Баасан, 2024-04-26
Тусгай хамгаалалттай газар эзэмшдэг "ТУСГАЙ ЭРХТЭЙ" эрхмүүд

Засгийн газраас хэрэгжүүлж буй "5Ш" ажиллагааны нэг нь Шилэн ажиллагаа. Үүний хүрээнд Тусгай хамгаалалттай газрын мэдээллийг олон нийтэд ил тод болгоод байна. Өнөөдрийн байдлаар нийт 2162 зөвшөөрөл бүртгэлтэй байгаа аж. Тэр дунд эрх мэдэлтэй, олны танил эрхэм, өндөр албан тушаалтан ч цөөнгүй байгаа нь олны бухимдлыг төрүүлэв. Салбар яамнаас 2016 онд хамгийн их га газар буюу 82.72 га тусгай хамгаалалттай газрыг олгожээ. Дараагаар нь 2015 онд 40.06 га газар, 2011 онд 38.36 га газар олгосон байх юм.


Н.ЦЭЛМҮҮН ТҮРГЭНИЙ АМАНД 22.83 ГА ГАЗАР ЭЗЭМШДЭГ

 

 

Shilen.gov.mn сайтад ил болгосноор төрийн тусгай хамгаалалттай газар эзэмшигчдийн жагсаалтын эхэнд Н.Цэлмүүн бичигджээ. Тэрбээр Богд уулын дархан цаазат газарт Түргэний аманд буюу олны нэрлэж заншснаар Кувейтын аманд 2011 онд 22.83 га газар эзэмшиж эхэлжээ. Одоо 12 жил болж буй.

Н.Цэлмүүнийг Кувейтын аманд газар эзэмших эрхийг авахад Байгаль орчны сайдаар Л.Гансүх ажиллаж байсан талаар зарим эх сурвалж мэдээлжээ.

Н.ЖАНЦАННОРОВ ХҮРЭЛТОГООТЫН АМАНД 0.523 ГА ГАЗАРТАЙ

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн хошой шагналт хөгжмийн зохиолч Нацагийн Жанцанноров нь 2008 онд Хүрэлтогоотын аманд 0.523 га газар эзэмшжээ.
Тэрбээр саяхан Монгол Улсын урлаг судлалын Шинжлэх ухааны доктор цол хүртсэн бөгөөд 2022 онд Монгол Улсын Консерваторийн профессор цол хүртсэн юм. Н.Жанцанноров нь 1989 онд "Мандухай цэцэн хатан" киноны хөгжмөөр, 2000 онд Морин хуурт зориулсан шилдэг бүтээлүүдээрээ "Төрийн шагнал"-ыг хоёр удаа, 2005 онд "Ардын жүжигчин" цолоо хүртсэн.
 
Н.БАГАБАНДИ ЗАЛААТЫН АМАНД 0.518 ГА ГАЗАР ЭЗЭМШДЭГ
 
Нацагийн Багабанди нь Монголын улс төрийн зүтгэлтэн, Монгол улсын хоёр дахь ерөнхийлөгч юм. Тэрбээр 2010 – 2013 онд "Оюу толгой" ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн анхны гишүүнээр ажиллаж байсан бөгөөд 2016 оны есдүгээр сард "Оюу толгой" ХХК-ийн ТУЗ-д дахин томилогдсон байна. Тэгвэл тэрбээр Залаатын аманд 2018 онд 0.518 га газар эзэмшдэг байна.
Н. Багабанди 1987 онд философийн ухааны дэд доктор эрдмийн зэргийг дүүргэж Украйн, Казахстан, Турк, Япон, АНУ зэрэг улсуудын нэр хүндтэй их дээд сургуулиудаас хүндэт доктор цол хүртсэн юм. 1992-1996 онд УИХ-ын гишүүн, УИХ-ын дарга, 1996-1997 онд УИХ-ын гишүүн, УИХ дахь МАХН-ын бүлгийн дарга, 1997-2005 онд Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажилласан бөгөөд олон төрлийн ном зохиол, эрдмийн ажлууд туурвисан эрдэмтэн улс төрийн зүтгэлтэн юм.
 
Ч.НОМИН НҮХТИЙН АМАНД 0,355 ГА ГАЗАР ЭЗЭМШДЭГ

Шинэ яамны сайд Ч.Номин нь улс төрийн туршлагагүй гэгддэг бөгөөд сайдын тангараг өргөх ёслолоос авахуулаад олны хэл амны бай болсон гэхэд хилсдэхгүй. Тэрбээр 2017 онд Нүхтийн аманд 0.355 га газар эзэмшжээ.

“Оюуны өмчийг дээдлэгч” гэсэн уриатай. Улс төр, нийгэм эдийн засаг, танин мэдэхүй, соёл урлаг, спорт, энтертаймент гэх мэт олон талын контент бэлтгэн үзэгчдэд түгээдэг. 2015 онд монголд анх удаа “Авьяаслаг Монголчууд 2015” дэлхийн хэмжээний шоу нэвтрүүлгийг албан ёсны эрхтэйгээр зохион байгуулсан.

"ЭНСАДА ХОЛДИНГ" КОМПАНИЙН ЗАХИРАЛ Ө.БОЛДСАЙХАН ХӨВСГӨЛД 14 ГА ГАЗАРТАЙ

"Энсада Холдинг" компанийн захирал Ө.Болдсайхан нь 2016 оноос Хөвсгөл аймгийн байгалийн үзэсгэлэнт тусгай хамгаалалтын газар болох Алагцарын голын зүүн эрэг дээр 11 га газар, Алагцарын голын элсний ард гурван га газар эзэмшдэг байна. Түүнийг Хөвсгөл аймагт төдийгүй Монгол Улсад газар тариалангийн чиглэлээр их ажил хийсэн хүн гэж нутгийнхан нь ярьцгаадаг. Тэр утгаараа шилдэг бизнесменээр шалгарч байсан удаатай.

Тэрбээр 2016 онд “Рио-2016” зуны паралимпийн пауэрлифтингийн эрэгтэйчүүдийн 88кг-д өрсөлдөж, хүрэл медаль хүртсэн Э.Содномпилжээд хоёр өрөө байр бэлэглэж байсан. 

Ж.АЛТАНЦЭЦЭГ ТӨРХУРАХЫН АМАНД 4.043 ГА ГАЗАР ЭЗЭМШДЭГ

Монголын рок попын ертөнцөд өөрийн ур чадвар хоолойн цар хүрээгээрээ хүлээн зөвшөөрөгдсөн поп дива бол Ж.Алтанцэцэг. Тэрбээр 2016 оноос Богд хан уулын дархан цаазат газрын Төрхурахын аманд 4.043 га газар эзэмшдэг аж. Дуучин Ж.Алтанцэцэгийн нөхөр нь биенесмен Г.Сүхбуян. Бизнесмэн нөхөр нь эхнэртээ төрсөн өдрөөр нь дуу бичлэгийн студи, сүүлийн үеийн ренж ровер бэлэглэж байсан удаатай.

ХОТЫН ДАРГА АСАН Ц.БАТБАЯР ЗАЙСАНГИЙН АМ, НҮХТИЙН АМАНД 4.840 ГА ГАЗАРТАЙ

Тэдний дараа Хотын дарга асан Ц.Батбаяр Зайсангийн ам, Нүхтийн аманд нийт 4.840 га газар эзэмшжээ. Тэрбээр 2014 онд Нүхтийн аманд 101 га газрыг, Зайсангийн аманд 2015 онд 383 га газрыг тус тус эзэмшжээ. Тэрбээр хотын мээр байхдаа газрын наймаанд нэр холбогдож байсан удаатай. Мөн түүнийг 2012 онд хотын дарга байхдаа албаны эрх мэдлээ урвуулан ашиглаж, хууль зөрчсөн гэж АТГ-т өгч байв. Хотын дарга болон УИХ-гишүүн асан  Ц.Батбаярыг 2015 онд хорих ангиас магадлангаар сулласан байдаг.

Жирийн иргэдэд өмчлөх 0.7 га газар олддоггүй бол улстөрч, олны танил хүмүүсийн хувьд тусгай хамгаалалттай газар тусгай эрх эдлэхэд асуудалгүй бололтой.

 


Тусгай хамгаалалттай газар эзэмшдэг "ТУСГАЙ ЭРХТЭЙ" эрхмүүд
2023-04-04 14:17:28
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ