Бямба, 2024-04-27
Н.Учрал: МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАСАН ЭРХ ЗҮЙН ОРЧИН БҮРДҮҮЛЭХ НЬ ЧУХАЛ

 

 
 
УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооноос “Тоон гарын үсгийн цахим хэрэглээ, төрийн байгууллага хоорондын албан бичиг солилцоо” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа. Салбар бүрийн цахим шилжилтийн өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, цаашид хийж хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлохын тулд нээлттэй хэлэлцүүлгийг тус Байнгын хороо тогтмол зохион байгуулж байгаа юм.
 
Байнгын хорооны дарга Н.Учрал хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ, “Ердөө 100 хүрэхгүй жилийн өмнө дэлхийн эдийн засгийн голлох байр суурийг газар тариалан, мал аж ахуй эзэлж, үйлдвэржилтийн техник технологиуд анхлан гарч ирж байсан. Энэ бол хүн төрөлхтний соёл иргэншлийн түүхтэй харьцуулан үзэхэд маш богино хугацаа юм.
 
 Гэвч сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд цоо шинэ салбар болох хиймэл оюун ухаан, блокчэйн технологи дээр суурилсан төрөл бүрийн цахимчлал, орон зайн нөлөөлөлд үл хамаарах техник технологийн цоо шинэ нээлтүүд ар араасаа бий болсноор биднээс цоо шинэ сорилт, цоо шинэ хөгжлийн бодлогыг шаардаж байна.
 
УИХ-ын 2020 оны тавдугаар сарын 13-ны өдрийн 52 дугаар тогтоолоор “Алсын Хараа 2050” Монгол Улсыг хөгжүүлэх урт хугацааны бодлогыг баталсан бөгөөд тус хөтөлбөрт “Сайн засаглал”-ыг бий болгох зорилгын хүрээнд ухаалаг засаглал, ухаалаг бүтэц, цахим монгол – иргэн төр хувийн хэвшлийн нэгдсэн систем гэсэн сэдвийн дор тодорхой бодлогуудыг нэг бүрчлэн тодорхойлж баталсан. Энэ бол Монгол Улс цаашдын цоо шинэ 30 жилд цахим засаглал буюу ухаалаг төрийн тогтолцоог бий болгож, иргэндээ дарамт учруулдаг биш иргэддээ үйлчлэх үндсэн чиг үүргээ бодитоор хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлэхийн төлөө зорин ажиллаж байгаагийн илрэл юм.
 
Уг зорилгын хүрээнд хийж хэрэгжүүлэх ажлуудаа гурван үе шат болгон төлөвлөсөн бөгөөд 2020-2030 оны хооронд Үр дүнтэй цахим засаглалыг, дараагийн 10 жилд, үр нөлөөтэй цахим засаглалыг, сүүлийн 10 жилд, үндсэн зорилго болох иргэн төвтэй цахим засаглалыг бий болгохоор төлөвлөж байна.
 
Бидний нэн тэргүүний авах ёстой арга хэмжээ бол мэдээллийн аюулгүй байдлыг хангасан, үр дүнтэй цахим засаглалын бодлогын болон эрх зүйн орчныг бүрдүүлж, төлөвшүүлэх ажил юм” гэв.
 
Үүний дараа Архивын ерөнхий газрын дарга С.Энхбаатар “Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хууль, цахим албан хэрэг хөтлөлт” сэдвээр, Харилцаа, холбоо мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ “E-Mongolia” төслийн үйл ажиллагааны талаар, Харилцаа, холбоо, мэдээллийн технологийн газрын хэлтсийн дарга Б.Билэгдэмбэрэл “Төрийн байгууллага хоорондын цахим албан бичиг солилцооны ерөнхий бүдүүвч, тулгамдаж буй асуудал” сэдвээр илтгэл тавилаа.
 

 


Н.Учрал: МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАСАН ЭРХ ЗҮЙН ОРЧИН БҮРДҮҮЛЭХ НЬ ЧУХАЛ
2020-09-29 13:15:00
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ