Бямба, 2024-12-28
Улсын яллагч: Н.Батбаяр "Бэрэн" группт давуу байдал олгосон

80 хүн, дөрвөн хуулийн этгээдэд холбогдох Хөгжлийн Банкны хэргийн шүүх хурал дөрөв дэх өдрөө үргэлжилж байна.

Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаарх яллах дүгнэлтийг улсын яллагчдын зүгээс сонсгож, яллах дүгнэлтэд ойлгомжгүй гэж үзсэн зүйлсээ улсын яллагчдаар тайлбарлуулав.

Шүүгдэгч Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр:

  1. Би хэзээ хаана ямар хэрэг хийснийг тодорхой болгож өгнө үү,
  2. Яллах дүгнэлтэд бусдад давуу байдал олгосон гэж байна. Яаж олгосон бэ.
  3. Алтанхуяг, Шинэбаатар, Мөнхбаттай үйлдлээрээ нэгдсэн гэдэг нь юу гэсэн үг вэ?

Улсын яллагч 1: Тайлбарлуулах гэхээс илүү гэм буруугийн маргасан шинжтэй асуулт асууж байна. Ойлгохгүй байгаа бол тайлбарлаж өгье. Та УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүнээр ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хувийн байдалд давуу байдал олгосон гэх үйлдэлд яллагдагчаар татан ял сонсгож, өнөөдөр гэм буруугийн асуудлыг шийдвэрлүүлэхээр авч ирсэн.

Засгийн газрын хуралдааны дүрэм журмыг зөрчөөд нэг хоногийн өмнө буюу 2013 оны 8 сарын 15-ны өдөр хувийн компаниас танай яаманд ирсэн албан бичгийг үндэслээд, дараа өдөр нь буюу наймдугаар сарын 16-нд зам худалдаж авах шийдвэр гаргуулсан байна.

Энэ асуудалд таныг бусдад бусдад давуу байдал олгох нөхцөлийг бүрдүүлж, Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг, Эдийн Засгийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан та болон Хөгжлийн Банкны ТУЗ-ийн дарга Б.Шинэбаатар, гүйцэтгэх захирал Н.Мөнхбат нартай үйлдлээрээ санаатай нэгдсэн. Та бүхний Гэм буруутай үйл ажиллагааны улмаас Хөгжлийн Банканд 170 тэрбум төгрөгийн хохирол учирсан нь тогтоогдсон. Иймд улсын яллагчийн зүгээс яллаж байгаа.

Мөн та “Монроуд” компанид давуу байдал олгосон асуудал байна. Сайдаараа ажиллаж байх хугацаандаа Засгийн газрын шийдвэр гараад, он дамжиж хийгдэх төсөвт өртөг нь тогтоогдчихсон байхад Засгийн газрын шийдвэр гарсны дараа зарчмын шинжтэй өөрчлөлтийг оруулсан. Ийнхүү шинээр баригдах замын жагсаалтад “Монроуд” компанийн барьж байгаа Халзанбүргэдэй- Солонготын даваа чиглэлийн 100 км замыг төсөвт өртөг тавихгүйгээр УИХ-д оруулж, хувийн компанид давуу байдал олгон, улсын төсөвт хохирол учруулсан.

Улсын яллагч 2: Та “Бэрэн” групп компанид давуу байдал бий болгох зорилгоор Засгийн газрын тэргүүн болон та өөрөө, Хөгжлийн Банкны ТУЗ-ын дарга Шинэбаатар, гүйцэтгэх захирал Мөнхбат нартай үйлдлээрээ санаатай нэгдэж, "Бэрэн" групп компанид төмөрлөгийн үйлдвэр барихад нь зориулж 22.7 тэрбум төгрөг хүртэлх зээлийг Засгийн газрын тогтоол дээр шууд оруулж, Хөгжлийн Банканд үүрэг өгсөн үйлдлээр буруутгаж байна


Улсын яллагч: Н.Батбаяр "Бэрэн" группт давуу байдал олгосон
2023-04-20 12:36:19
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ