Хөгжлийн банкнаас “Бэрэн” ХХК-д олгосон зээлтэй холбоотой шүүх хуралдаан үргэлжилж байна.
Энэ асуудалтай холбоотойгоор Д.Цогтбаатар мэдүүлэг өглөө. Тэрбээр “Би анх 2016 онд Хөгжлийн банкинд ахлах мэргэжилтнээр ажилд орж байсан. Дараа нь Хөгжлийн банкны Санхүүжилт хөрөнгө оруулалтын эрсдлийн үнэлгээний газрын дарга болсон.
“Бэрэн” ХХК-ийн зээл хүссэн хүсэлтийг судалж үзээд “Зээл олгохыг дэмжихгүй байна” гэдэг дүгнэлтийг анх Зээлийн хороогоор хэлэлцүүлсэн. Тэгэхэд “Зээл олгох эсэх нь хэлтсийн асуудал биш, эрсдлээ тодорхойлох ёстой” гэдэг чиглэл өгдөг байсан. Энэ хүрээнд бид холбогдох удирдлагаас юм уу, мэргэжлийн холбоодоос өгч байгаа үүрэг даалгаврыг биелүүлэх ёстой гэж үзээд холбогдох засваруудыг хийж байсан. Ингэхдээ боломжгүй зүйлийг нь дүгнэлт дээрээ бичдэг байсан.
“Бэрэн” компанийн тухайд “Барилга угсралтын ажил нь 50 шахам хувьтай байна. Зээл олгоход эрсдэлтэй, татгалзаж байна” гэдэг дүгнэлт гаргасан. Тэгэхээр нарийн бичиг дүгнэлт ураад “Энийг дэмжиж зур гэнэ ээ гээд удирдлагаас өгсөн чиглэлийн дагуу татгалзаж зурж болохгүй юм байна гээд дэмжиж зурсан. Намайг “Бэрэн” ХХК-иас гадна долоон төсөлд буруутган, яллагдагчаар татсан. Зээл олгосон компаниудын удирдлага болоод ажилтан, албан хаагчдаас нь хэнийг нь ч би танихгүй. Мэргэжлийнхээ дагуу, удирдлагаас өгсөн чиглэлийн дагуу л ажлаа л хийж байсан. Цагаатгах байх гэдэг үүднээс мэдүүлгээ” өглөө гэв.
“Зээлийг хулгайтай адилтгаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй”
Хөгжлийн банкны дэд захирал асан Б.Чойжилжалбуу: Монгол Улсын Хөгжлийн банкны чөлөөт мөнгөн хөрөнгийг оновчтой удирдах чиг үүрэгтэй ажиллаж байсан. Хөгжлийн банкийг хүнд үйлдвэр, хөнгөн үйлдвэрийг хөгжүүлэх зорилгоор байгуулдаг. “Бэрэн” компанийн хувьд үүссэн нөхцөл байдал нь гадаад, дотоод хүчин зүйлтэй холбоотой байх.
Нарийн ширийн мэдээллийг мөрдөх байгууллагад хэлсэн учраас энэ шатанд өгөхгүй байхаар шийдвэрлэлээ.
Д.Дэлгэрсайхан “Банкны ситсемд би 26 жил ажилласан. Зээл гэдэг маань хулгай биш. Зээл бол активын солилцоо. Зээлийнхөө төлбөрт хүү төлж байгаа. Зээлийг хулгайтай агаар нэгэн зүйл гэж үзэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй.
Хөгжлийн банкны хувьд зээл олгохдоо хоёр ангилдаг байсан. Нэгдүгээрх нь барилгын зээл буюу хот төлөвлөлтийг сайжруулах, агаарын бохирдол бууруулах. Хоёрдугаарх нь, экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох зээлд зээл олгодог байсан.
“Бэрэн”-гийн хувьд зээл олгоход бодлогын хувьд хоёр шаардлагыг хангаж байсан. Учир нь, импортыг орлож байсан, гэр хорооллыг дахин төлөвлөх гэдгээрээ бодлогын хувьд дэмжлэг хүлээж байсан.
Намайг зээлийн удирдлагын хороонд орж, санал өгсөн гэж буруутгаж байгаа. Гэтэл зээлийн хорооноос шийдвэр гаргаагүй, дүгнэлт л гаргасан. Ийм, ийм нөхцөл хангагдсан учраас зээл олгоход татгалзах зүйлгүй гэж саналаа өгсөн. Зээл олгох эрх үүрэг надад байгаагүй” гэлээ.
Шүүх хуралдааны үдээс өмнөх хуралдааныг завсарлуулаад байна. Шүүх хуралдаан 14.00 цагаас үргэлжилнэ.
НЭМЭЛТ:
“Бэрэн” ХХК-тай холбогдох асуудлыг шүүж байна
Хөгжлийн банкны зээлдэгчтэй холбоотой шүүх хурал өнөөдөр /2023.04.21/ тав дахь өдрөө үргэлжилж байна. Уг шүүх хуралдаанаар Хөгжлийн банкнаас зээл авсан “Бэрэн” ХХК-тай холбоотой асуудлыг хэлэлцэж буй.
Энэ асуудалтай холбогдуулж, Хөгжлийн банкинд хуульчаар ажиллаж байсан Т.Пүрэвсүрэн тайлбар өгч байна. Тэрбээр “Би 2018-2021 онд Хөгжлийн банкинд хуульчаар ажилласан. Надтай холбож буй асуудал нь “Бэрэн” ХХК ийн 2018 оны эргэлтийн хөрөнгийн зээлтэй холбоотой асуудалд хууль зүйн дүгнэлт гаргасан гэж үзсэн. Миний хувьд ажил үүргийнхээ хүрээнд зээл хүссэн хуулийн этгээд, иргэний бичиг баримтад хууль эрх зүйн дүгнэлт гаргах, гэрээ боловсруулах, баримт бичиг боловсруулах үүрэг хүлээж байсан. Хөгжлийн банкнаас жилд 100-150 дүгнэлт боловсруулж гаргадаг байсан. Миний хувьд 40 орчим хувийг нь боловсруулж гаргасан. Намайг хууль зүйн дүгнэлтийг буруу гаргасан гэж буруутгадаг. Гэхдээ би 2018 онд 35 дугаартай дүгнэлтийг боловсруулсан ч хянасан хүн нь Сод-Эрдэнэ захирал. Тухайн үед “Бэрэн” групп нэмэлт зээл хүсэхэд 101 тэрбум төгрөгийн барьцаа хөрөнгөтэй байсан. Барьцаагаараа зээлээ төлөх боломжтой гэж үзсэн. Зээлтэй байна уу, үгүй юу гэдгийг зөвхөн Монголбанк л хянах боломжтой. Тэр хүрээндээ энэ асуудлыг хянуулахаар төв банк руу баримтуудыг нь илгээж, ирсэн мэдээллийнхээ хүрээнд дүгнэлт гаргасан” гэлээ.
Гэр хорооллыг дахин төлөвлөх хүрээнд бага, дунд орлоготой иргэдийг орон сууцжуулах төсөл хэрэгжүүлэхээр "Бэрэн" ХХК нь Хөгжлийн банкнаас зээл авсан юм байна.
Д.Цогтбаатар: Дүгнэлтийг нарийн бичиг ураад, зээл олго гэсэн |
2024-12-12 11:41:34
2024-12-12 11:41:01
2024-12-12 11:39:55
2024-12-12 11:38:52
2024-12-12 11:37:47
2024-12-12 11:36:57
2024-12-11 10:45:10
2024-12-11 10:43:49
2024-12-11 09:46:24
2024-12-11 09:45:24