Бямба, 2024-04-27
Ж.СҮХ-ОЧИР: ЗЭВСЭГЛЭСЭН ЭТГЭЭДҮҮД ТАСРАЛТГҮЙ БУУДАЖ, НҮБ-ЫН ЭНГИЙН АЖИЛЧДЫН БАЙР РУУ ГРАНАТ ШИДЭЖ ДЭЛБЭЛЭХ ГЭЖ ОРОЛДСОН

Монголын Зэвсэгт хүчний ахлагч Э.Энхээ, ахлагч С.Эрдэнэбилэг нар алан хядагчид зэр зэвсэг булж байгааг олж хараагүй байсан бол дэлхийн хамгийн олон буюу 120 мянган дүрвэгч амьдарч байгаа хуаран үнсэн товрого болох байж. Мөн олон мянган хүн амь насаа алдах аюул маш ойрхон байжээ. БНӨСУ-ын UNMISS ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй Монголын Зэвсэгт хүчний мотобуудлагын батальоны тавдугаар ээлжийн энхийг сахиулагч Э.Энхээ, С.Эрдэнэбилэг нар энхийг сахиулагчийн үүргээ сэтгэл зүрхээ зориулан гүйцэтгэж чадсанаар олон мянган хүний амь нас аврагджээ. Мөн манай улсын батальоны энхийг сахиулагчид өнгөрсөн сарын 25-нд галт зэвсэгтэй халдлагыг таслан зогсоож чадсан байна. Монгол цэргүүдийн байгуулсан гавьяат үйлсийн талаар Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад НҮБ-ын мандаттай энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа Монгол Улсын Зэвсэгт Хүчний мотобуудлагын батальоны тавдугаар ээлжийн цэргийн багийн Штабын дарга, дэд хурандаа Ж.Сүх-Очиртой холбогдож ярилцлаа.

-Та бүхний удирдаж байгаа мотобуудлагын батальоны ахлагчид олон хүний амь аварсан гэсэн. Энэ талаар тодруулахгүй юу?

-Энд цагийн байдал тогтвортой байгаа хэдий ч БНӨСУ-ын дэд ерөнхийлөгчөөр дахин сонгогдсон Засгийн газрын эсрэг хүчний удирдагч Риека Машар 2016 оны дөрөвдүгээр сарын 26-ны өдөр бидний байрлаж байгаа Жубо хотод ирэх гэж байгаатай холбогдуулан өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Манай ахлагчид ажил үүргээ сайн гүйцэтгэж олон мянган хүний амь насанд халдах гэж оролдсон байдлыг таслан зогсоож чадсан. Өнгөрсөн сарын 25- ны шөнө харуулын цэг дээр гуравдугаар мотобуудлагын батальоны ахлагч Э.Энхээ, С.Эрдэнэбилэг нар ажил үүргийнхээ дагуу шөнийн харуулд гарч байсан юм. Хол, ойрын зүйл харагдахгүй харанхуй байсан гэсэн. Харуулынхаа цэг дээрээс ойр хавьд сэжигтэй ямар нэгэн хөдөлгөөн болж байна уу гэж хяналт тавьж байсан юм байна лээ. Тэгтэл орон нутгийн дүрвэгчдийн хуарангийн ойролцоох газарт хөдөлгөөн илэрсэн байдаг. Шөнө болохоор сайн харагдахгүй байсан юм билээ. Ямар ч байсан хэсэг хүмүүс газар ухаж ямар нэгэн зүйл нууж байгаа бололтой харагдсан гэсэн. Ингээд дээд удирдлагуудад шууд мэдээлэл өгсөн. Бид ч харуулын цэгээс ирсэн мэдээллийн дагуу шуурхай арга хэмжээ авч, маш богино хугацаанд бэлэн байдалд шилжиж, хүчээ зузаатгасан. Нөгөө хүмүүс ч ямар нэгэн зүйлээ булж дуусгаад сандарсан байдалтай яваад өгсөн байсан. Ингээд НҮБ-ын болон орон нутгийн дүрвэгчдийн хуарангийн ойролцоох газарт шалгалт, үзлэг хийсэн юм. Шалгалтаар их хэмжээний галт зэвсэг зэрэг зүйлс илэрсэн юм.

-Галт зэвсэг нуусан хүмүүсийг олж илрүүлсэн үү?

-Холбогдох байгууллага нь тогтоох байх. Ер нь албаны хүмүүст янз бүрийн таамаглал байгаа. БНӨСУ-ын дэд ерөнхийлөгчөөр дахин сонгогдсон Риека Машар ирэхийн урьд өдөр 120 мянга гаруй хүн амьдарч байгаа дүрвэгчдийн хуарангийн ойролцоо зэр зэвсэг нуусан нь ямар нэгэн алан хядагч бүлэглэлийн хийсэн зүйл гэж таамаглаж байгаа гэсэн. Бүлэглэл БНӨСУ-ын дэд ерөнхийлөгч Риека Машар төдийгүй маш олон энгийн иргэний амь насыг хохироох үйлдэл хийхээр төлөвлөж байсан байх гэж таамаглаж байна. Олон мянган хүний амь насыг хөнөөх гэж байсан үйлдлийг БНӨСУ-ын UNMISS ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй Монголын Зэвсэгт хүчний мотобуудлагын батальоны алба хаагчид таслан зогсоож чадсан. Одоогоор зэвсэг булсан гэмт хэрэгтнүүд баригдаагүй гэж дуулдсан.

-Ахлагч Э.Энхээ, С.Эрдэнэбилэг нар энэ талаар юу гэж ярьж байна вэ?

-Үүрээр харуулын цэг дээр ажиглалт хийж байтал хүмүүсийн бүртэлзэж байгаа нь харагдсан гэсэн. Хурдан хөдлөөд, сандарсан байдалтай байгаа нь сэжигтэй харагдсан байгаа юм.

Энэ хоёр ахлагчийн тухайд, Энхмаагийн Энхээ 150 дугаар ангид ажилладаг. Дорноговь аймгийн Зүүнбаян суманд төрсөн. Эхнэр, охиныхоо хамт хамт амьдардаг. Э.Энхээгийн ээж нь Зэвсэгт хүчинд олон жил ажиллаж байгаа хүн. Ахлах ахлагч цолтойгоор одоо ч гэсэн ажиллаж байгаа. Харин С.Эрдэнэбилэг Онцгой байдлын аврах тусгай ангид аврагч усчингаар ажилладаг. Зэвсэгт хүчин, Онцгой байдлын алба хаагчид маань хамтарч олон хүний амь насыг аварлаа.

-Үүнээс гадна өнгөрсөн сарын 25-ны орой халдлага болсон гэсэн үү. Үүнийг бас л манай цэрэг эрс маш аюултай нөхцөлд зогсоож чадлаа?

-Тийм ээ. Бэнтью хотод 2016 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдөр 20:40 цагаас эхлэн НҮБ-ын бааз болон дотоодын дүрвэгсдийн хуаранд халдсан халдлагыг манай бие бүрэлдэхүүн амжилттай няцааж чадсан. НҮБ-ын баазын зүүн өмнө зүгт 250 орчим метрийн зайнаас ойролцоогоор 40 гаруй сумаар чиглэсэн болон үргэлжилсэн буудлага хийсэн. Бид харуулын цэгүүдийг хүч нэмэгдүүлж, шуурхай бүлгийн бүрэлдэхүүнээр хуягт техникүүдийг гаргаж, хүчжүүлсэн хамгаалалтыг богино хугацаанд зохион байгуулсан. Зэвсэглэсэн этгээдүүд 30 гаруй удаа буудахын зэрэгцээ гар гранатомётоор дахин буудлага явуулсан. Түүгээр зогсохгүй НҮБ-ын энгийн ажилчдын байрлал руу буудаж, НҮБ-ын бааз руу гар гранатомёт (РПГ-7)-оор буудсан юм. Азаар гранат нь НҮБ-ын энгийн ажилчдын байрлал болон нисдэг тэрэгний зогсоолын ойролцоо унаж, тэсрээгүй өнгөрсөн. Гранатыг НҮБ-ын мина хайгуул устгалын бүлгийн бүрэлдэхүүнтэй хамтран аюулгүй болгосон байгаа. Буудлагын үеэр манай цэргийн баг болон НҮБ-ын ажилтнуудын хувьд ямар нэгэн хохирол амсаагүй. Олон арван хүнийг аймшигт эрсдэлд орох, амь насаа алдахаас урьдчилан сэргийлж чадсандаа баяртай байгаа. Энэ нь манай цэргийн багийн захирагч, удирдлагаас богино хугацаанд шийдвэр гаргаж, удирдах, хамгаалалтыг зохион байгуулах болоод шуурхай бүлэгт томилогдсон бүрэлдэхүүн, цагийн манаачдын үүрэг гүйцэтгэх ур чадвар өндөр байгаагийн нэг илрэл гэж хэлж болно.

-Монгол Улсаас БНӨСУ-ын UNMISS ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа та бүхэнд олон газраас баяр хүргэсэн гэж байна лээ?

-Монголын Зэвсэгт хүчний 2002 оноос эхлэн НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд оролцож эхэлсэн байдаг юм. Үүнээс хойш Монгол Улсын зэвсэгт хүчний үе үеийн алба хаагчид маш өндөр чадвартайгаар үүргээ гүйцэтгэж ирсэн. Мэргэжлийн маш өндөр түвшинд үүргээ гүйцэтгэдэг гэж хэлж болно. Зэвсэгт хүчний мотобуудлагын батальоны хувьд ч гэсэн нэр төртэйгөөр үүргээ гүйцэтгэж байна. Бидэнд маш олон газраас баяр хүргэж байгаа. Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон бидэнд дөнгөж сая талархал ирүүлсэн. Талархалдаа "Даян дэлхийн энх тайван аюулгүй байдлыг сахин хамгаалах, бэхжүүлэх ариун үйлсэд эх орон, ард түмнээ төлөөлөн оролцохдоо сонор сэрэмжээ алдалгүй үүргээ нэр төртэй гүйцэтгэж Монгол Улс, Зэвсэгт хүчнийхээ нэр хүндийг дэлхийн тавцанд мандуулж байгаад Батлан хамгаалах яамны удирдлагын зүгээс болон хувиасаа чин сэтгэлийн талархал дэвшүүлж байна. Аюулыг холдуулж олон мянган хүний амь насыг аварсан цэрэг эрсдээ тусгайлан баяр хүргэе" гэсэн байсан. Мөн БНӨСУ-ын UNMISS ажиллагааны удирдлага, хойд секторын командлал, батальоны удирдлагууд баяр хүргэсэн байгаа. Мөн олон орны энхийг сахиулах ажиллагаанд оролцож байгаа цэргүүд баяр хүргэж байна. Энгийн иргэд ч баярлаж талархаж байгаагаа илэрхийлсэн. Гэхдээ халдлага болгоныг таслан зогсоох нь бидний үүрэг. Хийх ёстой ажил шүү дээ гэв.

Дашрамд дурдахад, Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад НҮБ-ын мандаттай энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа Монгол Улсын Зэвсэгт Хүчний мотобуудлагын батальоны тавдугаар ээлжид 850 цэргийн алба хаагч үүрэг гүйцэтгэж байна. Алба хаагчдын 40 гаруй хувь нь олон улсын болон НҮБ-ын мандаттай энхийг дэмжих ажиллагаанд оролцсон туршлагатай бөгөөд цэргийн багийн захирагчаар хурандаа Б.Баатар ажиллаж байгаа аж. Энэ цэргийн багт Зэвсэгт хүчний 40 гаруй анги байгууллага, Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагын алба хаагч үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд тэдний 38 буюу нийт бүрэлдэхүүний дөрвөн хувийг эмэгтэй цэргийн алба хаагчид эзэлж байгаа гэнэ.


Ж.СҮХ-ОЧИР: ЗЭВСЭГЛЭСЭН ЭТГЭЭДҮҮД ТАСРАЛТГҮЙ БУУДАЖ, НҮБ-ЫН ЭНГИЙН АЖИЛЧДЫН БАЙР РУУ ГРАНАТ ШИДЭЖ ДЭЛБЭЛЭХ ГЭЖ ОРОЛДСОН
2016-05-11 10:05:00
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 1
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ