Баасан, 2024-04-26
Талибаны удирдлагуудын дунд хагарал гарсан тухай албаны эх сурвалж мэдээлжээ

Талибанчуудын байгуулсан Афганистаны шинэ засгийн газрын гишүүдийн дунд хагарал гарсан тухай албаны эх сурвалж мэдээлжээ.

 

Гол зөрчил Талибан хөдөлгөөний үүсгэн байгуулагчдын нэг Муллах Абдул Гани Барадар, тус хөдөлгөөн дотрох Хаккани зэвсэгт бүлгийн тэргүүн Халил Ур Рахман Хаккани нарын хооронд үүссэн гэнэ.

Өнгөрсөн долоо хоногт Талибанчууд шилжилтийн үеийн түр засгийн газрыг байгуулахдаа гол албан тушаалуудад өөрийн хүмүүсийг томилсон юм. Тэдний дотор АНУ-ын эсрэг халдлага зохион байгуулж, хар жагсаалтад бичигдсэн хүмүүс ч байжээ.

Барадар нь шинэ засгийн газрын тэргүүн шадар сайд болсон бол Хаккани нь дүрвэгчдийн асуудал хариуцсан сайд болсон юм. Хаккани бүлгийн өөр нэг толгойлогч Сиражуддин Хаккани дотоод хэргийн сайдын албан тушаалд томилогдоод байгаа.

Талибанчуудын ялалтад хэн гол гавьяа байгуулсан талаар тэдний хооронд маргаан үүссэн тухай эх сурвалж мэдээлжээ.

Барадар нь Талибаны гадаад харилцаа, дипломат бодлогыг атгаж байсан бол Хаккани нь Афганистаны өмнөх засгийн газрын армитай байлдах дайны үйл ажиллагааг голлон удирдаж байсан юм.

Барадар нь Катарын нийслэл Доха хотод АНУ-ын засаг захиргаатай хийх яриа хэлэлцээг ахалж, 2020 онд ерөнхийлөгч Дональд Трамптай шууд харилцаж байжээ.

Харин Хаккани зэвсэгт бүлгийг Вашингтон террорист байгууллагад тооцдог юм.

Өнгөрсөн долоо хоногт болсон Афганистаны засгийн газрын хуралдааны үеэр Барадар, Хаккани нар хоорондоо хатуу үг шидэлцэж, дэмжигчид нь мөн хуваагдан ширүүн маргалдсан байна.

Энэ явдлын дараа Барадар олон нийтийн өмнө ил гаралгүй олон хоножээ.

Талибаны эх сурвалжууд түүнийг нийслэл Кабулаас Кандагар хот руу явсан гэж мэдээлж байна. Ингэхдээ шалтгааныг нь өөр өөрөөр тайлбарлажээ.

Тухайлбал зарим нь Барадарыг Талибаны дээд удирдагчтай уулзахаар явсан гэж байгаа бол зарим  нь зүгээр л “их ажиллаж ядарсан тул амрахаар явсан” гэсэн байна.

Барадарыг удахгүй Кабулд ирээд засгийн газарт нь ямар нэг хагарал гараагүй гэсэн тайлбар хийх байх гэсэн хүлээлт үүсээд буйг эх сурвалж мэдээлжээ.

Өчигдөр Афганистаны гадаад хэргийн сайд олон улсын хандивлагчдад хандаж, тусламж дэмжлэгээ үргэлжлүүлэн үзүүлэхийг уриалсан юм. Афганистанд хүмүүнлэгийн гамшиг нүүрлэхэд ойрхон байгааг НҮБ анхааруулсны дараа Даваа гарагийн байдлаар хандивлагчид $1 тэрбум орчмын тусламж Афганистанд үзүүлэхээр амлажээ.

 

Эх сурвалж: BBC


Талибаны удирдлагуудын дунд хагарал гарсан тухай албаны эх сурвалж мэдээлжээ
2021-09-15 11:57:48
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ