Бямба, 2024-04-27
“Дэлхийн ур чадвар” тэмцээнд Монгол Улсаас долоон төрөлд өрсөлдөнө

“Дэлхийн ур чадвар” 46 дахь удаагийн олон улсын тэмцээн энэ оны 10-11 дүгээр сарын хооронд 15 оронд бүсчилсэн байдлаар зохион байгуулагдах гэж байна. Тэмцээнд нийт 58 улсын 1000 гаруй оролцогчид 61 мэргэжлээр өрсөлдөнө. Манай улсын хувьд: 

  • Токарь
  • Гагнуур
  • Өрөг угсралт
  • Сантехник
  • Тогооч
  • Мужаан
  • Цахилгаан угсралт гэсэн долоон төрлөөр ХБНГУ, Австри, АНУ, Швейцар улсад зохион байгуулагдах тэмцээнд оролцоно.

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан өнөөдөр  тэмцээнд оролцох баг, тамирчид болон дэмжигч байгууллагуудын төлөөллийг хүлээн авч уулзан амжилт хүслээ.

Уулзалтын үеэр Монгол Улсын баг тамирчдаас Швейцарийн Холбооны улсын Базел хотод болох мужааны тэмцээний оролцогч Завхан аймгийн Политехник коллежийн суралцагч Г.Хатанбаатар “Дэлхийн ур чадвар тэмцээнд оролцогчийн тангараг”-ийг эх хэлээрээ хэлэх оролцогчоор сонгогджээ. Тэрбээр багийн залуусын хамтаар тангаргаа өргөлөө. 

Мөн Монгол Улсын мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын үйл ажиллагааг бүхий л талаар дэмжин ажилладаг

  • Бүгд Найрамдах Солонгос Улсын “КОЙКА” олон улсын байгууллага,
  • Германы Олон Улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн “Түншлэлд суурилсан техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалт төсөл”
  • “Оюу толгой” ХХК
  • Мэргэжлийн холбоод
  • “Мэргэжлийн боловсрол, сургалт-түншлэл” ТББ-ын хамт олонд талархал илэрхийлэв.

Монгол Улсын хувьд 2015 онд 9 мэргэжлээр, 2017 онд 6 мэргэжлээр, 2019 онд мужаан, өрөг угсралт, гагнуур, цахилгаан, сантехник, тогооч, токарь зэрэг 8 мэргэжлээр оролцож, 2017, 2019 онд гагнуурын төрөлд хүрэл медаль хүртэж байсан.

“Дэлхийн ур чадвар”-ын тэмцээнд оролцсоноор олон улсын туршлага, ноу-хау, технологи үйлдвэрлэлийн инновац, мэргэжлийн боловсрол, сургалтын хөгжлийн чиг хандлагатай танилцах, үе тэнгийн залуустай өрсөлдөн туршлага судлах, монгол залуусын ур чадварыг дэлхийд таниулахаас гадна мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын нэр хүнд, үнэлэмжийг өсгөх зэрэг олон давуу тал бий.

Эх сурвалж: БШУЯ


“Дэлхийн ур чадвар” тэмцээнд Монгол Улсаас долоон төрөлд өрсөлдөнө
2022-10-03 11:34:33
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ