх талаар огт мэдэхгүй байсан” гэсэн юм.
 
Ажиглалтын явцад цуглуулсан мэдээллүүдээс харахад сарны тухайн гадаргын сая нэгж тутамд 100-412 нэгжид ус агуулагдаж байгаа аж. Энэ нь сарны нэг куб метр хөрсөнд ойролцоогоор 0.3 литр ус тогтсон байх боломжтой гэсэн үг юм. Хамгийн сонирхолтой нь энэхүү тоо нь саран дээр Сахарын цөлөөс бараг 100 дахин их усны нөөц хуримтлагдаж байгаа гэх үзүүлэлт аж.
 
Уг нээлт нь эрдэмтдийг ус хэрхэн бий болгодог талаар эргэн сөхөж, сарны хатуу, ширүүн, хүчилтөрөгчгүй гадарга дээр хэрхэн ус тогтсон бэ талаарх шинэ асуултуудад хариулах шаардлагатай болгоод байгаа юм.   
 
НАСА-ийн Астрофизикийн Шинжлэх ухааны судалгааны төвийн захирал Пол Херц энэ талаар “Сарны нар тусдаг талд ус буюу H2O байх магадлалтай гэсэн шинж тэмдэг, таамаг өмнө нь бидэнд байсан. Харин одоо бид саран дээр ус байгаа гэдгийг мэддэг боллоо. Энэхүү нээлт нь сарны гадаргын талаарх бидний ойлголтыг сорьж, сансар судлалын сонирхол татсан асуултуудыг төрүүлж байна” гэжээ.
 
Саран дээр анхны эмэгтэй сансрын нисгэгч болон хоёр дахь эрэгтэй сансрын нисгэгчийг буулгах зорилготой “Artemis” хөтөлбөрийг НАСА 2024 онд хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Энэхүү төслийн хүрээнд хүн төрөлхтөн саран дээр тогтвортой амьдрал бий болгох суурь нөхцөлийг судлах буюу ус байгаа эсэхийг тогтоох юм.  

НАСА сарны гадарга дээр ус байгааг илрүүлжээ
2020-10-27 13:35:14
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ