Баасан, 2024-04-26
Импортлогчдын эрх ашиг Монгол хүний аминаас чухал болсон уу?

Шадар сайд С.Амарсайхан “Стандарт бол аюулгүй байдлын шалгуур” гэх чухал үгийг олонтаа давтах болсон ч Монголд өнөөдөр импортоор орж ирдэг хүнсний бүтээгдэхүүний ердөө 10 хувьд л  стандартын баталгаажуулалт хийгддэг гэсэн харамсалтай статистик байна. Тодруулж хэлбэл, импортоор орж ирж байгаа хүнсний бүтээгдэхүүний 90 хувь нь хэдий хугацаанд тээвэрлэгдэж Монголд орж ирэв гэдгээс эхлээд орц найрлаганд нь орсон бүтээгдэхүүн юу болох, чанарын шаардлага хангаж байгаа эсэх тодорхойгүй, эрүүл мэндийг хохироох хүнс орж ирсэн ч мэдэхгүй худалдан авч, хэрэглэж байна гэсэн үг юм.

Уг нь Монгол Улсад одоогоор 6524 стандарт байдгаас 802 нь эрүүл мэнд, 663 нь хүнс хөдөө аж ахуй, 655 нь барилгын салбарт гэхчлэн хамаардаг аж. Гэвч 6524 стандартаас 43 хувь нь буюу 2809 нь олон улсын түвшинд хүрсэн, бусдыг шинэчлэх шаардлагатай болжээ.

Түүнчлэн импортоор орж ирж буй хүнсний бүтээгдэхүүний шошгыг шинэчлэх, олон улсын түвшинд хүргэх шаардлага ч зүй ёсоор тавигдаж буй аж. Энэ асуудал дотоодод хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг хүнс үйлдвэрлэгчдэд ч мөн хамаатай.

Олон улсад тэр дундаа Европын орнуудад хүнсний бүтээгдэхүүнд Nutri Skore тэмдэглэгээг тавьж, эрүүл хүнс үү, аюултай хүнс үү гэдгийг хэрэглэгчдэд таниулдаг болсон байна.

Nutri Skore тэмдэглэгээ нь ABCDE гэсэн таван үсэг, таван өнгөнөөс бүрдсэн. Хэрвээ тухайн бүтээгдэхүүн дээр тавьсан Nutri Skore тэмдэглэгээний А гэсэн ногоон өнгө бусдаасаа том байвал аюулгүй хүнс, Е үсэгтэй улаан хүрэн өнгө нь илүү том байвал аюултай хүнс, харин С буюу шар өнгө илүү том байвал чихэр орсон, байгалийн бус химийн найрлагатай гэж ялган таниулдаг. Хүнсний бүтээгдэхүүний нүүр хэсэгт энэхүү тэмдэглэгээг ил байрлуулдаг тул хэрэглэгчид хүнсээ худалдан авахад эргэлзээ үүсэхгүй.

Нэгэн үе дээрх тэмдэглэгээ буюу шошгын стандартыг тодорхой болгох асуудал Шадар сайдын хэмжээнд хүртлээ өндөр авч, ажлын хэсэг байгуулагдан ажилласан ч эцэст нь “Шаардлагагүй” гэдэг шийдвэрт хүрснээр эл ажил зогсчээ.

Ажлын хэсэгт Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам, Эрүүл мэндийн яам, Стандартчилал хэмжил зүйн газар, Гааль, Хүнсчдийн холбооноос төлөөлөл оролцож, шошгын стандартыг тодорхой болгох асуудлыг судалсан юм байна. “Шаардлагагүй” гэдэг шийдвэрийг гаргахдаа “Ард нь байгаа мэдээллийг урд талд нь өнгөөр ялгаж тавих шаардлагагүй. Асар их зардал орно” гэсэн дүгнэлтэд хүрсэн гэдэг мэдээлэл бий. Гэвч учир мэдэх хүмүүсийн хувьд хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид болон хүнс импортлогчдын лоббид автсан байх магадлалтай гэдэг хардлагыг хэлж буй юм.

Учир нь, Монголд импортоор орж ирдэг хүнсний бүтээгдэхүүний дийлэнх нь химийн найрлага өндөртэй, сахар, сахар орлуулагч түлхүү орсон, дэлхийн олон оронд хориглосон бүтээгдэхүүнийг импортолдог. Зарим тохиолдолд хугацаа нь дуусах дөхсөн бүтээгдэхүүн ч импортлогддог. Хүнсний томоохон дэлгүүрүүд байсхийгээд бүтээгдэхүүнүүддээ хямдрал зарласан тухай сүржин сурталчилгаа цацдаг ч хугацаа нь дуусч буй бүтээгдэхүүнүүд л үйлчилдэг.

Хэрвээ импортоор орж ирж байгаа хүнсний бүтээгдэхүүн бүрт Nutri Skore тэмдэглэгээ тавих шаардлага тавьж эхэлбэл энэ төрлийн бизнес эрхлэгчдийн ашиг орлого буурах төдийгүй дотоодод хүнс үйлдвэрлэгчид ч бүтээгдэхүүнийхээ орц найрлагыг өөрчлөх шаардлагатай тулах аж. Шалтгаан нь хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн үйлдвэрлэж байгаа гурилан бүтээгдэхүүний дийлэнхэд олон улсад хориглох болсон транс тос зэргийг түлхүү ашигладаг аж. Ийм үед хүнсний бүтээгдэхүүнүүдэд Nutri Skore тэмдэглэгээг нэвтрүүлбэл мөн л худалдан авалт буурах талтай тул дэмжээгүй байх талтай аж.

Уг нь хүнсний аюулгүй байдал бол улс үндэстний аюулгүй байдлын баталгааны суурь хэмжүүр. Улс орон бүр хүн амынхаа хүнсний хэрэгцээг аюулгүй хүнсээр хангахын тулд стандартыг хууль мэт ягштал мөрдөж, ажилладаг бол Монголд энэ нь эсрэгээрээ. Гадаад орнууд руу экспорт хийхдээ олон улсад мөрдөгддөг бүхий л стандартыг нь хангаж, баталгаажуулалт хийгээд гаргадаг хэрнээ  дотооддоо стандарт мөрддөггүй. Хил гаалиар нь аюултай хүнс орж ирсэн ч түүнийг нь шинжлэн судалдаг лаборатори нь ч бараг байхгүй гэж хэлэхэд хэтрүүлсэн болохгүй. Осолдолгүй хугацаа нь хэтрээгүй л бол импортоор оруулаад ирчихнэ.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас хүнсний дэлгүүрүүдэд шалгалт хийлээ гэхэд “Али баба”, өндөгтэй шоклад зэрэг хэдхэн хүнсний бүтээгдэхүүн л шаардлага хангахгүй бүтээгдэхүүн, худалдан авахаас зайлсхий гэж хааяадаа сэрэмжлүүлэг гаргаж ирснийг эс тооцвол энэ чиглэлийн мэдээлэл бүрхэг.

Иргэд ч хэдэн зуун мянган төгрөгөөр хүнсний бүтээгдэхүүн худалдан авдаг хэрнээ орц найрлаганд нь юу орсон, хүүхэд идэхэд харшлах бүтээгдэхүүн үү үгүй юу гэдгийг ч үл тоодог.

Импортын бүтээгдэхүүнийг бол орц найрлагыг нь хараад ч ойлгохгүй. Ийм замбараагүй хэрэглээтэй байхад Монгол хүн яаж эрүүл байх билээ.

Шадар сайд аа, хөгжсөн орнуудын жишгээр Монгол Улсад стандартыг хууль шиг мөрдүүлье гэж байгаа бол хүнсний бүтээгдэхүүнд Nutri Skore тэмдэглэгээг нэвтрүүлж, хүн амаа аюулгүй хүнсээр хангахад анхаарна уу.

Монгол хүний эрүүл мэндээс үнэтэй импортлогчдын эрх ашиг байх ёсгүй шүү дээ.

Г.ХОРОЛ


Импортлогчдын эрх ашиг Монгол хүний аминаас чухал болсон уу?
2023-02-01 14:42:17
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ