Бямба, 2024-11-23
Ц.Ганбат: “Газар шим үйлдвэр”-ийнхээ 16.54 хувийг олон нийтэд санал болгож байна

Үндэсний  үйлдвэрлэгч “Газар шим үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захирал Ц.Ганбаттай ярилцлаа.


-“Газар шим үйлдвэр” компани нээлттэй хувьцаат компани болох тухай мэдээлэл сонслоо. Олон нийтэд хувьцаагаа санал болгох бэлтгэл ажил хэр хангагдаж байна вэ?

Тийм ээ. Бид нээлттэй хувьцаат компани болох бэлтгэлээ хангаад, Санхүүгийн зохицуулах хороонд хүсэлтээ өгч, зөвшөөрлөө аваад байна. Одоо Монголын хөрөнгийн бирж дээр гарч, олон нийтэд яаж хүргэх вэ гэдэг чиглэлээр бэлтгэл ажлаа хийж байна. Гуравдугаар сардаа багтаад Монголын хөрөнгийн бирж дээр олон нийтэд хувьцаагаа санал болгохоор төлөвлөсөн.

-Компанийн хувьцаагаа Монголын хөрөнгийн биржээр хэзээ арилжиж эхлэх вэ?

-Бид гуравдугаар сарын 13-нд “Road show” арга хэмжээ зохион байгуулж, Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болж, олон нийтэд хувьцаагаа санал болгож байгаа тухайгаа мэдэгдсэн. Бид хоёр долоо хоногийн турш компаниа танилцуулж, манай хувьцааг авснаар ямар давуу байдал үүсэх талаар олон нийтэд танилцуулсан. Хувь хүн, компани, гаднын иргэд, хөрөнгө оруулахыг хүсч бүх хүнд нээлттэй байлаа. Хоёр долоо хоногийн танилцуулга арга хэмжээний дараа гуравдугаар сарын 27-ноос хөрөнгийн бирж дээр хувьцаагаа зарж эхэлнэ. Гуравдугаар сарын 13-наас сурталчилгаагаа хийж, үнэт цаасны компаниуд, иргэд, компаниудын захиалгыг авч бүртгээд, гуравдугаар сарын 27-нд Монголын хөрөнгийн биржид авсан захиалгаа өгч баталгаажуулна.

-Монголдоо монгол технологиор үйлдвэрлэгч анхны үйлдвэрийн түүхэн хөгжлийг сонирхъё. Анх хэдэн онд байгуулагдаж байв?

-Зах зээлд шилжих үед хувиараа компани байгуулж байлаа. Худалдаа наймаа хийгээд, анх 1990 оноос найз нартайгаа хамтарч компани байгуулсан. Уул уурхай, хий, металлын чиглэлээр хамтран, олон зүйл мөрөөдөж, төсөл бичээд явдаг байлаа. Тухайн үеийн яам бидний төслийг “Улсад хэрэгтэй төсөл байна” гэсэн боловч харамсалтай нь тэр үед улс оронд хөрөнгө мөнгө, санхүүжилт байхгүй, жижиг бизнесийг дэмжих нь битгий хэл оршин тогтноход ч хэцүү үе байсан. Картын бараанд орсон, дэлгүүрт ямар ч бараа байхгүй байлаа. Хааяа шинэ жил, цагаан сар гэх мэт тэмдэглэлт баяраар хамаатан садан, найз нөхдийндөө очиход гэртээ хийсэн гээд салат, өргөст хэмх задална. Тэр үедээ л ховрын, тансаг бараа байлаа.

-Лангуун дээр давснаас өөр бараа байдаггүй байсан гэж ярьдаг. Импортын бараа тэр үед ер нь байсан юм болов уу?

-Импорт байгаагүй. 1993, 1994, 1995 оноос импортын бараа орж ирсэн. Картын барааны үед салат, огурцыг гэртээ хийчихдэг бүтээгдэхүүн байсан. 1993 онд Польш руу найзтайгаа цуг яваад, ямар бараа оруулж ирж зарах вэ гэж бодлогоширч явсаар салат оруулж ирж зарсан. Тэнд үйлдвэр үзээд явж байхдаа салатны орц найрлагыг нь харсан. Монголд байдаг ногоонууд, айлын эзэгтэй гэртээ хийчихдэг, нэг их ялгараад байх юмгүй тийм салат худалдаж авсан. Тэр үедээ “Энийг яагаад Монголд хийж болохгүй гэж” бодоод өнгөрсөн. Сүүлд анхны компаниа болиод, нэг найзынхаа компанид ажилласан. 1990-ээд оны сүүлээс “За, ерөөсөө өөрийн бизнесээ хийе” гэж шийдээд, нөгөө салат санаанд ороод, “Салат хийвэл яах вэ” гэж хүмүүсээс асуугаад, өөрөө туршиж үзсэн. Эхлээд хачин л юм болсон. Хараад дуурайгаад хийсэн. Харахад адилхан ч амт гэж авах юм байхгүй. Амтыг нь сайжруулаад, ойролцоо төстэй амттай болгоод, “Ийм байхад болох юм байна” гээд хийж үзсэн. Тэр үед хүмүүс буузны жигнүүр дээр жигнээд, эсвэл тогоо тавиад, дотор нь хэдэн шилтэйгээ хийж жигнээд салат хийж байхыг харж байсан. Тэгээд ингэж хийж болж байхад яагаад томруулж хийж болохгүй гэж гэж бодсон. Анх удаа бага хэмжээгээр хийе, гэрт хийдгээс арай жаахан бүтээмжтэй хийе гэж бодоод, арай томхон сав, жигнүүр аваад салатаа хийж эхэлсэн. Үйлдвэрлэл хийе гэж бодоод, 60 м байр түрээслэж засаад, хүнсний үйлдвэрлэл явуулах нөхцөлөө бүрдүүлээд, бүтээмжтэй ажиллахын тулд хэрчигч машин худалдаж авсан. Гараараа хэрчээд бүтэхгүй шүү дээ. Байгаа хөрөнгө мөнгөндөө тааруулаад, хүмүүсээс хуучин шил цуглуулаад, угааж ариутгаж эхэлсэн.

-Тэр үед одоогийнх шиг нарийн ногоо элбэг байгаагүй. Бүтээгдэхүүний орц материалаа хаанаас авч байв?

-Дархан-Уул аймгийн Орхон суманд өргөст хэмх тариалдгийг мэддэг байсан. Хамаатныхаа том машинтай ахаас машин гуйж аваад, Орхон суманд очиж, өргөст хэмх хаанаас яаж авах вэ гээд нэг эгчээс асуусан. Тэр эгч ногоо тарьдаг хүнтэй танилцуулж, “Хотоос өргөст хэмх худалдан авахаар хүн ирсэн байна. Ногоогоо хураагаад, аваад ир” гээд зар тарааж өгсөн. Тэр үед 3 тонн гаруй өргөст хэмх худалдаж авсан. Хүмүүсийн авчирсаныг хиллэж аваад, машин дүүрэн өргөст хэмх ачаад ирж байлаа. Тэгээд 10000 өргөст хэмх савлаад л шил маань дууссан. Дахин “Улаанчулуут” дээрээс шил авчирч жигнүүр дээр ариутгаад, бүтээгдэхүүнээ савласан. Өргөст хэмхүүд том, жижиг хэмжээтэй, зарим нь шилэнд багтахааргүй байсан. Багтахыг нь савлаад, багтахааргүй томоор нь алаг салат хийсэн. Нийт 20000 бүтээгдэхүүнтэй.

-Үйлдвэрлэл эхлэхэд хүн хүч чухал. Нийт хэчнээн ажилтантай ажлаа эхлүүлж байсан бэ?

-Гурван ажилтан авсан, дүүтэйгээ нийлээд, 5-уулаа үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Бүтээгдэхүүн бэлэн болсон. Хамгийн гол нь зарах асуудал гарч ирсэн. Торонд бүтээгдэхүүнээ хийгээд, дэлгүүрүүдэд санал болголоо. Тэр үед “Газар шим” гэсэн барааны тэмдэг аваагүй нэрээ шийдээгүй байсан, дөнгөж эхэлж байсан. Тухайн үед “Алаг салат” гэсэн нэртэй байгаагүй, “Туул салат” гэсэн нэр өгч байлаа. Бүтээгдэхүүнээ зарлаа, хүмүүс их сонирхож байна. “Монголд хийсэн юм уу?” гээд асууна. Ингээд 20000 ширхэг бүтээгдэхүүн шинэ жил болоогүй байхад дуусчихлаа. Гэхдээ эхний бүтээгдэхүүнүүд болохоор жаахан туршлага муутай байсан.

-Бүтээгдэхүүнээ яаж зарна аа гэж бодлогоширч байсан хүмүүст богино хугацаанд 20 мянган ширхэг зарагдахаар их урам өгсөн болов уу?

-Маш их урам авсан. Дараа жил нь ногоо ургах үед, есдүгээр сарын сүүл, аравдугаар сар гараад үйлдвэр зогссон. Бид “Ерөөсөө шилээ цуглуулъя” гэж шийдсэн. Тэгээд шилээ цуглуулаад, угааж ариутгаад, бэлдээд л байлаа. Дараа жилдээ зориулаад 100000 шил цуглуулсан. Тэр үед гаднаас шил худалдаж авч чадахааргүй байсан. Мөнгө төгрөг муутай, банкинд барьцаалах хөрөнгө юу ч байхгүй. Нэг муу орон сууцнаас өөр юм байхгүй, итгэж өгдөггүй. Тэгээд аль болох зээл авахгүйгээр болгохыг бодсон л доо. Дараа зун нь Орхон сум руугаа холбогдоод, өргөст хэмх хэзээнээс хурааж эхэлдэг талаар асуулаа. Наймдугаар сарын сүүлээр очиж, тэнд байр түрээслээд, хүнсний ногоо аваад, тээвэрлэж болох бүх л арга замаар Улаанбаатар луу бага багаар тээвэрлэдэг байсан. Галт тэргэнд арав, хорин шуудайгаар нь тавиулаад, хотод очихоор нь тосч аваад л бүтээгдэхүүнээ үйлдвэрлэнэ.

-Хэзээнээс бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг нэмж, ямар ямар бүтээгдэхүүн хэрэглэгчдэдээ барьсан бэ?

-Дараа жилээс нь өөр өөр бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн. Олон төрлийн шил цуглуулчихсан, тэрэндээ тааруулаад шинэ бүтээгдэхүүн гаргая гээд, “Туул салат”, “Орхон салат”, “Сэлэнгэ салат”, “Хэрлэн салат” гэсэн дөрвөн бүтээгдэхүүн гаргасан. Мөн хүн хүчээ нэмсэн. Агуулах сав жаахан муутай, одоогийн 10 дугаар хорооллын дэлгүүрийнхээ тэнд модоор агуулах бариад, урд талыг нь засч янзлаад, дэлгүүр болгоод, бүтээгдэхүүнээ зарж байсан. Туршлага муу, буруу хадгалалт, тээвэрлэлтийн улмаас бүтээгдэхүүн муудсан, бөмбийсөн байвал яаж сайжруулах вэ гээд их санаа зовно. ШУТИС ороод асуухаар сайн мэддэг хүн байхгүй, зөвлөгөө өгөх ч хүн олддоггүй байсан. Энэ тухайгаа герман найздээ хэлтэл “Асуудал үүсч байгаа бүтээгдэхүүнээ аваад ир” гэсэн.

-Тэгээд Герман явж зөвлөгөө авсан уу?

-Тийм ээ. Германд очоод, найздаа ямар бүтээгдэхүүн дээр ямар асуудлууд гарч байгаа тухайгаа хэлтэл “Маш энгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх процесс. Би чамд ийм арга санал болгоё. Чи өөрөө очоод бүтээгдэхүүндээ тааруулаад хий” гэсэн. Ирээд найзынхаа зөвлөсний дагуу баахан тоног төхөөрөмж зохион бүтээлээ. Жигнэж болгодог төхөөрөмжийн бүтээмжийг нэмэгдүүлж, мөн найдвартай ариутгадаг болгон, тоног төхөөрөмжүүдээ сайжруулсан. Мөн байраа өргөтгөж, илүү зай талбайтай том байр түрээсэлсэн. Тэндээ бүтээгдэхүүндээ тохирсон тоног төхөөрөмжүүдээ суурилуулаад, уур холбоод, чанадаг, халаадаг, буцалгадаг уур гээд янз бүрээр хийсэн. Улирлын шинж чанартай байр маань халаалт байхгүй. Түрээсийн байранд хүйтэнд үйлдвэрлэл явуулах боломжгүй байсан. 10, 11 сар гараад ирэхээр уур нь дийлдэхгүй.

-Үйлдвэрлэл явуулахад агааржуулалтын асуудлыг шийдэхэд хүнд биз?

-Агааржуулалтын асуудал гарна. Тааз нь дээрээ том цонхтой, дулааны улиралд онгорхой цонхоороо агаар гараад, цонхоо хаахаар дотор нь уур манан болоод, чийг ихсээд, үйлдвэрлэл явуулах боломжгүй. Улирлын чанартай үйлдвэрлэл явуулахад хэцүү байсан. Үйлдвэрлэл зогслоо, ажилчид маань ажилгүй, сул цалин өгөөд байж чадахгүй. Жаахан юм сурсан ажилчдаа алдана, шинэ хүмүүс авч ирээд, дахиад зааж сургаад байх бас хэцүү. Мөн түрээслээд авчихсан үйлдвэрийн байрыг буцаагаад өгч болохгүй, түрээсийн хөлсөө төлөөд л явна. Тэгэхгүй бол дахиад шинэ байр хайгаад, тоног төхөөрөмжөө дахин суурилуулж, үйлдвэрлэл явуулах нөхцөл бүрдүүлээд байх хэцүү. Жилийн турш үйл ажиллагаа явуулахгүй бол хэцүү. Тиймээс эрэл хайгуул хийгээд, янз янзын бүтээгдэхүүн хөгжүүлээд, туршаад л, өвөл үйлдвэрлэх боломж, ашгийг нь судална.

-“Газар шим үйлдвэр”-ийн үйл ажиллагаа хэдийнээс жигдэрч, үр ашигтай ажиллаж эхэлсэн бэ?

-Удалгүй урдаас нарийн ногоо орж ирдэг боллоо. Мэдээж энэ салбарт ажиллаж байгаа болохоор хаанаас хүнсний ногоо авах вэ гэдгээ мэддэг болсон. 2007 оноос жилийн турш үйл ажиллагаа явуулдаг болгосноор компанийн үр ашиг сайжирч эхэлсэн. Намар жаахан хийсэн юмаа түрээсэнд өгөөд, ажилчдаа тогтоон барихыг чухалчилдаг байсан бол жилийн турш тогтвортой үйл ажиллагаа явуулдаг болсноор “зовлон” багассан. Эрүүл ахуй тал дээр, мөн бүтээгдэхүүний чанарт ахиц гараад, урам сайжруулж явсаар 2018 онд одоогийн үйлдвэрийн цогцолбороо байгуулж ашиглалтад оруулж байлаа.

Та түрүүн яриандаа “Газар шим” гэдэг нэрээр хожуу нэрлэсэн гэж цухас дурдсан. Энэ талаар ярихгүй юу?

-Анх манай компани “ГБТ Трейдинг” ХХК нэртэй байгуулагдсан. 2001 оноос “Газар шим” барааны тэмдэгээ зохион бүртгүүлж, баталгаажуулаад, бүтээгдэхүүн дээрээ хэрэглэж эхэлсэн. Өнгөрсөн зун компанийхаа нэрийг өөрчилж, “Газар шим үйлдвэр” ХХК болсон.

-Үйлдвэртээ дэлхийн орнуудад ашиглаж буй өндөр технологи, ноу хау нэвтрүүлж байна уу?

-“Хамгийн сайн рецепт эмээгийн авдарт байдаг” гэж Герман ардын үг байдаг. Энэ юу гэсэн үг вэ гэхээр айл болгон үйлдвэр, улс болгон өөрт таарсан өвөрмөц амт, чанар, өнгө үзэмжтэй. Бид доороосоо эхэлж явсан. Тиймээс “Монгол технологиор өөрсдийгөө хөгжүүлээд, монгол технологиор Монголд үйлдвэрлэв”, “Гайхамшигтай амтыг Газар шимээс” гэсэн уриа үгүүдтэй. Яг л монголчуудад зориулсан амт байгаа. Манай сүүлийн үеийн бүтээгдэхүүнүүд Европт байдаггүй. Европт байдаг бүтээгдэхүүнд байна л даа, алаг салат, өргөст хэмх. Гэхдээ амт нь арай өөр. Оросынхоос бас өөр. Зөвхөн монголчууддаа зориулсан бүтээгдэхүүн.

-Зах зээлд өнөөдрийн байдлаар “Газар шим үйдвэр”-ийн хэдэн төрлийн бүтээгдэхүүн борлуулагдаж байна вэ?

-Зах зээл дээр 100 гаруй бүтээгдэхүүн санал болгосноос үр ашиггүй бүтээгдэхүүн, хэрэглэгчийн хэрэгцээнд бүрэн нийцээгүй бүтээгдэхүүнийг хасаад, 60 гаруй нь одоогоор худалдаалагдаж байна. Бид бүтээгдэхүүний онцлогт тааруулан тоног төхөөрөмжөө захиалгаар хийлгүүлсэн учраас бүтээгдэхүүний амт чанар алдагдахгүй. Мөн монгол технологиор гайхалтай амтыг бүтээж чадсан. Гэртээ хийж байгаа чанартай бүтээгдэхүүнийг үйлдвэрийн аргаар хийхийг зорьж ажиллаж байна.

-Салбар салбарт хамгийн тулгамдаж буй асуудал бол мэргэжлийн боловсон хүчний асуудал. Танай компанид хүнсний технологичоос эхлээд мэргэжлийн боловсон хүчин хангалттай бий юу?

-Манай компани 2018 онд ISO:9001 Чанарын удирдлагын тогтолцоо, ISO:22000 Хүнсний аюулгүй байдлын хяналтын тогтолцоо, мөн Монголд хамгийн анх удаа хүнсний үйлдвэрт GMP буюу үйлдвэрлэлийн зохистой дадал олон улсын стандартуудыг цогцоор нь нэвтрүүлсэн, Монголдоо анхны компани. Энэ нь манай үйлдвэрлэж буй бүтээгдэхүүн баталгаатай, найдвартай, тогтвортой бөгөөд олон улсын чанарын шаардлага хангасан үзүүүлэлт юм. Тэрнээс гадна бид 2018 онд Солонгос руу бүтээгдэхүүнээ экспортолсон хоёр сарын турш дэлгэрэнгүй, нарийн шинжилгээ хийлгэж, Өмнөд Солонгосын лабораторийн шинжилгээг даваад хүлээн зөвшөөрөгдсөн. Энэ нь бидний олон улсын стандартыг хэрэгжүүлж, чанарын тал дээр маш сайн хяналт тавьж, эрүүл ахуйн шаардлага хангасан, аюулгүй хүнс үйлдвэрлэж байгааг харуулж байна. Бид анхнаасаа эрүүл ахуйн шаардлага хангасан, чанартай хүнс үйлдвэрлэх зорилт тавьсан. Ингэхийн тулд бид химийн гаралтай болон тогтворжуулагч бодис огт хэрэглэдэггүй. Бид ногоогоо дулааны аргаар боловсруулж, хэрэглэгчдэд хүргэдэг.

-Хүн амыг хоол хүнсээр эрүүлжүүлэх чиглэлээр судалгаа хийж байв уу?

-Янз янзын, олон судалгаа хийсэн. Тэр дундаас бид “Артишок” ургамлыг Монголдоо тарьж ургуулж, туршилт судалгаа хийж, янз янзын бүтээгдэхүүн хөгжүүлээд, 2011 онд “Артишок” эрүүл мэндийн ундааг гаргасан. Энэ ундаа хүнийг эрүүлж, элэг, бөөр, нойр булчирхайг хамгаалдаг. Хүн өвдсөнийхөө дараа эм уух биш, хоол хүнсээ идээд, эрүүл байх нөхцөл бүрдүүлэх зорилгоор “Артишок” ундааг хийсэн. “Артишок” эрүүл мэндийн ундаа нь 2013 онд инноваци лицензийн хэрэгжүүлэгч брэндээр шалгарсан. 2015 онд Монголд Органик хүнсний тухай хууль батлагдсан. Бид 2018 онд Монголын хамгийн анхны органик хүнсний бүтээгдэхүүний баталгаажуулалтыг “Артишок” ундаагаараа авсан. “Артишок” ундаагаараа бид органик газар тариалан, органик бүтээгдэхүүн дээрээ батламж авсан.

-“Газар шим үйлдвэр” энэ чиглэлээр Хүнс, хөдөө, аж ахуйн яам, ХАА хүрээлэн, ХААИС-тай хамтран ажиллаж, зөвлөгөө, туслалцаа авч байв уу?

-Тийм ээ. Артишок ургамлыг тарьж ургуулахын тулд ХААИС туршилт судалгааны хүрээлэнтэй хамтарч ажилласан. Тэнд анхны тариалалтаа хийсэн. Артишок дулаан орны ургамал, Монголын сэрүүн нөхцөлд ургуулахын тулд хүлэмж, ил талбайд тарьж, олон янзын туршилт хийсэн. Ямар арга хэлбэрээр таривал Монголд ургуулж болох талаар хоёр жил судалсны дараа бид органик хүлэмжийн аж ахуйг Зүүнхараанд байгуулсан.

-Артишок хаана хаана ургадаг вэ?

-Африкийн хойд хэсгээс гаралтай. Гол тариалдаг бүс нутаг нь Испани, Итали, Латин Америк, Америкийн баруун муж. Голдуу халуун дулаан оронд тариалдаг. Монголын хувьд бид хүлэмжид тарьж ургуулж байна.

-Артишок өвөл ургах уу?

-Өвөл ургахгүй. Бид хавар тариад, намар хурааж авдаг.

-“Газар шим үйлдвэр” компани бүтээгдэхүүнээ экспортолж байна уу?

-Бид Солонгос руу жил бүр тодорхой хэмжээгээр бүтээгдэхүүнээ экспортолдог. Солонгос руу салат, өргөст хэмх, компот экспортолдог.

-Саяхан Санхүүгийн зохицуулах хорооноос танай компанид гэрчилгээ гардуулсан. Энэ талаар ярихгүй юу?

-Хөрөнгийн зах зээл дээр гарахад компани зөв засаглалтай, санхүү нь тогтвортой байх ёстой. Бид хуулийн байгууллагаар дүгнэлт гаргуулж байна. Компанид мөрдөж ажиллаж байгаа дотоод журмууд, үйл ажиллагаа, гаргаж байгаа шийдвэрүүд бүгд хуулийн дагуу явагдаж байна. Монгол Улсын хууль болон компанитай холбоотой хуулийг зөрчөөгүй, зөв явж байна. Аудитын байгууллага манай санхүүгийн тайлангуудыг шинжлээд, энэ компанийн тайлангууд олон улсын болон Монгол Улсын шаардлага хангасан, үнэн зөвөөр тайлангаа гаргадаг гэдгийг баталж, дүгнэлт гаргасан. Дараа нь үнэлгээний байгууллага манай компанийн болон хэрэгжүүлэх гэж байгаа үйл ажиллагаа, ирээдүйд хэрэгжүүлэх үйл ажиллагаа дээр, олон улсын аргачлалаар үнэлгээ хийнэ. Үнэт цаасны “Novel investment” компани манай хөрөнгийн бирж дээр гарах ажил дээр хамтран ажиллаж байна. Хууль зүйн зөвлөгөө, аудит, үнэлгээний компаниуд ажиллаад, бүх материалаа бүрдүүлсний дараа бид хувьцаагаа зараад, олон нийтээс хөрөнгө босгоно. Босгосон хөрөнгөөрөө хэрэгжүүлэх төсөлдөө үнэлгээ хийгээд, тэрийгээ хөрөнгийн биржид танилцуулаад, хөрөнгийн бирж зөвшөөрсөний дараа Санхүүгийн зохицуулах хороо эцсийн шийдвэр гаргадаг. Энэ компани бол хөрөнгийн бирж дээр олон нийтэд нээлттэй компани болох шаардлага хангасан гэсэн дүгнэлт гаргаад, гэрчилгээ гардуулсан.

-Хөрөнгийн биржид гарч, олон нийтэд нээлттэй компани болохын давуу тал юунд байх вэ?

-Түүхээ сая ярьсан. Бид олсон ашгаараа буцаагаад компанидаа хөрөнгө оруулдаг. Зөвхөн олсон орлогоосоо хөрөнгө оруулалт хийхээр бидний хөгжил удаан хугацаа шаардана. Харин олон нийтэд хувьцаагаа санал болгосноор компани хурдан томорч, цар хүрээгээ тэлнэ. Ингэснээр бид таван жилийн дараа хүрэх хөгжилдөө гурван жилийн дараа хүрч, илүү хугацаагаа хэмнэж, хурдан өсөж сайжирна. Энэ нь Монгол Улс, компани, хөрөнгө оруулагч, хамтран ажилладаг байгууллагуудад ашигтай. Компани өргөжин тэлснээр улсад төлөх татар нэмэгдэнэ. Ингээд баялгийн үйлдвэрийг дотооддоо хөгжүүлбэл Монгол Улсын хөгжлийн гарц нээгдэнэ. Үйлдвэрээ хөгжүүлж байна шүү дээ. Дотооддоо үйлдвэрлэдэг болчихвол гадагшаа урсах валют байхгүй, дотооддоо өөрсдөө хөгжөөд, баялгаа бүтээгээд, улс орон хөгжөөд явна. Үйлдвэрлэлийн давуу тал бол бүх талдаа ашигтай. Тиймээс бид компанийнхаа 16.54 хувийг, нэгж хувьцаагаа 53 төгрөгөөр санал болгож байгаа юм. Нийтдээ 10.5 тэрбум төгрөг татан төвлөрүүлнэ.


Ц.Ганбат: “Газар шим үйлдвэр”-ийнхээ 16.54 хувийг олон нийтэд санал болгож байна
2023-03-27 12:08:16
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0